ТЕХНОЛОГИ: Гар утсаараа нисдэг такси захиалдаг болно

Гар утасны аппликэйшний тусламжтайгаар нисдэг такси захиалах үйлчилгээг ойрын зургаан жилийн дотор нэвтрүүлэхээр Германы нэгэн компани ажиллаж байна.

Мюнхенд байрладаг “Lilium” старт-ап компани таван суудалтай цахилгаан агаарын таксиг пүрэв гаригт танилцууллаа. Тус компанийн нисдэг таксины аппликэйшн үйлчилгээг нэвтрүүлэх төслийн хүрээнд “Lillium Jet” нисдэг машиныг бүтээж байгаа бөгөөд энэ сарын эхээр анхны нислэгээ хийсэн аж. Компанийн зүгээс “2025 он гэхэд дэлхий даяар олон хотод энэ үйлчилгээ нэвтэрнэ гэж найдаж байна” гэжээ. Цахилгаан хөдөлгүүртэй нисдэг машин нь нэг удаагийн цэнэглэлтээр 60 минутын турш 300 км зам туулах чадвартай, тусгай буух талбайгаар хот хооронд зорчино гэв. Зорчигчид ойролцоох буух талбайгаас гар утасны программын тусламжтайгаар такси захиалах боломжтой.

Үйлчилгээний хөлс ямар үнэтэй байх талаар мэдэгдээгүй ч энгийн такситай харьцуулагдаж болохоор өрсөлдөхүйц байна гэжээ. Энэ үйлчилгээ нь зөвхөн бизнес эрхлэгчдэд биш мөн энгийн иргэдэд зориулагдаж байгаа талаар “Lilium”-ийн арилжаа борлуулалтын дарга Ремо Гербер мэдэгдсэн юм.
“Өнөөдөр бид хотын агаарын хөдөлгөөнийг бодит болгох өөр нэг том алхам хийлээ. Бид дэлхийн хаанаас ч хүссэн үед хүссэн газраасаа нисч болохыг мөрөөддөг шүү дээ” гэж “Lilium” компанийн хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Даниел Виеган хэлж байлаа. Тэд энэ мөрөөдлийг бодит болгохын тулд төдийгүй дэлхийн шилдэг компаниудтай Герман компани өрсөлдөж, өөрсдийн байр суурийг олохыг эрмэлзэж байгаа.
Түүнчлэн такси дуудлагын дэлхийн шилдэг компани болох “Uber”нь “NASA”-тай хамтарч 2023 он гэхэд нисдэг таксины сүлжээ гаргахаар төлөвлөн хамтарчажиллаад эхэлсэн.
Мөн “Boeing” болон “Rolls Royce” гэсэн өөр дэлхийн том компаниуд нисдэг машины төслүүд дээр ажиллаж байна.

“Lilium” компани нь 2015 онд байгуулагдсан бөгөөд бусад хүчтэй өрсөлдөгч нартай харьцуулахад өөрсдийнх нь нисдэг машин илүү урт удаан аялал хийх чадвартай гэдгийг онцолж байв. Тус компанийн том санхүүжүүлэгчид болох “Atomico”, “Skype” компанийн хамтран үүсгэн байгуулагч Николас Зеннстрөм болон Хятадын технологийн гигант “Tencent” нар одоогийн байдлаар 100 сая гаруй долларын хөрөнгө оруулалтыг уг төсөл рүү оруулжээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.