ДЭЛХИЙ

Д.Трамп: Сөргөлдөөн хийвэл Иранчуудын төгсгөл ирнэ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны засгийн газарт хандаж өөрийн хатуу байр сууриа илэрхийллээ. Хэрэв хоёр орны дунд маргалдаан үүсч, цаашид үргэлжилсээр байвал тэрбээр дайн хийхээс буцахгүй гэдгээ хэлсэн юм.

“Иранчууд дайтмаар байвал, тэр нь Ираны албан ёсны төгсгөл болох болно” хэмээгээд, “Тэд Америкийг дахиж хэзээ ч айлгаж чадахгүй” гэж Д.Трамп өөрийн Твиттер хуудаснаа жиргэжээ. АНУ сүүлийн өдрүүдэд тэнгисийн булан дахь цэрэг дайны зориулалттай хөлөг, нисэх онгоцуудынхаа тоог нэмэгдүүлж буй. Энэхүү жиргээнээс өмнө АНУ хоёр улсын хооронд хүчний мөргөлдөөн гарахаас сэргийлж, зөөлөн байр суурийг урьтал болгож байсан гэдгийг судлаачид хэлж байна. Цуут ерөнхийлөгч үүнийгээ огцом дайсагнасан нөхцөл байдал руу ийнхүү шилжүүлэв.

Ням гарагт Fox News телевизийн нэвтрүүлэгт орох үеэр Д.Трамп Иранчуудыг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж ам алдсан юм. Гэхдээ тэдэнтэй маргалдаан үүсгэхийг хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. “Би дайн өдөөдөг хүн биш. Учир нь дайн эдийн засгийг үгүй хийдэг, бас түүнээс хол илүү үнэ цэнтэй хүмүүсийн амийг авч оддог”

Мөн Ираны талаас хурцадмал шинжтэй болж ирсэн уур амьсгалыг зөөллөх нүүдэл хийж эхлээд байв. Бямба гарагт тус улсын гадаад хэргийн сайд дайн хийх ямар ч сонирхол байхгүй тухайгаа олон нийтэд ил зарласан. “Дайн болохгүй. Манай нутаг дээр дайн хийх бодолтой хүмүүс ч мөн байхгүй” гэж Мохаммад Жавад Зариф Irna агентлагт ярилцлага өгсөн юм.

Ираны IRGC элит цэргийн армийн коммандлагч Мах Ген Хоссейн Салами ням гарагт нутгийнFars мэдээний агентлагт мөн уригдах үеэр, “Иранчууд дайн хийхийг хүсэхгүй байгаа. Харин Америкчууд дайнаас айж байгаа, тийм ч учраас тийм байр суурийг илэрхийлж буй” гэж хэлжээ.

Дайн болох, эс болох асуудлын тухайд харилцан ийм мэдэгдлийг хийгээд байсан намжмал уур амьсгалыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн жиргээгээр бут цохисон нь энэ. Америкийн ашиг сонирхол, үйлдвэрлэлт хөгжлийн эсрэг чиглэсэн аливаа дайралтад чангахан хариу барина гэж тэр Ираны засгийн газрыг айлгалаа. Энэ явдлыг олон улсын судлаачид Д.Трампын мөнгөн ус шиг хувирамтай зангийн тод жишээ гэж тодотгожээ. Даруу төлөв дүрийг үзүүлж байснаа дараачийн мөчид тэсрэлт хийдэг ерөнхийлөгч.

-СӨРГӨЛДӨӨНИЙ УЧГИЙГ СӨХВӨЛ-

Иран улс цацраг идэвхит цөмийн элемент болох ураны нөөцөөр дэлхийд дээгүүр жагсдаг. Ураны олборлолт, үйлдвэрлэлээс ашиг хонжоо хайсан томоохон улс гүрнүүд тус орон руу хошуурдаг.

2015 онд АНУ, Англи, Франц, Герман, Орос, Хятад гэсэн зургаан улстай Ираны засгийн газар нээлттэй чуулга уулзалт зохион байгуулсан байдаг. Энэ үеэр хийсэн  тохироо ёсоор Иранчууд уранаа дээрх орнуудад хямд үнээр худалдана, эргээд тэдний дотоод асуудалд хошуу дүрэх учиргүй. Гэтэл нэг жилийн дараа АНУ хэлэлцээрийг орхин гарч, Иранчуудыг цөмийн зэвсэг бүтээх зорилготой уран олборлодог талаар мэдээлэл хийж, татварыг нь нэмэгдүүлж, олон улсын хориг тавих үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг судлаачид хэлдэг.

Ираны ерөнхийлөгч Хассан Рухани хэлэлцээрт үлдсэн таван орныг хийсэн тохироогоо мөрдлөг болгохыг сануулсан мэдэгдэл өнгөрсөн долоо хоногт хийсэн юм. Америкийн талыг сонгох аваас мөн хатуухан хариу барина гэдгээ тэр ил тод илэрхийлсэн.

Ураны олборлолт, 2015 оны хэлэлцээр тойрсон асуудлуудын улмаас хоёр гүрэн дайн хийхэд хүрэх үү?

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button