НИЙГЭМ

“Хүннү – археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн гарна

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс язгууртны булш, оршуулга бүхий Ноён уулын дурсгал нь Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-Түвдийн шинжилгээний анги” Ноён уулын дурсгалт газарт анх археологийн малтлага судалгаа хийснээр Хүннүгийн соёлын биет өвийг нээж олсон бөгөөд уг үйл явдлыг XX зууны их нээлтийн нэг хэмээн үздэг.

ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-2015 оны хооронд Ноён уулын дурсгалт газарт Хүннүгийн язгууртны 4 булш, дагуул 4 булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлага судалгаа хийж 1300 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэн олжээ. Энэ судалгааны үр дүнд өмнө нь бүтэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг ховор олдворууд илэрсэн нь Хүннү судлалд шинэ эх хэрэглэгдэхүүн бий болгосон “шинэ нээлт” болсон юм.

Археологийн малтлага судалгааны ажлын дараа олдвор хэрэглэгдэхүүний сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсан шинжилгээний ажил бүрэн хийгдснээр энэ жил судалгааны үр дүнг олны хүртээл болгох боломж бүрдлээ.

Энэхүү тусгай үзэсгэлэнд Ноён уулын дурсгалт газарт Монгол-Оросын хамтарсан экспедицийн малтлага хийсэн Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлж байна.

Үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын Яам, Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл юм.

Эл үзэсгэлэн 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны 12.00 цагт нээлтээ хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-30 11:56

ХҮННҮ БОЛ ЯАХЫН АРГАГҮЙ МОНГОЛЧУУДЫН ГАРВАЛ УГСАА БӨГӨӨД МОНГОЛЫН ТӨРТ УЛСЫН АНХНЫ СУУРЬ ЧУЛУУ НЬ МӨН БИЛЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button