Дональд Трамп, Шинзо Абэ нар гол уулзалтаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Япон улс дахь айлчлал үргэлжилж байна. Трамп Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын гол уулзалт өнөөдөр болж байгаа билээ.
Уулзалтын үеэр Дональд Трамп, Шинзо Абэ нар хоёр орны хамтын ажиллагаа төдийгүй хамгийн чухал асуудал болох худалдааны асуудлыг хэлэлцсэн юм. Тэдний уулзалт Трамп, Абэ нар хамтдаа гольф тоглож, сүмо үзсэнээр эхэлсэн билээ. Өнөөдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Мелани нар Японы эзэн хаан Нарүхито болон түүний гэргий, хатан Масакогийн эзэн хааны ордонд зочилсон. Тэднийг Японы эзэн хааны хүндэт харуулууд угтан авсан бөгөөд тус улсын шинэ эзэн хааны хүлээн авсан анхны гадны төрийн тэргүүн нь Дональд Трамп байв. Талууд хэд хэдэн чухал асуудлаар хэлэлцээнд хүрч байгаагийн дотор худалдааны хэлэлцээг Японы парламентийн сонгууль дуустал хийхгүй хэмээн шийдвэрлэсэн байна.
Мөн уулзалтын үеэр Солонгосын Хойгийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр "Хойд Солонгосын пуужингийн туршилт нь НҮБ-ын тогтоолыг зөрчөөгүй гэж бодож байна. Хүмүүсийн түүнийг тогтоолыг зөрчсөн гэж бодож байгаа ч би өөрөөр харж байна" хэмээн хэлжээ. Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийн хурлын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай ямар ч нөхцөлгүйгээр уулзаж, хоёр орны асуудлаар ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.