ДЭЛХИЙ

АРТ ТЕРАПИ: Канад эмч нар музей үзэхийг зөвлөдөг

-Канад эмч нарын шинэ жор-

Канадын Монтреал хот дахь эмч нар өвчтөнүүддээ шинэ жор бичиж өгөх болсон нь арт терапи. Урлаг, уран зурагаар дамжуулан өвчтний сэтгэлзүйн төдийгүй физик биеийн эмгэг өөрчлөлтүүдийг засах боломжтой гэсэн орчин үеийн анагаах ухааны сонирхолтой эл чиглэл өдгөө дэлхийн олон оронд жишиг болж эхэлжээ.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард канад эмч нарын бүлгэмМонтреалийн уран зургийн музей(MMFA)-тэй хамтран ажиллах гэрээ хийж байв. Музей үзэх эмчилгээ бичүүлсэн өвчтөн тус музейд үнэ төлбөргүй зочилж, нэг өдрийг уран зураг үзэн өнгөрөөх боломжийг ийнхүү бий болгосон нь дэлхийд анхдагч болсон юм. “Үйлчлүүлэгчид тайвшрал, амар амгаланг мэдэрч, дахин төрж буй мэт сэтгэгдлийг авах болов уу” хэмээн музейн ажилчид хэлж байлаа.

Médecins francophones du Canada нэртэй дээрх эмч нарын бүлгэм эхний ээлжинд тохиромжтой хэмээн үзсэн 50 өвчтнийг Монтреалын уран зургийн музейд зочлуулжээ. Эл санааг анх сэдсэн хүн бол тус музейн ерөнхий захирал, хатагтай Наталье Бондил аж. Тэрбээр урлаг соёлоор дамжуулж хүний сэтгэлийг, сэтгэлээр нь дамжуулж бие махбодийг анагаах боломжтой гэх үзэл санааг баримталдаг нэгэн. BBC-д өгсөн ярилцлагадаа, “Музейн хэнээс ч хараат бус, үзэсгэлэнтэй орчин хүний сэтгэл санааг зөвхөн өргөөд зогсохгүй, таван мэдрэхүйгээ өвчин эмгэгээс давуулан чөлөөлж урлагийн бүтээлүүд хүртэхэд ашиглах учир эрүүл мэндэд үлэмж нөлөө үзүүлж чадна” гээд, “Бид шинэ хаалгыг нээж чадна. Гэхдээ зөвхөн өвчтнүүдэд биш, эмч нарт зориулагдсан хаалга нээгдэж ч магадгүй” хэмээсэн юм.

Нөгөө талаас Médecins francophones du Canada бүлгэмийн удирдагч др.Хелен Бойер орчин үеийн анагаах ухаан хүний эрүүл мэндэд урлагийн үзүүлэх нөлөөг судлах болж, улмаар бодитой үр дүнгүүдийг үзэж буйгаа хуваалцжээ. “Манай өвчтнүүд музей үзүүлдэг шинэ жорыг маш баяртай хүлээж авдаг. Химийн  найрлагатай эм тариагүйгээр тэдний өвчин шаналлыг багасгадаг гэдгийг би итгэлтэй хэлж чадна” гэж тэр ярьсан байна.

-Арт терапийн 5 үр өгөөж-

Дэлхийд анхдагч болж чадсан Монтреалын эмч, музейн ажилтнуудаар түүчээлэн дэлхийн бусад орнууд арт терапийг эрүүл мэндийн байгууллагын албан ёсны эмчилгээ болгон нэвтрүүлж эхэлсэн. Ер урлагаар дамжуулж хүний сэтгэлийг засдаг төрлийн эмчилгээ өмнөх зуунд ч оршин байсаар ирсэн. Гэвч, эмчлэх эрх бүхий албан ёсны байгууллага уг зүйлийг өвчтнүүддээ санал болгоно гэдэг өөрөө анхдагч байсан хэрэг.

Хамгийн идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг АНУ-ын арт терапийн холбоо энэ чиглэлээр мэргэжлийн хүмүүс сурган бэлтгэдэг. Тэдний үзэж буйгаар арт терапи дараах 5 эерэг үр нөлөөг хүмүүст бий болгодог гэнэ.

1.    Өөрийгөө хянаж сурна.

Өөрөө өөрийгөө хянах чадвар суларснаар ямар нэг зүйлд донтох эрсдэл бий болдог. Өдөр тутмын амьдралын завгүй үйл хэргийн хажуугаар аливаа зүйлд хэт донтох нь хүний амьдралыг үгүй хийдэг гэж эмч нар үздэг байна. Арт терапийн тусламжтай хүмүүсийн төвлөрөх, өөрийгөө хянах чадвар нэмэгддэг аж.

2.    Депрессийн шинж тэмдгийг бууруулна.

Судлаачид депресст өртсөн хүмүүс илүүтэй ямарваа нэг зүйлд хэт их донтох хандлагатай байдгийг баталсан аж. Тамхи татаж, эсвэл алкоголь хэрэглэснээр тэрхүү сэтгэлийн дарамтнаасаа ангижирдаг хэмээн үздэг. Харин арт терапи тэдгээр донтолт зуршлуудыг орлож чаддаг бөгөөд тархины алдагдсан химийн урвалуудыг тэнцвэржүүлж өгдөг гэжээ.

3.    Харилцааны чадварыг сайжруулна

Дотоод сэтгэл хөдлөл, үзэл бодлоо гадагш бусдад илэрхийлэхийн тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог хүмүүс мөн мансууруулах бодист автдаг. Арт терапи хүний төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулан, элдэв айдсаас чөлөөлж өгдөг учир өөрийгөө илэрхийлэх харилцааны чадварыг сайжруулах нөлөөг үзүүлдэг.

4.    Траума-г үгүй болгоно

Өнгөрсөн амьдралаасаа шок хэлбэрээр авч хоцорсон сэтгэлийн гүндэх хар бараан дурсамжийг траума гэж нэрлэдэг. Ихэнхи хүмүүс амьдарсаар, урагшилсаар байгаа мэт мөртлөө олон жилийн өмнөх  траумагаасаа салж чадаагүй эргэлдсээр л байдаг аж. Харин урлагийн тусламжтай хүн өөрийгөө нээж, хуучны өвдөлттэй дурсамжуудаа илаар болгон мартах боломжтой ажээ.

5.    Стрессийг бууруулна

Арт терапи стрессийн сөрөг энергийг амьдралын эерэг дадал зуршил болгон хувиргадаг. Алкоголь, мансууруулах бодист автах шалтгаануудын нэг болсон стрессээс ангижрах шалгарсан арга бол арт терапи гэж судлаачид үзэх болжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button