Нийгмийн

Тэдний удирддаг ТӨҮГ, ТӨХК-иуд улс төрчдөд "саалгах” дусал “сүү” ч үгүй болох нь

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК гэсэн хоёр төрийн өмчит ААН-ийг “Саалийн үнээ” гэж тодотгон нэрлэсээр дасжээ. Энэ үгийн ард “Саагаад саагаад барагдахгүй”, “Яаж ч сааж болно”, “Саах, саалгах амархан” гэх мэт утгууд дагалддаг болчихсон нь бас нууц биш.

“Эрдэнэт” дарга нарын шахаа хийдэг, “иддэг, уудаг асгадаг” газар болсныг байсхийгээд л бид ярьдаг. 100 хувь Монголын Засгийн газарт аваад ирсэн болохоор ч тэр, “Эрдэнэт сайхан ажиллаж байгаа. Үр ашгийг нь хүртэнэ” гэж эрх баригчид том дуугардаг.

Яг ингэж хэлж байгаад иргэдийн тог, ус, дулаан, хогны төлбөрийг “Эрдэнэт”-ийн ноогдол ашгаар төлсөн. Ноогдол ашгийг нь урьдчилж авах хэлбэрээр. “Эрдэнэт” үйлдвэрийн сүүлийн жилд өгсөн ноогдол ашгийг тогтмол гэж үзэн, энгийн математик тооцоолол хийхэд ойрын 15 жилдээ ноогдол ашиг өгөхөөргүй болгосон байгаа, энэ шийдвэр нь.

Харин одоо сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг бас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санхүүжүүлэхээр зохицуулаад байна.

Тодруулбал, төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэхээр болж, ажлын хэсэг байгууллаа, өчигдөр.


Нөгөө талд “Эрдэнэс таван толгой” ХК хэмээх бас нэгэн “Саалийн үнээ” байгаа. Жил бүр иргэдэд хуваарилдаг ноогдол ашгийг нь төр хоёр ч жил “хамж”, стратегийн төслүүд рүүгээ хийчихсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед төмөр замууд руу сая, саяараа урссан. Өнгөрсөн жил Засгийн газар 10 их наядын хөтөлбөр санаачлахдаа 2 их наядыг нь “Эрдэнэс таван толгой”-гоор бонд босгуулж шийдсэн.

Нэг үгээр хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга ч, Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газар ч “Эрдэнэс таван толгой”-г өөрсдийн стратегийн хүрээний эрх ашигтаа “саасан” юм. Хамгийн сүүлд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” аяны хүрээнд “Эрдэнэс таван толгой” болон түүний охин компаниуд 2030 он хүртэл 180 сая мод тарих үүрэг хүлээчхээд байгаа.

Энэ бол нийтэд ил мэдээлэгдсэн, томоохон стратегийн хүрээн дэх “саалтууд”. Үүний цаана, эдгээр зэргийн хэлцлийг хийхийн тулд “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэн, “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг нар луу чиглэсэн дарга нарын уулзалт ер тасардаггүй. Нөгөө хоёр эрхэм ч дорхноо толгой дохичихдог зантай.

Уг нь “Төрийн өмч байх ёстой” гэж үеийн үед чичирч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-ийг хувьчлаагүй. Үнэхээр төрийн өмч буюу иргэдийн өмч юм бол ингэж дарга нарын “саадаг” газар болгочхож боломгүй л байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
g.zorig
g.zorig
2022-01-19 12:14

uur namiinh bolovch erh ashig n neg humuus ene zasgiin gazart negdej bodlogoo nygtruulj bgaa n oilgomjtai bgaa shuudee !

Холбоотой мэдээ

Back to top button