Пакистаны нэгэн тосгоны 700 орчим иргэн ДОХ-оор халдварлажээ

Аллах Дино Сийлро гэх Пакистаны жижигхэн тосгоны нэг гэр бүлийн таван гишүүн ХДХВ-аар халдварласан байна. Уг тосгон нь 1500 оршин суугчтай бөгөөд нийт 21 хүн ХДХВ-ийн халдвар тээгчээр оношлогдсоны 17 нь хүүхэд байжээ. Уг тосгоны иргэдийн бичиг үсгийн мэдлэг муу, энэ өвчний талаарх боловсрол хангалтгүй учир хүмүүс энэ вирусаар яаж халдварласнаа мэдэхгүй.
-ТОСГОНЫ АСУУДАЛ ЕРДӨӨ Л УУЛЫН ИЛ ХАРАГДАЖ БУЙ ХЭСЭГ-
Ням гаригт Пакистаны эрх баригчид мэдэгдэл хийсэн бөгөөд тус мэдэгдэлд “Пакистаны Синд мужийн 330 мянган хүн амтай Ратодеро хотод сүүлийн хоёр сард 681 хүн ХДХВ-ийн халдвар тээгч болохыг илрүүлсний 537 нь 2-12 насны хүүхэд байна. Мөн тус дүүрэгт Аллах Дино Сийлро тосгон багтдаг аж. Пакистанд эмч нар тариурын зүүг дахин хэрэглэж байгаагаас үүдэн ХДХВ-ийн тээгч нэмэгдсэн гэж шинжээчид үзэж байна. Харин Пакистаны эрх баригчид эцсийн байдлаар халдвар тарж буй шалтгааныг тодорхой болгоогүй хэвээр. Тус улсын ерөнхий сайдын эрүүл мэндийн зөвлөх Завар Мирза хэвлэлийн бага хурлын үеэр “Пакистанд тариурыг дахин савлаж худалддаг маш том асуудал байна” гэжээ.
-ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯМРАЛ-
Ратодеро хотод хувийн эмнэлэг ажиллуулдаг доктор Имран Арбани дөрөвдүгээр сард ХДХВ халдварын огцом өсөлтийг анзаарснаар олон нийтэд аюул байгааг мэдэгджээ. Арбани эмч бүс нутгийн телевизэд хандаж мэдэгдэл хийснээс хойш 14 мянган хүн шинжилгээнд хамрагдав. Дөрөвдүгээр сарын сүүлээр Ратодеро хотын эмч Музаффар Хангро гэнэтийн ХДХВ-ийн тархалттай холбогдуулан, бусдын амь нас болон бие махбодид ноцтой хохирол учруулсан хэргээр баривчлагдсан байна. Гэвч түүний өмгөөлөгч Атар Аббас Соланги түүнийг гэм буруугүй хэмээн мэдэгдсэн юм. “Бүс нутагт болж буй томоохон хямралд буруутгагдан эмч шоронд хоригдлоо. Миний бодлоор түүний хийсэн ажил хууль эрх зүйн дагуу хийгдсэн. Түүний эсрэг хэргийг нотлох боломжгүй бөгөөд түүний эмнэлгээс ямар ч халдвар бүхий дусал цус эсвэл тариур олдоогүй” хэмээн түүний өмгөөлөгч хэлэв.

Пакистан улсад ХДХВ нь цоо шинэ өвчин биш бөгөөд 150 мянга орчим хүн ХДХВ-ийн халдвартай. Гэвч энэ удаагийн тархалт нь ер бусын бөгөөд голчлон хүүхдүүдэд халдварласан байв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар Пакистан дахь энэ тархалтаас өмнө зөвхөн 1200 хүүхдэд л ХДХВ-ийн эсрэг эмчилгээ хийлгэдэг байжээ. Энэхүү хүн ам зүйн ер бусын өвчлөл судлаачдад тархалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлж байна. ХДХВ голчлон цус сэлбэх, хамгаалалтгүй бэлгийн харилцаа болон тарилгаар халдварладаг. Халдвар авсан хүүхдүүдийн насыг авч үзвэл энэ удаагийн тархалт тариураас шалтгаалсан байх өндөр магадлалтай гэж эрүүл мэндийн туслах Мирза мэдэгджээ.
-ТАРИУРЫН АЮУЛ-
“Тариурын аюулын асуудал Ратодеро хотоос халисан бөгөөд олон жилийн турш үргэлжилж байгаа. Бид маш удаан хугацааны туршид эрх баригчдад анхааруулсан боловч тэд ямар ч арга хэмжээ аваагүй” хэмээн Карачид байрлах Индус эмнэлгийн халдварт өвчний албаны дарга Насим Салахуддин хэллээ. Тэр 2017 оноос хойш ХДХВ-ийн халдварын түгшүүр байгааг зарлаж байсан бөгөөд улс даяар эмнэлгүүдтэй хамгийн ойр ажиллаж ирсэн юм. Пакистанд соёлын итгэл үнэмшилтэй холбоотойгоор тарилга нь эмнээс илүү үр нөлөөтэй гэж үздэг. 2005 онд хэвлэгдсэн судалгаанаас харахад Синд мужийн тарилгын хэмжээ хэт их байжээ. Жижигхэн эмнэлэгийн эмч өдөрт 200 орчим өвчтөн хүлээж авах хэрэг гардаг бөгөөд цаг хэмнэхийн тулд нэг тариурыг өөр өөр өвчтөнд хэрэглэх тохиолдол гардаг байна. Анагаахын их сургуулийн оюутнууд халдварын хяналтын талаар зохих ёсоор бэлтгэгддэггүй бөгөөд удирдамжийг дагаж мөрддөггүй гэж Салахуддин нэмж хэлсэн юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.