Эрт илрүүлгийн төв баригдах газрыг чөлөөлж, ХСҮТ-д шилжүүлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хавдарын эрт илрүүлгийн төв баригдах газрыг чөлөөлж, ХСҮТ-д шилжүүлж өгсөн захирамж гаргасан байна.
Энэ талаар ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан цахим хуудаснаа, "Бид олон жил хавдрын асуудлыг ярьсан. Олон ажил төлөвлөсөн ч он жилүүд явсаар байлаа. Үнэндээ газартай болж байж л ажил жинхнээсээ хөдөлж эхлэдэг юм байна. Ер нь сүүлийн жилүүдэд ХСҮТ шиг эзэмшлийн газраа томруулсан, олон орц гарцаа нээсэн төрийн үйлчилгээний эмнэлэг хэр олон юм бол. Нийтийн эрх ашгийг ойлгож, хамтарч ажилласан иргэддээ баярлаж байгаа, хувийн өмчлөлийн 58 гарааш нураалгаж 2,419 Мкв газрыг эмнэлгийн эзэмшилд шилжүүлж, өмнө нь 38,008 Мкв байсан бол одоо 40,427 Мкв газартай боллоо. Энд Хавдрын эрт илрүүлгийн нэгдсэн төвийн барилга баригдах юм.
ЗГ шаардлагатай төсөв хөрөнгийг батлаж өгсөн байгаа, одоо манай ЭМЯ, бидний шуурхай ажиллахаас хамаарна. Үнэндээ хавдраар өвдөж зовсон хүмүүстэй зэрэгцээд эрүүл хүн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийлгэхгээд ирдэггүй. Тусдаа үйлчилдэг төв байх хэрэгтэй юм. Тэр төвөөс улс орны хэмжээнд хавдрын эрт илрүүлгийг удирдан зохион байгуулдаг сүлжээ байгуулах тухай юм. Мөн 1980-аад онд төлөвлөж баригдсан хуучин төвийн барилга маань өнөөгийн шаардлагыг хангахгүй болсон нь тодорхой тул шинэ Хавдрын үндэсний төв II баригдах 79,997 Мкв газар, мөн сувилал барих 30,000 Мкв газрыг тус тус ХСҮТ эзэмшилдээ аваад байна.
Газар байхад ажил явах болно гэдэгт бид итгэлтэй байна. Энэ бүгд бол олон нийт, Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүд асуудлыг ойлгосны үр дүн гэж харж байна. Ялангуяа, Эрт илрүүлгийн төв баригдах газрыг чөлөөлж, ХСҮТ-д шилжүүлж өгсөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт талархаж байна. Хавдрын эсрэг хамтдаа" хэмээсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.