В.Путин: Олон улсын асуудалд Хятад, Орос улсын байр суурь ижил байх болно

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-д гурван өдрийн айлчлал хийж байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан үр өгөөжтэй уулзалт болж байгааг хэвлэлүүд онцолжээ.
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин уулзалтын талаар Кремльд хийсэн мэдэгдэлдээ “Хоёр орны харилцаа түүхэн дээд түвшиндээ хүрч байна.Олон улсад үүсээд буй худалдаа, хөрөнгө оруулалтын уналтын үед хоёр улсын худалдааны эргэлт 100 тэрбум ам.долларт хүрчээ. Цаашид хоёр орны стратегийн түншлэлийн шинэ эрин үе нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Миний бие зургаан жилийн хугацаанд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай 30 удаа уулзсан байна. Путин бол миний дотны анд, сайн хамтран зүтгэгч” гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлийн өмнө “Эрхэм анд нөхөр Ши Жиньпин таныг бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлж байна” хэмээн тодотгосон бөгөөд “Бид олон улсын асуудлаар нарийвчлан ярилцсан. Олон улсын асуудалд Хятад, Орос улсын байр суурь ижил байх болно гэдгийг бататган хэлж байна” гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн уулзалтын үеэр АНУ болон Хятад улсын хооронд үүсээд буй худалдааны дайн, эдийн засгийн хоригуудад нэгдсэн байр суурьтай байх болно гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтын дараа БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Санкт-Петербург хотноо болж буй "Эдийн засгийн форум"ыг зорьсон байна.

Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр 30 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ. Мөн айлчлалын үеэр Хятадын харилцаа холбооны технологийн магнат “Хуавэй” компани ОХУ-ын хамгийн том оператор болох МТС компанитай 5G сүлжээ байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
АНУ, Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайн зөрчил, эдийн засгийн хориг тавигдаад буй энэ эгзэгтэй үед ОХУ-ын зүгээс 5G сүлжээг нэвтрүүлэх томоохон гэрээг үзэглэсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.