“Rio Tintо”-гийн хувьцааны зэрэглэлийг хамгийн ДООД ТҮВШНИЙХ БОЛГОН БУУРУУЛЖЭЭ

“Оюу Толгой” төслийн удирдагч “Рио Тинто” компани болоод “Туркойз Хилл ресурс” компанийн дотоод зөрчилдөөнөөс үүдэлтэй маргаанууд хөвөрсөөр байгаа билээ.
УИХ-аас “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг томилон гаргасан бөгөөд уг ажлын хэсгээс гаргасан дүгнэлт мөн олон нийтийн анхаарлыг татсан юм. Өнгөрсөн долоо хоногт “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Үйл ажиллагаа хариуцсан захирлаар Жо-Анне Дадлиг томилсон.
Энэхүү мэдээллийн дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш арилжааны явцад зургаа орчим хувиар өссөн байна. Харин Торонтогийн Хөрөнгийн биржид 4.17 хувиар өссөн бол эсрэгээрээ “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 3.18 хувиар буурсан юм.
Удирдлагын тогтолцоо болоод компанийн засаглалыг сайжруулах ёстой хэмээн хувьцаа эзэмшигчдийн цөөнхийн зүгээс удаа дараагийн маргаан гарч, улмаар “Рио Тинто”-д олон улсын “МакКензи” фирмээс шалгалт оруулсан билээ.

Эдгээр үйл явдлууд давхацсан үед дэлхийн 40 гаруй оронд салбартай, 325 жилийн түүхтэй Английн “Barclays”-ийн шинжээч Амос Флечер Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Rio Tintо” компанийн хувьцааны зэрэглэлийг гурван түвшний хамгийн доод түвшний зэрэглэл буюу "underweight" болгон бууруулжээ.
Зэрэглэлийг энэ хэмжээнд буулгах нь тухайн компанийг хувьцаагаа зарах эсвэл хөрөнгө оруулагчдын хувийг бууруулах зөвлөмж өгч буй хэмээн үздэг.“Barclays”-ийн шинжээчид өнгөрсөн зургаан жилийн хугацаанд “Rio Tinto PLC”-ийн хувьцаанд хадгалах зөвлөмж бүхий зэрэглэлийг гурван удаа, худалдан авах зөвлөмж бүхий дээд зэрэглэлийг хоёр удаа тогтоож байсан ч энэ удаад шууд худалдахыг зөвлөсөн байна.
“Barclays” нь дэлхийн томоохон тоглогч нарт хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө өгдөг, дэлхийд тэргүүлэгч арван шилдэг банкны тоонд зүй ёсоор багтдаг аж.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.