НИЙГЭМ

Г.Занданшатар иргэдтэйгээ хамтарч авлигатай тэмцэнэ

Монгол Улс саарал жагсаалтад ороход тун ойрхон ирээд буй. Олон улсын байгууллагуудаас Монгол Улсад авлига хэт өндөр, мөнгө угаах явдал их байгаа учраас энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчноо сайжруулахыг удаа дараа шаардаж буй. ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн байгууллагаас анхааруулга удаа дараа өгч буй өнөөдрийг хүртэл дорвитой үзүүлэлтүүд харагдахгүй байна.

Монгол Улсыг саарал жагсаалт рүү хөтөлж буй хамгийн том зүйлийн нэг нь авлига. Бид жил бүр авлигын индексээ бууруулж чадахгүй, жилээс жилд авлига, хээл хахуулж улам далд хэлбэрт шилжиж, авлигаа оймс, малгайндаа нууж байгаа “эртний” бичлэгүүд ч олон нийтийг бухимдуулаад буй. Түүгээр ч зогсохгүй АТГ-ын мэдэгдсэнээр бичлэгт дурдсан авлигын асуудал буурахгүй, удаа дараагийн давтамжтай байгааг ч сануулж буй. Гэвч хуулийн байгууллага авлигыг бууруулах, авлигын индексийн урагшлуулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй, авч байгаа ч аль нэг хуулийн байгууллага дээр очоод гацдаг, эцэс сүүлдээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болж буй жишээ МХЕГ-ын байцаагчдын тэрбумын авлигыг хэрэг бий. Энэ мэтчилэн авлигатай тэмцэгчид нь хуулийн өмнө хүчин мөхөсдөж, авлига авагчдын арга заль улам нарийсч, далд хэлбэрт шилжиж байгаа нь нууц биш ээ.

Тэгвэл энэ чиглэлээр УИХ юу хийж байна вэ. Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар авлигыг бууруулах зорилгоор нэгэн хууль санаачилжээ. Энэ хууль нь авлигатай тэмцэхийн тулд авлигыг илчилсэн хүнд нийт дүнгийн 10 хувийг олгох төсөл өргөн барьсан юм. Хуульд тусгаснаар авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар уг хуулийн төсөлд тусгажээ. Урамшуулалд улсын төсвөөс нэмэгдэл зардал гарахгүй бөгөөд улсын орлого болгон хураасан хөрөнгөөс санхүүжүүлэх аж. Хэдийгээр энэ хууль матаачдыг нэмэгдүүлж байгаа мэт боловч нийгэмд шүгэл үлээгчдийг нэмэгдүүлэх, авлига өгөх гэж байгаа, авах гэж байгаа хүмүүст том анхааруулга, сануулга болох боломжтой.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сарын 2-нд төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой УИХ-ын гишүүд, хуулийн байгууллагын удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан.  Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг олгож, хэт хөнгөн ял оногдуулж хуулийг буруу хэрэглэснийг дахин хянахыг шаардсан бичгийг хуулийн байгууллагын удирдлагад хүргүүлж байв.

Ийнхүү УИХ-ын дарга иргэдтэйгээ, шүгэл үлээгчидтэй хамтарч, авлигатай тэмцэхээр болжээ.  Түүний тэмцэлд харин хуулийн байгууллага ташуур өгч чадах эсэхийг харах л үлдлээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button