ДЭЛХИЙ

ШИНХУА: Монгол Улс тэмбүүний эсрэг дайн зарлалаа

Монгол Улсад сүрьеэ, тэмбүү зэрэг аюулт өвчнүүд хүн амын тодорхой хувийг эзэлсэн нь аюулын харанга дэлдэж буй. Соёлт нийгэмд бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүгээр өвчлөгсдийн тоо улам бүр нэмэгдэж, өсвөр залуу үеийнхнийг хамарсан нь бэлгийн боловсролын талаарх ойлголт нэн дутмаг байгаагийн жишээ хэмээн олон улсад үздэг. Чимээгүй, далд байдлаар өнөөг хүртэл тархаж байгаа тэмбүү өвчинтэй тэмцэх болно хэмээн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. Гэвч бодлого, суурь тогтолцоог боловсролтой хослуулж дадшаагүй тохиолдолд өвчний уг үндэс тасрахгүй. 

Монгол улс тэмбүүтэй тэмцэнэ гэх мэдээллийг Хятадын Шинхуа, Киргизстаны АкиПрэсс, Нигерийн Today зэрэг олон улсын хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. 

Шинхуа агентлагийн “Монгол Улс тэмбүүний эсрэг дайн зарлалаа” гэх гарчигтай мэдээлэлд “Монголын эрүүл мэндийн яам тэмбүүний эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Зүүн азийн энэ улсад бэлгийн замын халдварт өвчин ихэсч, нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нь даваа гаригт тус мэдэгдлийг хийлээ. “Тэмбүү нь Монголын эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тиймээс бид бэлгийн замын халдварт өвчний эсрэг дайн зарлаж байна” гэжээ. Сайдын хэлснээр тэмбүүгийн эсрэг үндэсний кампанит ажил нь дараагийн хоёр жилд шинэ халдварлагч үүсэхээс сэргийлэх зорилготой гэв. Уг кампанит ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой сургалтууд болон тэмбүүгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх зорилгоор мэдээллийн үйлчилгээ үзүүлэх зэрэг багтах аж. Тэмбүү нь бэлгийн замаар ихэвчлэн халддаг бактерийн халдвар юм. Ихэвчлэн бэлэг эрхтэн, шулуун гэдэс эсвэл аман дээр өвчингүй үрэвсэж шархлах байдлаар илэрдэг. Арьс эсвэл салстаар дамжин хүнээс хүнд тархдаг. Мөн сайдын хэлснээр засгийн газрын зүгээс өвчний оношлогоо, эмчилгээний зардлыг гаргах болно гэжээ. Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр 2018 онд 16 мянган бэлгийн замын халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнээс 40 хувийг нь тэмбүүгээр өвчлөгсөд эзэлж байгаа” гэжээ. 

Түүнчлэн Дэлхийн банкнаас гаргасан 2016 оны судалгаанд Монгол Улсад жирэмсний хяналтад хамрагдаж буй эмэгтэйчүүдийн гурван хувь нь тэмбүүгийн халдвартай хэмээн оношлогдож байсан талаар Trading Economics сайтад мэдээлжээ. 2008 оноос хойш жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгээр өвчлөгсдийн тоо аажмаар өсч, 2014 оноос хойш эрс нэмэгдсэн байна. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button