Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Туул голын морьтой эргүүл цагдаа нарын НЭГ ӨДРИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Дулааны улиралд нийслэл хот орчим голын эрэг дагуу ажилладаг морьтой эргүүлийн хамт олныг энэ удаад зорьлоо. Ес дэх жилдээ зуны гурван сарын хугацаанд ажиллаж буй юм. Морьтонгууд Маршлын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх голын эргийг урд хойд гэсэн хоёр урсгалын дагуу эргүүл хийнэ.  Тэдний үүрэг бол машин явах боломжгүй бүхий л газруудыг шалгаж, хяналт тавин, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах явдал юм. 

-ЗАЙСАНГИЙН ГҮҮР ОРЧМЫН ЭРГЭЭР СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮД ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТГҮЙГЭЭР ТОГЛОЖ, ГОЛД ОРДОГ-

Морьтой эргүүлүүд нь голын урд хойд гэсэн хоёр хэсэгт хоёр хоёроороо эргүүл хийдэг аж. Тэд 09:00-17:00 цагтэргүүлийн ажлыг хийдэг байна. Морьтой эргүүлүүдийн хэлж буйгаар өдрийн цагаар насанд хүрээгүй сургуулийн насны эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүд голын эрэг дагуу тоглож, голд ордог. Харин оройн цагаар орон гэргүй хүмүүс голоор хоноглох, гол дагуу байгаа хүмүүсийг дээрэмдэж тонох, хэргүүд гардаг гэв. 

Түүнчлэн голын эрэг бургас орчимд машинаа угаах, хог хаях, гал алдах тохиолдол хамгийн ихбайдаг. Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн ухамсар хандлагад өөрчлөгдөж байгаа болохоор шаардлага тавихад хүлээн авч, хогоо уутанд хийгээд аваад явдаг болсон. Орон гэргүй эсвэл бага насны хүүхдүүд л хүндрэлтэй байдаг. Орон гэргүй хүмүүсийн хувьд биднийг чинь их ад үзэж, морийг минь үргээх, чулуу шидэх гэх мэтээр янз янзаар шоглодог. Харин хүүхдүүд үгэнд ордоггүй, идсэн амттаныхаа хогийг хаяна.  Тэдгээр нь хог нь жижиг гялгар хог хаягдлууд байж таардаг. Тийм ч учраас бид өөрсдөө хог түүх ууттай. Тухайн уутандаа түүгээд, ойр хогийн цэгтээ хаячихдаг хэмээн ярьсан юм. 

 -ОРОН ГЭРГҮЙ, ТЭНЭМЭЛ ХҮМҮҮС ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ЯВАА БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ АЙЛГАЖ, ИЧЭЭЖ, ДЭЭРЭМДДЭГ-

Биднийг очиход байсан морьтой эргүүлийн цагдаа нар уг ажлыг зуны улиралд хийгээд гурван жил болж байгаа хэмээлээ. Тэдний хэлж буйгаар “Оройн цагаар орон гэргүй хүмүүс голын эрэгт юм уу бут бургас дундуур орж хоноглодог. Тэр тусмаа зайсангийн гүүр орчимд ихээхэн байдаг. Яагаад гэхээр туул гол руу орох гарц нь тэнд байдаг учраас тэр хавийн хөл хөдөлгөөн их. 

Мөн сургуулийн насны хүүхдүүд хичээлээ тараад 13 цагийн орчимд голын эрэгт цуглаж тоглодог. Ингэснээр дээрх орон гэргүй хүмүүс тэднийг айлгах эсвэл эд зүйлийг нь хулгайлчихдаг. Харин насанд хүрээгүй тэнэмэл хүүхдүүд сургуулиа тараад ирж тоглож буй хүүхдүүдийг дээрэмдэж тонох хэрэг гардаг” хэмээн хуучилсан юм. 

-ӨСВӨР НАСНЫ ДОЛООН ХҮҮХЭД АВТОМАШИНТАЙ ИРЖ АРХИДАН СОГТУУРЧ БАЙГААД БАРИГДЖЭЭ-

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Туул голын эрэг дагуу автомашинтай насанд хүрээгүй 14-17 насны долоон эрэгтэй хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайморьтой эргүүлтэй таарчээ. Тэд тухайн хүүхдүүдийн бичиг баримтыг хураан авч, эцэг эхчүүдийг нь дуудан, тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хүлээлгэн өгсөн байна. Энэ мэт голын эрэг дагуу архидан согтуурах хэрэг илэрвэл тэд шаардлага тавьж тээврийн хэрэгслийг журамлан зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авдаг байна. 

Морьтой цагдаа нар тасалбар өгч иргэнийг торгох эсвэл бичиг баримтыг хураан авч, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч арга хэмжээг авхуулдаг гэв. Мөн тэд хувьд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үүрэгтэй учраас ямар нэгэн хэрэг, осол гарвал холбогдох байгууллагад шууд хандан хамтарч ажилладаг байна. 

-АРВАН МОРИО ЭЭЛЖЛЭН ЭРГҮҮЛИЙН АЛБАНД УНАДАГ-

Морьтой эргүүлийн албаныхан арав орчим морьтой бөгөөд дөрөв дөрвөөр нь долоо хоног ээлжлэн унадаг байна. Уг морьд нь бүгд нас бие гүйцсэн бөгөөд номхон зогсох, ёслох гэх мэт үйлдлүүдийг хийж чаддаг. 

Тэдний хэлж буйгаар “Биднийг хотын төвөөр эсвэл олон хүнтэй газраар явахаар хүмүүс их дургүйцдэг. Зарим нь бүр амьтан тамлалаа гэдэг. Гэхдээ манай морьд бүгд номхон, сургуультай сайн морьд. Хүмүүс өөрсдөө айж ичээд морьдыг маань үргээчихгүй л зүгээр. Ер нь бид чинь машин явах боломжгүй бүхий л газарт эргүүл хийж, албан үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс шүү дээ. 

Дөрвөн эргүүл маань тогтсон морьтой хэн хамаагүй өөр өөр морь унана гэж байхгүй. Өөрсдийн хүүхэд шиг л морьдоо тэжээж, асардаг. Мөн эргүүлийн морьдоо долоо хоног бүр сольж амраадаг. Хотод эргүүлд унаж байгаа морьдоо эргүүлийн цагдаа маань өдөр бүр ээлжлэн сахиж хонодог.

Бид морьдоо цагдаагийн авто баазад хүлээлгэн өгч авдаг бөгөөд шөнөдөө дунд голд өвс идүүлэнгээ морио тушдаг. Морьдоо харж хонохдоо машинтай нэг нь машиндаа хононо, машингүй нь янз бүрээр аргалаад л хонодог” гэлээ. 

Тэд “Бидний өмнө нь ажилладаг байсан ах нар маань их мундаг. Голд осолдсон хүүхдүүдийг аварч байсан цагдаа нар бий шүү дээ. Ах нар шиг ээ мундаг биш ч гурван жилийн хугацаанд аль болох бусадтай сайн ойлголцож хяналт тавин, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна” хэмээн ярьсан юм. Мөн тэдний хувьд морьдтойгоо харьцаж байгаа байдал нь ч мөн адил чин сэтгэлээсээ мэт санагдсан юм.  

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:Ч.ОТГОНБАЯР 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button