Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Орцныхоо үүдийг ОЙН ТӨГӨЛ болгосон 84 настай Т.Шархүү гуайн АЖЛЫН БАЙРААР ЗОЧИЛЛОО

Өдгөө 84 настай Т.Шархүү гуай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 14Б байрны СӨХ-ны дарга бөгөөд энэ ажлаа 17 дахь жилдээ хийж байна. Тэрээр хууль хяналтын байгууллагад 65 нас хүртлээ ажиллаж тэтгэвэртээ гарсан аж. 

Амьдарч байгаа байрныхаа СӨХ-ны асуудлыг хариуцдаг энэ настан сэтгэл л байвал ямар ч ажлыг хийж болдог хэмээн ярьж байлаа. 

Т.Шархүү гуайн талаар байрны оршин суугч цахим ертөнцөд нийтлэх болсноор олны анхаарлыг ихэд татсан юм. Т.Шархүү гуайг иргэд СӨХ-ын ажилтнуудад туршлага судлуулъя, манайд түр ажиллаач гэх мэт сэтгэгдэл хөвөрсөөр байсан юм. Ингээд Т.Шархүү гуайн ажлын арга барилын талаар хийсэн сурвалжилгаа хүргэе.

                Т.ШАРХҮҮ:СЭТГЭЛ Л БАЙВАЛ ЯМАР Ч АЖЛЫГ ХИЙЖ БОЛДОГ

Тэрбээр уг ажлыг анх байрны оршин суугчдын хурлаар сонгогдон хийх болсноор 17 жилийг ардаа үджээ. Тэрээр энэ тухай ярихдаа тухайн үед намайг тоож сонгосон байдаг юм хэмээн хуучилсан юм.

Түүний ажлын өрөөнд нь ороход л цэвэр цэмцгэр байдал биднийг угтлаа. Т.Шархүү гуай үүрийн таван цагт ажилдаа гарч, 17 цагийн орчимд ажлаасаа буудаг гэв. Түүний хэлж буйгаар“Над шиг тэтгэвэртээ гарсан хүмүүс чинь өдөр өнгөрөхгүй уйдаад байдаг гэдэг бол миний хувьд хийх ажил минь амждаггүй, цаг хурдан өнгөрчихдөг” хэмээж байсан юм.

-ХОГИЙН САВНААС ЭХЛҮҮЛЭЭД ОРЦНЫ ҮҮДНИЙ САНДЛЫГ ХҮРТЭЛ ӨӨРИЙН ГАРААРАА ХИЙДЭГ-

Цэвэр цэмцгэр орц, ногоон байгууламж хосолсон уг байрны гадаад үзэмжийг Т.Шархүү гуай өөрийн гараар гардан хийдэг ажээ. Тэрээр 17 жил ажиллахдаа орцны үйлчлэгчээс өөр ажилтан авч байгаагүй бөгөөд тайлан төлөвлөгөө, засвар, зэргийг өөрөө гар бие оролцон хийдэг гэв.

Тэрээр сэтгэл л байвал ямар ч ажлыг хийж болдог хэмээн ярьж байсан бөгөөд үнэхээр түүний хийж бүтээсэн ажлуудыг харахад илт байсан юм. Тухайлбал,

Орос гуравдугаар сургууль ойр болохоор өдрийн цагаар хүмүүс машины зогсоол хайж байрны явган хүний зам дээр дугуйгаа мордуулаад тавьчихдаг. Тийм учраас өнгөрсөн жил байрны шугам сүлжээнд засвар хийгээд гарсан хуучин турбаг тасдаж, цемент цутган будаж, янзлаад хашлага болгосон. Тэгэхгүй л бол хүн явах байтугай машин зөрөх зайгүй машин болчихсон хэмээсэн юм.

Орцны өнгө үзэмж гоё байгаасай гээд шатныхаа будгийг өөрийн гараар будаж, кант хүртэл хийсэн. Мөн орцны цэвэрлэгээ хийх явцад шатаар ус урсаж шатны арын хэсэг муухай болдог учраас арын хэсгийг ч мөн адил будаж цэгцэлсэн байлаа.

Орцны үүдэнд үнэтэй хогийн сав тавихаар хурдан эвдрэх юм уу алга болдог учирэмульсийн сав эсвэл компьютерын процессорын гадаргууг ашиглаж хогийн сав болгосон байв. Алга болоод байхаар нь бүүр боож багласнаас хойш алга болох нь багассан гэв.

Орц бүрийн үүдэнд байх сандлыг том модыг дундуур нь хувааж хийсэн байв. Түүний хэлснээр хүүхдүүд түшлэгтэй сандал тавь энэ хоцрогдсон гэж шүүмжилсэн. Гэхдээ тэр сандал нь 800 мянган төгрөг юм байна лээ. Найман орцонд ийм сандал авахаар зургаан сая хол давна. Гэлээ ч манай залуучууд түшлэгтэй сандалны түшлэгт дээр нь гарч суугаад хүн суудаг хэсэг нь гишгэж, шүлс цэрээ хаячихдаг юмаа. Энэ муу сандал маань будаад янзалчихаар муухай зүйлгүй бат бөх. Манай байр ингэж хийснээс хойш энэ хавийн ихэнх байрнууд ийм сандал хийсэн дээ хэмээн хуучилсан юм.

  -14Б БАЙРНЫ СӨХ 60 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ-

Орцны цэвэрлэгээ үнэхээр цэвэр цэмцгэр байсан бөгөөд сонирхолтой нь орцны цэвэрлэгээ хийдэг ажилтан нь эрэгтэй хүн байсан юм. Т.Шархүү гуайн хэлж буйгаар тэрээр гурваас таван жилийн давтамжтайгаар аливаа шинэчилсэн засварыг хийдэг гэсэн юм. Харин бидний сонирхож үзсэн орцыг шинэчилж засаад дөрвөн жил болсон гэв. Гэвч уг орцонд үнэхээр хуучирч муудсан зүйл бараг л үгүй засвар хийгээд удаагүй мэт байсан юм.

Түүний хэлж буйгаар “Юнивишн компани гуйж, гуйж манай байранд сүлжээгээ тавьсан гэтэл үнэхээр муухай үзэмжгүй юм хийчихсэн. Мөн бүх айлын хаалганы дээр нүх гаргачихсан. Тэр бүгдийг нь би шинээр хийж хоолойгоор явуулж янзалж, хаалганы дээд нүхийг бөглөсөн. Мөн байрны нэг оршин суугч бүх орцонд маань тамхи битгий тат, хог бүү хая гэдэг бичиж нааж өгсөн хэмээн баяртайгаар ярьж байсан юм.  

Түүнчлэн тэрээр болж өгвөл байрныхаа завсар үйлчилгээний ажлыг гардан хийдэг бөгөөд засвар хийхдээ хямд үнэтэй хятадын будаг бус заавал орос будгаар хийдэг байна. Чанар муутай будгаар олон удаа зардал гаргаж олон хийснээс чанартай зүйлийг нэг удаа хэрэглэсэн нь дээр. Засвар хийхдээ өөрийнхөө чадахаас чадахгүй хүртэл хийгээд мэргэжлийн хүн дууддаг. Ингэж чадсанаар л манай СӨХ одоо энэ хавьдаа хамгийн өндөр хадгаламж санхүүтэй СӨХ нь болчихоод байгаа гэв.

14Б байрны оршин суугчид сар бүр СӨХ-ны мөнгө гэж 2000-4000 төгрөг хураалгадаг бөгөөд оршин суугчдын 90 хувь нь 3000 төгрөг хургаалгадаг гэв. Ингэснээр жилд таван сая төгрөгийг цугладаг бөгөөд уг сөх одоогийн байдлаар 60 орчим сая төгрөгийн хадгаламж санхүүгийн нөөцтэй байна хэмээн ярьсан юм.

-ЖИЛ БҮР Т.ШАРХҮҮ ГУАЙН АЖЛЫН АРГА БАРИЛААС ТУРШЛАГА СУДЛАХААР ХҮМҮҮС ИРДЭГ-

Т.Шархүү гуай СӨХ-ын даргаар ажиллаад олон арван шагнал авсан байв. Мөн жил бүр, байнга шахам СӨХ-ны ажилчид ирж туршлага судалж байгаад явдаг аж. Тэрээр “Миний хувьд сайн зүйлийг нь авч байвал харамгүй туршлага хуваалцдаг” гэлээ.

Түүнчлэн түүнийг анх СӨХ-ны дарга болоход цалин 90 мянган төгрөг байсан, хоёр жилийн өмнө 170 мянга болоод саяхнаас 500 мянга болсон хэмээв. Мөн тэрээр дан ганц энэ СӨХ-ны даргаар ажилладаггүй бөгөөд бусад газруудад зөвлөгөө өгч, хяналтын маягаар ажиглагч хийж ажилладаг байна.

Т.Шархүү гуай ирэх жил нас сүүдэр 85 хүрэх аж. Ийм ч учраас тэрээр “Ажлаа өгч амрах цаг болжээ. Гадаадад байдаг хүү дээрээ очмоор байна. Сүүлийн хоёр гурван жил ажлаа өгье гэж хэлсэн ч ганцхан жил гэсээр энэ хүрсэн дээ. Ирэх жил яаж хийж байгаад л өгнө. Харин орныхоо хүнийг сайн хүн олчих юмсан. Сэтгэлтэй нэг нь зүтгэлгүй, зүтгэлтэй нэг бүтэхгүй хүмүүс шиг санагдаад болдоггүй. Одоо тэгээд байрны оршин суугчид л шийдэж хэн нэгнийг сонгох байхдаа” хэмээв.

-ТОМ МОДНУУД НАР, ЦОНХ ХААЖ БАЙСАН ГЭСЭН УЧРААС ГОЛТ БОР ХЭМЭЭХ ҮНЭРТЭЙ УСНЫ МОДЫГ ТАРЬЖЭЭ-

Уг байр бусад байрнаас ялгарах ганц зүйл гэвэл ногоон байгууламж, байрны гаднах модод байлаа. Орц бүрийн үүдэнд голт бор модыг тарьж, зүлэгжүүлэлт хийжээ. Уг модыг зулзаган мод байх цагаас нь эхлүүлж тарьсан бөгөөд энэ жил тав дахь жил нь гэв. Голт бор мод сагсайтлаа ургаж үндэс орчимдоо байгаа зүлгийг ургуулалгүй сүүдэрлүүлчихдэг учир байнга тайрч, янзалж, шинээр зүлэг тарьдаг хэмээсэн юм.

Мөн байрны арын хэсэгт өнгөрсөн жил зүлэгжүүлэлт хийсэн бөгөөд иргэд байрны хоёр ногоон байгууламжид үнэхээр сэтгэл хангалуун байдаг гэв. Т.Шархүү гуай СӨХ-ны дарга болоод удаагүй байхдаа арын талбайдаа эмийн ургамал тарьдаг байжээ. Гэсэн ч орой үдшийн цагаар түүний тарьсан эмийн ургамлыг хүмүүс хулгайгаар ухаж сэндийчиж, түүчихдэг байжээ.

-ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЖИЛ ЖИЛЭЭР ТАНАСААР МАШИНЫ ГРАШ БОЛГОЖЭЭ-

Түүнчлэн хамгийн харамсалтай нь байрны ард хэсэгт байсан хүүхдийн тоглоомын талбайг бага багаар жил жилээр машины граш болгож орхижээ. Тэр цагаас хойш хүүхдүүд ч тоглох газаргүй, байрны арын хэсэг шороо манарсан машины зогсоол болсон байна.

Гэсэн ч Т.Шархүү гуай хөөцөлдөн хувийн компанийн санхүүжилт төсвөөр байрны шугам сүлээг солиулах явцдаа уг талбайг шинээр зүлэгжүүлж чадсан байна. Мөн шинээр явган хүний замыг хийлгэж чадсан байна. Гэвч 14Б байр болон ойр орчмын хүүхдүүд тоглоомын талбайгүй өөр байрны алга дарамхан газар тоглодог ажээ.

Т.Шархүү гуайн хэлж буйгаар хүүхдийн талбайг байх үед нь олон завсар шинэчлэлт хийсэн ч огт тоодоггүй байсан. Ямар сайндаа л тоглоомын талбайгүй болох дээ. Хэрвээ цаанаас тоглоомын талбайтай болгоод өгчихвөл сайхан арчилж, янзлаад явна. СӨХ-ны мөнгөөр тоглоомын талбай босгоно гэсэн ч мөнгө нь хүрэхгүй эрх мэдэл нь надад байхгүй хэмээн ярьсан юм.

Энэ мэт Т.Шархүү гуай уг ажлыг хийхдээ хүний юм хийж байгаа биш өөрийн мэт санаж хийдэг ажээ. Тэрээр “Хэдий манай оршин суугчид надад баярлалаа, туслах уу гэж хэлдэггүй ч хэл ам хийх нь бага. Бүх айлууд орцондоо ууттай хогоо гаргаад хаячихдагаас бусдаар гайгүй дээ. Шинээр ирсэн айл юм уу түрээсийн айлууд л хэсэгтээ хэцүү байдаг” хэмээн хуучилсан юм.

Нийгмийн сүлжээгээр түүний тухай ярьж байсан иргэдийн хэлдгээр Т.Шархүү гуай шиг СӨХ-ны дарга олон байдаг ч болоосой. Түүн шиг олон арван СӨХ-ны даргатай бол бидний оршин суугаа байрны үнэ цэнэ, амьдралын хэв маяг ч өөр байж болох юм.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button