НИЙГЭМ

"UNLEASH" олон улсын хакатон Монгол Улсад хоёр дахь жилдээ боллоо

Цар тахал, олон улсын хямралт байдал зэргээс үүдэлтэйгээр Монгол Улсад инфляцийн түвшин өндөр буй энэ цаг үед иргэд хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг шаардлагатай хэмжээнд хүртэхэд бэрхшээлтэй болж байна. Энэхүү асуудлыг шийдэх шинэ санаа, шийдлийг дэвшүүлэх зорилготой “UNLEASH” олон улсын хакатон “Хүртээмжтэй санхүүжилт” сэдвийн хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 7-ны өдрүүдэд боллоо.

Тус олон улсын хакатонд олон улс болон дотоод шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн чиглүүлэгч, экспертүүд, 12 багийн 60 гаруй залуу шийдэл эрэлхийлж, оролцлоо. Хакатоны төгсгөлд оролцогч багууд шийдлээ танилцуулснаас дараах гурван багийн шийдэл шилдгээр шалгарлаа.

“FinFlexi” нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдэд уян хатан зээлийн оноо тооцох системийн алгоритмыг санал болгох зорилготой.  Жилд дунджаар 170,000 гаруй эцэг эхчүүд хүртээмжтэй зээлийн үйлчилгээ авч чаддаггүй. Санхүүгийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө зээлийн онооны систем тогтоох, НДШ төлсөн байдал зэрэг уян хатан бус шаардлагын улмаас гэртээ байгаа эцэг эхчүүд зээл авч чаддаггүй. Иймд нэгдсэн зээлийн үнэлгээний систем бий болгосноор хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ авах боломжийг олгох шийдлийг боловсруулжээ.

“Seedshare” нь урамшууллын системд суурилсан краудфандинг буюу олон нийтийн санхүүжилтээр дамжуулан аливаа төслийг санхүүжилтээр хангах зорилготой платформ юм. Тус платформ блокчэйн болон ухаалаг гэрээний технологи дээр суурилснаараа онцлогтой. Мөн бүх төрлийн төсөл байршиж болох ба урамшуулал амлан санхүүжилтээ эргэн төлөх нөхцөлгүйгээр олон нийтээс татах боломжтой юм.

“BetterNomad” нь малчдын орлого, малын тоо толгойн мэдээллийг цуглуулах замаар малчдын зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх боломжийг олгох нэгдсэн платформ. Тухайн аппликейшнээр хийгдсэн худалдаа болон малын тоо толгойн мэдээллийг цуглуулж санхүүгийн байгууллагуудад орлого батлах, хөрөнгийн хэмжээ тогтоох боломж олгох юм. Ингэснээр малчид орлогын сувгаа нэмэгдүүлэх, хувийн хөрөнгөө үр ашигтайгаар удирдах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусална.

Хакатоны талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз "Дэлхий даяар хоёр тэрбум гаруй хүн, 300 сая орчим жижиг дунд бизнес эрхлэгчид чанартай, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Санхүүгийн хүртээмж нь дэлхий даяар тэгш бус байдлыг бууруулахад чухал оролцоотой. Энэхүү тулгамдаж буй асуудлаар Монголын залуус нэгдэн шинэлэг шийдэл, санаа боловсруулах гэж буй нь үнэхээр цаг үеэ олж байна.” гэж онцлов.

Мөн хакатонд оролцогч Ө.Түмэндарь “Хакатоны гол зорилго нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд залуусын оролцоог дэмжиж буй нь үнэхээр таалагдсан. Тэр тусмаа энэ жилийн тэмцээний сэдэв нь санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байсан тул бизнес эрхлэгчдийг дэмжин, санхүүжилт олоход нь туслах урамшууллын системд суурилсан краудфандинг шийдлийг гаргаж ирсэн. Долоо хоногийн турш, энэ чиглэлээр судалгаа хийхэд манай улсад санхүүжилтийн эх үүсвэр ямар хомс, хүртээмж муутай байдгийг мэдэж авсан. Ийм чухал асуудлыг хөндсөн олон улсын тэмцээнд оролцоод, гаргасан шийдэл маань шилдгүүдийн нэгээр шалгарсанд үнэхээр таатай байна.” гэв.

Тус арга хэмжээний ялагч баг “Chemonics International”-ын хамтран хэрэгжүүлж буй “UNLEASH+” олон улсын хурдасгуур хөтөлбөрт хамрагдах ба дараагийн шатанд шалгарвал Энэтхэг улсад зохион байгуулагдах инновацын лаб хөтөлбөрт оролцох боломжтой боллоо.

Хүртээмжтэй санхүүжилтийг түгээхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулан “ORDA Wealth Tech Platform”, “CoinHub”, “Binance” байгууллагууд энэхүү арга хэмжээг дэмжин ажиллалаа.

“UNLEASH Hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг хакатон юм.

Ташрамд дурдахад, UNLEASH инновацын лаб хөтөлбөр 2022 оны 12 дугаар сард Энэтхэг Улсад зохион байгуулагдана. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой 18-35 насны залуучууд ирэх сарын 6-ны өдрийг хүртэл дараах холбоосоор хүсэлтээ гаргах боломжтой.

Хүсэлт гаргах: https://unleash.org/india/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x