НИЙГЭМ

ЗӨВЛӨГӨӨ: Баталгаагүй махаар хийсэн СТЕЙК идвэл нян, вирус, шимэгчийн халдвар авна

Урин дулаан цаг ирж, аяллын улирал эхлэн иргэд агаар салхинд гарч, бидний нэрлэдгээр хорхог, шорлог, боодогны үе эхэллээ. Монголчууд зуны улиралд стратегийн гол хүнс болох махаа уламжлалт арьсанд нь боох, халуун чулуугаар шарж болгох, шорлож идэхээс гадна дэлхийн бусад улс орнуудын махны түгээмэл хэрэглээний аргуудыг нэвтрүүлэн ашиглах болсон. Эдгээр хэрэглээний аюулгүй байдал, сөрөг үр нөлөө, стандартын талаар хүнсний инженер О.Гал-Очирын зөвлөгөөг хүргэж байна.

-ХОРХОГ, БООДОГ ИДЧХЭЭД ХҮЙТЭН УНДАА УУХЫГ ХОРИГЛОНО-

Мах нь уураг, тосны агууламж хамгийн өндөр байдаг хүнс. Хорхог, боодог нь манай үндэсний хүндэтгэлийн зоог. Халуун чулуугаар улайсгаж, битүү жигнэж хийдэг хоол. Тослог өндөр, илчлэг ихтэй тул зохистой хэмжээгээр хэрэглэхэд элдэв сөрөг нөлөөгүй. Хамгийн гол анхаарах зүйл бол тостой хорхог, боодог идээд араас нь спиртийн агууламжтай ундаа болон хүйтэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Хорхог, боодог нь  махыг бүрэн болгоод хэрэглэж байгаа тул малаас хүнд халдварлах олон өвчнөөс айх аюулгүй хэрэглэх боломжтой.

-СТЕЙКНЭЭС НЯН, ВИРУС, ШИМЭГЧИЙН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ ӨНДӨР-  

Стейк хийхэд махыг шүүрхий, бүрэн болгохгүйгээр хэрэглэх нь бий. Ингэж хэрэглэхэд малаас хүнд халдах олон төрлийн өвчнүүд, шимэгчээр халдварлах эрсдэл өндөр. Стейкний мах бол гарал үүсэл нь тодорхой, дээр нь махандаа маш нарийн шинжилгээнүүдийг хийсэн байх ёстой. Тиймээс мах болгон стейкэнд тохирно гэж ойлгож болохгүй. Махыг шарах, чанах зэрэг нь өөрөө энэ эрсдлүүдээс сэргийлэх дулааны боловсруулалт байдаг тул махыг бүрэн болгож хэрэглэх нь чухал. Дэлхий дээр одоогоор малаас хүнд халддаг зоонозын төрлийн 150 гаруй өвчин байна. Эдгээрийг нянгийн гаралтай, вирусын гаралтай, шимэгчдээр үүсгэгддэг, мөөгөнцрөөр үүсгэгддэг гэж ангилж болно. Нянгийн гаралтай халдварт боом, бруцеллёзыг жишээгээр нэрлэж болох бол вирусын гаралтай халдварт бидний сайн мэддэг шүлхий өвчин, галзуу өвчнийг нэрлэж болно. Шимэгч хорхой хүний биед орсноор мөн өвчлөл үүсгэх боломжтой. Тиймээс эдгээр шалтгаануудыг хүн өөрөө мэддэг байх, энэ эрсдлүүдээс сэргийлж махыг бүрэн болгож хэрэглэх, сүүг ариутган хөөрүүлж уух хэрэгтэй. Дулааны боловсруулалт бүрэн хийхэд эдгээр эрсдлүүд бүрэн устдаг. Заавал мал болгон халдвартай байхгүй, гэхдээ л эрсдлээс сэргийлэх хэрэгтэй. Дараагийн асуудал бол үйлдвэрийн аргаар мах бэлтгэхийг дэмжих. Махыг бэлтгэхэд малын эмч нарын бүтэн баг ажилладаг, хажуугаар нь шинжилгээг маш сайн хийдэг, тухайн гарч буй махыг ямар ч аюулгүйг батлаж гаргадаг тул үүгээр стейк хийгээд дутуу шараад идэхэд асуудалгүй.

-ШҮҮРХИЙ ЭЛЭГ ИДЭЖ АЗАА СОРИХ ХЭРЭГГҮЙ-

Хүмүүс малын элгийг эрүүл мэндэд сайн гэж шүүрхийгээр нь иддэг. Тухайн төхөөрсөн мал махны чиглэлээр бэлтгэгдэх шинжилгээнд орж баталгаажаагүй бол, мах нь дулааны боловсруулалт хийгээгүй бол малын юуг ч түүхий, шүүрхий хэрэглэсэн тухайн эрсдэл танд шууд очно. Тийм болохоор азаа сорихгүй байх хэрэгтэй. Үнэхээр шинжилгээ сайн хийсэн, асуудалгүйг нь батлачихсан бол түүхийгээр нь иднэ үү, болгоод иднэ үү, таны сонголт. Хоёрдугаарт дулааны боловсруулалт хийнэ гэдэг нь махны уургийг денатурацид оруулж, ходоод гэдсэнд шингэхэд илүү дөхүү найрлагатай болгож буй хэрэг. Болгосон махны уураг түүхий махныхыг бодвол биед илүү шингэц сайтай болдог гэсэн үг. Тиймээс заавал түүхийгээр нь идэх гэж дурлаад яахав. Хүн төрөлхтөн галыг хэрэглэж сурснаас хойш үсрэнгүй хөгжсөн нь үүнтэй ч холбоотой.

-МУУР, НОХОЙНЫ МАХ АШИГЛАСАН ЭСЭХИЙГ ЯЛГАХ БОЛОМЖТОЙ-

Хорхог, боодог тэр тусмаа шорлогт муур нохойн мах ашигладаг гэх хардлага, сэрэмж бий. Хоол үйлдвэрлэл бол том салбар. Маш олон хүн маш олон төрлийн түүхий эдээр хоол унд хийж байгаа. Монгол хүмүүс арай ч муур нохойны махаар хоол унд хийх дээрээ тулахгүй байх гэж найдаж байгаа ч, хүний дотор орсон биш, ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм тохиолдол гарвал санаа зоволгүй та дээжийг баталгаажуулж авч яваад стартап праймер лабораторит хүсэлтээ гарган махны төрлийг тодорхойлох шинжилгээг хийлгүүлж болох боломжтой болчихсон байна лээ. Үхрийн махаар хийгдсэн байна уу, хонь байна уу, нохой, муурны мах байна уу гэдгийг маргаангүйгээр ялгаж тодорхойлох боломжтой болчихсон гэсэн үг. Нэг талаас харвал дэвшил байгаа биз. Нэгэнт баталгаажуулсан бол хууль хяналтын байгууллагат нь хандах нь зөв.

-МАХЫГ ГАЗААР ХУЙХАЛЖ ИДЭХ НЬ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ-

Монголчууд сүүлийн үед газ буюу шингэрүүлсэн пропан хийгээр махыг хуйхлан идэж байгаа. Үүнд сөрөг нөлөө огт байхгүй. Дээхнэ үед бензин пояалникаар л хуйхладаг байлаа шүү дээ. Үүнийг бодвол шингэрүүлсэн пропан шатаад зөвхөн ус, нүүрсхүчлийн хий л үүсгэнэ. Өөр бодис үүсгээд, махыг хордуулаад байх зүйл байхгүй. Махны хуйх өөрөө коллаген уургийн агууламж хамгийн өндөр байдаг. Тиймээс махыг болж өгвөл хуйхтай нь хэрэглэж байвал их сайн. Азийн орнууд бол хуйханд онцгой ач холбогдол өгдөг, дангаар нь боловсруулж, төрөл бүрийн хоол хийх нь ч элбэг. Нэг маш их анхаарах шаардлагатай зүйл бол хуйхлаад, хярвасыг нь юу ч үлдээлгүй, маш сайн угааж, цэвэрлэх хэрэгтэй.

Хорхог, боодог гэхээс илүү махны хэтэрсэн хэрэглээ өөрөө хүнд асуудал үүсгэх боломжтой. Махыг хэтрүүлэн хэрэглээд л байвал ходоод мах шингээж чадахаа больж эхэлнэ. Шингээж чадахгүй болохоор бие дотор махны ялзрал явагдаж, энэ нь эрүүл мэндийг доройтуулж эхэлдэг. Маш их мах идсэний дараа үмхийгээр унгах, хэхрэх зэрэг асуудал гардгийг  ажигласан л байлгүй. Махыг бүрдүүлэгч уураг азот, хүхэр, фосфор зэрэг химийн элементүүд агуулдаг, эдгээрийн задралын бүтээгдэхүүнүүд ихэвчлэн үмхий үнэртэй байдаг. Тиймээс махны хэрэглээнд анхаарч, төрөл бүрийн хүнсний ногоонуудтай хольж хэрэглэх хэрэгтэй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x