УЛС ТӨР

ДЭМБ-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засгийн зүгээс “Ковид-19” цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор “Тэрбум мод”, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, архи, согтууруулах ундааны соёлтой хэрэглээг төлөвшүүлэх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай товч танилцуулав.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд ДЭМБ-ын зорилтуудтай нягт уялдаж буй бөгөөд бүс нутгийн болон гишүүн орнуудад туршлага болохуйц ажил болж байгааг тэмдэглэв.

Цаашид энэ чиглэлд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button