“Ромео Жульетта”-гийн найруулагч 96 насандаа таалал төгсжээ

Италийн алдарт найруулагч, продюсер Франко Дзеффирелли зургаадугаар сарын 15-нд өөрийн гэртээ таалал төгсжээ. Тэрээр 1923 оны хоёрдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд энэ жил 96 наслаад байсан юм.
Найруулагч Франко Дзеффирелли нь кино урлаг төдийгүй, театр, операд ажиллан уран бүтээлээ туурвисаар ирсэн юм. Түүний хамгийн алдартай бүтээлээр 1968 онд хийсэн “Ромео Жульетта” киног нэрлэдэг. 1968 оны "Ромео Жульетта" кино ижил нэрт бусад хувилбаруудаасаа хамгийн сонгодог нь билээ. У.Шекспирийн зохиолын нэг болох “Ромео Жульетта” эмгэнэлт жүжгээр олон арван кино хийгдсэн байдаг аж.

Тус бүтээл нээлтээ хийсэн цагаасаа хойш дэлхийн кино урлагийн зах зээлээс 52 сая ам.долларын ашиг, орлого олсон нь У.Шескпирийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн кинонууд дундаа хамгийн өндөрт тооцогддог юм.

“Би зөвхөн кино найруулагч биш. Өөрт сонирхолтой санагдсан түүх, мөрөөдөл бүхнээ найруулахыг хүсдэг тийм л найруулагч” гэж 2006 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр хэлжээ.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.