НИЙГЭМ

Автомашинтай осолдон, хаалгандаа хавчуулагдсан жолоочийн амийг аварчээ

Төв аймгийн Аргалант сумын нутагт автомашнтай осолдон, хаалгандаа хавчуулагдсан, 36 настай иргэн Б-г залуус олон цагийн турш уйгагүй ноцолдсоны эцэст амийг нь аварчээ.

Энэ талаар Buyan Buyan гэсэн фэйсбүүк хаягтай нэгэн иргэн “Хөдөө хээрээр ан гөрөө дараа нь адуу мал гэж хэдэн жил тэнэснийх машиныхаа багажинд хэрэгтэй, хэрэггүй хог новш авч явдгийнх нэг залуугийн аминд оров. Өчигдөр Төв аймгийн Цээл сум орчоод буцаад 17 цагийн үед Аргалант сумын Жирмийн цагаан нуурын урд явж байтал тээр урд зам дээр маань тоос манараад л явчив.

Осол болов уу яав гэж машинд цуг явсан хүмүүстэйгээ ярилцсаар дөхөөд иртэл “Ниссан патфиндер” маркийн жийп, адуу ачиж явсан том ачааны автомашинтай мөргөлдөөд хоёулаа замын хажуу руу уначихсан, ойролцоо явсан машины хүмүүс зураг аваад, бичлэг хийгээд зогсож байв. Доторх хүмүүс нь зүгээр үү гэж асуухад хариулах хүн олдсонгүй. Цуг явсан залуугийн хамт буугаад “Ниссан” дээр гүйгээд очтол жолооч нь тэр дороо амиа алдсан байв. Ачааны автомашин дээр очтол кабин дотроос нь хүн ёолох сонсогдов. Зүгээр үү гэж хашгирахад толгой хавчуулагдчлаа, аваач ээ, тэсэхгүй нээ гэж орилов. Хаалгыг нь тэнд байсан залуучуудтай нийлээд онгойлгох гэсэн боловч онгойлгож чадсангүй тул машинаа авчирч татлагаар оосорлож татан онгойлгов.

Жолооч нь дотроо харагдаад байгаа боловч хүрэх арга байсангүй тул мөн татлагаар наана нь байсан сандлыг машинаараа суга татав. Зунжин багажинд явсан мөртөл тэр өглөө нь ад үзээд гэртээ орхичъё гэж бодоод оруулахаасаа залхуу хүрээд байсан Hi-lift jack буюу босоо домкрат тэр удаа үнэн шидээ үзүүлж аминд оров. Хаалган талаас өргөтөл өндийлгөөд ирлээ шүү. Тэгээд хоёр залуу кабин руу нь орж орилсоор байсан жолооч залуугийн толгой нь хавчуулагдсан байсныг арай гэж чөлөөлөв. Ингээд эмч оруулж тариа хийлгэсний дараа дарагдсан хөлийг нь сугалж чаддаггүй, дээрээс дарж унасан машины эд ангиудыг урж, тасдаж огтолж, тайлж, өргөж 3 цаг гаруй ноцолдсоны эцэст онцгойгийнхон ирж хүч нэмж байж гаргав.

Б... гэх 36-хан настай ус уух хувьтай залуугийн толгой нь хагарч, чих нь ханзарч нүүр нь зулгарсан, харамсалтай нь хөл нь дунд чөмгөөрөө нилээн эвгүй хугарсан. За амьд үлдсэн нь яамай даа. Осол болж, дуудлага өгснөөс хойш нэг цагийн дараа түргэн, хоёр цагийн дараа цагдаагийнхан, хамгийн хэрэгтэй хүмүүс болох онцгойгийнхон гурван цагийн дараа ирсэн нь аймаар. Онцгой ч гэж дээ гурван жаахан банди ирдэг нь тиймхэн. Энэ үеэр тэр залууг аврахын төлөө уйгагүй ноцолдсон цуг явсан Балжинням Зинамядраа болон зурган дээрхи Энхбаяр бас Мөнхбаяр ч бил үү, бас нэг хар цамцтай залуучуудад ямар их баярлав аа. Та нарын хүчинд л нэг залуу амьд үлдсэн шүү.

Ослыг харсан гэрчийн яриагаар “Ниссан” машин гүйцэж түрүүлэх гэж урсгал сөрөөд өөдөөс ирж явсан ачааны машиныг мөргөснөөс болж онхолдсон гэх. Дарханы замын засвараас болоод хойд аймгийн автомашинууд Булганы Дашинчилэнгийн замаар явж буйгаас баруун талын зам ачаалал ихтэй, үнэхээр аюултай байна аа.

Иргэншсэн улсууд хот хоорондын зам тавихдаа дандаа хоёр эгнээ хос зам тавьдаг. Замаа засахдаа хүртэл нэгийг нь хааж байгаад нөгөөг нь засчихдаг нь үнэн амар. Манай улс нэг нарийхан зам дээр эсрэг урсгалын автомашинуудыг зөрүүлдэгээс болоод осол тасардаггүй. Бид хэзээ ухаан сууж, хөгжих улс юм бүү мэд. Манайхаан, замын хөдөлгөөнд оролцохдоо дураараа биш дүрмээрээ оролцоцгооё” гэж нийтэлжээ.

https://www.facebook.com/buyanbaatar.tsagaanbandi/posts/2121231677982449

Б.ДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-07 13:52

hunii ami avarsan zaluuchuudad sain saihniig husie. teevriin tsagdaagiin gazar avtozamiin osloos uridchilan sergiilah ajlaa sain hiigeechee. poproh durtai uls torch nar hunii ami hamgiin ih ersdej baigaa ene baidald anhaarlaa handuulahgui yum bna

Холбоотой мэдээ

Back to top button