Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Ши Жиньпиний түүхэнд нэрээ үлдээх хүсэл буюу Төгс хот Шионган

-Орчин үеийн хамгийн ухаалаг, шинэ хот эдийн засгийн биш, төрийн сүр хүчийг бэлгэдэх учиртай-

Эдийн засгийг төрийн хатуу хяналт дор удирдах арга барил нь БНХАУ-ыг хөгжил дэвшилд хөтөлж байгааг хүн бүр мэднэ. Тэгвэл урд хөршийн удирдагчид, тодруулбал Ши Жиньпин энэ арга нь хамгийн зөв зүйтэй болохыг улам батлахаар нэгэн бяцхан лабораторийг Бээжингийн баруун урдхан байгуулж эхлээд хоёр жил гаруй болж байна. Шионган /Xiongan New area/ нэр аваад буй энэ хотыг төрийн бодлого, хатуу хяналтын дор хөгжүүлж, дэлхийн жишиг болгон гайхагдах, удирдлагын загвараа батлах нь Ши Жиньпиний зорилго юм.  

Хот байгуулах-Түүхэнд нэрээ үлдээх шилдэг арга

Хот балгад сүндэрлүүлэх нь удирдагчдын хувьд түүхэнд нэрээ сийлж үлдээх шилдэг арга байсаар иржээ. Гагцхүү тухайн хот нь цаг үеийнхээ ололт, хамгийн шилдэг шийдлийг авч, бусдад гайхагдаж байх ёстой аж. 

Барилга байгууламжийн шийдэл, хэв маяг, оновчтой төлөвлөлт, шинжлэх ухааны ололтыг шингээсэн байдлаараа тухайн үеэсээ түрүүлсэн хотуудыг барьж байгуулан түүхэнд үлдсэн удирдагчид олон бий.

Дээд Нилийн үржил шимт хөндийн “нүдийг нь олж” буун, тухайн үедээ тасархай хөгжилтэй Аль Искандри балгадыг байгуулсан Македонын Александр, Европын хамгийн гоёмсог хот Санкт Петербургийг үндэслэсэн Оросын хаан Петрыг дурдаж болно. Ийм маягаар байгуулагдсан хот нь үндэслэгчийнхээ алдраар нэрлэгдэн эзнээ түүхэнд дуурсгасаар байдаг билээ.

Тэгвэл өмнөд хөршийн тавдугаар үеийн удирдагч Ши Жиньпин өнөө цагийн дэлхийн хамгийн зөв төлөвлөлт, "ногоон технологи” бүхий орчин үеийн хотыг байгуулж байна. Бээжингээс баруун өмнө зүгт 100 км-т баригдах шинэ хотыг байгуулах ажил дуусах шатандаа орсон бөгөөд Хятадын хөгжлийн банкнаас 2017 оны дөрөвдүгээр сард 19 тэрбум ам.доллар шилжүүлснээр бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхлүүлж байсныг бодвол ердөө зургаан жилийн дотор амжуулсан байна.

Хотын нэрийг өгөхдөө ч удирдагчийн нэрнээс албаар оруулсан мэт “Шионган” /Xiongan/ хэмээжээ.

Дэн Сяопин, Зян Зэминий заасан замаар...

Засгийн эрхийг барих үедээ тодорхой нэг салбар, хотыг сонгон хөгжүүлж түүхэнд нэрээ үлдээх өрсөлдөөн Хятадын удирдагчдын дунд урьд өмнө ч байсан юм. Загасчдын жирийн тосгон Шеньженийг эрчим хүчний төв, хөгжингүй хот болгосон гавьяа Дэн Сяопинтой холбогддог бол Зянь Зэминь Шанхайн дагуул хот Пудуныг Хятадын санхүүгийн төв болгоход хүчин зүтгэлээ зориулсан байдаг. Ши Жиньпин ч энэ жишгээр, өмнөх удирдлагуудтайгаа энэ зэрэгцэх, магадгүй илүү гарах амбийц өвөрлөн дэд бүтэц, байгаль орчинд ээлтэй байдлаараа дэлхийд жишиг болохуйц хотыг Бээжингийн ойролцоо босгож байна.

Хятадын Коммунист намын Төв хороо, төрийн зөвлөлөөс 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд гаргасан хамтарсан мэдэгдэлд “Шионган нь Пудун, Шеньжений нэгэн адил үндэсний ач холбогдол бүхий хот байх болно” гэсэн өгүүлбэр байсан нь үүнийг гэрчилнэ.

Харин барьж байгуулах хэлбэр, арга нь олон талаараа Шеньжен, Пудунаас эрс ялгарна. Дэн Сяопин, Зян Зэминь нар бүтээн байгуулалтыг чөлөөт байдлаар өрнүүлж, бизнесийнхэнд орон зай гаргаж өгч байсан бөгөөд тэр ч утгаараа хотод жамаараа буй болсон зүйлс олон бий. Харин Ши Жиньпин “Гайхалтай амар амгалан” (Mignificent peace) уриатайгаар баригдах Шионган хотдоо бүгдийг төрийн хатуу хяналтын дор бүтээж босгохоор зорьж байгаа нь сонирхолтой.

Эндээс түүний илүү дутуу сул талгүй “Төгс хот” байгуулахыг хичнээн их хүсч байгааг мэдэрч болмоор.

Түүний хүссэнээр, шинэ хот нь Хятадын эдийн засгийн боломж, бололцооны биш, харин төрийн хүч чадлын бэлгэ тэмдэг болох ёстой. Чухам тийм учраас л бүгдийг төрийн мөнгөөр хийхээр зориг шулууджээ.

Өөрөөр хэлбэл, Шионганы бүтээн байгуулалттай холбоотой мэдээ, мэдээлэлд хөрөнгө оруулалт босгох гэх мэт яриа огт гарахгүй, харин төсвөөс тэдэн төгрөг хуваариллаа гэсэн өгүүлбэр л уншигдсан гэсэн үг. Жишээ нь, 2018 онд Шионганы бүтээн байгуулалтад Хэбэй мужийн төсвөөс 600 тэрбум юанийг гаргуулжээ.

Шинэ хот Бээжин-Тяньжин-Хэбэй мужийн интеграцийг хөнгөвчлөх зорилготой тул үр өгөөжийг нь хожим хүртэх мужуудаас ийнхүү хөрөнгө татаж байгаа аж. 

Хөрөнгө оруулалт татахгүй, бүх мөнгийг төсвөөс гаргана

Хот байгуулах газар сонгосныхоо дараа Си Зиньпин өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн биеэр очиж ёслолын ажиллагаа үйлдсэн бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ шинэ хотын үүргийг “Бээжин дэх хэт төвлөрлөөс үе шаттайгаар татгалзах, нийслэлээс хамааралгүй, орчин үеийн өндөр хөгжил бүхий хотуудын сүлжээг Бээжин-Тяньжин-Хэбэйн гурвалжин бүсэд байгуулах эхлэлийг тавьж, хүн амын хэт шигүү суурьшлыг задлах явдал юм” хэмээн тодорхойлсон байна.

Тэгэхээр, 2.5 сая хүн амьдран суухаар төлөвлөсөн энэхүү хотод яваандаа өндөр технологийн компаниуд, их сургуулиудаас гадна Бээжин дэх төрийн бүтцүүдийг хэсэгчлэн шилжүүлж ч магадгүй болжээ. Хотын хамрах талбай, хөрөнгө оруулалт өнөөдөртөө 100 км2, 19 тэрбум ам.доллар байгаа ч ойрын 15 жилд 290 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамрах хүрээ нь 2000 км2-д хүрнэ гэсэн таамгийг “Morgan Stanley” банк хийсэн юм.

Ши Жиньпиний мэдэгдлийн дараа хотод барилга байгууламж барих хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо борооны дараах мөөг шиг олширч, шинэ бүсийн орчимд газрын үнэ ердийнхөөс гурав дахин өсөх нөхцөл бүрдсэн ч эрх баригчид төрийн оролцоотой эдийн засгийн тогтолцооныхоо давуу талыг харуулж, тухайн бүсэд газар худалдах, худалдан авах ажиллагааг тас хориглосон аж.    

Ши Жиньпиний Шионганы талаар саяын хэлсэнтэй ижил мэдэгдлийг Д.Сяопин 1984 онд Шеньжений асуудлаар хийхэд бизнес сэтгэлгээтэй хүн бүр тэнд бууриа тэрлэхийг яаравчилж байв. Тэгвэл Шионганы хувьд байдал өөр.

Тэнд ямар, ямар үйлдвэр, байгууллага байршуулахыг эрх баригчид шийднэ. Тэр ч байтугай оршин суугчдыг нь “дээрээс” сонгоно.

Одоогоор амьдрах оршин суугчдын бүртгэл эхлээгүй, журам нь гараагүй. Үл хөдлөх хөрөнгийн наймааг хориглосон, Хятадын бусад бүс нутгаас хөрөнгө оруулалт татах нь мөн л хориотой. Нөгөө талаар Шионган нь бүтээн байгуулах арга хэлбэрээрээ Шеньжений яг эсрэг хувилбар боловч, санаачилсан удирдагчдынхаа хувьд улс төр, эдийн засаг, хүрээлэн буй орчин зэрэг салбарт тавьсан  зорилгодоо хүрэх аргаа турших бааз суурь болж байгаагаараа адил төстэй юм.  

   “Маогийн эрин үе” төгссөний дараа Дэн Сяопин эдийн засагт эрс шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд Шеньжен энэ өөрчлөлтийг хийх лабораторийн үүрэг гүйцэтгэсэн юм.

Хонконгтой ойрхон байрлалынхаа ачаар энэ хот Хятадын хувьд “Дэлхийг харах цонх” нь болж байлаа. Зян Зэминь Хятадын эдийн засгийг интеграцчилах үйл хэргийг нь үргэлжлүүлэхдээ мөн л туршилт хийх орон зайг дотооддоо бүрдүүлэх бодлого барьж байсан бөгөөд үр дүн нь одоогийн Пудун юм. Төр засгийн дэмжлэгт дулдуйдан өнөөгийн өнгө төрхөө олоход нь Зян Зэминий хичээл зүтгэл асар их байсан билээ.

Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх тавцанд гарч ирэхэд энэ хоёр эрхэм, байгуулсан лаборатори-хотууд нь зохих үүргээ гүйцэтгэсэн.

Харин тавдугаар үеийн удирдагч Ши Жиньпиний хувьд эдийн засгийн өсөлтөө тогтворжуулахаас гадна эдийн засаг, нийгэмд төрийн хяналтыг илүү чангатгах, оновчтой болгох зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд Шионган бол энэхүү зорилтыг хэрэгжүүлэх нэгэн төрлийн лабораторийн үүрэг гүйцэтгэх нь маргаангүй. Хот байгуулах талаар төрөөс гаргасан баримт бичигт “Хөгжлийн шинэ загвар”, “Ухаалаг”, “Ногоон хөгжилтэй” гэсэн үгс олонтаа давтагдсан нь Шионганд явагдах “туршилт” цаашдаа үндэсний баялгийг юунд зарцуулбал зохистой вэ гэдэг асуултад ч хариулт өгөх ёстойг илтгэж байгаа юм.  

“Төгс” хот

Бээжин нь Хятадын түүхэн нийслэл, соёл урлаг, улс төр, эдийн засгийн төв мөн ч гэсэн хүн амын хэт төвлөрлөөс болоод олон, олон  бэрхшээлийн цуглуулга болж хувирсан. Агаар, хөрсний бохирдол, үл хөдлөх хөрөнгийн тэнгэрт хадсан үнэ, дэд бүтэцийн байгууламжуудын даац хэтэрсэн зэрэг нь хотын өнгө үзэмж, иргэдийн амьдралын баталгааг эрсдэлд оруулж буй.

Тэгвэл Шионганы хувьд анхнаасаа энэ бэрхшээлийг бодолцож хийгдэх тул өөр огт шинэ зүйл гарч ирэхгүй л бол дээр дурдсан бэрхшээлүүд огт гарахгүй гэдгээрээ онцлогтой. Эрх баригчид ч үүнд итгэл найдвар тавьж байна. Хятадын хойд мужийн хотууд цэвэр усны хомсдолд нэрвэгдсэн байхад Шионган энэ бүс нутгийнхаа цэвэр усны хамгийн том нөөц болох Баян нуурын ойролцоо байрласан гэх мэтээр анхнаасаа бүгдийг бодолцож хийхээр хичээж байгаа ажээ.

Ийм том сэтгэж, далайцтай ажил өрнүүлснээрээ Ши Жиньпин багагүй эрсдэлийг хүлээх нь мэдээж. Амжилтгүй болж гэмээ нь эдийн засгийн алдагдал гарахаас гадна улс орны нэр хүндтэй холбоотой асуудал босч ирэх нь ойлгомжтой. Харин амжилттай болж гэмээ нь Шионган хот хятадын төрийн сүр хүчний бэлгэ тэмдэг болж, одоохондоо Ши даргын л цээжинд асч буй “Хятад мөрөөдөл” бүх ард иргэдийн зүрх сэтгэлд бадамлах нь зайлшгүй юм.  

ШИОНГАН ХОТЫН ТУХАЙ

Хаана баригдаж байгаа вэ

Бээжингийн төвөөс баруун өмнө зүгт 100 км, Сюнгсян, Рончэн, Анксин дүүргийн уулзвар, Байяан нуурын эрэгт төлөвлөгдсөн.

Хэр том бэ

Албан ёсны мэдээгээр бол эхлээд ойролцоогоор 100 км2 талбайд баригдана. Улмаар ойрын ирээдүйд хоёр дахин томруулж, алсдаа 2000 км2 газар нутагтай байхаар төлөвлөжээ

Зорилго

Хамгийн орчин үеийн, хамгийн зөв төлөвлөлттэй жишиг хот болох. “Синьхуа” агентлагийн мэдээнд Шионган хотыг Хятадын хувьд 1980-аад оны Шеньжень, 90-ээд оны Пудун хоттой адил ач холбогдолтой хэмээн онцолж байна.

Шионган хотын долоон онцлог

1. Дэлхийн жишигт хүрсэн ногоон, орчин үеийн ухаалаг хот болно;

2. Уран зураг мэт гадаад орчин, цэнхэр тэнгэр, цэвэр агаар, цэнгэг устай хот байна;

3. Инновацийг дэмжиж, өсөлтийг хангахад үүрэг гүйцэтгэнэ;

4. Төрийн үйлчилгээ чанартай, дэд бүтэц сайтай, хотын удирдлагын шинэ чиг хандлагыг хэрэгжүүлэгч хот болно;

5. Хурдан, найдвартай, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглана;

6. Зах зээлийн хөгжлийг хангахын тулд шинэ арга механизмыг ашиглана;

7. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ төв болж хөгжинө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-30 17:38

Хятад хэлний ханзны дуудлагаараа Xiong An буюу Шун Ан хот гэж нэрлэгдэнэ.

Зочин
Зочин
2023-01-01 18:30
Reply to  Зочин

Сиун Ан илүү дөхүү байх

Сайн Хаантай байх ямар сайхан юм бэ
Сайн Хаантай байх ямар сайхан юм бэ
2022-12-30 20:50

Тэр олон хүнийг төвөггүй удирдаад хөгжүүлээд, баяжуулаад явдаг Хятад улсын үе үеийн удирдагч нар гайхамшигтай яа.

ennie
ennie
2022-12-30 22:55

Манай монгол улсад өөрөө идэж уудаггүй ийм нэг удирдагч хэзээ ч гарч ирэхгүй бид нар ер нь ямар азгүй ард түмэн бээээ

зочин
зочин
2022-12-31 08:46

Өмнө нь элбэгдорж санаачилаад ажив хэрэг болж дэмжигдээгүй ажилыг Хархорум хот байгуулах зарилаг гаргаад хүүк сүржигнээд санаачилагч болох гээд зүтгээд байгаа учир нь хужаагын даргыг дуурайж д##дагнасан юум байнао хөөрхий тэгээд ч тэр нь өмнө яригдаж байсанчилан элбэгдорж гэдэг автортартай ш дээ чааваас тэгээд ч бхб яамнаас тэндер 3-н удаа зарлагдсан уих-ын тогтоол гарсан байдаг байхаа

Зочин
Зочин
2023-01-01 12:13

Өүр бахдаж атаархчихлаа. Гэтэл монголын удирдагчид монголын дайсан хулгайч тонуулчид шимэгч хархнууд шиг амьтас байх юм . Хадаас х##бага хайч хутга зүүгээ ч хийх үйлдвэр ч одоо хүртэл барихгүй олигтой цэвэрлэх байгуулаиж 5 цах станц хог боловсруулах ангилах үйлдвэр ч барьчихгүй 32 жил боллоо . ЦЭ даргын үед бүтээсэн босгосон дээр л амьдарч бас БҮКээс эхлээд олон үйлдвэр байгууллагыг нь хувьчлах нэрээр дампууруулж тоносон л гавьяатай саыд дарга ерөнхийлөгч нартай даа бид

Зочин
Зочин
2023-01-01 12:35
Reply to  Зочин

Tsewerleh baiguulamj daats ni hetreed zadraasai nul umhii bolno yah uchraa olohgui sandrah bhdaa yu hiij

Холбоотой мэдээ

Back to top button