ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Физикийн салбар дахь Нобелийн эзэд - 2019

2019 оны салбар, салбар дахь Нобелийн шагналтнууд ээлж дараалан тодорсоор байна. Аравдугаар сарын 10-нд буюу маргааш утга зохиолын Нобельтны нэр зарлагдахаар хүлээгдэж буй. Харин Шведийн Стокгольм хотноо физикийн салбарын Нобелийн эзэд дөнгөж өчигдөрхөн тодроод байгаа бөгөөд, гурван эрдэмтэн уг шагналыг хүртсэн нь сонирхолтой үйл явдал боллоо.

-ГУРВАН ЭРДЭМТЭН, ЭНЭ ЖИЛИЙН НОБЕЛЬТНУУД-

Жеймс Пийблс, Мишел Майор, Дидер Куэлоз гэсэн гурван эрдэмтэн сансар огторгуйн уудам талбарт хийсэн нээлтээрээ энэ оны Нобелийг хүртжээ. Ж.Пийблсийн хувьд огторгуйн хувьсал, өөрчлөлтийн талаарх онолоороо нэр дэвшсэн бол М.Майор, Д.Куэлоз нар сонихон гараг шинээр олж илрүүлснээрээ бүртгэгдээд байсан юм.

Тэдэнд хүндэт Нобелийг дагаад есөн сая швед крон буюу ойролцоогоор 904 мянга 500 ам.долларын шагнал очиж буй.

Английн BBC агентлагт өгсөн ярилцагадаа эрдэмтэн Дидер Куэлоз, “Итгэмээргүй үйл явдал боллоо” хэмээгээд, “25 жилийн өмнө анх энэ нээлтийг хийхэд хүмүүс надад, Куэлоз, наадах чинь гарцаагүй ирээдүйн Нобель шүү гэж хэлдэг байсан. Би ч, тийм ээ, магадгүй л юм, хэзээ нэг өдөр, харж л байя гэж хариулдаг байлаа” гэж ярьжээ. “Би одоо ч энэ үйл явдал яг ямар учиртай билээ гэдэгт гайхсаар л байна”.

CMB

Харин Нобелийн шагналтныг тодруулах хорооны гишүүн Улф Даниелсон, “Эдгээр гурван эрдэмтний нээлт бидэнд энэ орчлонгийн уудам хязгаарт хүн төрөлхтний эзлэх байр суурийн талаар нэгэн чухал, бас бодитой ойлголтыг өгч чадсан” гэсэн үгээр өөрийн сэтгэгдлийг илэрхийлжээ.

-ОГТОРГУЙН ҮҮСЭЛ, ЦОО ШИНЭ ГАРАГ-

Жеймс Пийблс бол Принстоны их сургуулийн профессор, өдгөө 84 настай физикч, космологич нэгэн юм. Тэрбээр огторгуй үүссэн анхдагч цэг болох Их Тэсрэлтээс цацарсан сансрын радио цацрагийг тогтоон хэмжих замаар огторгуйн насжилтыг тогтоох аргыг туршсан байна. Нөгөөтэйгүүр, огторгуйд бид ганцаараа юу? гэсэн асуултад хариу өгөх ч боломжтой.

Харин М.Майор, Д.Куэлоз нар дэлхийгээс 50 гэрлийн жилийн зайд оршдог 51 Пегаси нэрт асар том хийн гарагийг олж нээсэн юм. Өвгөн астрономичид энэхүү гарагийг олж илрүүлэхдээ мөн л шинэ тутам аргыг анхлан туршсан онцлогтой юм байна. Тэд уг нээлтийг хийж байх үедээ Швейцарийн Женев хотын Их сургуульд ажилладаг байжээ. Одоо тэд давхар Кэмбрижийн их сургуулийн профессорын албыг хашдаг.

51 Pegasi b

Амьдралынхаа бүх цаг хугацааг шинжлэх ухааны төлөө зориулсан эдгээр гурван эрдэмтний шагналаа гардан авах үеэр хэлсэн үг хойч үед нь шидээвэр болон үлдлээ. Жеймс Пийблс, “Энэ бол амьдралын минь үр дүн байлаа” хэмээсэн нь олон улсын хэвлэлүүд дэх онцлох нийтлэлүүдийн гарчиг болсоор байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button