Гадаад мэдээДЭЛХИЙ

Бээжингийн “Өрөөлийг тусгаарлах бодлого” буюу БНХАУ хилээ нээх үү

БНХАУ гаднаас ирж буй жуулчдад тавих хорио цээрийн дэглэмээ ирэх сарын 3-наас сулруулсан нь түнш орнуудад нь, ялангуяа хөрш орнуудад нь итгэл найдварын гэрэл асаасан хэрэг боллоо.

Дээрх мэдээллээс үүдэлтэйгээр манай зарим хэвлэлд "Эрээн боомт нээгдэх гэж байгаа" гэх мэдээлэл ч гарлаа. Гэхдээ энэ нь ташаа мэдээлэл бөгөөд Эрээн боомт нээгдэнэ гэсэн албан ёсны мэдээлэл хаана ч гараагүй байна. Баталгаатай мэдээлэл гэвэл,

  • БНХАУ жуулчдад тавьж байсан 5+3 хорио цээрийн дэглэмээ ирэх сарын 3-наас 0+3 болгож зөөллөнө. Тодруулбал, БНХАУ-д ирсэн зочид эхний тав хоногоо эмнэлэг буюу төрийн тусгай байгууламжид, дараагийн гурав хоногийг гэртээ тусгаарлагдах журамтай байсныг 0+3 болгон өөрчилж, эхний хэсгийг шаардлагагүй болгосон.
  • Хуурай замын хил одоо болтол хаалттай хэвээр бөгөөд жуулчин нэвтрэх боломжгүй. Агаарын хөлгөөр л БНХАУ руу ирж очиж байна.  

Бээжингийн хувьд “0 ковид” бодлогоо хэвээр барих бөгөөд цаашид цуцлах магадлал маш бага, бараг байхгүй гэж хэлж болно. Учир нь, эрх баригчид энэ бодлогыг өвчнөөс салахад биш, дотоод, гадаад зорилгодоо ашиглаж байгаад оршиж буй. Тэгэхээр, хүссэн үедээ суллаж, чангалаад хэвээр барих нь ойлгомжтой бөгөөд учрыг нь шинжээчид доорх байдлаар тайлбарлаж байна.

БНХАУ өөрийгөө бус, өрөөлийг тусгаарласан

Урд хөршийн “0 ковид” бодлогыг өөрийгөө тусгаарлах бодлого гэх нь үнэнд нийцэхгүй. Үнэндээ өөрийгөө бус, өрөөлийг, тэр тусмаа хөрш орнуудаа “тусгаарлах” бодлого гэж үзэх хэсэг бүлэг бий. “0 ковид” бодлогын горыг манайхаас гадна Вьетнам, Мьянмар, Тайланд гэх мэтчилэн Зүүн өмнөд Азийн олон улс амсаж, худалдааны тусгаарлалтад өртөн, асар их хохирол амсаж буй. Ямар сайндаа Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо (АСЕАН)-ны удирдагчид өнгөрсөн гуравдугаар сард Камбожийн Пномпень хотод уулзаж БНХАУ-ын тусгаарлалтыг хэрхэн нээх талаар зөвлөлдөх вэ.

Бээжингийн хэрэгжүүлж буй “0 ковид” бодлого нь хуурай газрын хилээ чандлан хамгаалах дээр суурилсан учир Хятадын хилийн дагуух боомтууд дээр том, том ачааны машинууд бөөгнөрсөн нийтлэг дүр зурагтай байна.

Зүүн өмнөд Азийн худалдаачид, тариаланчид, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нь нийлүүлэхийн тулд алалцахаас наагуур юм болж байгаа ч Бээжин бодлогоо цуцлах биш, зөөллөх л асуудал ярьж байна.

Хаагдсан хилийн боомтуудыг нээдэг ч Ковид19-ийн тохиолдол гармагц л буцаан хааж, хүндрэл үүсгэх жишээтэй. Тэд ачааны машины жолооч нараас коронавирусийн шинжилгээ хийлгэхийг шаарддаг бөгөөд зарим тохиолдолд ачаа тээвэрлэх чингэлгийг өндөр үнээр Хятадаас худалдаж авахыг шаарддаг байна.

Гэхдээ ялгавартай хандсан

БНХАУ үнэхээр өөрсдөөс нь анх гарсан коронавирусийн цар тахлаа нам дарах гээд хилийн худалдаагаа хааж боож байгаа гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Хиллэж буй зарим улсад ялгавартай хандаж байгаагаас ингэж дүгнэж болж байна. Тухайлбал, Мьянмар улстай хилээ нээсэн. Цар тахлын халдвар илэрч байгаа ч худалдаа нь боломжийн явж байгаа. Дээр хэлсэн, АСЕАН-ы орнууд Хятадад бараагаа яаж нийлүүлэх вэ, яаж авах вэ гэж зөвлөлдсөн хуралд Мьянмар очоогүй. Энэ нь Бээжинтэй дээд түвшриндээ тохирсон, гадаад худалдаа тал дээр санаа зовохооргүй болсон гэдгийг илтгэнэ.

Ямартай ч БНХАУ 14 улстай хуурай газраар хиллэдэг, тэр бүх улсад хилийн худалдааны дэглэмээ чангатгасан ч улс бүрт харилцан адилгүй хандаж байгаа нь яалт ч үгүй үнэн. 

Үгэнд нь ороод, сайхан аашлаад байвал “Ногоон гэрэл” асаах гэх мэт юм санаачлаад нээчихнэ. Эсэргүүцээд байвал, ашиг сонирхлыг нь хүлээж авахгүй байвал “Танайд корона илэрлээ” гээд л боллоо.

Ашиг нь юу юм бэ

БНХАУ-ын зорилго нь хөрш зэргэлдээ улсууддаа сүр хүчээ мэдрүүлэх явдал гэсэн дүгнэлт хэтийдсэн мэт боловч иймэрхүү санаа гаднын хэвлэлд мэр сэр гарчээ. Тухайлбал, “Foreign policy” сэтгүүлд БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа бодлогыг “Зүүн өмнөд Азийн хувьд Хятадыг гадаад ертөнцөөс тусгаарлах нь ашиггүй гэдгийг харуулахын тулд” хэмээн тодорхойлсон байх юм.

Тайваньтай холбоотой асуудлаас болж цагийн байдал түгшүүртэй байгаа учраас тулсан үед бөөрнөөсөө хүчтэй цохиулахгүйн тулд хөрш улсуудаа эдийн засгийн хувьд туйлдуулах бодлого гэх нь ч байна.

Үнэн ч байж мэднэ.

Ямар ч байсан тэдний явуулж байгаа бодлого одоохондоо хөрш орнуудад нь илүү хүндээр тусч буй нь тодорхой байна.

Өөрсдөд нь бол төдий л хохиролгүй, магадгүй бага сага хохирол гарч байгаа ч хүрэхээр эрмэлзэж байгаа үр дүнгийнх нь хажууд жижиг гэж тооцогдохоор байгаа нь илт байгаа юм. БНХАУ-д ядаж л хилээ хэзээ нээж хаахыг шийдэх эрх байгаа бөгөөд энэ нь ашиг олохгүй ч алдагдалд орохгүй байх боломжийг олгож буй.

Харин хөршүүдийн хувьд БНХАУ-ын хил тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр бүр цэвэр алдагдал авчирч байгаа юм.

Шинэ жимс, хүнсний ногоо болон өмнөд нутгаас хойш нь тээвэрлэхэд хөлдөөх шаардлагатай байдаг далайн гаралтай болон бусад түргэн мууддаг бүтээгдэхүүн дээр хамгийн их хохирол амссан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, цар тахлын нөхцөл байдал хэчнээн удаан үргэлжилнэ, БНХАУ-д ашигтай гэсэн үг. “Foreign policy” сэтгүүлийн дүгнэлт үнэн бол тэд эдийн засгийн хувьд биш юм гэхэд нөлөөллийн хувьд ашиг олж байгаа нь гарцаагүй. БНХАУ-тай хиллэдэг 14 улсаас хоёрыг нь сонгож ямар байдалтай байгааг тандая.

Казахстан

Хятадын “Бүс ба Зам” санаачилга (BRI)-ын хүрээнд Казахстанд шинэ галт тэрэгний зам тавигдаж, казах буудай, хүнсний тос, үхрийн махаа Хятад руу ахиухан хэмжээгээр зөөх боломжийг олгосон. Бээжин ч энэ бодлогыг дэмжин, хамтарч байв. Гэтэл Казахстанаас хүнс импортлохыг сонгон хориглож, бодлогодоо тууштай байгаа эсэхэд нь эргэлзэхээр зан гаргаж буй. Энэ зуурт харин Казахстаны нутгаар дамжин өнгөрөх Хятадын ачаа тээврийн хэмжээ нэмэгджээ.

Вьетнам

Вьетнамын Лао Кай мужийн Ким Тхан хилийн боомтод коронавирусийн тохиолдол гарсан тул БНХАУ худалдаа хийхээ зогсоосон. Бусад боомт дээр байдал ялгаагүй, Ковид19 илэрсэн гээд шууд хааж байгаа учир Үйлдвэр худалдааны яам нь бизнес эрхлэгчдэдээ хандаж, алдагдалд орохгүйн тулд төлөвлөгөө гаргахдаа хилийн байдлыг ажиглаж байхыг зөвлөхөөс өөрийг хийж чадахгүй байдалд оржээ. Бусад улсын хувьд ч байдал дээрх хоёроос нэг их сайнгүй байгаа гээд ойлгочиход болохоор байна.

Цар тахал тоглоом биш, Хятад шиг олон хүн амтай улсад их хохирол учруулахыг үгүйсгэх аргагүй. Болгоомжлолыг нь буруутгахгүй. Гэхдээ л бусад улсад зүгээр явж болоод байгаа гадаад худалдаа Хятадад болохгүй гэдэг нь үндэслэл муутай.

Ойрын үед хилийн худалдаагаа нээхгүй бол ямар нэг бодлого хэрэгжүүлж байна гэж үзэхээс аргагүй.

Монгол хамгийн том хохирогч

Уг нь “Хамгийн том” энэ тэр гэхгүй байж болно л доо. Гэхдээ 14 улс дотроо манайх шиг 100 хувь шахам хамааралтай нь ховор юм. Үнэндээ манай улс “Газын зурвас”-аас дээрдэхгүй байдалд ороод байна.

Газын зурвас” бол 360 км2 газар нутагтай, гурван сая хүн амтай. Египет, Израиль гэсэн хоёр улстай хиллэдэг гэх боловч Египетийн талаас өндөр цементэн ханаар тусгаарлагдсан тул гадаад худалдаа нь Израилиас бүрэн хамааралтай байдаг.

Манайх БНХАУ-аас хамаардагтай бараг ойролцоо болов уу. Энэ хязгаарлагдмал бүс рүү бараа таваар зөвхөн Израилийн хилээр дамжиж орох бөгөөд юу оруулахаа Израилийн тал шийддэг. Үгэнд нь орохгүй бол хаана, бооно. Арваад жилийн өмнө, “Эрх чөлөөний флотиль” хөлөг онгоцтой холбоотой дуулиан дэгдэж байх үеэр хувцас оруулахыг хориглож, Газагийн палестинчуудыг нүцгэлэх шахсныг санаж байна.

Манайх яг ижилхэн нөхцөл байдалд байгаа учраас Монголыг “Газын зурвас”-тай адилд тооцов.

Вьетнам, Тайланд гэхэд гадаад худалдаа нь Хятадаас 19, 20 орчим хувийн л хамааралтай, цаашдаа “Хятад бүтэхгүй юм байна” гэж бодвол замаа бодоод, мөрөө хөөгөөд явах боломжтой улс харагдана.

Бидэнд ямар сонголт байна вэ?

ДЭМБ цар тахлыг эндемик буюу тархалт нэг улсаар хязгаарлах хэмжээнд очиж байгааг зарласан (Халдварт өвчний тархалтыг хамрах хүрээгээр нь эндеми буюу тодорхой нэг үндэстэн, улс орныг хамарсан, эпидеми буюу бүс нутгийн улс орон, хүн амыг хамарсан, пандеми буюу олон тивд тархсан гэж ангилдаг).

Энэ бол мэдээжээр сайхан мэдээ. Цар тахлыг үүсгэгч вирус мутацилагдсан хэвээр ч халдварлах чадвар нь нэмэгдэхээс хоруу чанарын хувьд буурч байгаа нь тодорхой болсон. Улс орнууд хязгаарлалтаа цуцалсаар байна. Гэсэн ч тархалтын хэмжээ эндеми буюу нэг улс, ард түмнээр хязгаарлагдах болсноор тухайн улсдаа маш том эрсдэл дуудаж байгааг БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа бодлого харуулж байна.

Тодруулбал, вакцинжуулалтад иргэдээ хамруулж чадаагүй, эрүүл мэндийн тогтолцоо сул хөгжсөн улс орнууд цар тахлын голомт болж, бусдаасаа тусгаарлагдан зовж зүдрэх нь.

Тэдгээр улс хөршүүд нь хилээ хаасны улмаас тусгаарлагдан, эзгүй далай дахь өнчин арал мэт болох эрсдэл байгаа бөгөөд улмаар дээрх нөхцөл байдлын улмаас бүр ч их хохирол амсана гэж таамаглахад төдий их ухаан хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл, цар тахал нь том, хүчирхэг гүрнүүдэд нөлөөгөө бэхжүүлэх, ашиг сонирхлоо бусдадаа тулган хүлээлгэх боломжийг олгочихож.

Бидэнд жишээ нь, БНХАУ-тай своп хэлцлээр авч байгаа юанийн зээл гэх мэтээр нээнтэг байсаар байтал дахиад нэг нээнтэг нэмэгдчихсэн. “Нүүрс авч байгаа нь их юм” гэж бодъё гэхнээ нь ч дор хаяахад л төрийн өмчийн компаниудтай нь хөнгөлөлттэй гэрээ байгуулах болж байна. Бид энэ байдлаас нэг бол цар тахлыг ялж гарна, нөгөө бол өөрсдөө үйлдвэрлэгч болж байж гарна. Өөр зам байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-23 18:25

НУТАГ МИНЬ ХЯТАД МИНЬ ХҮЧИРХЭГ САЙХАН ХЯТАД ОРНООРОО БИ БАХАРХАНА ҮХЭР МОНГОЛЧУУД ЯАХ ВЭ? ГАРЫН ДООРХИ ЖИЖИГХЭЭН ГӨЛЧГИЙНҮҮД ХИЛЭЭ ХААХАД ЭНЭ МУУСАЙН ҮХЭР МОНГОЛНУУД ТУРААД БИЕ БИЕНЭЭ МЭРЭЭД ИДЧИХНЭЭ.САЙХАНДАА НҮҮРСЭЭ ХУЛГАЙЛЖ МАНАЙ УЛСАД ЗАРААД ИЙМ Л БОЛОХООРОО ЭНЭ УЛС ТУЙЛЫН ЯДУУ СЭТГЭЛГЭЭ НЬ ӨТГӨН ШИНГЭН ШИГЭЭ УДИРДАГЧ НАР НЬ МУДАКААРАА БАЙДАГ ЮМ ШҮҮ.ДОРНО ЗҮГЭЭС НАР МАНДАЖ ХЯТАДААС СИ ДАРГА МИНУ ИРНЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ ЭНЭ МОНГОЛЫГ ИХ ДЭЭВЭР ДОРОО ХУМИН АВНА УУ? ЛЯ ЛЯ ЛЯ

Ardhvv
Ardhvv
2022-12-24 00:13
Reply to  Зочин

Chi ter hvchtei har ylaaruuga yvah heregtei bid bol zuvhun mongoldo bid naraar oroldvol ta nar taran butrah bolno

Зочин
Зочин
2022-12-24 12:04

Нүүрсээ баяжуулахаас гадна 100% кокс болгож зарах л эдийн засгийн хувьд ашигтай.Ийм үйлдвэрийг япончуудаар техник технологийн хамт бариулж авах гарц байна.Хятад Оросын царайг харах хэрэггүй.Энэ хоёр гүрэн чинь түүхийгээр нь хямдхан авах сонирхолтой улсууд шүү дээ.нёфть төмөрч бай нүүрс өөр бусдыг мөн адил.төрийн хар хайрцагны бодлого гэдэг чинь хайчсан юм бэ? Ур##даж идэх хулгай хийх төр барих шун## хоёр чинь хөгжсөн болохоос улс орон чинь хөгжсөнгүй. Коксоо дотооддоо хийж чадв## Монгол мет##лурги төмөрлөгийн аж үйлдвэрээ хөгжүүлэх боломжтой болохоос хэдэн сая тонн төмөр импортоор авч в##ютын нөөцөө гадагш ##дахгүй мөн бүх төрлийн булан төмөр труба нимгэн төмөрөө дотооддоо хийх боломжтой болох юм. Юм бүхнийг гаднынхантай хамтрах сайн муу хоёр т##тайг төр баригч нар маш сайн нягт##ж байх.Яагаад гэвэл эдийн засгийн ##с хойчдоо хараат болохоос ямагт болгоомжилж хууль журам андаа нягт нямбай хандаж
##даа гаргахгүй ажиллах хэрэгтэй байна

худал ярьж хийрэх нь баатар болох зорилго уу? ккк
худал ярьж хийрэх нь баатар болох зорилго уу? ккк
2022-12-24 23:45

BID chini hyatadaas mash ih tserevdeg bizdee.Harin ch sain hereg gelmei. Idej uudag buh ni dandaa l hor gedgui biluu. Zaaval hyatadaas avah hereggui ANU-aas avbal bidniig uruvduud chanarmai baraagaa hyamd ugdug yum baigaa bizdee

Холбоотой мэдээ

Back to top button