Сурвалжилга, Нийтлэл

Жолооч нар: Ямар дарга, сайдын нүүрс ачиж яваагаа маниус яаж мэдэхэв дээ

Төв талбай дахь иргэдийн жагсаал 17 хоног үргэлжлэв. Жагсаалын шаардлагын улмаас Монгол улсын засгийн газар нүүрсний хулгайч гэх нэрсийг зарлахдаа, Таван толгойн бүлэг ордоос нүүрс тээвэр хийдэг жолооч нараас мэдүүлэг мэдээлэл авах ажиллагаа эхэлснийг мэдэгдээд буй.

Бид энэ удаад нүүрс тээврийн жолооч нарын өнөөгийн бодит нөхцөл байдал ямархуу байгааг мэдээлж байна.  

-Гурван төрлийн тээвэр, 220 бөмбөлөг, 15 мянган жолооч, 20 мянган тээврийн хэрэгсэл, 260 ААН-

Цагаанхад суурьшлын бүс орчимд өнөөдөр 15 мянган жолооч, 20 мянган тээврийн хэрэгсэл, 260 ААН үйл ажиллагаа явуулж, терминал буюу хил орчмоос шилжүүлэн ачих богинын богино тээвэр, Цагаан хад гаалийн талбайгаас хил рүү гаргадаг богинын тээвэр, Тавантолгойн бүлэг ордоос Цагаан хад гаалийн талбай хүртэл 230 км зам туулах уртын тээврийг хийдэг. Харин нэг өдөрт богино тээвэрт 850, уртын тээвэрт  2000 орчим тээврийн хэрэгсэл явж байна. Ингэхдээ жолооч нар тус тусын компанийн үүсгэсэн бөмбөлөг тээврийн дэглэмд байрлаж ажилладаг. Цалин хөлсний тухайд тэд бүгд богинын богино болон богинын тээвэр эрхлэх сонирхолтой. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд богинын тээвэрт явна гэдэг холын хол мөрөөдөл болоод буй. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас улбаалан гурван сайдын хамтарсан тушаалаар бий болсон бөмбөлөг тээврийн дэглэм жолооч нарт томоохон асуудал болсоор уджээ. Асуудал гэдгийн учир нь мэдээж хэрэг ХӨСҮТ-ийн ковид шинжилгээ. Бөмбөлөгт хөл тавьснаас хойшх 6 болон 13 дахь хоног дээр ковидын шинжилгээ өгч, бөмбөлгөөрөө сөрөг гарвал хүслэн болсон богиноны тээврээ нэг удаа хийх эрхтэй болно. Харин нэг нь эерэг гарчихвал бүгдийн мөрөөдөл үгүй болж “дэлбэрсэн” бөмбөлөг дахин хөл хорио тавиулна. Харин эерэг жолооч гэртээ харина.  ААН-үүд явцын дунд хашир сууж, ХӨСҮТ-ийн шинжилгээний урд өдөр өөрсдөө тестэлж үздэг. Ингээд бүгд сөрөг гарч, баяр хөөртэйгөөр шинжилгээндээ очиход хэн нэгнээс нь гайхал илэрч, дахиад 14 хоног хүлээх хэрэг гарна. Энэ мэтээр дараалан дэлбэрч 1, 2 сараар тээвэр хийж чадаагүй жолооч нар маш олон.

-Нэг удаад 82 мянган төгрөгөөр өгдөг ХӨСҮТ-ийн шинжилгээг шалгуулья-

Нүүрс тээврийн жолооч нар яг үнэндээ өр зээл, замын нөхцөл байдал, автомашины бүрэн бүтэн байдал, оочер дугаараас огт төвөгшөөдөггүй. Тэдний ганц айдас бол ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу. Ар гэрийнхэн нь ч гэсэн 6, 13 дахь хоногийн шинжилгээний хариуг залбиран хүлээдэг. ЭМЯ-ны өдрийн мэдээний тохиолдол орон нутагт нэг оронтой тоонд байхад Цагаанхадны бөмбөлөгүүд хэд хэдээрээ “дэлбэрнэ”. Энэ товлолт шинжилгээг ганцхан ХӨСҮТ-ийн баг л хийдэг. Ямар ч шинж тэмдэггүй, компанийн шинжилгээ нь сөрөг гарсан жолооч ХӨСҮТ-ийн шинжилгээнд бүдрэхэд сэтгэл санааны хүнд цочролд ордог. Учир нь тэр ганцхан өөрөө биш өөр олон айлын амьдралд “төвөг” болчхож байна гэж ойлгодог. Тээврийн жолооч нар ХӨСҮТ-ийн шинжилгээнд итгэдэггүй ч төрийн шийдвэрийг дагахаас өөр сонголтгүй тул арга мухардана. Тийм ч учраас энэ шинжилгээний явцыг шалгуулья гэх хүсэлт удаа дараа гаргасан. Мөн тэдний дунд шинжилгээ будилуулдаг гэх хардлага бий. Томоохон компаниудын ээлж дөхөөд ирэхээр жижиг компаниудыг толгой дараалан дэлбэрнэ. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-ийн шинжилгээ Тавантолгойн тээврийг атгачхаад суугаа гэлтэй.  Компаниудын тээвэр хийх, жолооч нар ажилтай орлоготой байх ганц хөшүүрэг энд ХӨСҮТ-ийн шинжилгээ л байна. Тус шинжилгээ 82 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнээр жолооч сардаа хоёр удаа шинжилгээнд орно. Тэгээд 15 мянган жолооч байгаа шүү дээ.  Үнэндээ тээвэрчид нүүрсний хулгайн асуудлаар мэдүүлэг өгөхөөс огт айхгүй, зөвхөн нэг ээлжинд ч гэсэн багаараа сөрөг гарч ачилтад орох л амин чухал асуудал болоод байна.

-Жолооч нар: Бидэнд айх бас мэдэх зүйл байхгүй-

Эрх баригчид, улстөрчдийн нүүрсний  хулгайн асуудлаар тээврийн жолооч нараас мэдүүлэг авч буй. Бид энэ талаар жолооч нарын сэтгэгдлийг сонслоо. Мэдээж тэд нэр, зүсээ нууцлахыг хүсэв.

Жолооч: Боомт орчим жолооч нараас асуусан энэ тэр гэсэн яриа гарч л байна. Ер нь бол жолооч нараас мэдүүлэг авна гэдэг цагийн гарз даа. Бидэнд тэр томчуудын хулгай, луйвар, тохирооны талаар мэдэх зүйл байхгүй. Тэгээд ч энэ асуудлууд нь дандаа ковидоос өмнө болсон явдал байх. Биднээс асуугаад ч ямар ч үр дүн гарахгүй.Бид нар өвөрмонгол хэлмэрчтэй л харьцдаг. Уна гэсэн машиныг нь бариад буулга гэсэн газар хүргэнэ. Ямар дарга, сайдын нүүрс ачиж яваагаа маниус яаж мэдэхэв. Өвөрмонгол хүүхэн л тэг ингэ гэсэн заавар өгч ажиллуулдаг. Өөр дарга, эзэн гэж хүн харж байгаагүй ээ.

Жолооч: Жолооч нарт наад нүүрсний чинь хулгай ямар ч хамаагүй. Бид нарт ярих хэлэх юм ч байхгүй. Хил гааль, мэргэжлийн хяналт, цагдаа тагнуул, хорио цээр, хилийн цэрэг, автотээвэр гээд арваад байгууллага оролцож, алхам тутам шалгаад бүгд хясдаг, хасдаг аргатай. Бодит байдал ийм л байдаг. Тэр дунд бид юунд хутгалдаж, орооцолдож яваагаа мэдэхгүй ш тээ. Оочерлож оочерлож нэг хүрсэн бол бушуухан буулгаад хэдэн төгрөгөө олж авч, ар амьдралаа зохицуулах хүслээс өөр юм бид нарт байхгүй ш тээ. Жолооч нар үеийн үед энэ олон шалгалт, дарамтаас салгаад нэг толгойтой болгоод өгөөч гэж хүсч ирсэн. Одоо тэгээд эцэстээ муу халтар жолооч нарыг байцаана гэнэ. Өөр хийх ажил их л баймаар юм.

Жолооч: Шалгаад асуугаад бид нараас юу олохов дээ. Хэнийхийг нь мэдэхгүй машин л олдож байвал дээдийн заяа гээд л явж ирсэн. Одоо бол бидэнд хилийн таталт сайн, бөмбөлөг дэлбэрчихгүй л бол өөр хүсэх зүйл алга. Ирээд асууна л биз, шалгана л биз. Бид нарт айх юм байхгүй. Мэдэхгүй гэдгээ л хэлнэ. Төр засаг бид нарыг байцаана, нэг бүрчлэн шалгана гэж байхаар энэ ХӨСҮТ-ийн шинжилгээг нэг шалгамаар юм даа. Үнэхээр төр засгийн томчууд бүгд Тавантолгой руу гараа дүрж, бид нарын бичиж ч мэдэхгүй хэмжээний их мөнгө хувьдаа завшсан бол эргээд энэ газраа нэг харах хэрэгтэй ш тээ. Жолооч нар ямар нөхцөлд, юуг даван туулж байж гэр рүүгээ сая гаруй төгрөг явуулдагийг нэг нэг удаа ч гэсэн харчих хэрэгтэй. Тэгвэл ичээд идсэн уусан мөнгөнөөсөө буцааж гаргах байх.  

-Бодит байдлыг мэдэрсэн дарга бол боомтын сэргэлт гэж ярихаасаа ичнэ -

Монгол хүн бүрийн анхаарлыг татаж чадсан Тавантолгойн нүүрсийг дагаад боомтын сэргэлт гэх үгийг хэрэглэх болсон. Боомт үнэхээр сэргэн мандаж байгаа бол Цагаанхад суурьшлын бүс, тээврийн жолооч нарын нөхцөл байдал жаахан ч атугай дээрдмээрсэн. Өнөөдөр жолооч нар хаашаа тээвэрлэхээсээ үл хамаарч кабинаа лацдуулдаг. Оочер дугаар ихтэй бол лацтай хэвээр хононо. Бүхээгтээ бэлдсэн жижиг сажиг хэрэгслээ ашиглан хоол хийж идэж, саванд бие засан цонхоороо чулуудна. Бодохоос ч аймаар. Нэг л ажлын захаас зуугаад авсан бол 3-4 сар харихгүй. Оочер хүлээх, нойр хоол хямрах, хамраа байнга “ухуулж” тест өгөх, цагаар машиндаа битүүмжлүүлэх, цалин мөнгөө авч чадахгүй байх гээд нэг хүнд нэг насанд хэтийдэх их асуудлыг өдөр бүр тээж явна. Энэ бүхний эцэст хаанахын машин барьж байгаагаасаа шалтгаалан 2-4 сая төгрөг авна. Жолооч нар төдийгүй тэнд үйлчилгээ үзүүлж буй алба хаагчид ч зутруухан. ХӨСҮТ-ийн шинжилгээний жижигхэн байрны гадаа оочерлосоор жолооч нар ханиад хүрэх, даралт ихсэх, нуруу татах энүүхэнд. Дотроо зай багатай, тохь тух муутай. Хил гаалийн ажилчид ч мөн ялгаагүй. Шуурхай штабын ажилчид нь нүүрс, түлээ бүр нэгжний ч асуудалтай. Нэвтрэх шалгалт хийхдээ датагүй болох, утасных нь сүлжээ унах зэргээр нөгөө хэдэн ядарсан жолоочоо баахан саатуулна.

Ийнхүү ажилчид, ард иргэд нь хөсөр хаягдаж, хогондоо дарагдсан энэ суурингаас монголын эрх баригчид тэрбум тэрбумаар халааслаад амжиж. Бидний ярилцсан жолооч нар энэ дарга нар боомтын сэргэлт гэдэг үгийг хэлэхээсээ ичээсэй. Бодит байдлыг харсан бол тэр үг амнаас нь гарахгүй л дээ гэцгээв.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-24 09:21

Үнэхээр жолооч нараас юу олох вэ дээ. Дээд хулгайч нар нь хулгайгаа өөрсдөөсөө холуур тойруулах гэсэндээ л худлаа тэгж сүрчигнэсэн нь ойлгомжтой.
Ёстой нэг ядарч , зүдэрсэн , шар махтайгаа хатсан
хэдэн хүн гэвэл жолооч нар л байгаа шүү дээ. Өөрсдөө л хэзээ үхэхээ мэдэхгүй байж , шун##аараа хамаг мөнгө хулгайлаад байна уу ? гэхээс биш нүүрсийг нь хүргэж өгч , хулгайн бизнесийг нь цэцэглүүлж байгаа
хөөрхий жолооч нараа хөдөлмөрийг нь үнэлж байгаа юм наадуул чинь байхгүй.

Зочин
Зочин
2022-12-24 09:25

ХӨСҮТ-ийнхэнд учир бий. Нэг бөмбөлөг дэлбэлэхгүйгээр шинжилгээ гаргаад тэрбумаар ху####г хулгайчууд гэсэн шүү. Бага гар хүндрүүлснийг нь явуулдаггүй гэж хүмүүс ярих юм.

Зочин
Зочин
2022-12-24 11:23

ХӨСҮТ н ШИНЖИЛГЭЭНИЙ МӨНГИЙГ ПОРЧИК НЯМХҮҮ САРАНГЭРЭЛ ХОЁРООС НЭХЭЭРЭЙ ЭНЭ САРАНГЭРЭЛ АВГАЙГИЙН ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ КОВИДЫН ҮЕД ОГЦОМ ӨСӨЖ ЭНЭ БАЛАЙ ЭМГЭН САЙДЫН СУУДАЛД СУУГААД АВСАН БАЙДЫН .ХАРИН ХОЁР ЖАВЬЖ НЬ ЧИХЭНДЭЭ ТУЛСАН ЭНЭ ЭМГЭН УЛ ТАВХАЙ ЯРИАД ЭНЭ ЯАМЫГ САМАРЧ АМЖИЛГҮЙ ######САН.БУРХАН ЗОХИЦУУЛСАН ХЭРЭГ ХАРИН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР ХӨӨРХИЙ ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРААР ҮНЭНДЭЭ ТОГЛОЖ ЯНЗ БҮРИЙН АРГААР МӨНГӨ СААЖ АЛЦАГНАЛДАЖ БАЙЖЭЭ 900 ЖОЛООЧ Л ХАМАГ НҮҮРС ХУЛГАЙЛААД ХУЖААД ЗАРЦАН ГЭЭД БАЙГАА ШҮҮ

Зочин
Зочин
2022-12-24 12:09

Оюунэрдэнэ гэж б##ай бацааны хииж байгаа бодит ажил,боомтын сэрнэлт гээд гуцаад байсан,ш## худлаа поп новш,энэ яаж улс удирдаад байнаа

Зочин
Зочин
2022-12-24 12:10

Жолооч нар богино зайд их мөнгө авдагч гэх шиг ,энэ засаг болиочээ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-24 14:16

Жолооч нар харин д##имдуулаад давхар хулгай хийж байгаа шүү тийм байхаа та нар л болж юу ч мэдэхгүй гэж үү хамгийн аюултай сэтгэлгүй хулгайчууд бол ЖОЛООЧ НАР

Зочин
Зочин
2022-12-24 14:53

Жолооч нар мэдсэн ч хэлэхгүй. Бу####даа ад үзэгдэнэ, ажлаасаа мултарна, амиа ч ##даж магадгүй учраас тэр. Уг нь ачаа даг##дах бичиг баримт байх л ёстой. Харин төмөр зам ашигл##тад орж машинаар тээх нь багасв## нэг магадгүй

Иргэн
Иргэн
2022-12-24 15:14

НААД МАШИНУУД ЧИНЬ ЭЗЭНГҮЙ ЮМ УУ АЛЬ КОМПАНИЙ МАШИН БЭ ГЭЖ АСУУХАД ЮУНД НЬ АЙГААД БГ ЮМ БЭ

Зочин
Зочин
2022-12-24 20:54

unen helljee asralt tyynii darga nar l mongonoos ni huvaaltsnuu gehees edend yunii hamaa tedniihee buh dans guilgeeg hamaarluudtai ni shalga garaad irne

уншигч
уншигч
2022-12-25 19:43

Тэгэхдээ та нар нзрс ачаагй хоосон явж байснаа мэдэж л байсан шүү дээ. Тэгэхээр та нар хулгайг жинхэнэ утгаар нь биетээр хэрэжүүлэгчид мөн шүү.

уншигч
уншигч
2022-12-25 19:45

Ямар машин хэдний өдөр хэдэн цагт хоосон гарсаныг шүүгээд гаргахад л тэр жолооч жинхэнэ хуйв##дан газар дээр нь хэрэжүүлэгч хулгайчийн хамсаатан мөн болой.

Холбоотой мэдээ

Back to top button