Монгол болон Лаос улсын Батлан хамгаалахын яамд цэргийн дипломат харилцаа тогтоов

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Батлан хамгаалахын сайд генерал Жансамон Жаняаладын урилгаар энэ сарын 9-13-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийжээ.

Айлчлалын хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайд Панкам Випаванд бараалхаж, тус улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, генерал Жансамонтой албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна. Улмаар санамж бичигт гарын үсэг зурж, цэргийн дипломат харилцаа тогтоож буйг онцолсон.
Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол, Лаосыг холбох шинэ хурдан галт тэрэгтэй болсонд баяр хүргэж, уг замаар хоёр орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээгдэж буйг онцолсон юм.

БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Лаос оронд албан ёсоор айлчилж байгаад талархаж, хоёр орны Батлан хамгаалах яамд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Ингэснээр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны түүхийн нэгэн шинэ хуудас эргэж буйг онцлоод, Монгол Улсаас тусламжаар 2018 онд өгсөн 1000 цагаан хонь Лаос оронд нутагшин, өсч үржиж байгааг дуулгаад, манай орны уламжлалт мал маллагаа, арчилгаа зэрэгт малчин, малын эмч сургах, туршлага судлах, БХИС-д цэргийн алба хаагч сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.