БНХАУ Тайванийн эрэгт их хэмжээний хүч хуралдуулж байна

Тайвань улс эрэг орчимдоо БНХАУ-ын цэргийн идэвхжлийн талаар мониоринг хийж, байнга мэдээлэх горимд шилжээд байгаа билээ. Энэхүү мониторингоор сүүлийн нэг хоногт БНХАУ-ын 47 сөнөөгч онгоц Тайванийн дундын бүсэд нэвтэрсэн болохыг тус улсын Батлан хамгаалах яам Твиттер хуудастаа мэдээллээ.
Түүнчлэн, Эргийн хамгаалалтын алба нь өнгөрсөн шөнө Тайванийн эргийн ойролцоо БНХАУ-ын Тэнгисийн цэргийн флотын долоон хөлөг онгоц, 71 сөнөөгч болон бөмбөгдөгч онгоц илрүүлжээ.
Тайванийн тал дайсныхаа энэ өдөөн хатгалгын хариуд пуужин харваж анхааруулга өгч магадгүй байна.
Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн БНХАУ-тай харилцах харилцаа сүүлийн 40 жилд хамгийн муу үедээ ирээд байгаа талаар мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ эх газрын хөрш нь 2025 онд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх магадлалтай гэсэн байна.
БНХАУ жилийн өмнө Тайванийн эргийн хамгаалалтын бүсэд дөрвөн өдөр дараалаад хамгийн их онгоц нисгэхэд Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн Парламентаасаа нисэх хүчин хуурай замын цэргийн материаллаг бааз, зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон тэрбум ам.долларын өртөгтэй төсөл эхлүүлэхийг хүсэж, “БНХАУ-д хүч хэрэглэе гэвэл боломж нь байгаа. Гэхдээ шууд одоо эхлүүлэхэд болохооргүй өөр олон хүчин зүйлүүд байна. 2025 оны орчимд л дайрах байх” гэж мэдэгдэж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.