УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ардчилагчдын эвлэл, эвдрэл, эвлэрлийн түүх

Ардчилсан нам эвлэрэх эсэх асуудалд олны анхаарал төвлөрч байгаа энэ үед эвлэл, эвдрэл, эвлэрлийнх нь түүхийг сануулж байна. 2024 оны сонгууль угтаж, нэгдэх үйл явц эхэлсэн нь нэгэнт ойлгомжтой болсон энэ үед урьд өмнөх сонгуулиудад гаргасан амжилтууд, тухайн үеийн намын нөхцөл байдал ямар байсныг эргээд харахад сонин болов уу.

1992 он-5 суудал /Эвлээгүй байх үе/

Монголд ардчилсөн хөдөлгөөн үүсч, хүчээ авч байх үед Ардчилсан холбоо гэсэн ганц шошоготой байсан ардчилагчид МАХН /одоогийн МАН/ санаа нь амарсан ч юм уу, эсвэл олон намын тогтолцоо гэдэг нэрэндээ нийцэх гэсэндээ ч юм уу, анхны ардчилсан сонгуульд тусдаа олон нам болж ороод навс ялагдсан байдаг. МАХН 76 суудлын 70-ыг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол сөрөг хүчин ердөө таван суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл - 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь ч МАХН-ын гишүүн байсан юм. Зарим нэг хүний “Ардчилсан хувьсгалын үед МАХН-ыг татан буулгах байсан юм” гэдэг харамсал эндээс эхтэй.

Гэхдээ ирээдүйд ялах гол зэвсгээ олж харсан нь ардчилагчдын хувьд энэ сонгуулийн гол ач холбогдол байсан юм. Тэр зэвсэг нь эвлэл, эвлэрэл байв.

1996 он-50 суудал /Эвлэсэн/

Сонгуульд МАХН үнэмлэхүй ялсан ч сонгогчдын саналаар авч үзвэл арай өөр тоо гараад байдаг. Тиймээс дараагийн сонгууль ардчиллаар овоглосон бүх намууд нэгдэж ороод өмнөх суудлаа даруй 10 дахин олшруулж 50 суудал аван, түүхэндээ анх удаа ялалт байгуулсан юм. Харамсалтай нь 25 суудалтай хүчирхэг сөрөг хүчин МАХН-д дэгээдүүлсээр, дээр нь дотроо хагарснаар  нэр хүндээ алдсан түүхтэй.

Сөрөг хүчний бүлгийн дарга Н.Энхбаяр Засгийн газрын хувь заяагаар тоглоход хамгийн их үүрэг гүйцэтгэж байсан хэр нь “Ардчилагчид засгийн эрхэнд гарахаар төр тогтворгүй байна” гэсэн суртал ухуулгыг байнга явуулж байв.

Юм л бол завсарлага аваад, хурал хаяад байсан МАХН-ы шантаажийг багасгахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хууль батлах үйл явцыг хөнгөвчлөөд орхитол Үндсэн хуулийн цэц гацаасан түүхтэй.

-2000 он-1 суудал /Эвдэрсэн үе/-

 “Тогтвортой байдлыг хүссэн” монголчууд 2000 онд эрх мэдлийг МАХН-д шилжүүлж 72 суудлыг өглөө.  Салж бутарсан Ардчилсан намын хэлтэрхийнүүдээс МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэлээс ганц Ж.Наранцацралт ялж, шинээр байгуулагдсан ИЗННогоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ. Гэсэн ч сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авдааг хэвээрээ, сонгуулийн тогтолцооны гажиг, жижиг мажоритар системийн дутагдалтай тал, сонгуулийн хуулийн парадокс гэсэн яриа гарч эхлэв. 

МАХН үнэмлэхүй олонх болж, сөрөг хүчин ажил саатуулах ямар ч үндэсгүй боллоо. Даажинтай нь, 1999 онд АН олонх байх үед баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАХН үнэмлэхүй олонх байхдаа тэр чигээр нь батлахад Үндсэн хуулийн цэц нүдээ аниад өнгөрсөн түүхтэй. Эрх баригчдад илүү ашигтай тэрхүү өөрчлөлт түүхэнд “Дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн үлдсэн билээ.

-2004 он-35 суудал /Эвлэрсэн үе/-

Сонгуульд навс ялагдсан ардчилллын төлөөх намууд / Үндэсний Ардчилсан НамСоциал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг/ нэгдэж, 2000 оны арванхоёрдугаар сарын 26-нд одоогийн Ардчилсан намыг байгуулсан ба, ингэж эвлэсэн анхныхаа сонгуульдаа 36 суудал авч МАХН-тай эн зэрэгцлээ.

Өөр хоорондоо эвлээд зогсохгүй “Эрэлийн” гэх Ш.Эрдэнэбатын байгуулсан “Эх Орон Нам”-тай эвсэж, "Эх орон-Ардчилал" эвсэл байгуулан орсноор бат авдаг 40 гаруй хувийн саналаа чулуу болгож дөнгөсөн.

Гэхдээ зовлонгоос ангид байж чадсангүй, алдаа оноотой дөрвөн жилийг туулж барсан билээ.

-2008 он-28 суудал /Эвлэсэн үе/-

Эвдрэл эвлэрэлийн асуудалгүй цэгцэрсэн анхны сонгуульдаа Ардчилсан нам  28 суудал авч хүчирхэг цөөнхийг бүрдүүллээ. Үнэн хэрэгтээ сонгуулийн дүн хэрхэн гарсныг хэн ч үл мэднэ. Гэхдээ ямартай ч үнэн зөв гараагүй гэдэгт иргэдийн ихэнх нь зөвшдөг. Тийм учраас ч юм уу, эс бөгөөс ардчиллын талд саналаа бат өгдөг өнөө 50 орчим хувь чинь бодитой оршин, сонгуулийн дүнг хачирхан ярилцсаар байснаас ч болсон уу, ялсан намын дарга С.Баяр ирэх дөрвөн жилд Ардчилсан намтай хамтарч засаглах санал тавьсан юм.

Гэхдээ санал тавьсан шалтгаанаа тайлбарлахдаа дэрх хоёр том шалтгааны талаар дурдаагүй, Монгол үндэстний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын эдийн засгийг олон жил тодорхойлох учиртай Оюутолгой, Тавантолгойн том төслүүд хөдлөх хариуцлгатай ажлыг хамт хийе гэсэн агуулга хэлсэн байдаг.

Түүний санал нэг хэсэгтээ л АН-ыг талцуулж байв.

-2012 он-34 суудал /Эвлэсэн үе/-

Нийт сонгогчдын тал нь бат дэмждэг АН үе, үе навс ялагддаг хуучтай байсан нь эвдрэл талцлаас гадна жижиг мажоритар тогтолцооны парадокс гэдэг оноштой байсан. Тэгвэл 2000 оноос хойш яригдсан сонгуулийн тогтолцооны гажгийг засах анхны оролдлого 2012 онд болж, монголчууд анх удаа холимог системээр сонгууль явуулахад Ардчилсан нам 34 суудал авч хүчээ харуулсан.   

-2016 он-9 суудал /Эвдэрсэн үе/-

Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө Ардчилсан намын лидерүүдийн нэг Н.Алтанхуяг Монголд “Шударга бусын хонгил” байгаа талаар мэдэгдэл хийснээр энэ намын дотор байсан эвдрэл талцал ил болж сонгуульд ялагдах эхлэлээ тавьсан юм.

2016 оны навс ялагдлыг хүмүүс Ч.Сайханбилэгийн “Эрдэнэт” үйлдвэр 100 хувьд Монголынх болсон” хэмээх мэдэгдлээс болж сонгууьд ялагдсан гэдэг ч үнэндээ бол эвдрэл талцал л байсан. Сонгуулийн хувь заяаг нэг тийш нь илт хэлбийлгэх хэмжээний олон хүн “Эрдэнэт”-ийн хувьчлал УИХ-аас гадуур явчихаж гэдгийг Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс ухаж ойлгосон, улмаар МАН-д санал өгсөн гэвэл хэтэрхий дэгс болно.  Сонгуулийн тогтолцооны сонголт дээр өмнөх амжилтаа хадгалж, холимог тогтолцоогоо хадгалж үлдээгүй нь АН-ын гол алдаа байсан юм.

 -2020 он-11 суудал-

Цар тахлын хүнд нөхцөлд явагдсан сонгуульд эрх баригчид маш давуу талтай оролцсон. Сөрөг хүчин иргэдтэй тулж уулзах боломж хязгаарлагдмал байсан бол МАН сонгуулийн сурталчилгаагаа ганц хүн дээр төвлөрүүлж явуулах стартеги барьж, тэр хүн нь байнга зурагтаар гарсаар дахин үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй байсан нь энэ ялалтад ихээр нөлөөсний дээр М.Энхболдыг унагасныхаа үр шимийг үзчих бодол сонгогчдын дотор байсан нь үр дүнд нөлөөлсөн.

2024 он-?

2020 оны сонгуулийн дараа Ардчилсан нам хоёр хуваагдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус, тусдаа даргаа тодруулсан. Энэ бол Ардчилсан намын хувьд эмгэнэл мөн. Гэхдээ энд нэг сайн тал бий. Жирийн иргэн хүний нүдээр харахад, Ардчилсан нам хуваагдахдаа хууччуул, шинэчүүл гэж ялгарсан. 2024 оны сонгуульд намаа авч орох залуусын үе ирж байгаа гэдгийг ойлгуулснаараа энэ талцал ач холбогдолтой байлаа.

Харин дараагийн алхам бол эвлэрэл. Дээр олонтаа дурдсанчлан, ардчилсан намын гол давуу тал, эрдэнэс бол эвлэсэн үед нь бол хэзээ ч дэмжихэд бэлэн, эвдэрсэн үед нь МАН руу үл ялиг хэлбийчихдэг ардчиллын мэдрэмжтэй сонгогчид юм. Нийт сонгогчдын 50 орчим хувийг баараггүй эзэлдэг эднийхээ хүчийг ашиглахын тулд Ардчилсан нам эвлэх ёстой. Ингэж байж л жаахан ч гэсэн боломж гарна. Үнэндээ “Женко”-той сүжирч гүйсэн гэх Ц.Туваан, “Женко”-гоос намаа салгаж авна гэж “шүд зуусан” С.Эрдэнэ хоёрын балаг хурдан дуусаасай гэх хүн Ардчилсан намын энгийн гишүүд дотор олон байсан.

Ардчилсан намыг дэмжигчид хэн нэг баатрыг биш, ардчилсан үзэл санааг дэмжигчид байдаг. Өнгөрсөнд эвлэрч, эвдрээд зурвасхан ч гэлээ хугацаанд засгийн эрхийг барихдаа шинэчлэлийн чанартай олон ажлуудыг хийж амжуулсанд нь талархдаг. Цаашид үргэлжлүүлээсэй гэсэндээ тууштай дэмждэг билээ. 

Гэлээ гэхдээ илт нэр муутай нөхөр толгойд гараад ирвэл өөрөөсөө дор нөхрийг /үзэл санаа, зарчим, шударга ёс гэх мэт ардчиллын үалгуур үзүүлэлтээр/ дэмжихгүй гээд гүрийчихдэгээ сүүлийн сонгуулиудаар хангалттай харуулсан үзэл санаа тээгчид байдаг.

Энэ утгаараа ардчилсан намын ялалт ардчиллын ард түмний ялалт, цаашлаад улсын ялалт байдаг юм. Яагаад гэвэл Монголд ардчиллаас өөр зам байхгүй, байх ч ёсгүй. Тиймээс ард түмэн Ардчилсан нам эвлэхийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-26 21:14

Хүүк Эрдэнээгийн үе

Холбоотой мэдээ

Back to top button