Улс төрийн мэдээ

Эрдэнэбүрэнгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан баг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлын явцтай танилцаж, нүүлгэн шилжүүлэх иргэдтэй уулзлаа. Түүнийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, газар, хэлтсийн дарга нар, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Баян-Өлгий аймгийн холбогдох албаныхан болон Төсөл хариуцсан нэгжийн зохицуулагч Ч.Гантулга, төслийн талбайд байгаль орчны үнэлгээ хийсэн "Ньюгидро проект" ХХК-ийн захирал Ц.Сосорбарам нарын албаны хүмүүс дагалдан, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангасан юм.

Тэд эхний өдөр Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсож, мэдээлэл хуваалцав.

Шинэ сэргэлтийн бодлогын чухал зорилтуудын нэг нь эрчим хүчний хараат байдлаас гарах гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцлоод Засгийн газраас салбарын томоохон төслүүдийн нэг болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг 2023 онд эхлүүлэх зорилт дэвшүүлсэн.  УЦС барих болон нуур үүсэх 28000 га талбайг 2019 онд улсын тусгай хэрэгцээнд авч, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэн, байгууламжийн бэлтгэл ажлыг хангасан, нүүлгэн шилжүүлэлтэд өртөж буй өрхийн үндсэн хөрөнгийн үнэлгээн дээр нэмж иргэн бүрт нөхөн төлбөр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь түүхэн шийдвэр байсан гэдгийг хэлж байлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийг БНХАУ-ын Эксим банкны 288.5 сая ам.долларын хөнгөлөлттэй  зээлээр санхүүжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газар 2020 онд төслийн барилга угсралтын тендер зарлахад  Эрдэнэбүрэнгийн УЦС-тай хүчин чадал ижилхэн 30 гаруй байгууламж барьсан туршлагатай “Повер Чайна” компани тэргүүтэй түншлэл 271.48 сая ам.доллароор 61 сарын хугацаанд түлхүүр гардуулах саналаар  шалгарсан. УЦС-ыг ажилд оруулахын тулд 99 га талбайд усан сан үүсгэх шаардлагатай. Станцын байгууламж Ховд аймгийн Мянгад суманд сүндэрлэх бол Эрдэнэбүрэн сумын нутгаар сайжруулсан түр зам дайрч өнгөрөх юм.

Дараагийн өдөр ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн болон төслийн нэгжийнхэн Увс аймгийн Өмнөговь сум, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх болон яамныхан Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажилласан. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт баг, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай баг усан сан үүсэх газарт оршдог.

Цэцэгт багийн 145 өрхийн 700 орчим иргэн, Улиастай багийн 125 өрхийн 600 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх сорилт Засгийн газарт тулгараад байгаа. БНХАУ-ын Эксим банкнаас нөлөөлөлд өртөх иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа зээлийн гэрээнд гарын үсэг зурах нөхцлийг Засгийн газарт тавьж буй.

Үндсэн хөрөнгийн үнэлгээг шинэчлэх саналыг ЗГ-т тавина

Усан сан үүсэх талбайд газар нутаг нь хамаарч буй Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт баг, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн 270 өрхийн үндсэн хөрөнгийн үнэлгээний нөхөн олговрыг иргэд чамласан. Тиймээс Засгийн газраас 2022 онд тогтоол гаргаж, үндсэн хөрөнгийн үнэлгээнээс гадна нүүлгэн шилжүүлэлтэд өртөж буй иргэн бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван жилтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.200.000 төгрөгийг 2022-2024 оны хооронд олгохоор шийдвэрлээд байгаа. Ингэснээр 1241 иргэн нийт 18.9 тэрбум төгрөгийг нэг удаагийн буцалтгүй тусламжаар авах юм. Одоогоор хоёр тэрбум төгрөгийг улсын төсөвт суулган, иргэдтэй эхнээс нь гэрээ байгуулжээ. 

Тухайлбал, Ховд аймгийн Мянгад суманд тав, Эрдэнэбүрэн суманд гурван өрх нөлөөллийн бүсэд өртөж байгаа бөгөөд бүгд гэрээ байгуулсныг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлж байв.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн 700 гаруй иргэнээс   одоогоор 84 иргэн гэрээ байгуулаад байгаа бол Увсын Өмнөговь сумын Улиастай багийн 500 гаруй иргэнээс 30 нь л гэрээ байгуулаад байгаа. Тиймээс Засгийн газраас Эрчим хүчний сайдаар ахлуулж, гурван аймгийн Засаг дарга холбогдох албаныхныг хамруулан ажлын хэсэг байгуулж, иргэдийн уулзалтыг тогтмол зохион байгуулж байгаа аж.

Энэ удаагийн уулзалтаар нүүлгэн шилжүүлэлтэд өртөж буй иргэд үндсэн хөрөнгийн үнэлгээг бага хийсэн, үнэлгээнд ороогүй гэдэг гомдлыг түлхүү тавьж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх нар үнэлгээнд хамрагдаагүй иргэд саналаа холбогдох албаныханд өгвөл, нэмэлт үнэлгээ хийх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдэх боломжтойг хэлж байлаа.

Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийг цахилгаанаар хангахаас гадна татаасыг тэглэнэ

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж байгаа Ховд, Баян-Өлгийн иргэд УЦС-ын ажлыг дэмжсэн бол Увсын иргэдийн 80 орчим хувь нь үнэлгээнд сэтгэл дундуур, нөхөн олговроо он дамнаж биш бөөнд нь авах хүсэлтэйгээ нутгийн Эрчим хүчний сайдад уламжилж байсан. Энэ асуултад тэрбээр “Гэрээ ачааллаад нүүчихдэг малчдын хувьд үнэлүүлээд байх үл хөдлөх хөрөнгө хомс тул Засгийн газраас иргэн бүрт нэг удаагийн нөхөн олговор олгох тогтоол гаргаж 15 сая 200 мянган төгрөг олгохоор болсон нь олон жил идээшилж дассан нутгаа сэлгэх гэж байгаа иргэдээ бодсон шийдвэр. Баян-Өлгийн Цэцэгт, Увсын Улиастай багийн шинэ суурьшлын бүс тогтоож, ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталсан. Шинэ төвүүд захиргаа, соёлын төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр, үйлчилгээний барилгатай байна. Шинэ бүсэд шуурьших хэдийгээр хэцүү байгаа ч улсын томоохон ажлыг урагшлуулах ёстойг хэлж байлаа. Баруун аймгууд эрчим хүчнийхээ хэрэглээний 74 хувийг ОХУ, 24 хувийг Дөргөний УЦС, хоёр хувийг БНХАУ-аас хангадаг. Эрчим хүчний дундаж хэрэглээ нь жил бүр дөрвөн хувиар өсөх төлөвтэй байгаа. Энэ хэрээр улсаас жил бүр авдаг татаасын хэмжээ нэмэгдэж, 2022 онд гэхэд 22.3 тэрбум төгрөгийг авсан байна. Эрчим хүчний салбар улсаас татаас авна гэдэг байж боломгүй асуудал учир эрчим хүчний үнэ аажимдаа дэлхийн жишгээр нэмэгднэ. Монгол Улсад айл өрх 1кватт цахилгааныг 140 гаруй төгрөгөөр хэрэглэж байхад дэлхийн зарим улс 10 дахин өндөр өртөг төлдөг.  Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орчихвол баруун бүсийг эрчим хүчээр хангаад зогсохгүй илүүдэл цахилгаанаа төвийн бүсэд нийлүүлэх боломжтой. Улсаас баруун бүсэд олгодог татаасыг тэглэнэ. Барилгын ажлын үеэр 800-1000 ажлын байр, ашиглалтад орсны дараа байнгын 60-80 ажлын байр бий болно. Тиймээс бүх асуудлыг шийдэж байж ажлаа эхлэ гэхийн оронд ажлаа эхлүүлчихье, явцын дунд асуудлаа шийдээд явъя гэснийг иргэд нааштайгаар хүлээж авсан.

Н.Тавинбэх: Зээл олгох банк зөвшөөрвөл иргэдийг дөрвөн жил дамнан нүүлгэх боломжтой

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн иргэдтэй уулзах үеэр иргэд улсын ажлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түгээмэл ирсэн асуултад Н.Тавинбэх хариулахдаа “Үнэлгээнд хадлангийн талбай болон бэлчээрийг оруулах боломжгүй. БНХАУ-ын Эксим банкнаас “Зээлийн гэрээг үзэглэж, барилгын ажлыг эхлэхийн тулд төслийн талбайг бүрэн чөлөөлж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байх ёстой” гэдэг шаардлага тавьсан. Гүйцэтгэгч компани нийт 61 сарын хугацаанд барилгын ажлыг бүрэн дуусгана гэдэг гэрээ хийсэн. Үүнээс сүүлийн 12 сард нь усан сан дүүргэх ажлыг хийнэ. Тэгэхээр ойролцоогоор дөрвөн жилийн хугацаанд бусад ажлаа хийнэ гэсэн үг. Ажлын хэсгийн зүгээс малчдынхаа онцлогийг харгалзан үзээд усан сан дүүрэх хүртэлх хугацаанд буюу дөрвөн жил дамнан нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг тавьсан. Олон улсын жишигт бол иймэрхүү том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бүх талбайг чөлөөлсөн байх ёстой. Гэхдээ Эксим банкны хувьд манай малчдын онцлогийг харгалзан үзэж, бидний саналыг нааштайгаар хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа. Хэрэв санал зөвшөөрөгдвөл иргэдийг дөрвөн жил даман нүүлгэнэ” гэж байлаа.

Уулзалтад оролцсон иргэд “Голын ус татрах вий, загас үхэх вий, халиа доошоо үүсэхвий, сумын төв усанд автахвий, усан дор орох түүх, соёлын дурсгал, моднуудыг яах вэ, шинэ багийн төвүүдийн ажил хэр байна” гэж санаа зовинож байсан. Тэдний асуултад байгаль орчны үнэлгээ хийсэн "Ньюгидро проект" ХХК-ийн захирал Ц.Сосорбарам “Ховд гол бол Алтай таванбогдоос эх авч урсдаг учир голын ус нэмэгднэ үү гэхээс татрахгүй. Харин усан сан бүрэлдэх эхний 12 сарын хугацаанд бага зэрэг татрах магадлалтай. Түүнээс наана болон хойно татрах асуудал гарахгүй. Загас хорогдохгүй. Цахилгаан станцын далангууд нь халиа дошоо үүсэхээс сэргийлэх учир санаа амар байж болно. Тиймээс сумын төв усанд автна гэж айх хэрэгүй” гэж хариулсан. Бусад асуултад Төсөл хариуцсан нэгжийн зохицуулагч Ч.Гантулга “Соёлын яамны дэргэдэх ШУА-ийн Архелоги, Палеонтлогийн хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжих 28000 га газарт нарийвчилсан хайгуул, судалгаа хийж түүх, соёлын дурсгал бүхий булш, бунхан, хөшөө дурсгал, хиргисүүр зэрэг 1924 олдвор илрүүлсэн. Үүнээс 714 нь усан сан үүсэх талбайд бий. Тиймээс эхний ээлжинд нууран дор орох дурсгалуудыг нүүлгэн шилжүүлнэ. Үүний тулд 6.2 тэрбум төгрөг шаардлагатай. Усан дор орох 88 га газрыг модлог, бутлаг ургамал бүрхэж байгаа. Зөөх шаардлагатайг нь зөөж, боломжгүйг нь нутгийн иргэдэд аж ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоно” гэсэн юм.

Гуравдахь өдөр ажлын хэсгийнхэн УЦС барих барилгын талбайд ажиллаж, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзав. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас Баян-Өлгийн Баяннуур сумын Цэцэгт баг, Увсын Өмнөговь сумын Улиастай баг хүрэх замд буюу Ховдын Мянгад суманд бүтээн байгуулалт хийх талбай оршино. Хавцлын замыг засаж, өрөмдлөгийн бүх ажлаа дуусаж, түүхий эд хүлээн авах, ажилчдын байр барих талбайг тэгшилжээ.

 Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа: УЦС-ыг дагасан ажлын байранд иргэдээ түлхүү хамруулна

Барилгын талбайд ажиллах үеэр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Мянгад, Эрдэнэбүрэн сумын нутагт амьдарч буй найман айл замын трасст өртсөн нь тогтоогдож, үндсэн хөрөнгийн үнэлгээ хийлгэж, айл тус бүрт 10 гаруй сая төгрөгийн нөхөн олговор олгох гэрээг байгуулсан. УЦС-ын барилга, зам байгууламжийн ажил Мянгад, Эрдэнэбүрэнгийн нутагт өрнөнө. Тиймээс Аймгийн Засаг даргын хувьд УЦС барих хугацаанд түр бий болох 1002 ажлын байр болон баригдсаны дараах 50-80 байнгын ажлын байр,хоол хүнсээр хангах зэрэг туслан гүйцэтгэх ажилд Ховдын иргэдийг түлхүү хамруулахаар төслийн нэгжтэй харилцан тохиролцож байна. Манай аймгийн зүгээс УЦС-ын ажлыг эсэргүүцсэн асуудал байхгүй” гэдгийг онцлолсон.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хүчин чадал нь 90мватт байх бөгөөд энэ хүчин чадлаар өсөн нэмэгдэж буй баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2035 он хүртэл дангаараа 100 хувь хангах тооцоог мэргэжлийнхэн гаргасан. Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн томоохон сорилтын нэг энэ ажлыг 2028 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-26 17:59

Яар##тай шинэ эх үүсвэр барих ажлыг хийхгүй бол улаанбаатар ч хэцүүднэ. Тавантолгойн цахилгаан станц дээр ахиц дэвшил гарах нь уу Чүүжээ

Холбоотой мэдээ

Back to top button