Ярилцлага

Пара тамирчдын хөтөч Д.Батцэцэг: Би зөвхөн хөтөлж гүйхээс гадна зардлыг нь даадаг

Пара марафоны тамирчдыг хөтөлж дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргадаг хөтөч Д.Батцэцэгтэй ярилцлаа.

-Пара марафонд сайн дураараа хөтөч хийж гүйдэг энэ ажлыг хэзээнээс эхлэв?

-2019 онд БНХАУ-д сургууль төгсөж ирээд цэцэрлэгт хүрээлэнд гүйж байсан чинь Ахиллс гэдэг бичигтэй цамцтай гаргүй тамирчин гүйж байсан. Гэртээ орж ирээд нүүр номоор хайж байгаад Ахиллс гэдэг байгууллагыг хайж олоод сайн дурын ажилтан болох анкет бөглөсөн. Миний ойр дотнын хүн суумгай байсан. Хэдий гаргүй, хөлгүй, хараагүй ч гэсэн тамирчдын өөрийгөө ялаад гүйж байгааг нь хараад бахархсан. Би зөвхөн хөтөч хийж гүйхээс гадна тэмцээнд оролцоход тамирчныхаа 50 хувийн зардлыг нь өөрийнхөө зардалтай хамт даагаад гадагшаа, дотогшоо тэмцээнд явдаг юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хөтөч тамирчин гэхээр иргэд төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Ажлаа танилцуулаач?

-Биеэрээ үлгэрлэдэг гэсэн үг. Хамтдаа хөтлөлцөөд гүйж зам туулдаг юм. Манай “Ахиллс”-т одоогоор 20 хөтөч тамирчин байна. Тэднар бүгдээрээ өөрийн болон тамирчныхаа зардлыг гаргаад явж байгаа. Үүний тал хувь нь гаднын улсын хөтөч байгаа. Зөвхөн хөтөлж гүйгээд зогсохгүй бүх талаар тусалдаг. Гүйж байхдаа энэ улсын гүүр, зам нь ийм юм байна гээд ярьж өгдөг.

-Нэг тэмцээнд оролцоход тамирчныхаа 50 хувийн зардлаас гадна өөрийн зардалтай нийт 10 сая төгрөг зарцуулдаг-

-Хөтөч тамирчин хийгээд өөрөө нөгөө хүнийхээ зардлыг гаргадаг гэлээ. Энэ бүхнээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Миний дүү осолд ороод эдгэсэнд би маш их баярладаг. Үүнээс болоод ч юмуу хүнд сайхан тусалъя л гэж боддог. Нэг тэмцээнд тамирчинтайгаа яваад ирэхэд элдэв тансаглалгүйгээр 10 сая төгрөг зарцуулдаг. Манай тамирчид дунд хөлгүй, гаргүй, хараагүйгээс гадна хорт хавдартай хүмүүс ч бий.

-Филиппины марафонд тамирчинтайгаа хамт гүйж ирээд уйлж байгаа бичлэгийг тань харсан. Тухайн үед сэтгэл хөдлөл тийм өндөр байв уу?

-Б.Бат-эрдэнэ бид хоёр зургаахан минутаар цагаа ахиулаад тэгтлээ уйлсан гээд боддоо. Зөвхөн бусдыг ялж дийлэх гээд улайраад байгаа юм биш. Яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийгөө ялан дийлнэ гэдэг чинь хамгийн гоё. Ер нь л хүн өөрийгөө ялан дийлж байгаа тэр агшин үгээр хэлэхийн аргагүй сайхан.

-Тэмцээний үед тамирчнаасаа түрүүлээд гүйчихмээр мэдрэмж төрөх үү?

-42 км гүйнэ гэдэг чинь 5-6 цагийн ажил болдог. Энэ хугацаанд бид дандаа инээгээд л нэгнээ магтаад явахгүй шүү дээ. Заримдаа муудалцана, хаяад гүймээр, орхимоор санагдана. Тамирчин маань чи намайг чирлээ, түлхлээ гэх мэтээр уурлана. Хараагүй хүн юм чинь мэдээж ачаалал аваад ирэхээрээ уурлана, стресс авах нь ойлгомжтой. Би бүхнийг харж байгаа хэрнээ нервтэх хэцүү. Надад итгээд 42 км гүйнэ гээд явж байхад би шантарвал юу болох вэ. Бабу бид хоёр хамгийн сүүлд муудалцаад л дуусдаг гэхдээ эвлэрдэг, нэгнээ хайрладаг.

-Хүн хөлөөрөө биш тархиараа гүйдэг-

-Хамт гүйж байхдаа сэтгэл зүйг нь хэрхэн дэмжих үү?

-Хүн хөлөөрөө биш тархиараа гүйдэг байхгүй юу. Сэтгэл зүй, тархины өндөр чадамжтай байж л хүний бие организм хөгжинө. Би сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Буцаад Бабу маань надад сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Хэдий хараагүй ч гэсэн юмыг харж байгаа өнцөг, мэдрэмжүүд нь үнэхээр гоё санагддаг. Миний мэдрээгүй нандин, нандин зүйлийг маань ярихаар нь баярладаг.

-Жишээ нь юу гэж?

-Хурдтай явж байгаа хэдий ч цагийг нь хойш жаахан татаад хэлэхэд л миний хөл өмнөхөөсөө арай өөр байна. Хоёулаа цагаа эвдсэн байхаа гэхэд үнэн л байдаг. Тэрнээс гадна дотоод ертөнц, гоо сайхан гэдэг нь ярих юм биш.

-Түрүүлэх гэж л гүйдэггүй өөрийгөө ялан дийлж байгаа нь их чухал юм байна?

-Тийм ээ. Манай Ахиллсын хувьд өөрийгөө ялан дийлэх, өөртэйгөө уралдахыг хэлдэг. Тиймээс бид заавал түрүүлсэн хүн биш өнөөдөр өөрийгөө нойрноос, залхуурлаас, нийгэм болоод харилцааны бэрхшээлээс суга татаад гүйлтийн зам дээр авч ирээд барианд орсон хүн бүрийг ялагч гэж үздэг. Манайхны хувьд бүгд л ажил төрөл хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй гээд хэн нь ч гэртээ зүгээр суудаггүй. Бид нэгнээ хөгжлийн бэрхшээлтэй гэж ерөөсөө өрөвддөггүй. Тавих ёстой шаардлагуудаа тавиад ирэхээр бүгд алгуурхан амьдралд итгэлтэй болдог. Биднийг марафонд 5-6 цаг гүйлээ, удаан гэж боддог байх. Манайхан бол өөрийгөө ялан дийлж байгаа хүмүүс. Урьд өмнө огт гүйж байгаагүй хүн тэнд очоод удаан ч гэсэн гүйж, бариандаа орж байна. Энэ бол ялалт юм. Тэр хүний амьдрал хэчнээн өөрчлөгдөж байгаа нь нүдэн дээр ил харагддаг. Гишүүд маань гүйлтийн бэлтгэл хийж, жин хасаад сэтгэл санаа нь ч өөдрөг сайхан болж байгаа нь шууд мэдрэгддэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр нийгэм нь өөрөө өрөвдөх гээд тусгайлж авч үзээд байдаг. Гэтэл адилхан хүмүүс гэдэг нэгдмэл утгаа ойлгохгүй байх шиг?

-Яг энэ асуудал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дарамт болдог. Намайг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөтөч хийж гүйдэг гэхээр сонин байдаг уу гэж асууна. Бид адилхан хүмүүс шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөж эсвэл тус дэм болно гэхээр мөнгө өгнө гэж ойлгодог. Гэтэл тэдэнд мөнгөнөөс илүү ярилцах, ойлгуулах хэрэгцээ байдаг. Банканд орсон ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ хаалгаар үйлчлүүл гэдэг. Энэ нь өөрөө эелдгээр гадуурхаж байгаа хэрэг. Надад хөгжлийн бэрхшээлтэй найз маань зөөлөн хандах гээд хэт тусгаарлах нь асуудал болдог гэж ярьсан.

- "Ахиллилс”-ынхаа тухай яриач?

- Нью Йоркод төвтэй олон улсын байгууллага. Анх суумгай хүн үүсгэн байгуулж байсан юм. Монголын "Ахиллс"-ыг үүсгэн байгуулагч нь О.Саранчулуун гээд хүн байгаа. Шалгуур нь маш энгийн. Би байгууллагын гишүүдтэй ууланд гараад буугаад иртэл, та тэнцчихсэн шүү гэж байсан. Тухайн үед намайг яаж тэнцүүлсэн юм бол гэж гайхсан л даа. Сүүлд бодоход тухайн хүний хандлага хамгийн чухал юм билээ. Тэгээд надад бүтэн хараагүй Бат-эрдэнэ гэдэг тамирчин оноож өгч байсан.

-Яагаад заавал хөнгөн атлетик, тэр дундаа хөтөч гүйгчийг сонгосон юм бэ? Булчин шөрмөс зангирах, уураг тэжээлээ алдах, сульдах, байнгын бэлтгэлтэй байхаас эхлээд баргийн эмэгтэйн сонгох зам биш шүү дээ?

-Энэ бол миний туулах ёстой л зам байхгүй юу. Хүн хүнд оногдсон хувь тавилан гэж байдаг шүү дээ.

-Ингэхэд та бурханд итгэдэг үү?

-Би бурхны шашинтай хүн.

-Миний өмнө ярилцаж байсан зарим хүмүүс эргэж надад буян болох болохоор л энэ сайн дурын ажлыг хийж байна гэж ярьсан?

-Хүнд буян болно гэсэн болохоос ирээдүйд надад буян нь ирнэ гэвэл ашиг харсантай ялгаагүй. Хойд нас гэж юу байдгийг би мэдэхгүй. Хэзээ тэр буян нь эргэж ирнэ гэж хүлээх вэ. Хүний амьдрал тааварлашгүй. Жишээ нь, манай марафоныг үзээд зүгээр л гүйж байсан залуу нэг л өдөр тал харваад хөгжлийн бэрхшээлтэй болоод ирж байсан. Зүгээр л одоо байгаа энэ амьдралдаа өдөр бүхэн сэтгэл ханамжтай байхыг л хүсдэг юм. Эцсийн эцэст энэ бүхэн надад аз жаргалыг өгч чаддаг.

-Бабу та хоёрын хувьд бие физиологийн хувьд өөр. Тэгэхээр эрэгтэй хүн хөтлөөд гүйхээр арай илүү тэнхээ шаардах уу?

-Эхний 2 цагт бол Бабу намайг чирэх гээд байдаг талтай. Яагаад гэвэл эрэгтэй хүний булчин шөрмөс ч гэсэн тийм заяамал төрхтэй. Гэтэл удаан хугацаандаа эмэгтэй хүний тэвчээр илүү гараад байдаг юм билээ.

-Хөтөч гүйгч болохын тулд хувь хүнээс ямар ямар ур чадварыг шаарддаг вэ?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй гэж бодохоос илүүтэй хүн гэж бодох хэрэгтэй. Би хөгжлийн бэрхшээлтэй гээд илүү хараад, илүү өрөвдөөд, илүү санхүү мөнгөөр дэмжих гээд байгаа юм огт биш. Бид адилхан л хүн. Харахгүй байгаа ч гэсэн бидний авдаг мэдрэмж яг адилхан.

-Та хоёр олон улсын ямар, ямар марафонд оролцож байв?

-Анх 2019 онд Нью Йоркын марафонд, 2021 онд Берлиний марафонд Бат-Эрдэнэтэй хамт гүйж Нью Йоркийн цагаар зургаан минутаар ахиулж чадсан.

-Энэ бүхний эцэст та тамирчны хувь карьераа хөөе гэж бодож байв уу?

-Надад нэг газар гүйлтийн цанаар хичээллээд ороод ир дэмжье гэдэг санал тавьсан. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Дэлхийн тэмцээнүүд дээр Бабугийн маань нэр гараад явж байгаа нь л надад таатай санагддаг.

-Хувь хүнийхээ эгог цөм дардаг байх нь?

-Тийм ч байж болно. Түрүүн хэлсэн дээ, миний хийх ёстой зүйл бол зүгээр л Бабугаа бусдыг нь хөтлөөд л гүйх. Энэ ажил маань миний амьдралд олон өөрчлөлтийг авчирсан. Охинтойгоо маш сайн ойлголцож сурсан. Охин минь одоо 15 настай ч энд сайн дурын ажил хийгээд явж байна.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Бабугаа хөтлөөд дэлхийг тойрсон ч яах вэ. Гэхдээ зөвхөн Бабугаасаа гадна олон тамирчдад хөтөч хийнэ. Би чинь зөвхөн гүйхээс гадна бас бүрэн хараагүй тамирчдаа гэрээс нь авч ирээд бэлтгэл хийлгэдэг.

-Өөр танд нэмж хэлэх зүйл юу байна?

-Улаанбаатар марафоныг л хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад олгодог шагнал урамшууллыг нь бусад тамирчдынхтай адилхан болгомоор байна.

-Ярилцсанд баярлалаа.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-28 09:21

Ymar mundag emegtei we bayrlalaaaa

Зочин
Зочин
2022-12-28 09:21

Таны сайхан сэтгэлд т##архий

Зочин
Зочин
2022-12-28 09:22

Сайхан ярилцлага болжээ. Таньд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

Зочин
Зочин
2022-12-28 09:33

Үнэхээр сайн бүсгүй дээ миний ????????найз чинь…
Хүн болгоны хийгээд байдаг зүйл биш…❤️❤️❤️

Зочин
Зочин
2022-12-28 09:33

Өгөөмөр сэтгэлтэй, уха##аг бүсгүйд сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-12-28 10:00

Таньд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

Зочин
Зочин
2022-12-28 10:14

Mundag emegteigeer baharhahgvi bhiin argagbi shvv

Зочин
Зочин
2022-12-28 11:02

Мундаг охин

АРД
АРД
2022-12-28 12:08

Ямар сайхан бүсгүй вэ? Хүн хүнээ хайрлахын дээд нь юм байна Та.
Өөрийн эрхгүй нулимс гарчлаа. Амжилт хүсье, чадлаараа дэмжье

Ebe
Ebe
2022-12-28 12:09

Bas bavaad2 yavna ????

Зочин
Зочин
2022-12-28 15:24

Сайн бас сайхан бүсгүй бн. Нөхөр чинь дургүйцэдгүй биз дээ айннн

Холбоотой мэдээ

Back to top button