СПОРТ

“Боксинг дэй” буюу шандас шалгах өдрүүд...

Жил бүрийн сүүлийн болон эхний 10 хоног хөлбөмбөг сонирхогчдын хувьд “уйтгар гунигийн далай” байдаг. Учир нь, Европын топ зургаан лигийн тав нь дээрх хугацаанд завсарлага авдаг юм. Гэхдээ хөлбөмбөгийн “бурхан тэнгэр” үнэнч сүсэгтнүүдээ ор хоосон хаячихсангүй, Английн Премьер лиг, “Боксинг дэй”-г үлдээжээ.

 -“Боксинг дэй" гэж юу вэ, хэзээ болдог вэ-

Энэ нэршил нь Христийн шашинтнууд Зул сарын баярын нэг, нэгэндээ бэлэг өгдөг уламжлалаас гарсан үг юм. Баярын гацуур модныхоо доор бэлгээ хайрцагт хийгээд тавьсан байдаг, бэлэг авсан хүн бүр хайрцаг задлах нь ойлгомжтой учир утгын хувьд нэг их том зөрчил гардаггүй. Улирлын явцад нэг тойргийн тоглолт бямба, ням гаригт, заримдаа баасан, даваа гариг гээд 2-3 өдөр үргэлжилдэг бол арванхоёрдугаар сарын 26-нд бүх тоглолтууд нэг зэрэг болдог.

“Боксинг дэй” гэдэг нь чухам тэр өдөр юм. Гэвч сүүлдээ жилийн сүүлийн арав хоногт болдог 3-4 тойргийн тоглолтыг бүхэлд нь “Боксинг дэй” гэх буюу арай өөрөөр “Супер 10 хоног” хэмээн нэрлэх болжээ. “Супер цохилтын 10 хоног”-ийн эхний тойрог арванхоёрдугаар сарын 21-23-нд (Энэ жил ДАШТ-тэй тул эхний тойрог 26, 27--нд, хоёрдугаар тойрог 30, 31-нд товлогдсон), хоёрдугаар тойрог дээр дурдсанчлан зөвхөн 26-нд, гуравдугаар тойрог 30,31-нд, дөрөвдүгээр тойрог нэгдүгээр сарын 1-2-нд болдог байна.

-“Боксинг дэй"-н онцлог-

Дерби буюу нэг хотын багууд хоорондоо тоглох нь элбэг байдаг явдал бол “Боксинг дэй”-гийн гол онцлог. Зул сарын баяр бол гэр бүлийн баяр. Энэ баярыг хэн ч гэртээ, хайртай дотны хүмүүстэйгээ хамт тэмдэглэхийг хүснэ. Хөлбөмбөгчид ч, хөгжөөн дэмжигчид ч адилхан хүн. Тиймээс баярын үеэр хол аялуулахгүйн тулд нэг юм уу ойролцоо орших хотын багуудыг хооронд нь тааруулдаг уламжлал тогтжээ.

Өөрөөр хэлбэл, “Боксинг дэй”-гээр нэг хотын багууд хоорондоо тоглодог байж. Харин хөлбөмбөгийн танхайчууд ид гаарч байсан 80-аад оноос энэ жишгийг өөрчилж, нэг хотын баг биш, ойролцоо хотын багуудыг тааруулах болсон байна. Тэгэхгүй бол зодоон цохион их гараад болохгүй байжээ. Энэ жилийн “Боксинг дэй” ч энэ уламжлалаас гажаагүй.

-100% ховор амжилт-

10 гаруйхан хоногийн дотор дөрвөн тойргийн тоглолт хийдэг гэдэг утгаараа энэ үе багуудын чанар чансааг жинхэнэ утгаар нь шалгадаг. Премьер лигийн сүүлийн 13 жилийн статистикийг ухаж үзэхэд “Супер арав хоног”-ийг 100 хувийн амжилттай туулсан тохиолдол найман удаа л гарчээ. “Манчестер Юнайтед” хамгийн олон буюу гурван удаа, “Челси”, “Арсенал” тус бүр хоёр удаа, “Манчестер сити” нэг удаа “Супер 10 хоног”-ийг ганц онооны гарзгүй гэтэлсэн байна.

“Супер 10 хоног”-т өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан дээд үзүүлэлт нь 13 байх бөгөөд хоёр удаа гарсан нь хоёул “Тоттенхэм”-д хамаарч байгаа юм. Баяр ёслол тэмдэглэхийн хажуугаар 10 гаруйхан хоногийн дотор дөрвөн тоглолт хийх нь мэргэжлийн тамирчнаас ч асар их тэвчээр шаарддаг. Тэр ч утгаараа лигийг өнгөлөх багийн өнгө чухам эндээс тодордог гэж ярилцдаг. Гэхдээ хэчнээн сайн байлаа гээд ямар ч хохиролгүй давах нь маш хэцүү зүйл гэдгийг дээр өгүүлсэн статистикаас ойлгосон биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button