Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Олимпод тодроогүй ч урлагт гялалзсан домогт рокер

Хойд хөршийн sports.ru цахим хуудаст “Раммштейн” хамтлагийн ахлагч Тилл Линдеманны талаар нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Нийтлэлд нэгэн үйл явдал болоогүй бол өдийд "Раммштайн" хамтлаг байхгүй, гайхалтай уран бүтээлүүд нь ч төрөхгүй байх байсан тухай мэдээлэл багтаасан байна. Уг нийтлэлийг товчлон хүргэе.

Өмнөтгөлд хэлсэнчлэн, нийтлэл нь “Раммштейн”-ий ахлагч Тилл Линдеманны тухай, сэдэв нь харин спорт. Тэрбээр өсвөр насандаа усан спортоор хичээллэж, гараагаа маш гайхамшигтай замналыг бүтээж байжээ.

Т.Линдеманн “Москва 1980” зуны олимпийн наадамд оролцох тамирчдын бүрэлдэхүүнд багтсан ч Флоренцид болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр дэгдсэн секс дуулианаас болоод хасагдсан, спортын богинохон боловч хурц намтартай нэгэн аж.

Домогт рокерын өнгөрсөн амьдралын нэгээхэн хэсгийг дор хөрөглөв. 

 Тилл Линдеман 1963 оны нэгдүгээр сарын 4-нд тухайн үеийн Ардчилсан Германы Лейпциг хотод төржээ. Тиллийн ээж Бригитта Хильдегард нь Гитта нэрээр олон нийтэд алдартай сэтгүүлч, зураач бол аав нь мөн л улсдаа алдартай яруу найрагч Вернер Линдеманн байжээ. Тилийг одоо олон хүн авьяаслаг яруу найрагч гэж үнэлдэг нь эцэг, эхээс өвлөгдсөн гентэй нь холбоотой. Тэрээр багаасаа оюуны төдийгүй бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олжээ. Тосгоны амьдралаар өссөн учир хотын хүүхдүүдийг бодвол биеийн хүч шаардсан аж ахуйн ажилд их оролцдог байж.

Зодоон ч хийчихдэг дэггүй мөртлөө гэмтэж бэртсэн амьтныг ойгоос олж авчраад гэртээ тэжээдэг өрөвч, юм, юманд авьяастай тийм л жаал байжээ.

Нэг өдөр мопед түрсэн хүн хүрч ирээд Тиллиэр засуулахад аав нь ихэд гайхжээ. Тэгээд мопедыг үнэхээр засчихсаны дараа тэр хүн “Тилльд чадахгүй юм гэж байхгүй” гэж хэлэхэд нь Вернер Линдеманн хүүгээрээ ихэд бахархсан гэдэг. Гэхдээ хүүнд нь мопед засахаас илүү боломж нуугдаж байсан бөгөөд нэг, нэгээрээ ил гарч байв. 

Тиллийг спортоор идэвхитэй хичээллэж эхлэх үед ээж нь мэргэжлийнхээ ажлыг хийхээр хот руу шилжиж, эцэг нь уран бүтээлээ туурвихаар тосгондоо үлдсэн байна. Харин Тилль Ростокт амьдарч, тэндхийн усан санд шөнө, өдөргүй хичээллэх болжээ. Хэдий тийм ч тэрээр хэзээ нэгэн цагт заавал зохиолч болно гэж аавдаа амалсан байдаг.

Тиль Линдеманн аавын хамт

Зарим эх сурвалжид эцэг эх нь зүгээр тусдаа амьдраагүй, харин салсан, Ростокт байх үед америк хойд аавтай болсон гэдэг яриа бий. Гэхдээ энэ баталгаагүй түүх юм. Ер нь түүний бага насны амьдралын талаар мэдээлэл маш хомс. Түүнд эмэгтэй, эрэгтэй хоёр дүү байсан бөгөөд тэд нь тосгонд аавтайгаа амьдардаг байж. Тэгсэн мөртлөө дүү нартайгаа ямар харилцаатай байдаг нь одоо ч тодорхой бус ажээ. 

Олон цаг үргэлжилдэг хүнд хэцүү бэлтгэл сургууль үр дүнгээ өгч, Тилль тэмцээнд оролцох хэмжээнд хүрчээ. Улмаар амжилт гаргаж, орон нутгийн од болж, Ардчилсан Германы шигшээд багтах найдлагатай гэгдэх болсон байна. Энэ үед түүний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч нь эмээ нь байсан гэдэг.

Ардчилсан Герман нь тухайн үедээ дээд зэрэглэлийн олон тамирчдыг гаргасан хаалттай, нууцлаг улс байлаа. Улс орныхоо нэр хүндийг спортоор л гаргах боломжтой тул амжилт гаргахын тулд боломжтой хориотой аргуудыг ч хэрэглэдэг байв. Тиль ч энэ “тамын тойрог”-ийн бүх үе шатыг даван олон улсын тэмцээнд оролцдог болсон байна.

Ардчилсан Германы сэлэгчдийн гол өрсөлдөгч ЗХУ-ын тамирчид байлаа. Тэрээр хожим энэ үеээ  “Тэд бэлтгэлийн хувьд биднээс ялгаагүй ч илүү догшин, галзуу тэмцэлддэгээрээ ялгаатай байсан юм. Харин тэдэн дундаа хаан нь Владимир Сальников байлаа. Оросуудтай өрсөлдөх хүн ховор байсан даа. Тэд яг л могой шиг, өвдөлт гэдгийг мэдэрдэггүй байх гэж санагддаг байлаа. Оросуудаас холхон байсан нь өлзийтэй шүү” хэмээн дурсан ярьсан байдаг. 

Тиллийн хувьд хамгийн том тэмцээн нь 1978 онд Флоренцид болсон Европын аварга шалгаруулах тэмцээн байжээ. Тэрээр тэнд 1500 м-ийн зайд 11 дүгээрт, 400 метрийн зайд долдугаар байрт шалгарсан аж. Хоёр жилийн дараа олимп болох гээд, Тиллийн нэр богино жагсаалтад багтчихсан үе. Гэтэл гай таарах нь тэр. "Раммштейн" байгуулагдах эхлэлийг тавьсан болохоор рокеруудын хувьд аз ч гэж болох юм даа.

Тилл Флоренцид нэг бүсгүйтэй танилцаж, хотоор зугаалжээ. Социалист орны тамирчдад нээллтэй улс ямар санагддаг билээ, тэр л мэдрэмжийг авч, “соёлын шоок”-ийг мэдэрсэн аж. Ингэж явахдаа порнограф сэтгүүл худалдаж авсан нь түүнийг спортыг замналдаа цэг тавихад хүргэсэн юм.

Түүнийг “Зочид буудлыг зөвшөөрөлгүй орхисон, садар самуун сэтгүүл олж авсан” гэж буруутгасан гэдэг.  Тиллийн тамирчны замнал энд хүрээд өндөрлөсөн юм.   

Түүнээс хойш спортоо орхиж, урлагт зүтгэж яваа ч усан сангаа орхиогүй. Нэгэнтээ хэвлэлд “Би нэлээд хэдэн дуугаа бэлтгэлийнхээ үеэр зохиосон. “Feuer und Wasser” дуугаа усан санд зохиож байлаа” хэмээн ярьсан нь бий.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button