СПОРТ

2022 оны тойм: Яамгүй ч, сайдтай болж, 1990-ээд оныхон цөн түрлээ

“Eguur.mn” сайт 2022 онд Монголын спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

Бид өмнө нь Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад Монголын тамирчид болон тэмцээнүүдээс гадна дэлхийд болж өндөрлөсөн спортын үйл явдлуудыг хүргэж байна

NBA-д орох хаалга NCAA-д Монголын тугийг мандуулагч

Тэр зөвхөн өөрийн алдар цолыг мандуулсангүй. Монгол Улсын нэрийг АНУ-д өргөж явна. Чикаго хотын “United center”-т аавынхаа нэрийг ч хамт дуудуулаад, Монголынхоо далбааг мандуулж байгаа түүний хамгийн том зорилго нь NBA-д орох. Тэр зорилгынхоо эхний алхмыг том хийж өдгөө АНУ-ын сагсан бөмбөгийн NCAA-ийн нэгдүгээр дивизонд тоглож байна. Анх удаа Монгол Улсаас NCAA-д тоглож түүхийн нэгэн шинэ хуудас бичиж байгаа түүнийг онцлохгүй байхын аргагүй.

Монголын ”Майк”-ийн дамжуулах ур чадварыг нь Америкийн аналистууд онцолж буйгаас түүнийг АНУ-ын сагсан бөмбөгт ямар ажилттай явааг илтгэнэ. Мөн тэрбээр спортын шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно-2022” наадмын шилдэг залуу эрэгтэй тамирчнаар шалгараад буй.

Өндөр ойд өрнүүн дэлгэр барилдаж аварга, арслан болсон 1990-ээд оны хоёр

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тэгш дүүрэн сайхан болж өндөрлөсөн.Тус ойн барилдаанд О.Хангай түрүүлж аварга, Б.Орхонбаяр үзүүрлэж улсын арслан цол хүртсэн нь энэ жилийн үндэсний бөхийн барилдааны онцлох нэгэн үйл явдал болж таарлаа.

О.Хангайн хувьд 1990 оных бол, Б.Орхонбаярын хувьд 1998 онд төрсөн идэрмэг хүчтэнүүд билээ. Энэ жилийн барилдаанаас харахад үндэсний бөхөд 1900-ээд оныхон хүч түрж орж ирсэн жил байлаа. Улсын заан хүртсэн М.Лхагвагэрэл 1998, улсын начин цол хүртсэн О.Цэцэнцэнгэл 1999 оных гэх мэтчилэн монгол бөхийн дараагийн залгамж халаа түрэн гарч ирснийг илтгэв.

Харин өнөөдрийн онцолж буй хоёр бөхийн хувьд Монгол төрийн баяр наадмаар цэнгэлдэхийг хэдэнтээ давалгаалуулж түүнээс хойш өнөөдрийг хүртэл ярианы сэдэв байсаар л байна.

Наадмаас хойш заал танхимын барилдаанд О.Хангай аварга нэг түрүүлсэн бол, Б.Орхонбаяр гарны гэмтлээс болж зодоглолгүй байсаар өчигдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит 128 бөхийн барилдаанд түүртэлгүй түрүүлэв.

Мөн өмнөх жилүүдийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан допингдоо “цовдлуулсан” хэрүүл маргаан ихтэй болж өндөрлөдөг байсан бол энэ жил нэг л бөхөөс допинг илэрч харьцангуй нам жим, ард иргэд сайхан баярлаж өндөрлөсөн жил болов. Ямартай ч үндэсний бөхөд нэгэн шинэ үе цөн түрж орж ирсэн жил байв.

Нэмж хэлэхэд энэ жилийн улсын баяр наадмаар Дархан аварга Х.Баянмөнх зодог тайлж, Б.Бат-Эрдэнэ зүлэг ногоон дэвжээнээ гарч ирж наадамчин олноо баясгасан нь нэн онцлууштай үйл явдал байсан гэдгийг дурдах нь зүй.

Монголын “Леброн” буюу Т.Санчир

FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны "D" хэсгийн тоглолт Монгол Улсад тэр дундаа "UG Arena"–д болж өндөрлөхөд нэгэн тамирчин гадаад дотоодгүй “шүтээн" болж чадсан. Энэ бол Т.Санчир. Түүнийг зөвхөн манай сайт ч онцлоод байгаа юм биш. Тус тэцээний үеэр Азийн сагсан бөмбөгийн холбоо хүртэл түүний багаа сэргээсэн шидэлт, тоглолтуудыг онцолж байлаа.

Т.Санчирын хувьд зөвхөн Монголдоо л амжилт гаргаагүй. Тэр өнөөдөр гаднын улсын лигүүдэд тоглож байгаа /Тайванийн лигт Д.Баясгалан, Х.Болдсүх г.м/ тамирчин дүү нарынхаа түүчээ болж замыг нь зассан тамирчин юм.

Яс чанар туршлага сэтгэл зүй өндөртэй Т.Санчирыг энэ удаад онцлох нь зүйн хэрэг.

 Он болгонд онцлогддог онцгой Цогтоо

2016 оны Риогийн олимпод явахад нь түүнийг арын хаалгаар явлаа хэмээн олон хүн хэмлэж байв. Тэгэхэд ялагдчихаад хонгилд уйлж суусан ч үе бий. Гэвч тэр бууж өгөөгүй. Өдгөө “Токио 2020” олимпын наадмын хүрэл, “Ташкент 2022” ДАШТ-ий алтан медалийн эзэн болж дэлхийд дийлдэхгүй бөх гэдгээ зарлан тунхагласан.

Хоёр жил дараалж олимп, дэлхийн наадмаас медаль хүртсэн түүнийг онцлохгүй байхын аргагүй билээ.

Түүний барилдааныг үзсэн олон ч Монголчууд жүдо бөхөд дурлаж үздэг болсон. Ганцхан Монголчууд ч бус дэлхийн олон хүн энэ залууг чин сэтгэлээсээ хайрладаг учраас тэр бол энэ жилийн онцлох хүн мөнөөс мөн. Түүнээс гадна “Бөртэй чоно-2022” цомын эзэн болсон нь энэ жилийн амжилтыг нь илтгэнэ.

Дэлхийг Монголд авчирах “UG ARENA”

Манай улсад олон улсын тэмцээн уралдаануудыг зохион байгуулах гэхэд ихээхэн бэрхшээлтэй байв. Учир нь дэлхийн чанар стандартад нийцсэн спорт цогцолбор ховор. Тэгвэл энэ жил "Уранган" групп 100 хувь өөрийн хөрөнгөөр “UG Arena” цогцолборыг барьсан нь яалт ч үгүй оны онцлох бүтээн байгуулалт байлаа.

Ямартай ч чанар, стандартад нийцсэн спорт цогцолбортой болно гэдэг нь дэлхийн чанартай тэмцээнүүдийг улсдаа зохион байгуулж аялал жуулчлал цаашлаад эдийн засагт ч хэрэгтэй бүтээн байгуулалт байсан тул энэ удаад онцолж байна. Монголдоо анхдагч спорттайнмент энэхүү цогцолбор 20,000 м2 талбайтай зургаан давхар. Гаднаа 700, дотроо 140 авто машины зогсоолыг давхар шийдэж өгснөөс гадна 3,000 хүний суудалтай.

Санаанд оромгүй өөрчлөлт буюу жүдогоос холимог тулаан хүрэх зам

Энэ жилийн хамгийн онцлох нэгэн үйл явдал бол жүдо бөхийн олимп дэлхийн медальт, дэлхийн хамгийн том тэмцээнүүдээс бүгдээс нь давхар болон дан медаль хүртсэн амжилтаараа геннисинй амжилтыг эвдэгч жүдо бөхийн тамирчин, холимог тулаанч М.Уранцэцэгийн гаргасан шийдвэр байлаа. Учир нь түүнийг жүдо бөхөөсөө зодог тайлахад олон хүн нулимс дуслуулж байсан бол шууд холимог тулаанд хөл тавихад нь итгэхгүй бас гайхаж байлаа.

Гэтэл түүний эхний тулаан өнгөрсөн есдүгээр сарын 10-нд болж Амбер Террелийг хоёрдугаар үед боож дуусгав. Түүний хийсэн сонголт хийгээд шинэ амжилт олныг ангайлгаж өнөөдрийг хүртэл спортод үнэнч байгааг харсан олон зуун хүн байгаа учир түүнийг энэ жил мөн онцоллоо.

“Тархины хаан, шатрын хатан” Б.Мөнгөнзул

Монголчууд бид оюуны спортод амжилт гаргаж буй тамирчнаа үлдээчих гээд байдаг талтай. Тэгвэл "Оюуны олимп" гэгддэг дэлхийн шатрын олимпиадад ширээндээ 85 хувийн хожлоор алтан медаль хүртсэн 17 настай Б.Мөнгөнзул охиныг онцлох, дурдахгүй өнгөрвөл “нүгэл” болох биз.

189 орны эрэгтэй, эмэгтэй 343 багийн 2000 гаруй шатарчидтай үзэж амжилт гаргасан тэрбээр 2012 онд шатрын спортод оюунаа нийлүүлсэн түүхтэй. Түүнд ахиад олон, олон амжилт гаргах боломж бий.

Монголын дугуйн спортын түүхэн дэх анхны хагас мэргэжлийн баг “Ferei Mongolia development team” анхны тэмцээндээ орж, амжилт дагууллаа

Улиран одож буй 2022 онд Монголын дугуйн холбоо түүхэндээ анх удаа хагас мэргэжлийн баг “Ferei Mongolia development team”-ийг байгуулж, Олон улсын дугуйн холбоонд бүртгүүлэн, эхний тэмцээндээ оролцов. Арабын нэгдсэн Эмират улсад болсон “Tour of Sharjah” тэмцээнд манай баг Европ, Азийн шилдэг багуудтай өрсөлдөж, зургадугаар байрт орсон юм.

Улмаар мэргэжлийн багийн жишгээр Турк улсад хоёр сар гаруй бэлтгэл хийж, цуврал тэмцээнүүдэд уралдсан нь Монгол Улсын Үндэсний шигшээ багийн амжилтад нөлөөлж, Тажикистаны Душанбед болсон Азийн АШТ-ээс анх удаа таван медаль хүртсэн билээ.

Эрэгтэйчүүдийн элит ангилалд мөнгөн медаль хүртэж, Азийн шилдгүүдийн эгнээнд эргэн ирснээ зарласан Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний тал нь “Ferei Mongolia development team”-ийнх байсан юм.           

Монголын дугуйн спортын анхны хагас мэргэжлийн баг “Ferei Mongolia development team”. АНЭ, Шаржа хот.

Монголын спортынхноос дугуйчид  мэргэжлийн тамирчидтай өрсөлддөг гэдгээрээ бусдаасаа ялгардаг. Их хэмжээний мөнгө эргэлддэг, мэргэжлийн багийн тогтолцоотой спорт учир улс болгон ядаж нэг сайн багтай байхыг хичээдэг юм. 1996 онд мэргэжлийн дугуйн холбоо, сонирхогчдын дугуйн хоёр олон улсын холбоо нэгдсэнээр мэргэжлийн тамирчид олимпын наадамд уралддаг болсон. Ингэснээр мэргэжлийн баггүй улс олимпын наадамд тамирчнаа оролцуулах бараг л боломжгүй болсон гэж болно. Харин энэ жил ийнхүү хагас мэргэжлийн баг байгуулснаар тамирчдынхаа түвшинг дээшлүүлж, олимпын наадамд тамирчнаа оролцуулах бодит боломжийг үүсгээд байна.    

Хөгжсөөр, хөгжсөөр "хөлжих" Esport

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын багууд амжилттай оролцсоор ирсэн. 2021 онд хуучнаар "Stalwart Esports" долоодугаар байр эзэлсэн бол 2020 онд хуучнаар "Zeus Esports" хүрэл медаль хүртэж байв.

Тэгвэл энэ жил Монгол Улсын төлөөлөл IHC Esports баг PUBG MBILE-ИЙН дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гранд финалд шалгарсан нь бас нэг онцлууштай үйл явдал байлаа. Энэ нь манай esport-ийн хөгжил ямархуу түвшинд хүрч чадаж байгааг харуулсан нэгэн зүйл хэмээн харж байна.

Волейбол: Тамирын Хангал гаднын лигт "тамираа шавхаж" байна

Үндсэний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Т.Хангал есдгээр сарын 04-ний өдөр Тайланд улсыг зорьсон билээ. Тэрбээр тус улсын дээд лигт тоглох урилга хүлээн авсан бөгөөд монголын анхны лигонер тамирчин болсон юм. Т.Хангал 2021 оны дээд лигийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан шилдэг залуу тамирчин бөгөөд ийнхүү гаднын лигт улсынхаа нэрийг "тахалж" яваа залуу тамирчин. Тэрбээр гаднын лигийг зорихдоо нэгэнтээ “миний мөрөөдөл биеллээ” хэмээн хэлсэн байдаг. Мэдээж гаднын улсад сайн сайн тамирчдаа алдаж байгаа хэдий ч нөгөө талаараа туршлага ур чадвар сууж ирээд дараа дараагийн хөгжилдөө зарцуулна гэхээр зүйтэй санагддаг билээ.

Харин түүний аав Р.Тамир мөн л волейболын спортын тамирчин байсан бөгөөд өдгөө дасгалжуулагчийн замналаа хөөгөөд буй.


Дэлхийд

Энэ жил дэлхийн спортод хоёр томоохон үйл явдал боллоо хэмээн дүгнэж болохоор байна. Тодруулбал, Катар улсад зохион байгуулагдсан хөл бөмбөгийн дэлхийн аварга, БНХАУ-д зохион байгуулагдсан “Бээжин-2022” өвлийн олимпын наадам байлаа.

Л.Месси аваргалж, К.Роналдо “толгой ганзагалав”

Хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд ноён оргил болсон К.Роналду, Л.Месси нарын сүүлийн ДАШТ тэмцээн байх магадлалтай тэмцээн болж өндөрлөлөө. Учир нь 37 настай Роналду болон 35 настай Месси нарын амжилт, нас, туршлага гэх мэт олон зүйлсийг харгалзан үзэж домгуудыг нэг талбайд өрсөлдөж буйг харах сүүлийн боломж байв.

Дэлхийн таван тэрбум гаруй хүн үзсэн эл тэмцээний шагналын сан 440 сая ам.доллар байсан бөгөөд Месси тэргүүтэй Арентиний шигшээ баг аваргалж, Франц, Хорватын шигшээ баг удаалав.

Харин К.Роналдо эцсийн мөчид 30 гаруй минут сэлгээнд сууж баг нь хожигдсонд дэлхий нийтээрээ бухимдав. Ингэснээр тэр сүүлчийн ч байж болох дэлхийн аваргаасаа хусагдаж “толгой ганзагалаад” гэртээ харьсан нь хөл бөмбөг сонирхогчдын сэтгэлд хадагдан үлдсэн юм.


"Бээжин-2022" өвлийн олимпын XXIV наадам /2022.02.04/ Бээжин хотын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд болсон.


Бээжингийн олимпын XXIV наадамд оролцсон тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцээгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид орсон нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болсноороо онцлог байв.

Мөн Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулсан. Тухайлбал, фристайлын эрэгтэй, эмэгтэй big air төрөл, бобслейн эмэгтэй ганцаарчилсан төрөл болон трамплин, сноуборд, шорт трек, фристайлын aerials төрөлд холимог багийн тэмцээнийг оруулсан юм.

Бээжингийн олимпын нээлтийн ёслолд 3,000 жүжигчин тоглож орчин үеийн технологийн дэмжлэгээр хүний дутагдлыг нөхөж чадсан гэдгээрээ гайхалтай болж таарлаа.

Нээлтийн ёслолыг найруулагч Чжан Имоу найруулсан билээ. Гурван удаа Оскарт нэр дэвшсэн энэ эрхэм нээлтийн ёслолыг үнэхээр гайхалтай өвөрмөц хийснээрээ онцлог байв. Бээжингийн олимпыг дурдахад товчхондоо ийм байлаа.

Харин тус олимпын онцлох хүн нь ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева юм. Дөнгөж 15 настай Камила Валиевагийн талаар дурдахад Бээжинд болсон өвлийн олимпод гайхалтай гэж хэлэхэд ч багадахуйц үзүүлбэр үзүүлсэн ч допинг илэрч дэлхий нийтийг гайхахад хүргэсэн юм. Мэдээж 16 нас хүрээгүй учраас түүнийг олон нийтэд зарлаагүй ч ил болж алтан медалиа хүлээж авч чадаагүй юм.

Дэлхий болоод Монголд болж өндөрлөсөн үйл явдлуудаас онцлоход товчхондоо ийм байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-30 09:01

энэ гэхдээ Волейбол надаа ёстой сак байсан гэж санагдаж байна

ЗочинХэн
ЗочинХэн
2022-12-30 09:08

Цогтбаатар огшоосон шдээ

Зочин
Зочин
2022-12-30 09:13

Энхийн-Од бүүр лаг байсан тгх үү. SPS Television баримтат киног нь ёстой гоё хийсэн байна лээ. Trailer-ийг нь би бараг 7-н удаа үзсэн

Зочин
Зочин
2022-12-30 09:19

шатрын аварга Охин ёстой хөөрхөн байсаан

Зочин
Зочин
2022-12-30 09:22

sportiiin huwid amjilt arwin jil bailaa

Зочин
Зочин
2022-12-30 09:24

2022on amjiltaaaar duuren bsn. Naadmaar boh hurtel vzvvshtei bolson

Зочин
Зочин
2022-12-30 09:24

Орхонбаяр гэж сайхан бөх гарч ирсэндээ ард түмнээ их баярлуулаарай

Зочин
Зочин
2022-12-30 09:27

Жинхэнэ огшоосон хүн чинь Месси байдаг юм

Зочин
Зочин
2022-12-30 09:32

Спортынхлн маань 2022онд амжилт арвин мундаг байсан

Холбоотой мэдээ

Back to top button