СПОРТ

"Хаан" Пелегийн амьдралыг таван минутад тольдохуй

Дэлхийн хөлбөмбөгт, ер хөлбөмбөг гэлтгүй бүс спортоос тухайн төрөлдөө “хаан” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн магад ганц нь Пеле буй за. ДАШТ-д тоглогчийн хувиар гурван удаа түрүүлсэн цорын ганц тоглогч, замналынхаа турш 1289 гоол оруулсан, “Миний амьдрал ба гайхамшигт хөлбөмбөг” номыг нь уншихын тулд улсаараа бичиг үсэгт тайлагдаж, ЮНЕСКО-гоос шагнал авч байсан гээд түүнтэй холбоотой домог мэт яриа бий. Түүний амьдралын онцлох агшин, онцлогийг харуулсан цомгийг тайлбарын хамт уншигчдадаа хүргэе.

Бразилийн шигшээ багийн тоглож байсан Вальдемар Ду Бриту 1956 онд “Сантос” багийн үзлэгт сонирхогчдын багт тоглодог 15 настай бацаан дагуулж иржээ. Тэрбээр багийнханд шууд л “Энэ хүү хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч болно” гэж хэлсэн гэдэг.

Энэ хүү Пеле байсан юм. Үзлэг дээр тэрбээр ерөнхий дасгалжуулагчийг гайхашруулж, үнэхээр л шилдэг байсан тул багийн удирдлагууд даруйхан шиг гэрээ хийсэн байдаг.

1957 оны долдугаар сарын 7. Бразилийн шигшээ баг “Маракана” цэнгэлдэхдээ Аргентинтай тоглож байв. Тэр тоглолтод 16 настай Пеле хоёрдугаар үед сэлгээгээр гарч ирээд гоол оруулжээ. Пеле тухайн үед 16 настай байсан бөгөөд Бразилийн шигшээ багт хамгийн залуудаа гоол оруулсан дээд амжилтыг одоо ч эзэмшдэг.  

Гурав хоногийн дараа Пеле дахиад Аргентиний хаалганд гоол орууллаа. Тухайн үед “Копа Америка” тэмцээнд багууд аваргын төлөө хоёр удаа халз тоглодог байсан аж. Эхний тоглолтод бразилчууд 1:2-оор хожигдсон бол хоёр дахид 2:0-ээр хожжээ. Пеле ингэж шигшээ багийн хамт анхны цомоо хүртэж, хувь нэмрээ оруулсан байдаг.

Сэтгүүлчид тэр дороо л түүнийг “Шигшээ багийн шинэ найдвар” хэмээн бичих боллоо. Энэ нь “Швед 1958” ДАШТ-д авч явах ёстой гэсэн сануулга байв. Ерөнхий дасгалжуулагч Сильвио Перилло ч зөрсөнгүй. Пеле багийн хамт Швед явсан юм.

ДАШТ-ий эхний хоёр тоглолтыг сэлгээнд өнгөрүүлсэн Пеле ЗХУ-тай хийсэн гурав дахь тоглолтод гараанд гарч, Вавад оновчтой дамжуулалт өгсөн байна. Вава энэ тоглолтод хоёр гоол оруулжээ.

Хасагдах шатны тоглолт эхлэхэд Пеле гараанд баттай байр сууриа эзэлсэн байлаа. Тэрбээр Уэльсийн хаалганд хожлын гоол оруулжээ. Тэгэхэд Пеле дөнгөж 17 нас 239 хоногтой байсан бөгөөд ДАШТ-д хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болсон нь одоо ч эвдэгдээгүй байна.  

Хагас шигшээд алдарт Жюст Фонтэний Францтай таарахад бүр ч гайхам тоглож, хет трик хийв. 17 насандаа ДАШТ-д хет трик. Бразил 5:2-оор хожлоо.

Аваргын төлөө талбайн эзэн Шведийг 5:2-оор хожиход дубль хийж, анх удаа дэлхийн аварга болов.

Тэр жил “Сантос”-тоо ч сайн тоглож Сан Паулу мужийн аварга болсон. Пеле 58 гоол оруулж дээд амжилт тогтоов.

Бразилийн задуу вундеркиндийн төлөө Европын томчууд ангуучилж эхэллээ. Нэгэн үе тэрбээр “Интер”-т очиход тун ойрхон байв. Гэрээ бэлэн болж, явах л үлдсэн ч “Сантос”-ын хөгжөөн дэмжигчид эсэргүүцэж, үймээн дэгдээн даамжрах хандлагатай болсон учраа аргагүйн эрхэнд больжээ.

1961 онд Бразилийн төр Пелег “үндэсний эрдэнэс”-ээр зарлаж, гаднын багт худалдахыг хоригложээ.

1960-аад оны эх нь “Сантос”-ын мандан бадралын үе бөгөөд Бразилийн АШТ-д тав дараалан түрүүлж, “Либертадоресийн цом” /Өмнөд Америкийн “Аваргуудын лиг”/-д хоёр, “Тив хоорондын цом“ нэг түрүүлсэн байна.

1962 онд “Тив хоорондын цом”-ын тэмцээнд Португалын “Бенфика”-тай хийсэн тоглолт Пелегийн замнал дахь хамгийн шилдэг тоглолтуудын нэг. Партугалын багт хөлбөмбөгийн бас нэгэн домог Эйсебио байсан ч Пеле хет трик хийж, “Сантос” 5:2-оор хожжээ.

“Сантос” Өмнөд Америк, Европоор байнга айлчлан тоглодог байлаа. “Барселона”, “Интер”, “Реал”-ын цэнгэлдэхэд тоглоход үзэгчид уухайлан баяр хүргэдэг байв.

Гэсэн ч алдар нэрийн оргилыг ДАШТ л түүнд өгсөн юм.

1962 оны ДАШТ-д Пеле дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчийн хувиар очсон. Хэсгийн эхний тоглолтод Мексикийн эсрэг гоол, оновчтой дамжуулалт хийж, бүх юм ном журмаараа байсан ч хоёрдугаар тойрогт Чехословактай тоглож байгаад гэмтэх нь тэр. Чухам түүний гэмтэл Гарринча хэмээх суут авьяастныг дэлхийд таниулсан гэхэд болно. Гарринча багаа чирсээр аварга болгож, Пеле “Алтан дагина”-ыг хоёр дахь удаагаа өргөлөө.

ДАШТ-ээс ДАШТ-ий хооронд Пеле “Сантос”-доо гялалүзаж, гоолыг ар, араас нь угсруулсаар. Нэг тоглолтод найман гоол оруулсан ч удаа бий / Рибейрао-Пратогийн “Ботафого”-д/.

1966 онд Бразилчууд дахин хамгийн өндөр магадлалтай багаар очлоо. Пеле, Гарринча нар энэ удаад хамт байсан болохоор арга ч үгүй. Болгартай хийсэн эхний тоглолтод торгуулийн цохилтоос гоол оруулсан ч хоёрдугаар тойргийг өнжив. Болгарчууд Пелег зогсоож чадахгүй байнга дэгээдэж байснаас ингэсэн байна.

Пелегүй Бразил Унгарт 1:3-аар дийлдсэн тул сүүлийн тойрогт гэмтэлтэй Пелегээ гаргаж ирлээ. Португалчууд болгарчуудаас ялгарах юм байсангүй, Пелег байнга дэгээдэж, тоглолтоос гаргасан ч тэрбээр тэвчээр заан эргэж орж ирж байсан юм. Гэсэн ч Эйсебиогийн дублиэр Португал 3:1-ээр хожсон байдаг. Энэ бол Хөлбөмбөгийн хааны хувьд ДАШТ-д амссан цорын ганц хожигдол нь юм.

Тэмцээнээ дуусгасны дараа сэтгэл хөдлөлөөрөө “Шигшээ багаас зодог ттайллаа, ДАШТ-д дахиж тоглохгүй” гэж мэдэгдэв.

1969 онд тэрбээр 1000 дахь гоолоо орууллаа. Түүхэн гоолоо тэрбээр “Васко да Гама”-гийн хаалганд, 11 м-ийн торгуулийн цохилтоос оруулжээ. Нэг сонирхолтой нь, тэрбээр насаараа “Сантос”-т тоглосон ч “Васко да Гама”-г дэмждэг гэдгээ нэг бус удаа хэлсэн байдаг.

1970 онд Пеле ДАШТ-д дөрөв дэхээ оролцохоор ирлээ. Бразилчуудынхаар бол Пеле шигшээ багийнхаа түрүүлэх гол баталгаа, аз хийморь даллагч нь гэнэ. Тиймээс ДАШТ-д сүүлийн удаа орж түрүүлээд зодог тайлах нь үлгэрийн хамгийн сайхан төгсгөл гэж үзэж байв. Тэднийхээр болж, Пеле ДАШТ-д орлоо.

Чехословактай хийсэн эхний тоглолтод уламжлал ёсоор гоол оруулж, Жаирзиньод оновчтой дамжуулалт өгөв. Энэ тоглолтод Пеле золтой л талбайн голоос гоол оруулаагүй. Энэ талаараа “Миний амьдрал ба гайхамшигт хөлбөмбөг” номдоо тодорхой бичсэн байдаг.  

Англитай хийсэн тоглолт түүхэн дэх агуу тоглолтын нэгд бас тооцогддог. Английн хаалгач Гордон Бэнкс Пелегеес гоол алдаагүй бөгөөд гэхдээ үүний тулд “Зууны шилдэг хаалт” гэгдсэн хаалтыг хийх хэрэгтэй болж байлаа.     

Румын, Перутай тоглоход хоёр гоол, нэг дамжуулалт өгч, тухай бүрт хожив.

Хагас шигшээд Уругвайтай тоглоход гоол оруулаагүй ч оновчтой дамжуулалт өгч, уран гоё тоглолтоороо үзэгчдийг баясгалаа.

Аваргын төлөө, өрсөлдөгч нь Итали. Тоглолт эхлэхийн өмнө Пеле пүүзнийхээ үдээсийг зангидаж, “Пума”-гийн эмблемийг телевизээр харуулсан нь сурталчилгааны түүхэнд хамгийн амжилттайд тооцогддог.   

Пеле гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгч, Бразил 4-1-ээр хожлоо. Гайхалтай тоглолт, гайхалтай мөчүүд, гайхалтай замнал, төгс төгсгөл.

Тоглолтын дараа багийнхан нь Пелег гар дээрээ өргөн хүндэтгэв.

Тэрээр 4 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт өгсөн амжилтаар шилдэг тоглогч болов. Тэрээр тоглолт бүрт гоол оруулж, эсвэл оновчтой дамжуулалт өгч байсан юм.

Үүний дараа Пеле шигшээ баг дахь замналаа дуусгахаар шийджээ. Хаан салах ёс гүйцэтгэх хоёр тоглолт хийсэн бөгөөд нэг нь Сан-Паулуд Австрийн эсрэг, нөгөө нь “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд Югославын эсрэг тоглосон. Агуу өдрийг тэмдэглэхээр 135 мянган хүн цугларсан юм.

Пеле, Гарринча хоёр хоёулаа талбай дээр гарсан үед Бразил нэг ч хожигдож байгаагүй.

1974 онд Пеле “Сантос”-ыг орхиж, удалгүй Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн Нью-Йоркийн “Космос”-д орж олныг гайхшрууллаа.

АНУ-д очсоноор Пеле дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчин болсон юм. Их цалин авсныхаа хэргийг ч гаргаж, багаа АНУ-ын аварга болгожээ.

1977 онд Пеле агуу замналаа дуусгаж, хөлбөмбөгийг орхилоо. Үдэлтийн тоглолтод  тоглолтод түүний “Сантос”, “Нью-Йорк Космос” багууд тогложээ. Пеле эхний хагасыг Америкийн багийн төлөө тоглож, торгуулийн цохилтоос гоолдсон бол хоёрдугаар хагаст Бразилийн багтаа тоглож дуусгасан юм.

1981 онд Пеле Сильвестр Сталлонетэй хамт "Ялалт руу хийсэн гүйлт" кинонд тоглов. Тэд хөлбөмбөгөөр нацистуудыг ялсан Германы хорих лагерийн хоригдлуудын дүр бүтэсэн юм. Хаалгачийн дүр бүтээсэн С.Сталлоне энэ үеэр "Хөлбөмбөгийн хаан"-тай "10 пенальтигаас нь дор хаяж нэгийг нь хаана" гэж мөрийцсөн гэдэг. Хэн нь мөрийгөө авсан бэ гэдэг ойлгомжтой биз ээ.

1995 онд Пеле Бразилийн Спортын сайд боллоо. Тэрээр авлигын эсрэг хууль хүртэл баталсан бөгөөд энэ нь хожим түүний нэрээр нэрлэгдэх болсон юм.

Пелегийн дараа хөлбөмбөгт Марадонагийн үе эхэлсэн. Сольсон. Тэд халуун дулаан харилцаатай байв.

Зодог тайлсан ч Пеле хөлбөмбөгөөс хэзээ ч холдоогүй юм. 1994 онд, өөрийнх нь үеэс хойш Бразилийн шигшээ баг анх удаа түрүүлэхэд хамгийн түрүүнд баяр хүргэж байв...

Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрийг үздэг байлаа.

Мөн залуу үеэ дэмжиж, урамшуулдаг байв. 2011, 2012 оны үед байх, "Л.Месси дэлхийн шилдэг мөн үү" гэсэн асуултад "дэлхийн шилдэг болохын тулд Неймараас илүү гарах хэрэгтэй болно" гэж хариулан тухайн үед шал түүхийгээрээ байсан Неймарт урам хайрлаж байлаа. Тэд хоёул "Сантос"-ын "бүтээгдэхүүн" гэдгээрээ ижилсдэг.

2021 онд Пелегийн эрүүл мэнд улам дордов. Бүдүүн гэдэсний хорт хавдар түүнийг шаналгаж байв.

Пелегийн сүүлийн зураг. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэсэн юм.

Баяртай, хөлбөмбөгийн хаан минь, баяртай!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэмжигч
Дэмжигч
2022-12-30 21:31

Хааны тухай гоё зургуудтай сайхан тайлбартай бичжээ. Хаан тайван нойрсог.

Холбоотой мэдээ

Back to top button