Гадаад мэдээДЭЛХИЙ

2022 оны тойм: Ялагчгүй тэмцэл, эргэлтийн цэгүүд

Eguur.mn дэлхийн оны онцлох үйл явдлуудыг уншигчдадаа танилцуулж байна. Улирч буй 2022 он дэлхий ертөнцийг машид өөрчилсөн хийгээд цаашид ихээр өөрчлөх эх үндэс тавигдсан үйл явдал ихтэй байлаа. Олон жил ил, далд үргэлжилсэн хоёр туйлын тэмцэл их гарч өрнөлөө хүлээн, шийдвэрлэх мөч ойртож байна. Шийдэл хэрхэн гарах вэ гэдэгт тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчдын гэхээс илүү нийт хүн төрөлхтний хандлага ихээхэн нөлөөлнө.

Цар тахлаас салж ядаж буй дэлхий нөлөөг нь хангалттай шингээн урагшилж эхлэхтэй зэрэгцээд эдийн засаг, улс төрийн байдалд маш том, түүхэн гэж хэлэхээр өөрчлөлтүүд гарчээ. Тиймийн учир эдгээрээс сонголт хийхэд тун хэцүү байсан гэдгийг хүлээн  зөвшөөрье.

Парламентат ёсны эртний уламжлалтай Британи гурван сарын дотор гурван ерөнхий сайд сольсон, Итали, Болгар, Эстонд хоёр туйлтай хэрхэн харилцах вэ, тэнцвэрийг хэрхэн хангах вэ гэдэг маш том шалтгаан буюу хувьсгалын шинжтэйгээр Засгийн газрууд нь огцорсон ( https://eguur.mn/347898/), БНХАУ-ын даргаар Ши Жиньпин дахин сонгогдож, Францад Э.Макрон дахин Ерөнхийлөгч болсон ч Парламентын сонгуульд ялагдаж ирээдүйгээ бүрхэгдүүлсэн /2023 онд огцорно, ерөөс Европын холбооны хувь заяа тунчиг ээдрээтэй болно гэж шинжих хүн олширч буй/ зэрэг олон үйл явдал өрнөж, Их Британийн Хатан хаан Элизавета II, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, хөлбөмбөгийн хаан Пеле сод хүмүүн биднийг орхин одсон хувь хүнтэй холбоотой тод үйл явдлууд болж өнгөрчээ. Шинзо Абэгийн үхэл Японыг ОХУ, БНХАУ-ын эсрэг цэрэглэх боломж олгосон бол, Елизавета II-ынх ИБУИНВУ-ын хувь заяанд нөлөөлөхүйц https://eguur.mn/363595/ жинтэй байлаа.

Австрали, Пакистанд урьд хожид байгаагүй үер, Тонга аралд энэ зууны хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлт болсноос гадна БНСУ-ын нийслэлдийн Итэвон дүүрэгт нарийн гудамжинд хүмүүс шахцалдан олноороо үхэж үрэгдэв. Гэсэн ч манай гарагийн хүн ам найман тэрбумаас давсан түүхэн үйл явдал бас энэ онд тохиолоо.

Олон жил бугшиж явсан хоёр туйлын тэмцэл Украйны дайнаар ил гарч, “Хүйтэн дайн” гэгч юу болохыг бодитоор харуулснаар дэлхий илүү ээдрээтэй, үймээн самуунтай бодит байдлын эрин үе рүү орлоо.

Дээр дурдагдсан болон доор дурдах үйл явдлуудын ихэнх нь хоёр туйлын “Тэмцэл” гэсэн ганц үгээр тодорхойлогдох бөгөөд тусад нь харж, дүгнэх, шийдвэрлэх боломжгүй. Тэмцлийн гол шалтгаан нь хүчний төвлөрөл Евро-Атлантын буюу барууны ертөнцөөс ОХУ, БНХАУ, хөгжиж буй бусад орнууд руу шилжиж буй явдал гэж нэг нь тайлбарлахад "Ардчиллын нөөц бололцоо шавхагдаж, баян хоосны ялгаа хэрээс хэтэрсэн" гэх өөр нэг шалтгааныг нөгөө нь хэлэх.

Товчхондоо, бид илүү төвөгтэй, маргаантай, урьдчилан тааварлашгүй үеийг туулж байна хэмээн урт өмнөтгөлөө өндөрлөөд үйл явдлуудаа нэрлэе.

-БНХАУ, ОХУ Төв Азийг хав барьсныг харуулсан Казахстаны бослого-

Нэгдүгээр сарын 2-ны өдөр Казахстаны Жанаозен хотод шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн иргэд үймээн дэгдээв. Зэвсэглэсэн энгийн иргэд (!!!) дэлгүүр хоршоо тонон дээрэмдэж, машин тэрэг шатааж эхэлжээ. Удалгүй Алма Ата хотод халдварлалаа. Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагууд” (ОДКБ)-аас тусламж хүсэж, энхийг сахиулагчид орж ирлээ. Нэгдүгээр сарын 11 гэхэд байдал бүрэн тогтворжжээ.

Иргэдийн эсэргүүцлийн шалтгааныг К.Ж.Токаев барууны орнуудын өдөөн турхиралттай холбон тайлбарласан. Үнэн ч байж мэднэ. Гэхдээ ганц шалтгаан биш. Цаг хугацааг жаахан ухраахад л төр засаг, сонгуулийн үр дүн, цалин хөлсний хэмжээ гэх мэт олон шалтгаантай эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн Казахстанд байнга болж байдгийг харж болно. 2011 онд Жанаозенд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон. 2016 онд “Газрын” гэх тодотголтой эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өрнөсөн. 2019 онд, одоогийн Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевыг тангараг өргөх ёслолын үер Н.Назарбаевын өргөөний урд 200 000 хүн жагсаж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж байв. 2021 онд гэхэд л хэдэн арван удаагийн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал болж байлаа. Гэхдээ эдгээрийн нэг нь ч энэ жилийнх шиг олон хоног үргэлжилж, хүчээ авч байгаагүй юм.

2011 оны Жанаозены жагсаал нэлээд хүчээ авсан ч Н.Назарбаевын дэглэм энэ жагсаалыг цус урсган дарсан байдаг. Ер нь ард олны эсэргүүцлийн галыг өдөөгч нь Н.Назарбаев юм. Өөрөө хязгааргүй эрх мэдэлтэй, гэр бүл, хамаатнууд нь бүгд улсын баялгийг захиран зарцуулж ам.долларын тэрбумтнууд болсон.

ДНБ нь 508.5 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 27 292$ /Манай улсынх 4000 гаруй/ боловч дундаж цалин 350 орчим ам.доллар буюу манайхтай ойролцоо. Баялгийн ихэнх нь хүн амын багахан хэсэгт төвлөрч үлдсэн 19 сая нь ядуу аж төрж буй. Дэглэм л өөрчлөгдөхгүй бол өөрсдөд нь ч, үр хүүхдэд нь ч боломж олдохгүй гэдгийг казахстанчууд сайтар ойлгож, боломжийг ашиглах ёстойгоо ухамсарласан гэдэг нь “Үнэ буулгах” шаардлагаа “Дэглэм өөрчлөх” болгож томруулснаас нь харагдана.

Казахстанд АБХАГБ-ын энхийг сахиулагчид буюу үнэн хэрэгтээ ОХУ-ын цэрэг орж ирсэн. Улмаар энэ улсад ОХУ, В.Путины нөлөөлөл нь үлэмж ихсэх нөхцөл бүрдлээ гэж тухайн үед дүгнэж байсан ч энхийг сахиулагчид үтэр түргэн буцаж гарсан юм. Гэхдээ л энэ нь ОХУ Төв Азийн улс орнуудад эмх замбараагүй байдал гаргахгүй, гарвал “илбэн тохинуулна” гэдгийг хангалттай харуулсан.

ОХУ-ын Казахстанд үзүүлэх нөлөөллийн тухайд, К.Ж.Токаев өртэй хоцрсон ч Украинд цэрэг оруулсан үйлдэл дээр нь дөрөөлөн зайгаа барьж чадсан юм. Одоо Казахстан ОХУ-ын суларсан орон зайнд тоглолт хийж, Европтой худалдаа хийх бүх сувгийг ашиглахыг чармайж байна. Энэ нь мөн ОХУ, БНХАУ дэглэм л өөрчлөгдөхгүй, тогтворгүй байдал үүсэхгүй бол  төдий оролдохгүй тааваар нь байлгах юм байна гэсэн дохиог бүс нутгийн жижигүүдэд өгсөн хэрэг болж байна.

Украинд болж буй ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа, барууныхны дайн

Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ Донецк, Луганскийн армитай хамтран Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээ зарлалаа. Донецк, Луганскийн иргэдийг хамгаалах, зорилготой, НҮБ-ын дүрмийн 7-р хэсгийн 51 дүгээр зүйлд заасны дагуу, Холбооны Зөвлөлийн зөвшөөрлөөр, Донецк, Луганскийн БНУ-тай байгуулсан найрамдал, харилцан туслалцах гэрээний хүрээнд” гэх албан ёсны тайлбартай энэ ажиллагаа нь үнэн хэрэгтээ АНУ-ЗХУ-ын үеэс эхлэлтэй далд тэмцэл ил гарсан хэрэг байсан юм. Өөрөөр хэлбэл, Украинд барууны орнууд ноёлогч хэвээр үлдэх үү, ОХУ тэргүүтэй бусдад боломж олдох уу гэдгийг шийдэх тулаан өрнөж байна. ОХУ дөрвөн муж нэгтгэсэн зэрэг нь үүний хажууд жижиг асуудал.  

Дэлхийн II дайны дараа ялагч гүрнүүд Евразийг өөрсдийн нөлөөний бүсдээ хувааж авсныг бүгд мэднэ. Энэ нь социализм, капитализмыг шууд хиллүүлж улмаар “Төмөр хөшиг” гэж нэрлэсэн хагарлыг үүсгэсэн түүхтэй. Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль 1946 оны 3-р сарын 05-нд АНУ-ын Фултон хотод “Оросын баатарлаг ард түмэн, миний дайчин анд нөхөр, маршал Сталиныг би гүнээ хүндэтгэж, бахархаж байна… Өрнөдийн ардчилал дээр улааны аюул нөмөрлөө… Балтийн тэнгисээс Адриатын тэнгис, Триест хүртэл Европ тив дээгүүр Төмөр хөшиг татагдлаа. Төв болон дорнод Европын эртний улсуудын нийслэл тэр хөшигний цаана орлоо…” хэмээн мэдэгдэл хийснээр Хүйтэн дайн эхэлсэн. Хүчирхэг Германыг буулган Дорнод Европ, Төв Европыг нөлөөндөө авсан Й.Сталин ид формтой цэрэг зэвсгийн хүчээ ашиглан цааш нэг алхаад л баруун Европыг атгандаа оруулна гэж тооцож байсныг мэдэрсэндээ У.Черчилль дээрх мэдэгдлийг хийж АНУ-аас өмөг түшиг хүссэн ч гэж болно. Үүний дагуу Умард Атлантын цэргийн эвсэл байгуулагдаж, “Хүйтэн дайн” гэж нэрлэгдсэн геополитикийн харгис тоглоом, ардаа эзэнтэй дайн тулаанууд эхэлсэн байдаг.

Энэ тэмцэл явсаар чинээндээ тулж, ил гарч буй хэрэг. Ялгаа нь, 70 жилийн өмнө ЗХУ баруун Европыг айдас хүйдэст автуулж байсан бол одоо НАТО, баруун Европ дэглэмээ хадгалж үлдэхийн тулд ОХУ-ыг нэгмөсөн дарахаар айлгаж байна. Нэгэнт эхэлсэн энэ тэмцэл хаана хүрч дуусахыг одоо тааварлах аргагүй.

Хоёр системийн энэ зөрчил жижиг орнуудыг хүнд байдалд оруулах төлөвтэй. Тэд барууны тогтоосон сорон мөлжих тогтолцоог нураахыг хүсэж буй ч энэ тэмцэлд ОХУ, БНХАУ ялсан тохиолдолд тогтох дэглэмээс нь айж байгаа нь нууц биш юм.

Э.Макроны ялалт, ялагдал

Дөрөвдүгээр сарын 24-нд болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад Э.Макрон ялж, улирлаа. Энэ бол энэ оны онцлох үйл явдал мөн. Гэхдээ дараа нь болсон Парламентын сонгуульд ялагдсанаар нөлөөгөө бэхжүүлж чадсангүй. Энэ нь Франц төдийгүй Европын холбооны сул тал болж, ОХУ-тай явуулж буй далд тэмцэлд нөлөөлж мэдэх нөхцөл үүсээд байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр сонгууль хоёул эргэлтийн цэг байж мэдэхээр болжээ.

“Брексит”-ийн дараа Европын холбооны лидерийн үүрэг Германаас Францад шилжсэн. А.Меркелийн явуулж байсан, алдаа оноотой бодлого хоёрдугаар эгнээнд байсан Францад өөр санаа дэвшүүлэх боломжийг олгож, байр суурийг нь бэхжүүлсээр тэргүүлэгчийн байр сууринд гаргаж ирсэн.

Гэтэл төрөлх Францаа Европын холбоотой хамт  илбэн тохинуулах учиртай Ерөнхийлөгч Э.Макроны улсдаа тогтоосон нөлөө А.Меркелийн Германд тогтоож байсантай зүйрлэшгүй сул буй нь асуудал үүсгэж байна.

Тэрбээр Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон ч дараа сард нь болсон Парламентын сонгуульд эвсэл нь олонх болж чадаагүй. Үр дүнд нь зүүний үзэл баримтлалтай NUPES эвсэл, Марин Ле Пен тэргүүтэй хэт барууныхны эрх мэдэл батжиж, 2023 оны төсөв болон амин чухал олон хуульд нөлөөллөө. Түүний хийе гэж зорьсон, үнэндээ ч маш чухал Тэтгэврийн шинэчлэл одоогийн энэ байдлаар бол явахгүй гэдэг нь тодорхой болсон.

Улс төрийн өрсөлдөгчидтэйгээ зөвшилцөөд яваад байх нь түр хугацаанд гал намжаасан хэрэг болохоос урт хугацааны шийдэл биш. Тиймээс Э.Макрон одоо Парламентаа тарааж, эрх мэдлээ батжуулж авах боломжийн талаар нухацтай бодож байна. Франц хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс тул ийм боломж бий.

Гэтэл нам нь дахиад ялагдвал яах вэ. Шинээр зарлах сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрыг Марин Ле Пен тэргүүлэх бүр илүү муу хувилбар ч бий. Энэ тохиолдолд Ерөнхий сайд улс орны гол хүн болж, Ерөнхийлөгч хоёрдугаар эгнээнийх болж хувирдаг. Марин Ле Пен бол Европын холбооны эсрэг үзэлтэн гэдгээ хэнээс ч нуудагггүй нэгэн. Энд Европын холбооны цаашид оршин байх эсэх асуудал сөхөгдөж, Зүүн Европын улсуудыг ОХУ руу тавиад туучих ч эрсдэл үүснэ. Дэлхийн дэг журмын асуудалд тулж очно. Гэсэн ч дэг журмыг өөрчилж болохгүй гэдгийг иргэд нь сэтгэлийн гүндээ ойлгож байгаа гэж найдаад аз туршихаас аргагүй гэж үзэх шинжээчид байгаа юм.

Японыг цэрэглэх боломж олгосон Шинзо Абэгийн аллага

Долдугаар сарын 8-ны өдөр Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотноо сонгуулийн сурталчилгааны хүрээнд иргэдтэй уулзаж байгаад бусдад алагдав. Гэмт этгээд нь Нара хотын оршин суугч, 41 настай Тэцүя Ямагами гэгч. Аллагын шалтгааныг зүйл бүрээр тайлбарлаж буй ч аллага сонгуулиас хоёр хоногийн өмнө гарч, гэмт этгээдийг эхлээд хятад, дараа нь солонгос гаралтай гэж цуурсан, улмаар сонгуульд нам нь ялж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх авсан зэргээс харвал улс төрийн аллага гэдэг нь тодорхой харагддаг.

Тодруулбал, сонгуулиар Ш.Абэгийн нам Парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний суудлыг авч, батлан хамгаалах бодлогоо эрчимжүүлэх боломжтой болсон юм ( https://eguur.mn/344325/).

Япон ингэснээр ОХУ-ын цэргийн үлэмж хүчийг Дорнодод тогтоон барих бөгөөд энэ нь АНУ, Европ тэргүүтэй холбоотнуудад ашигтай тусах учиртай.

Хатан хаан Элизавета II таалал төгсөж, эзэнд гүрэнд эрсдэл учирлаа   

Есдүгээр сарын 8-ны өдөр Их Британийн Хатан хаан Елизавета II Шотландад таалал төгслөө. Түүнийг Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд талийгаач эцэг, эх, нөхрийн нь хажууд оршуулсан юм. Оршуулах ёслол нь оролцсон дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн тоогоор лавтай энэ зуунд дээд амжилт тогтоох хэмжээнд болж өнгөрсөн.

Тэрээр засагласан хугацаагаараа Хатан Хаан Викторияг гүйцэн бүх цаг үеийн тэргүүнд бичигдээд байсан бөгөөд титэм өмссөн цагаасаа хойш ИБУИНВУ-ын бэлгэдэл, бүрэн бүтэн байдлын баталгаа болж ирсэн юм. Тэрээр нас барснаар энэ баталгаа үгүй болж байна. Учир нь ач холбогдлын хувьд түүний үхэл эзэнт гүрний задралыг эхлүүлж байгаа бөгөөд хамгийн том алдагдал нь Шотланд, Австрали байх юм (https://eguur.mn/363595/).

Ши Жиньпин насаараа төр барих эхлэлээ тавив

Аравдугаар сарын 22-нд Ши Жиньпин ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа улиран сонгогдлоо. Ингэснээр тэр Хятад орныг удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч болсон юм. Түүнийг БНХАУ-ын дээд албан тушаалтан дээд тал нь хоёр удаа улиран сонгогддог журмыг өөрчлөхөд олон хүн “Бүх насаараа дарга хийх замаа заслаа” гэж байсан. Энэ нь ч үнэн болж байна.

Учир нь, ирэх таван жилд БНХАУ-ын удирдах долоон хүн бүгд Ши Жиньпиний залгамжлагч байх боломжгүй буюу Ши Жиньпин 69, Ли Чянь 63, Жао Лэжи 65, Ван Хунинь 67, Цай Чи 66, Динь Шуэшянь 60, Ли Ши 66 настай байгаа юм. Гэтэл удирдлагыг гартаа авах хүн УТТ-ны гишүүнээр дор хаяж нэг сонгуульт хугацаанд ажилласан байх ёстой гэхээр Ши Жиньпин дахиад лавтай 10 жил эрх мэдлээ хэрэгжүүлэхээр байна.

Тэрбээр ХКН-ын шинэ 100 жилийн зорилтоо хэрхэн тодорхойлсныг https://eguur.mn/369720/ линкээр орж үзнэ үү.  

Ираны эсэргүүцлийн жагсаал

Есдүгээр сарын 19-нд Иран даяар иргэд төр засгаа эсэргүүцэн бослоо. Хувцаслалтын дүрэм зөрчсөн хэргээр цагдаад саатуулагдаад байхдаа амь насаа алдсан Махса Амин гэгч 22 настай эмэгтэйн үхэл иранчуудын бухимдлыг төрүүлж, гудамжинд гарч ирэхэд хүргэсэн юм. Хөдөлгөөн эхэлсэн цагаасаа хойш  бусад мужуудад халдварлаж, илүү эрхтэйгээр өрнөж буй.

Эсэргүүцлийн жагсаалд эмэгтэйчүүд оролцож, гивлүүрээ шатааж буй дүр зураг барууны хэвлэлээр цацагдсан. Эсэргүүцлийн хөлдөлгөөн эхэлсэн цаг хугацаа  НҮБ-ын чуулгантай давхацсанаас болсон уу, эмэгтэйн үхлийг мөрдөн шалгахыг НҮБ-аар шалгуулах ч саналыг гаргаж, тус байгууллагын Хүний эрхийн дээд Комиссарын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийсэн. Дээр нь, амиа алдсан эмэгтэй курд үндэстэн байсан нь "Иранд үндэстний цөөнхөд дээрэнгүй ханддаг" гэж сурталчлах үндэслэл болж, улам хүчээ авсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button