Пелег дэлхийн хамгийн өндөр оршуулгын газарт нутаглуулна

“Хөлбөмбөгийн хаан” Пелег оршуулах ёслол Сан Паулу хотод болж байна. Хөлбөмбөгчийн шарилыг түүний төрөлх баг “Сантос”-ын “Вила Белмира” цэнгэлдэхэд байршуулсан бөгөөд ёслол орон нутгийн цагаар 10.00 /Улаанбаатарын цагаар 21.00/ цагт эхэлжээ. 1956-1974 он хүртэл 18 жил үргэлжилсэн Сантос дахь гайхамшигт замналаа тэрээр чухам энэ цэнгэлдэхээс эхлүүлж байсан юм.
Шүтэн бишрэгчид нь Пелегийн шарилд тодорхой зайд ойртож, хүндэтгэл үзүүлэх боломжтой. Салах ёс гүйцэтгэх ажиллагаа 24 цаг ажиллах бөгөөд дараа нь хөлбөмбөгчийн шарилыг хот дундуур аялуулж, 100 настай ээж Дона Селестегийн гэрт аваачна. Улмаар 14 давхар өндөр оршуулгын газарт оршуулах юм. Ёслолд зөвхөн хөлбөмбөгийн хааны гэр бүлийнхэн оролцоно.

Эдсон Арантис ду Насименту буюу Пеле өнгөрсөн сарын 29-ний өдөр 82 насандаа бүдүүн гэдэсний хорт хаврын улмаас нас барсан юм. Тэрээр тоглогчийн хувиар ДАШТ-д гурвантаа түрүүлсэн (1958, 1962, 1970 онд) цорын ганц тоглогч бөгөөд шигшээ багтаа 92 тоглож, 77 гоол оруулж байв.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөлбөмбөгийн хаанд хүндэтгэл үзүүлж, улс бүрт нэг цэнгэлдэхийг Пелегийн нэрэмжит болгох санаачилга гаргаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.