Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

“UBCab”-ийн захирал Н.Отгонбаяр: Хөргөгчиндөө хоолгүй, өдөр болгон шантармаар байсан ч бууж өгөөгүй

Монголчуудыг такси үйлчилгээний шинэ соёл, дадалд сургаж буй “UBCab”. Гэрийн гаднаас ирж аваад, яг л зорьсон газарт нь буулгаж өгнө. “Зам түгжрэлтэй байна, та ингээд буучих уу” гэх бүдүүлэг үгсээ жолооч тулгахгүй, бид ч  тамхины баагисан утаанд явахгүй. Тэр утгаараа гагц хэрэглэгч нарыг ч биш жолооч нарыг ч шинэ соёлд дуудсан юм.

Монгол залуус хамтран эхлүүлсэн энэ бизнес 10 жилийнхээ босгон дээр баярын нулимстайгаар хэд, хэдэн шагнал хүртэв. 23 мянган ажлын байрыг бий болгож, 700 мянган хэрэглэгчтэйгээр 2022 оныг үдсэн “UBCab”-ийг онцлон ярилцлагын зочноороо гүйцэтгэх захирал Н.Отгонбаярыг урилаа. Тэр хэдхэн хоногийн өмнө “Эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг залуу” болж, “Next stop 2022” ёслолын тайзнаас шагнал гардан авсан юм.  


-Шагнал авдаг өдөр аавынхаа зангиаг зүүгээд очсон гэсэн. Тэр зангианы тухай яриагаар л ярилцлагаа эхлүүлмээр санагдлаа?

-Аав маань эрчим хүчний инженер хүн байсан. Москвагийн эрчим хүчний сургуулийг төгссөн анхны таван инженерийн нэг.  Намайг наймдугаар ангид байхад бурхан болсон. Санаандгүй гэртээ юм ухаж байгаад, аавынхаа зангиаг олсон юм. Түүнээс хойш амьдралынхаа баяр жаргалтай гол, гол өдрүүдэд бэлэгшээн зүүж, гангардаг болсон. Миний сахиус гэх юм уу даа. Одоо ч тэр зангианаас аавын минь түрхдэг ус үнэртдэг. Ер угааж байгаагүй. Угаах ч үгүй. Ихэд нандигнан хадгалдаг даа.

Аав минь хүний хорвоогоос эртээ буцсан ч гэсэн сайн яваагаа ижийдээ харуулж буйдаа баяртай байдаг. Ихээ олон жил баярлуулна. Ижийгээ өргөж амьдрах юм сан гэж л боддог юм.

-Тайзан дээр зогсож байхдаа “UBCab”-ийн дараагийн алхам улс төр биш” гэж хэлсэн. Ямар зах зээл дээр тоглолт хийхээр төлөвлөж байна вэ?

-Улс төрд ямар хүн байгаасай гэж хүсэж байна вэ гэхээр сахил хүртсэн лам шиг л хүн. Эд, мөнгөнд шунадаггүй. Ёс суртахуунтай. Ер нь бусдын төлөө амьдрах гэж байгаа хүн олзонд нүд аньж чаддаг л байх ёстой.

Монголд улс төрч нь ч мэдэгдэхгүй, бизнесмэн нь ч мэдэгдэхгүй хүн маш олон байна. Бизнес нь амжилттай явж байвал улс төрч болно. Эсвэл улс төрч болсон хүний бизнес нь амжилттай явдаг зүй тогтолтой болж. Миний хувьд 17-18-тайгаасаа УИХ-ын гишүүний биет төлөөлөгчөөр ажиллаж, ИТХ-д хүртэл сонгогдож байсан удаатай.  ИТХ бол огиудас хүрмээр газар. Би хэдийнэ улс төрөөс сэтгэл хөрсөн.

Одоо бид цахим флатформоор малчдын махыг зарж өгнө. Бидний л хийх ажил юм байна гэж харсан. Өнгөрсөн жил таван сумаар явж, малчидтай уулзсан. Хөдөөгийн хүмүүсийн амьдрал үнэхээр аймаар байна. Малчид маань ядуу хэвээр. Бид 10 мянган малчин нэгтгээд, ийм стандарт хангачихвал килограммыг нь тэдээр зараад өгье гэсэн санал тавьж буй. Малчдаа бүртгээд эхэлчихсэн. Энэ ондоо ажил хэрэг болгоно. Хөдөө аж ахуйд хийх юм зөндөө байна.

Мөн энэ онд бид "UBCab Shuttle" үйлчилгээгээ эхлүүлнэ. Олуулаа нэг чиглэлд суугаад явдаг үйлчилгээ гэсэн үг. Өнгөрсөн онд хөгжүүлэлт нь хийгдээд бэлэн болчихсон. Автобусны буудал дээр зогсох эрх авах тул Нийслэлтэй хамтрах зайлшгүй шаардлагатай байгаа. Хүсэлтээ өгчихсөн, тэр маань нааштай л байна. Хүсэлтийг маань зөвшөөрчихвөл оргил ачааллын үеэр тодорхой чиглэлүүдэд мини автобус яваад эхэлнэ гэсэн үг.

2023 он бол бидний хувьд шийдвэрлэх жил болж байна. Бид нээлттэй хувьцаат компани болох цаг хугацаа нь боллоо гэж үзээд IPO гаргах гэж байна.

Түүнчлэн бид апп суурьтай шийдлээр сууц өмчлөгдчийн холбоог шилэн болгоно. Түүнийг дагасан цэвэрлэгээний компани яригдаж байна. Ойрын гурван жилийн төлөвлөгөө бол гарчихсан. Өдөр хоногтой уралдаад л явж байна.

-Анх UBCab-ийг эхлүүлэхдээ ямар түвшинд хүргэнэ гэж зорьж байв. Одоо түүнийхээ яг хаана нь явна?

-Нуугаад яахав. Анх эхлэхдээ том юм мөрөөдөөгүй. Энэ чинь хүний анхдагч хэрэгцээ шүү дээ. Өөрсдөө үнэгүй таксинд явчихна даа гэж төсөөлж байсан./инээв/ Өнөөдөр 23 мянган жолооч, 700 мянган хэрэглэгчтэй болчхоод байна. Энэ тоон өсөлтийг их холын юм байх гэж харж байсан. Гайхалтай нь, технологийн бизнес асар том үсрэлтийг үзүүлдэг юм байна. Компаниа дагаад л хөгжиж байна даа. Захирал хийж, олон мянган алдаа, оноогоо удирдаж сурч байна.

-Харилцааны өөр, өөр боловсролтой бие хүмүүсийг бүртгэлжүүлж, UBCab”  гэх нэгэн малгайн дор оруулахдаа ямар дүрэм барьж ажилласан бол гэдгийг тань мэдмээр санагддаг?

-Муу жолооч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үйлчилгээний стандартыг хэрэглэгч тогтоож буй тул муу жолооч нь шахагдана л гэсэн үг. Манайхан ч одоо үйлчилгээ авч сурч, соёлжиж байна. “UBCab"-аас жолооч дуудсан чинь муу хүн хүрээд ирсэн, улс төр ярьдаг, бохир заваан” гэх мэт гомдлоо сошиалд тавьдаг. “Та манай оператор руу хэлсэн үү. Апп дээр жолоочоо үнэлээд, ховлосон уу” гэхээр “Үгүй ээ, нэг хүнийг хоолтой нь байлгая” гэнэ. Ийм байхаар хэзээ стандарт тогтох юм. Уг нь бол үйлчилгээ авахдаа сайн жолоочтой таарвал сайн, муу жолоочтой таарвал муу үнэлгээг нь өгчих хэрэгтэй. Тэгвэл сайн нь үлдээд, муу нь шахагдана. Ийм л дүрэмтэй. Гэхдээ бид нэг хүний гомдлоор шууд шийдвэр гаргахгүй. Тухайн жолооч сүүлийн 15 аялалдаа ямар, ямар үнэлгээ авсныг нь харж, дундажлаад доош үнэлгээ авсных нь дуудлагыг хаачихдаг.

-Дуудлагаа яаж нээлгэх үү?

-Шууд нээхгүй. Машин нь бохир гэсэн үнэлгээ авсан байвал угаалгасных нь дараа, харилцааны асуудалтай гэсэн бол сургалтад суулгана. Одоо ч нэг үеэ бодвол сайхан болж байна. Энэ бол үйлчилгээ авах бүрдээ үнэлгээ өгдөг хэрэглэгчдийн гавьяа.

-Одоо 23 мянгуулаа болчихсон. Хэрэглэгчийн тоо 700 мянга давчихсан. Жолооч нарыг өөрсдийнхөө нэг болгож, хэрэглэгчдийг үйлчилгээндээ татаж оруулахад юу хамгийн том хөшүүрэг болсон гэж хардаг вэ?

-Анх өөрөө утасны оператор хийж, дуудлагын таван жолоочтойгоор эхэлсэн. Жижигхэн оффис түрээслээд л.  Жилийн дараа нэлээн аятайхан болоод 20 гаруй хүн нэг ээлжинд гардаг болсон. Тэгж яваад "Mizorn technologty" гээд "IT"-гийн компанийн залуустай нөхөрлөж,  UBCab-ийг эхлүүлсэн. Хэрэглэгчийн тоо нэмэгдэхгүй, олигтой орлого олохгүй. Зүтгэж, зүтгэчхээд амжилт олохгүй бол яана гэх айдастай. Nokia утас нэг л өдөр байхгүй болчихсон шиг тийм л түүх үлдэх вий гэх айдас. Эхлээд бид жолооч нартайгаа очиж уулзаад, “ийм системд орооч” гэж гуйсан. Орсон жолооч өөр нэг таньдаг жолоочоо, тэр нь бас нэг жолоочоо гэх мэтээр яг л сагсны бөмбөг дамжуулж байгаа юм шиг нэмэгдсэн дээ. Нэг өдөр ажил дээр настайдуу ах орж ирээд “Ах нь гараа өргөсөн хүн бүхнийг л авдаг байсан. Харин танайд ороод бензинээ зарцуулалт хоёр дахин багасаж, орлого хоёр дахин нэмэгдчихлээ” гэсэн. Энэ мэт бодит өөрчлөлтүүд л "UBCab" рүү гэх жолооч нарыг нэмэгдүүлсэн.

Харин бидний тууштай байдал л өнөөдрийн хэрэглэгч бий болгосон болов уу. Ижил төстэй системүүд гарч ирээд бууж өгөөд л байсан. Харин биднийг  “Гэртээ нэг тор юм авч ордог байсан бол "UBCab" байгаа учраас маргаашийнхаа орлогод санаа зовохгүй хоёр тор юм авч ордог боллоо” гэх залуусын үг тууштай байлгасан.

-Удирдлагын баг огт задраагүй гэж сонссон?

-Анх хоёр өрөө байранд эхэлсэн. Хоёр талаасаа чемодантай нийлнэ гэдэг шиг л. Цалинтай, цалингүй, оффисын түрээсээ төлж чадахгүй тогоо таслуулаад явж байсан үе ч бий,  бидэнд. Тэр үед салж сарничхаагүй гол шалтгаан бол жолооч нар. “Битгий орхиорой, наадахын чинь буянаар л явж байна. “UBCab”-гүйгээр амьдралаа төсөөлөхгүй. “UBCab”-аас болоод машинаа зарчихсан шүү” гэх үгс биднийг урагшлуулж байсан.  

Одоо оффис маань 100 гаруй хүнтэй. Өнөөдрийг хүртэл ажлаас гарсан тохиолдол тун цөөн. Гарын таван хуруунд л багтах байх. Үндсэн багийн гишүүд огт солигдоогүй. Тодорхой түвшинд хүрчхээд бизнесээсээ хөндийрч, цалин тавиад, гүйцэтгэх удирдлагаараа өөр хүн тавиад алддаг нь бизнес эрхлэгчдийн алдаа юм болов уу гэж бодсон. Бидний хувьд одоо хүртэл ачаагаа үүрээд явж байгаа. Тэр утгаараа баг задраагүй болов уу. Мэдээж бидний амжилтын хамгийн гол түлхүүр үнэнч нөхөрлөл. Бид цөөн үгээр л нэгнээ ойлгодог болчихсон.

-Шантармаар өдрүүд байсан л байх. Тийм өдрүүдийг давж гарсан түүхээсээ хуваалцаач?

-Өдөр болгон л тийм байсан. Гэртээ очоод хөргөгчөө онгойлгоход хоолгүй. Олж байгаа орлого нь хүрдэггүй, хэрэглэгчид ойлгодоггүй. Хамгийн их шантармаар юм нь төр засгийн дарамт, шахалтууд л байсан. Түгжрэл үүсгэдэг. Бид таксиныхаа стандартыг авах гэж есөн сар явж байсан. Бүх шатаар нь явж үзсэн. Ер нь бол өдөр болгон шантармаар байсан ч бууж өгөөгүй.

-Жолооч нараа авто угаалга, үзлэг оношилгоо, хоолны газартай болгосон. Удирдлага нь алив юмсыг ойлгож, хайрлах зүрхээ алдаагүй юм байна гэж бодсон. Ийм хүн ямар амьдрал дундаас босож, өндийсөн нь сонин?

-Гурав, дөрөвдүгээр хороололд төрж өсөж, “Монгени" цогцолбор сургуулийг төгссөн. Намайг анхны хувийн сургуульд сургасанд их баярладаг юм. Аав, ээж хоёр маань жирийн л инженерүүд. Улаанбаатар хотын шугам сүлжээнд насаараа ажилласан. Би таван хүүхэдтэй айлын отгон нь. Бизнесгүй хэрнээ зээл авч байгаад л сургасан. Тухайн үед миний төлбөр өндөр байсан. Гэвч аав ээж хоёр өөрсдөө 40 мянгын цалинтай. Анхны хувийн сургууль гэхээр бололцоотой, ядаж найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг хүмүүс хүүхдээ өгч байсан байх. Солонгорсон ангид хүүхэд нас минь өнгөрсөн. Нэг хэсэг нь өдөр болгон шинэ хувцас сольж өмсөөд л. Мань мэт нь байгаагаа л өмсөнө. Заримдаа ах нарынхаа орос формтой. Эмзэглэх юм байдаг л байсан. Тэр нь дайчин чанар суулгадаг юм байна гэж бодсон. Их олон зүйлсийг нэг дор харсан даа. Хувьдаа бизнес хийвэл сайхан амьдарч болох юм байна. Өдрийн цайндаа хиам, талхтай ирж болох юм байна гэдэг харьцуулалтыг ойлгосон. Гурван ахтай хүн чинь биеэр дээрэлхлүүлэхгүй ч, бэлээр л жаахан дээрлэхүүлчих гээд байдаг байсан./инээв/ Хүнтэй муухай харьцах муухай гэдгийг тэндээс л мэдсэн дээ. 

-Анх аялал жуулчлалаар их сургуульд орж, түүнээсээ гараад бизнесийн чиглэлээр сурсан  юм билээ. Тэгж яваад УИХ-ын гишүүний биет төлөөлөгчөөр, ИТХ-д хүртэл орж ажилласан. Эдгээр он жилүүдийг одоо бодоход  явах л ёстой зам байж уу?

-ЕБС-ийг үеийнхнээсээ нэг жилийн өмнө төгсөж байсан. Тэгэхэд том ах “Чи юунд яараад байгаа юм. Хүнтэй суух гээд байгаа юм уу” гэж билээ. Үеийнхнээсээ түрүүлж төгсчхөөд янз, янзын юм оролдсон. Төгсөлтийн монтаж хүртэл хийж байлаа. Тэгж яваад, сонгуульд ажилласан. Дараа нь тухайн хүнийхээ туслахын туслахаар ажиллах болсон. УИХ-ын гишүүний биет төлөөлөгч хийсэн тэр он жилүүд л тархи толгойг минь 100 хувь өөрчилсөн. Яг төлөвшлийн үе байсныг ч хэлэх үү. Өдөрт 20 хүн орж ирээд өргөдөл өгнө. Амьдралаа ярихаар нь дагаад уйлна. “Таван айлд л гэр өгье. Хамгийн ядарсныг нь сонго” гэхээр нь өнөөх айлууд руу явж үзнэ ээ. Тэр үед хүүхэд байхдаа туулсан миний амьдрал юу ч биш гэдгийг ойлгосон. Асар их бодох юм өгсөн цаг хугацаа байсан даа.  Одоо би дүү нартаа нийгмийн ажил хийж бай гэж хэлдэг. Нийгэм гэдэг чинь зах зээл. Зах зээл гэдэг чинь бизнес. Хүн ганц олдох амьдралдаа өдөр бүр 8 цаг хүний төлөө ажиллана гэдэг өрөвдөлтэй. Зах зээлийн дүрэм тодорхой ийм үед аль болох хувьдаа бизнестэй л болоорой гэж хэлдэг юм.  

-“UBCab” нэг хэсэг эрчээ авсан. Түгжрэл, хүмүүс мөнгөгүйдсэнээс үүдээд саяхан нэг хэсэг хэрэглэгчийн тоо саарав уу гэж харсан. Түгжрэл та бүхний бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

-“UBCab”-ийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа.Хүмүүс түгжрэлийн үеэр “UBCab” дуудахаар ирдэггүй гэдэг. Хэлэхэд амархан л  даа. Гэхдээ өөрөө жолооч болох юм бол мэднэ л дээ. Дуудлага ирчихсэн байгаа ч зам нь нам зогсчихсон байгаа байхгүй юу. Нисэхгүй л бол яаж очих вэ дээ. Харин түгжрэлгүй үед манай жолооч нар уралдаад л дуудлага авч байгаа.

-Улаанбаатарчууд түгжрэлийн сайдтай болсон. Түгжрэлийг шийдэх ямар гарц, гаргалгаа байна гэж харж байна?

-Гурван сая хүний нэг сая нь машинтай болчихсон байна. Үүний гол шалтгаан нь төр ажлаа хийгээгүйнх. Нийтийн тээврээ хөгжүүлээгүй. А цэгээс Б цэг хүрэхийн тулд иргэн хувьдаа автомашинтай байх л сонголттой. Идэр есийн хүйтэнд автобусны буудал дээр 30-40 минут зогсчихсон эцэг маргааш нь ямар ч хамаагүй аргаар автомашин худалдаж авч байна. Ядаж аавынхаа үүргийг биелүүлэх гэж л. А цэгээс Б цэгт зорчих биш дулаахан байх хэрэгцээг нь хангах гэж л автомашин худалдаж авч байна. Түүнээс биш хэн ч өнөөдөр ажил гэрийнхээ хооронд 2-3 цаг, багадаа 1.30 цаг явдаг амьдралын хэв маягийг хүсэхгүй. Төрийн буруу гэдгийг бүх шатандаа ч хүлээн зөвшөөрөөд, хот нь ч асуудлыг нь шийдэж чадахгүй юм байна гээд Засгийн газрын хэмжээнд үндэсний хороотой боллоо. Түгжрэл гамшиг болчихсон, ус алдаад байгаа юм бол крантаа хаах хэрэгтэй. Крантаа хаахгүйгээр шалаа арчаад, янз бүрийн шийдэл яриад л. Жил бүр Монголд 70 мянган машин орж ирж байгаа байхгүй юу. Үүний хэдэн хувь нь Улаанбаатарт шингэхэв. Ийм байхад бид түгжрэл бууруулах тухай яриад яах юм. Түгжрэлийг дагаад худалдаа наймаа хүртэл түгжирч байна. Онлайнаар юм зардаг хүн өглөө захиалгаа аваад, орой гарахад дээд тал нь 10 айлд л хүргэлт хийж байна.

Бид үүнийг хэрхэн шийдэх вэ гэж үү. Торгуулиа төлж байгаа хүн алга. 21 хувь нь л торгуулиа төлдөг юм билээ. Дэлхийн бусад орнууд шиг торгуулиа өндөрсгөж, төлөөгүйг нь шүүхэд  дууддаг байх хэрэгтэй. Торгуулиа үзлэгт ороход нь авах ёстой. Үзлэгт орохын өмнө даатгал, татвар, торгуулиа төлсөн байхыг шаарддаг. Үзлэгт орсон машиныг л хөдөлгөөнд оролцдог байвал зүгээр. Яг үнэндээ бол зарим машины торгууль өөрийнх нь үнийг давчихсан байгаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаад  баригдвал мөнгө өгөөд л. Тасархай шугамгүй газраар давж байсан ч яах ч үгүй. Улаан гэрлээр гарч байсан ч яах ч үгүй. Энэ болгон чинь л түгжрэл байхгүй юу, уг нь. Одоо бол би ч хотын дарга болсон түгжрэл шийдэж чадахгүй. Дэг журам хэрэгжихгүй, ард иргэд нь хариуцлагыг өөртөө ер ярьдаггүй юм чинь.

Тэгээд автобусны бохир завааныг гайхаад л. 500 төгрөгөөр явж байгаа юм чинь хэн  тэрийг, ямар мөнгөөр цэвэрлэх юм. 500 төгрөгөө 2000 болговол хувийн хэвшлүүд ороод л ирнэ. Халамж чинь түгжрэл болчхоод байна шүү дээ. Торгож байгаад л өршөөчихье гэдэг. Нэгдүгээр эгнээгээр явж болохгүй  гэдэг ч камергүй газар бүгд л дүрэм зөрчдөг. Бүгд л ингэж бие, биенийгээ хуурч амьдардаг. Энэ л түгжрэлийн гол шалтгаан.  Түгжрэл бидний толгойд байгаа. Шийдвэр гарга гээд сонгочихсон хүмүүсээ шийдвэр гаргах гэхээр нь “тэгэхгүй, болохгүй” гээд л. Бүгдээрээ хаус байдалд орчихсон.

-Крантыг нь хаа гэлээ. Импортоор орж ирж буй машины урсгалыг хаачхаар хүний өмч хөрөнгөтэй байх эрхэнд халдчих юм биш үү?

-Крант хаа гэдгийг ч бас гарчигаар нь ойлгомооргүй байна. Хуучин машин худалдаж авахаа л больчих хэрэгтэй. Хуучин машины импортыг зогсооё. Монголд ямар машин орж ирж байна гэхээр 9 жилтэй машин орж ирж байгаа. Бүх ченжүүд хэлнэ. Бид бүх олсон мөнгөөрөө машин худалдаж аваад байна.

Уг нь бол бид “А цэгээс Б цэгт хүүхдээ хүргэмээр байна. Ажилдаа явмаар байна. Надад тохилог автобус хэрэгтэй байна” гээд шаардах ёстой. Гэтэл хүн болгон хувьдаа машин барьчхаад, “Зам барьж өг, гүүр барьж өг” гээд шаардаад байна. Гол асуудалд бас бидэнд байна гэсэн үг. Нийтээрээ замын хөдөлгөөний торгууль шийтгэлээ төлдөг болчихвол нийгэмд шударга ёс тогтох гээд байна.

-Өнгөрсөн оноо дүгнээд ярилцлагаа өндөрлөе. "UBCab"-ийнхний хувьд ямар он байв?

-2022 он кино шиг л байлаа. Бид бизнес төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Улсын маань Ерөнхий сайд хүртэл манай компани дээр хүрэлцэж ирлээ. Энэ оноос төрийн албан хаагчид хувьдаа машинтай байхаа больж, таксигаар явдаг болох юм билээ. Бид тендерт нь оролцоод, шалгарчихсан байгаа.

"UBCab Shuttle" маань ажил хэрэг болох гээд явж байна. Энэ жилийн “Play time”-аар энэ үйлчилгээгээ танилцуулж, 15 мянган хүн зөөлөө.  Жолооч маань 10 гаруй мянгаар нэмэгдлээ. Хэрэглэгчийн тоо ч өслөө. Хамгийн гол нь манай жолооч нар татвар төлж эхэллээ. Олон нийтэд хуваалцмаар сайхан тоонуудтай,  үр дүнгүүдтэй жил байлаа.

ВИДЕО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-04 08:59

Сайхан үйлчилгээ шүү Амжилт хүсье

Зочин
Зочин
2023-01-04 08:59

Үнэхээр тухтай амар үйлчилгээ шүү

Зочин
Зочин
2023-01-04 09:00

Ub cab соёлтой сайхан үйлчилгээтэй, дэмжиж байна, миний хүүхдүүд таксидах хэрэг гарв## Ub cabaa дууддаг

Зочин
Зочин
2023-01-04 09:16

Сайн үйлчилгээтэй сэтгэл амар юмаа мартаад буусанч буцах эзэнтэй үйлчилгээ сайтай мундаг хамт олонд амжилт хүсье

Зочин
Зочин
2023-01-04 10:08

Нүдэнд дулаахан, гэгээ татуулсан сайхан з##уу байнаа. Ажлын амжилт хүсье. Фб найзаас нь.

otgoo
otgoo
2023-01-04 10:33

mundag

zochin
zochin
2023-01-04 10:45

Amjilt????

Зочин
Зочин
2023-01-04 10:46

Ямар энгийн сайхан з##уу вэ

zochin
zochin
2023-01-04 11:16

vnen super zuv setgehvitei zaluu bna umnuus ni mash ih bayrlasan ilvv ihiig hiij bvteegeerei amjilt hvsey.

Зочин
Зочин
2023-01-04 12:57

Ажил хэрэгч сайн з##уу амжилт хүсье. УИХ-д баячууд нь бизнесээ хамга##ж нэмэгдүүлэх гэж ИТХ-д хорчингууд бага бизнесүүд ордог. Ингэж хамга##атад орохгүй бол самруулчих гээд байдаг Монгол төрийн эмгэнэл юм даа

Зочин
Зочин
2023-01-04 13:03

Танайх ёстой хөөрхөн байгаа шүү

Зочин
Зочин
2023-01-04 13:46

Эдний үйлчилгээ сайн байдаг шүү

Зочин
Зочин
2023-01-04 13:51

mundag bn dahin oor oor shine ajil nemj hiigeerei amjilt

Зочин
Зочин
2023-01-04 14:43

Сайхан сайхан. Ёстой сайхан

Зочин
Зочин
2023-01-04 14:53

ub cab энэ с##бартай монополь болчихсон өрсөлдөгч байгуулаг байхгүй ш##гах хэрэгтэй

Ner
Ner
2023-01-04 16:06

Mezorn Technology gej bichne. Ug usgiin aldaanuudaa zasaarai, goy yariltslaga boljee.

zochi
zochi
2023-01-04 16:06

2 odor daraalaad duudaad xotiin tovd irexguil bgaam da.. dan zaxaar yavaad bdii mu

Enhsaran
Enhsaran
2023-01-04 18:12

UbCab ystoi Amar shuu uilchluuleh durtai

Зочин
Зочин
2023-01-04 19:25

Нандин ярилцлага вэ

Зочин
Зочин
2023-01-04 19:34

Төр новшрох шиг болноо. Гэхдээ тэр гишүүн чинь эхлэнэ

Уншигч
Уншигч
2023-01-04 19:52

Ямар сайхан, амьдр##д ойрхон ярилцлага уншчихав аа. Баяр хүргэе. Мундаг з##уу байна.

Зочин
Зочин
2023-01-04 22:10

manai eronhii said maani ch gej bh shig hachin har goojuur ve chamaar importiin mashin horiulchaad UB cab geed haltar heden haltuurchid chine zovhon hotoor yavahuu lol chi haltuur hiideg orkuudiin haan boloh gee yu buh adgiin p###a nar haltuur hiij bna

Зочин
Зочин
2023-01-05 02:05

БАЯР ХҮРГЬЕ ЭРҮҮЛ ЭНХ,АЗ ЖАРГАЛ ЕРӨӨЖ,АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин
Зочин
2023-01-05 11:50

Амьдр##тай юм яриачээ чи л баяжиж байв## болох юмуу

Зочин
Зочин
2023-01-05 11:51

Эрдэм дүүдээ ажлын амжилт хүсэе

Зочин Захиалга өгөхөөр ирэхгүй юм хаашаа юм бэ????
Зочин Захиалга өгөхөөр ирэхгүй юм хаашаа юм бэ????
2023-01-05 19:36

Захи##га өгөхөөр авахгүй юм! Хаашаа юм бэ????.?

Зочин
Зочин
2023-01-07 13:59

Зөв зөв с##барууд руу орж бна шүү. Мах
, сөх асууд## удахгүй гоё болох нь дээ.сөхөө цэгцлээд хог ангилан ачилтын сүлжээ үүсгээд бүр гоё болгоорой.амжилт хүсье.

Худалч
Худалч
2023-01-08 11:06

ИТХ-ын төлөөлөгч одооч хэвээрээ

Зочин
Зочин
2023-01-08 19:42

амьжилт хүсье.

Зочин
Зочин
2023-01-08 23:44

Olon huniig ajiltai bolgoj Olon huniig taxi tai bolgoson Estoi uguujtei huurhun business shoo ❤️❤️❤️????????????

Irgenirgen
Irgenirgen
2023-01-09 13:04

Ийм хумуусийг дэмжиж байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button