НИЙГЭМНийгэм мэдээ

Эмгэнэл: Төмөрийн Дүгэрээ

ТӨМӨРИЙН ДҮГЭРЭЭ

(1929-2023)

Бидний хайрт аав, ачтан буурал өвөө, эрхэм хүндэт ах Хатагин овгийн Төмөрийн Дүгэрээ  нь 2023 онд 94 насандаа тэнгэрийн орондоо одож, бид бүхэнд нөхөж баршгүй гарз хохирол тохиолоо.

Т.Дүгэрээ нь 1929 онд Сэцэн хан аймгийн Хатагин гурван хошууны нэг болох Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар (хуучин Дархан хан) сумын нутагт Төмөрийн удам залгах ганц хүү болон төрсөн билээ. 

1941-1946 онд Сүхбаатар сумын бага сургуулиа онц сайн дүнтэй суралцсан учраас 1947 онд шууд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн 1-р ангид орос хэлний орчуулагчийн мэргэжлээр суралцаж байгаад тэр үеийн шаардлагын дагуу Хязгаарын ба дотоодын цэргийн нэгдсэн сургуульд шилжин орж, хууль эрх зүй, орос хэлний мэргэжил эзэмшсэн.  

1951-1957 онд Дорнод аймаг дахь ДЯЯ-ны хэлтэст орос хэлний орчуулагчаар, 1958-1960 он хүртэл тус яамны төв аппаратад ажиллаж байгаад 1961-1965 онд МУИС-ийн англи хэлний орчуулагчийн ангид суралцаж, дээд боловсрол эзэмшсэн.

1966-1969 онд МАХН-ын ТХ-ны ГХХ-т зааварлагч, 1970-1974 онд БНМАУ-аас ХБНСЮУ-д суугаа ЭСЯ-д нарийн бичгийн дарга, 1974-1979 онд МАХН-ын ТХ-ны ГХХ-т зааварлагч, 1979-1985 онд тус улсаас Англи улсад суугаа ЭСЯ-д нарийн бичгийн дарга, хэргийг түр хамаарагч, 1985-1988 онд МАХН-ын ТХ-ны ГХХ-т ахлах зааварлагч, 1988-1991 онд тус улсаас Египед улсад суугаа ЭСЯ-д Хэргийг түр хамаарагч, онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын албыг хашиж, тус улсын дипломат харилцааны салбарт 31 жил ажилласан. 

Тэрээр 1991 оноос гавьяаныхаа амралтанд гарсан ч англи хэлний мэдлэг, мэргэжлээ залуу үеийнхэнд түгэхээр шийдэж, 1992-2014 онд Лянхуа, Сэрүүлэг, Сутай, Мөнх-Ану, Цэцээ-Гүн зэрэг хувийн дээд сургуульд англи хэлний багш-профессор, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, боловсролын салбарт 18 жилээ зориулсан билээ.   

Бидний эрхэм хүний хөдөлмөрийн гавьаяг төр засаг, салбарын мэргэжлийн байгууллагуудаас өндрөөр үнэлж,  “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, “Хүндэт дипломатч” тэмдэг, “Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин” дипломат дээд цол болон “Мөнгөн гэрэгэ”, “Дипломат алба-100” медаль, “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг, “Дээд профессор” цол, “Эрдмийн алтан од” одон, “Монголын тэргүүний багш” хүндэт тэмдэг, “Багшийн алдар” медаль, Тагнуулын байгууллагын ойн медалиуд, Ардын хувьсгалын 60,80,100 жилийн ойн медалиар тус тус шагнасан.

Тэрээр чин шудрага зантай, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, цуцашгүй хөдөлмөрч, үзэл бодолдоо үнэнч, үр хүүхэд, ахан дүүс, анд нөхдийнхөө итгэл, хайр халамж, хүндэтгэлийг хүлээсэн буянтай нэгэн билээ.

Таны минь хүнлэг сайхан сэтгэл, төлөв даруй, шудрага шулуун зан төрх, өөдрөг хүсэл тэмүүлэл, чин зориг тань бид бүгдийн сэтгэл зүрхэнд мөнхөд хоногшин үлдэх болноо. Та минь эх нутгийнхаа ариун хөрсөөр өлгийдүүлэн хөх тэнгэрийн дор амгалан тайван нойрсоорой.    

Ум сайн амгалан болтугай.
Үр хүүхэд, ач гуч, зээ, дотны ахан дүүсээс нь

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button