Нийгэм ярилцлага

Зураач Д.Цэнгэлмаа: Зураг зурна гэдэг бол бясалгал

…Энгэрт чинь үнэрээ шингээж
Эм зөнгөөрөө ууссан нууц.

“Хөх цас” нэртэй зураг, яруу найргийг хослуулсан этгээд сонин үзэсгэлэн үзлээ. Идэр есийн хүйтэнд хөх өнгө түрэнгэд уран зургууд гаргаж тавиад эндээс л хүмүүс дулаан мэдрэмж авч болно хэмээн бидний боддогоос эсрэг зүгт сэтгэх энэ уран бүтээлчийг Д.Цэнгэлмаа гэдэг.

Юмс харагддаг шигээ энгийн, цаг хугацаа зөвхөн бидний боддог хэмжүүрээр байдаггүйг тэр аль хэдийн ойлгосон мэт санагдав. Үүнийгээ нотлох мэт тэр эл үзэсгэлэнгээ “Хөх цас” хэмээн нэрлэсэн. Магадгүй цас бидний хардаг шиг цагаан биш, үнэхээр хөх өнгөтэй ч юм бил үү...

-Таны үзэсгэлэнг үзэхэд хөх өнгө бараг таны бүх зурагт шингэж. Эхлээд хоёулаа өнгөний тухай ярилцъя?

-Тийм шүү хөх өнгө шингээж өгөөгүй зураг бараг бахгүй. Хөх өнгө өөрөө надад хүчтэй сэтгэгдэл төрүүлж өгдөг. Ерөнхийдөө гайхамшигтай өнгө. Би өөрөө өвлийн улиралд дуртай. Бусад хүмүүст өвөл, цас гэхээр цагаан өнгө санаанд ордог байх. Надад хөх өнгө л санаан ороод байдаг юм. Би аливаа зүйлд өнгөц хандахгүй юм сан гэж боддог. Юмыг арай илүү ухаад ойлгочих юм сан гэж хичээдэг. Энэ зүйлс маань хөх өнгөтэй нийцдэг. Өнгө нь өөрөө ганхахгүй бат бөх байх шиг санагддаг юм.

-Өнөөдрийн үзэсгэлэн зөвхөн өнгөөр илэрхийлээгүй үгийн урлагтай, тэр дундаа яруу найрагтай хослуулсан нь надад их сонин санагдлаа?

- Би анх нэгдүгээр ангидаа шүлэг бичсэн байдаг. Хоёр настайгаасаа хойш харандаа цаас нийлүүлж түүнээс хойш өдийг хүртэл зурад л явж байна. Зураг шүлэг хоёулаа ямар нэг юмны чанадад нэвтэрдэг урлаг юм байна. Надад зураг зураагүй өнгөрүүлсэн нэг ч өдөр байхгүй. Энэ гаргаж байгаа үзэсгэлэн бол миний нэг том мөрөөдөл. Үзэсгэлэнд дэлгэсэн 16 зурагтаа шүлгээр тайлбар зүүлт хийж түүнийгээ хэвлүүлж тараалаа. Энэ бүхнийг маань үзсэн үзэгчид сэтгэл оюуны таашаал авч, сайхан мэдрэмжид автаасай гэж бодож байна.

Зураг зурах бол бясалгал

-Авьяас, мэдрэмж гэдэг зүйл нэг талаараа өгөгдөл байдаг. Гэхдээ ямар нэгэн хүчтэй зүйл мэдэрч байж л гардаг. Тэгэхээр зураг зурахдаа, бичихдээ ямар мэдрэмжид илүү автдаг вэ?

-Зураг зурна гэдэг бол миний хувьд бясалгал. Би 16 настайгаасаа хойш бясалгал хийж байна. Бясалгал хийхийг тухайн хүн зөвхөн өөрөө л мэдэрдэг шүү дээ. Яг л түүнтэй адилхан. Мөн зураг зураад сууж байхдаа эрх чөлөөг мэдэрдэг. Өөрийнхөө юу хүссэнийг илэрхийлнэ гэдэг асар их эрх чөлөө л гэсэн үг. Эцэг эхээс энэ зүйлс заяагдана гэдэг бол маш их хувь заяа гэж ойлгодог. Өөр бусад зүйлд тийм олон цагийг зарцуулж чаддаггүй хэрнээ зөвхөн зураг зурахдаа олон цагаар яагаад ч юм суусан байдаг.

-Уран зураг мэдээж үнэлэмжтэй байх учиртай. Энэ зургуудыг борлуулах уу. Түрүүн хэд хэдэн хүн асууж байгаа харагдсан?

-Мэдээж үнэлэмж байна. Бүтээл маань таалагдсан, сонирхсон эзэн нь таарвал борлуулалгүй яахав. Нээлтэнд маань ч хүмүүс бүтээлээ зарах уу гэж их асуудаг.

Байгалиа шүтэж амьдардаг

-Мөн таны зургуудыг харж суухад байгаль, эмэгтэй хүн л ихэвчлэн дүрслэгдсэн байна?

-Би Хөвсгөл аймгийн хүн. Дэлгэр мөрний хөвөөнд байгальтай маш ойр өссөн. Би байгалийг шүтэж амьдардаг. Хамгийн ойрхон байхыг хичээдэг. Байгаль, эмэгтэй хүн хоёр хоёулаа бүх юмны үндэс шүү дээ. Хүүгээ төрүүлснээс хойш миний зургуудад хүүхэд их дүрслэгддэг болсон. Энэ бол миний дотоод хүсэл мөн чанартай холбоотой. Зун усанд хөлөө дүрж байгалийн эрчим хүч энергийг авах дуртай тийм л хүн. Магадгүй би хотод төрсөн бол байгалийг ойлгохгүй, мэдрэхгүй байсан ч юм бил үү.

-Байгалийг хэрхэн ойлгоно гэж?

-Би зун болгон Хөвсгөл далай дээр очдог. Нэг сайн сэлэхгүй хэрнээ ус руу нь ормоор санагддаг. Хүйтнийг хүртэл умартдаг. Далайн ус, уул зэргийг хараад хэлэхийн аргагүй тийм их хүчтэй мэдрэмжид автдаг. Байгальд гараад, аялаад зургаа зураад суух нь надад их таатай санагддаг.

-Ахиад үзэсгэлэнгээ хэзээ гаргана гэж бодож байна?

- Миний багш Л.Бумандорж гэж хүн бий. Багш маань надад жил болгон үзэсгэлэнгээ гаргах, өмнөхөөсөө сэдэв, агуулгын хүрээнд өргөжүүлэх даалгавар өгсөн. Тэгэхээр яг нэг жилийн дараа дахиж үзэсгэлэнгээ гаргана. Миний хувьд 10 жилдээ зургийн боловсролыг эзэмшсэн ч хуульч мэргэжилтэй болсон. Мэргэжлээрээ ажилладаг байсан хэдий ч орхиод зөвхөн зурагтаа бүх хүчээ зарцуулахаар шийдээд явж байна.

-Уран бүтээлчид заримдаа өөрийгөө давтах зовлонтой учирдаг. Энэ асуудалд бухимдаж гарц гаргалгаа хайх тохиолдол гарах уу?

- Сая энэ үзэсгэлэнд оруулах байсан хоёр зургаа оруулаагүй. Сэдэв агуулгын хувьд давхцаад байх шиг санагдсан. Давтаад ирэхээрээ зураад ч явахгүй тийм гацаанд ордог. Өөр шинэ зураг бүтээл гаргахын тулд сайн уншиж судлах хэрэгтэй юм билээ. Хамгийн гол нь өөрийгөө чагнах сайн ярилцах хэрэгтэй гэдгийг л ойлгосон.

-Та ер нь хэр “эмо” хүн бэ?

-Яг үнэндээ эморч байж л уран бүтээл төрөх юм байна шүү дээ. Баярлаж гуньж чадахгүй юм бол амьд явсны ямар хэрэг юу байна. Уйлах, инээх бүх л цаг үе хүнд тохиолдоно. Би сэтгэлийн хөдлөл өндөртэй хэрнээ баланс сайтай юм билээ. Би бороонд маш их дуртай. Нартай байхаас илүү бүрхэг бороотой байхад надад таатай санагддаг. Хүмүүс бороо ороход байр сав руугаа яардаг бол зөрөөд гарч байдаг. Бороо намайг эморуулдаг.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Эхний мөрөөдлөө биелүүлээд үзэсгэлэнгээ гаргалаа. Цаашдаа сэдэв, агуулгатай томтой ганцхан зурагтай үзэсгэлэн ч гаргаж магадгүй. Өөрийгөө илүү ухаалгаар, томоор илэрхийлнэ гэсэн үг юм уу. Ганцхан зургаар биш бусад урлагийн төрлөөр хамтатган туурвина гэж бодож байна.

-Таны хэлэх гээд байгаа тэр том агуулга яг юу юм бэ?

-Энэ зургууд бол миний ертөнц. Зурж байхад надад мэдрэгддэг тэр эерэг, гэгээлэг зүйл мэдрэгдээсэй гэж бодож байна. Зургийг маань хараад танд ямар сэтгэгдэл төрж байгаа нь тэр л миний хэлэх гэсэн санаа. Миний өгөх гээд байгаа зүйл тэр. Ийм хүнд нийгэмд миний зургууд жаахан ч гэсэн амс хийх зав олгох байх

-Уучлаарай сүүлийн асуултаа жаахан хувийн чанартай асууя. Яагаад энэ үзэсгэлэнг өвөл гаргах болов. Нэг л тийм хүйтэн санагдуулахгүй гэж үү?

-Өнөөдөр нэг сарын 05. Миний төрсөн өдөр байгаа юм. Зураг зурах бүхий л цаг хугацааг бий болгосон аав ээждээ зориулж байгаа гэж ойлгоорой. Магадгүй хүйтэн гэхээсээ илүү зуны тэр дулаан мэдрэмжийг өгөх ч юм билүү.

Ийнхүү бид зөвхөн түүний уран бүтээлийн тухай ярилцаж дараагийн үзэсгэлэнгээ гаргахад нь мөн ярилцлага хийхээр тохиролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зураач
Зураач
2023-01-06 08:56

Нэг зургийг зурах нь
Нэг бүтэн ном уншиж дуусгасантай адил хүнд бодол эрэгцүүлэл өгч байдаг.

Зулаа
Зулаа
2023-01-06 08:58

Зураг зурж чадахгүй ч үзэсгэлэн үзэх сайхан шүү.

Анхаа
Анхаа
2023-01-06 08:59

Уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ. Мундаг байна шүү

Landag
Landag
2023-01-06 10:07

Чингэлтэйн засаг дарга Батсүмбэрэл гэж нөхрийнхөө олсон мөнгөөр сайхан зураг зурдаг юм байнаа

Зочин
Зочин
2023-01-06 13:35
Reply to  Landag

Хар хэл тархиа цайруулна уу

Зочин
Зочин
2023-01-10 00:20

Яг үнэн тэгж боддог блаа, дуу дуулж зурах бас сайхан байдагсан.

Холбоотой мэдээ

Back to top button