Энтертайнмент

Намтар ном нь шуугиан тарьж буй ханхүү Харригийн нууц түүх

Намтар ном нь энэ арын 10-нд, Меган Марктай үүсгэсэн хайрын түүхээ баримтат кино болгосон нь ирэх сард олон нийтэд хүрэх гэж буй Британийн ханхүү Харри сүүлийн хэд хоногт хэвлэлүүдийн хамгийн мөлжүүртэй сэдэв байлаа. Тэрбээр намтар номдоо ахтайгаа нийлээд аавыгаа Камилла тай гэрлүүлэхгүй хэмээн “бослого” гаргаж байсан, ахдаа зодуулсан зэргээ бичсэн юм байна. Афганистанд байлдааны нисдэг тэргээр зорчиж, хар тамхи хэрэглэж үзсэнээ ч бичжээ.

Ахтай, эцэг эх нь салсан хүүхдэд ховор биш тохиолддог л амьдрал, гэхдээ хааны гэр бүлийн гишүүний статус нь ийнхүү өндөрт гаргажээ. Номны маркетинг ч байж болох юм. Тиймээс Ханхүү Харригийн талаар нэгэн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамгийн ил, нээлттэй нь ч цаанаа том нууц, эргэлзээг тээж явдаг нэгэн билээ.

Эмээгээ түгшээсэн хүүхэмсэг ханхүү

2015 он. Их Британийн хааны гэр бүлд ээлжит таагүй явдал тохиолджээ. Хэргийн эзэн нь урьд өмнө­хийн адил ханхүү Харри бөгөөд эрээр “Диор” компанийн пи ар хэлтсийн ажилтан америк бүсгүй Жульетт Лабельд сэтгэл алдарч, нэлээд нухацтай харилцаа үүсгэх шинжтэй болсон нь хатан хаан Элизавета II-г түшээсэн аж.

Ядаж байхад, бэр болж магадгүй бүсгүй нь нүцгэн зургаа авахуулж, интернэтэд тавьсан явдал тухайн үедпээ л хааны гэр бүлд “бөмбөг тэслэх”-тэй зүйрлэхүйц нөлөөг үзүүлсэн гэнэ. Хатан хаан ач хүүгээ дуудаж, зэмлэл хүртээсэн ч эмээгийн үзэл бодол сахилгагүй ач хүүд нь нөлөөлөөгүй юм.

Харри угаасаа л амьдралын чөлөөт хэв маягийг эрхэмлэн, хааны гэр бүлийн гишүүн биш мэт аягладаг байсан бөгөөд одоо ч тэр хэвээрээ байгаа билээ. Тэрээр дуулиан шуугианд орооцолдон, бусдаасаа хавьгүй илүү олны нүдэнд “ил” амьдардаг ч маш олон нууцын зангилаа гэж хэвлэлүүд бичдэг юм.

“Зовсон амьдрал”-тай залуу

2013 онд байх, ханхүү Харри найзуудтайгаа мөрийтэй тоглож хожигдон, нүцгэлэх “ял”-аар шийтгүүлсэн зураг дэлхий нийтэд цацагдан шуу­гиан тарьж байсан билээ. Жирийн хүмүүст бол байдаг л зүйл мэт энэ мэт явдал Харриг харин гэр бүлийнх нь хүрээнд тун ч эвгүй байдалд оруулсан юм. Үнэндээ ч ханхүү байх нь тийм хүсмээр хувь тавилан биш гэдгийг тэрээр насараа амсч яваа нэгэн.

Түүнийг төрснөөс эхлэн сонин, телевизийн сэтгүүлчид “оролдсоор” иржээ. Гэр бүлийнхний дунд зөрчил гаргах хүчтэй цохилт өгч байсан нь ч цөөнгүй. Жишээлбэл, Канадын сэтгүүлч Иен Хэлперин хааны гэр бүлийн маш ойрын эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу “Диана гүнжийг төрөхөөс өмнөх хоёр сарын хугацаанд Чарльз хүүгээ огт тоогоогүй. Энэ үеийг хөндлөнгийн хүн харсан бол Харригийн эцэг нь Чарльз гэхээсээ илүү Дианагийн хувийн хамгаалагч, Кавалерийн офицер Жеймс Хьюитт гэж бодох байсан” хэмээн бичиж байжээ.

Дээр нэр дурдагдсан Ж.Хьюиттын хамаатан “Хааны гэр бүлийнхэн бүгд худалч хуурмаг амьтад. Тэд Дианаг хөнөөсөн. Жеймсийг ч хөнөөнө” гэж хэлснийг дээрх материалд дурдсан байв.

Ж.Хьютт ч дуугүй байсангүй, Дианатай холбоотой байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд “Диана бид хоёрын харилцаа 1986 оноос эхэлсэн. Гарригийн олдсон хугацаатай бараг л дөхнө” хэмээн ярьж байжээ. Харри албан ёсны эцэг Чарльз шигээ хүрэн биш, шар үстэй төрсөн нь энэ бүх шуугианд ташуур нэмж байжээ. Эх нь шар үстэй ч түүнд Спенсерийнхний удамтай адилхан гэж хэлэх юм байсангүй. Сахилгагүйтэж, үргэлж, хэл аманд орооцолддог этгээд араншин нь энэ ярианд хүч нэмдэг нь мэдээж.

Харри Чарльзын хүү мөн ч байж болно, гэхдээ түүнийг төрснөөс хойш Чарльз, Диана нар хүйтэн хөндий харьцаатай болж, бараг л хөндлөнгийн хүмүүс шиг байцгаах болсон нь бас үнэн. Уг нь бол эсийн шинжилгээ хийлгээд л энэ бүхэнд цэг тавьчихаж болно, гэхдээ яагаад ч юм, одоо болтол энэ талаархи мэдээллийг аль болох гаргахгүй байхыг Букин­гемийнхэн хүсдэг. 

Диана гүнж хүүхдээ ардчил­сан аргаар хүмүүжүүлэхийг чухалчилсан учир гэрээр биш, бусад хүүхэдтэй хамт ерөнхий боловсрол эзэмшүүлэхийг илүүд үзжээ. Уильям, Харри хоё­рыг Уэтерби дунд сургуульд сурч байхад бусад хүүхдүүд ханхүү Чарльз Диана гүнжийн араар хэрхэн тавьж байгаа талаар ам уралдан ярьдаг байв. Улмаар ахынхаа араас Беркшир дэх ахлах сургуульд шилжин ирэх үед эцэг, эх нь салжээ.

Гэр бүл салалтын хохирогч

Гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд байдаг. Харри энэ үеэс эхлэн зуны амралтаа аав, ээждээ зориулан хуваах хэрэгтэй болжээ. Өнөө­дөр Чарльзын хамт албан ёсны үйл ажиллагаанд оролцож, олон нийтэд харагдах үүргээ биелүүлчихээд маргааш нь ээжийнхээ байгаа газар очсон байх нь ердийн үзэгдэл байв. Тэр газар нь хаана ч байж болно. Диснейлэнд байх нь ч цөөнгүй боловч ихэвчлэн Африкт буяны ажлаар явж байхад нь очиж таардаг байж.

Түүнийг 12 настай байхад Диана гүнж найз залуу Доди аль Файедтайгаа хамт ослоор амь үрэгдсэн билээ. Харри ээжийгээ мартаж чадахгүй байв. Зан ааш нь огцом өөрчлөгдөж, ах Уильямынхаа өөдөөс хэдэрлэн, хэнээс ч хараат бус байхыг хичээх болсон байна.

Тэр үед хатан хаан Елизавета II байнга шахуу “Энэ хүүхдийг яая даа байз” хэмээн гасалдаг байсан гэдэг.

Ээжийгээ нас барахаас өмнө Уильям хөгжилтэй сэргэлэн, Харри ухаалаг, төлөв зантай байсан бол түүнээс хойш зан нь солигдож, Уильям буурьтай, Харри сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн болж хувирчээ.

Оршуулах ёслолын дараа Харри сургуульдаа буцах ёстой байсан ч Чарльз хүүхдүүдээ халамжлахын тулд өөр дээрээ байлгажээ. Ингээд Өмнөд Африк руу айлчлах багийн бүрэлдэхүүнд авч явсан байна. Харин тэнд Харри тохиолдлоор “Spice Girls” хамтлагийн охидтой танилцсан юм. Энэ уулзалт түүнд зугаа цэнгээн ямар байдгийг мэдрүүлж, тодор­хой ул мөр үлдээсэн гэдэг.

Итон их сургуулийн оюутан, 17 настай байхдаа тэрээр бааранд хатуу архи ууж байгаад папарацци нарт олзлогдсон байдаг. Энэ явдлын дараа эцэг нь түүнийг шууд захиргаадан Лондоны сэргээн засах эмнэлэгт хэвтүүлж байсан гээд бодохоор багагүй балгадаг болчихсон байсан нь тодорхой. 

Талибуудын бай болов

Их Британийн хааны гэр бүлийн эрэгтэй гишүүд Сэндхерстийн цэргийн их сур­гуульд суралцдаг уламж­лалтай. Харри ч адил. Тэнд бага зэрэг хүмүүжиж, Хаант улсын морьт гвардид алба хаан, нэр хүнд нь ч дээшлэв. Насанд хүрмэгцээ улсын зөвлөгчийн хэргэм зэрэг хүртэж, Улаан загалмай нийгэмлэгийн ажилд идэвхтэй оролцох болов. Ээжийнхээ дурсгалын өдөрт зориулан буяны ажилд ч идэвхтэй оролцож байжээ.

2013 оны наймдугаар сар. Энэ сар тэдний гэр бүлийн хувьд гунигт дурсамжийг санагдуулдаг байж. 1996 оны наймдугаар сарын 26-нд аав, ээж нь албан ёсоор салсан бол дараа жилийн наймдугаар сарын 31-нд Диана гүнж осолд орсон. Гэтэл энэ таагүй үйл явдлууд үргэлжилж, түүний нүцгэн зураг хэвлэл болгоны нүүрэнд гарч, хааны гэр бүлийн нэр хүнд сүрхий сэвтэв. Энэ зургийг үзээгүй хүн ховор биз.

Тэрээр Афганистан руу явахаасаа өмнө хэдэн найз нартайгаа зочид буудалд билльярд тоглонгоо мөрийцөж, нүцгэлсэн нь хэвлэлийнхний гарт орчихсон билээ.

Дараа нь тэрээр талибуудын заналхийллийг тоолгүй Афганистан явж, түүний байрлаж байсан анги довтолгоонд байнга өртөх болсон нь гашуун үнэн. Түүнийг авлах гэсэн дайралтаас болж олон хүний амь үрэгдсэн тулалдаан болж байсан нь ч одоо нууц биш болжээ. Гэвч нутаг буцсангүй.

“Намайг бэлтгэх гэж улс их хэмжээний зардал гаргасан, тиймээс би яв гэсэн газар нь явах ёстой” гэж тэрээр хэлсэн юм. Хүүхэд байхаасаа эхлээд өртөй байж сураагүй юм гэнэ. Афганистан дахь албаа тэрээр нэр төртэй хаагаад Их Британийн агаарын цэргийн хүчний ахмад цолтойгоор халагдсан билээ. 

Бүсгүйчүүдийн бай

Тэгээд  Харри талибуудын бай болохоо байсан ч бүсгүй­чүүдийн хамгийн хүслэнт “ан” болж хувирчээ. Гэвч гэрлэх талаар огт бодохгүй байгаагаа ямар ч эргэлзээгүй илэрхийлдэг байв.

“Надтай суусан эмэгтэй зовно. Хааны гэр бүлийн гишүүн байх нь бодож байгаа шиг нь жаргалтай биш гэдгийг тэр эмэгтэйчүүд ойлгохгүй байна. Олон нийтээс хамааралтай амьдарна гэдэг хэцүү” гэж тэрбээр хэлсэн нь бий.

Гэхдээ гэрлэхгүй л болохоос найзлахгүй гээгүй шүү дээ. Харри Челси Дэйви хэмээх бүсгүйтэй нэлээд удаан хугацаанд сэтгэлийн холбоотой байсан. Тэд таван жил үерхэж, өвөө, эмээ, аав нь хүртэл Челсид хайртай болоод байсан ч Кейт Миддлтон Уильям нар хуримлах болсны дараа асуудал өөрчлөгдсөн гэдэг. Магадгүй, тэр Кейтэд сэтгэлтэй болсон байж болох уу. Үүнийг хэн ч батлаж чадахгүй.

Ямар ч байсан Харри ахынхаа сонголтыг эхнээс нь хоёр гараа өргөн дэмжиж байсан бөгөөд "Инээмсэглэл нь таалагддаг" гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байсан нь үнэн юм. Удахгүй гарах номд ч энэ талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

Челсигээс салсныхаа дараа тэрээр олон бүсгүйтэй болзох болсон. Ахынхаа эхнэрээс /Кейт Мидлтон/ найз нар дундаасаа найз охин олж өгөхийг хүртэл гуйж байсан гэдэг. Поп дуучин Элли Гулдинг тэдний нэг нь. Тэр байтугай бэр эгчийнхээ төрсөн эгч Пиппа Мидлтонтой болздог гэсэн яриа ч гарч байв.

Бага залуудаа эхээсээ хагацсан түүнд хайр халамж үгүйлэгдсээр ирсэн гэдгийг ах нь гэрлэсний дараа л олон нийт анзаарсан юм. Кейт Миддлтон нэг хэсэг түүнд халамж тавьдаг бөгөөд эхийнх нь оронд эх болсон хамгийн дотно хүн байсан гэдэг.

2016 он. Меган Марклтай танилцав. Дахиад бөөн шуугиан, дуулиан, гэр бүлийн асуудал дэгдлээ. Харри бүгдэд нь Меганы талд зогсов. Улмаар ялж, гэрлэх зөвшөөрөл авч чадсан. Гэхдээ энэ зөвшөөрөл үнэн сэтгэлийнх байгаагүй нь цаашдын үйл явдлаас харагдсан билээ. Тэрээр хаан ширээ залгамжлагчдын жагсаалтаас энрээ хасуулж, гэр бүлээсээ харилцаагаа таслаад буй.    

Магадгүй, түүнд хааны суудал зохихгүй ч байж болох юм. Учир нь тэрээр өөрийнхөө талаар “Одоо ч хүүхэд хэвээр, оюун санаандаа энэ чигээрээ үлдэхийг хүсдэг” гэсэн санааг олонтаа илэрхийлдэг билээ. Жинхэнэ Харри болох, дотор нь оршиж байгаа  тэр хүүтэй Меган хамгийн сайн ойлголцдог учраас гэрлэсэн ч байж болох юм.   

Эцэст нь өгүүлэхэд, Меган Маркл Харритай танилцахаасаа өмнө түүнтэй гэрлэх эсэх талаар бодож байсан гэх сонин түүх удахгүй гарах баримтат кинонд нь орж байгаа.

2015 онд “Hello! Canada” сэтгүүлд ярилцлага өгөх үед нь сэтгүүлч Меганаас “Британийн ханхүү нартай гэрлэх болбол хэнийг нь сонгох вэ” гэж асуусан байдаг аж. Тэр асуултад Меган бодолхийлж байгаад “Харри” гэж хариулсан нь бичигдэж үлдсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-07 09:44

###### оо хөлдөөгөөд тайруулсан эхнэр хар хүүхэн явсан золгүй эр

Холбоотой мэдээ

Back to top button