Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Эртний нийслэлээ сэргээх санаачилгууд: Хархорум хэзээ ашиглалтад орох вэ

Төрийн дээд түвшинд олон жил яригдаж, тодорхой хөдөлгөөн хийгдэж байсан боловч биелүүлж чадаагүй эртний нийслэл, Хархорумыг сэргээн байгуулах санаачилга ажил хэрэг болох шатандаа орлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ ажлыг сэргээхдээ хий хоосон уриалга гаргаж сүржигнэлгүй, нэлээд их ажлыг чимээгүйхэн амжуулсныхаа дараа УИХ-аас тогтоол гаргуулахаар өргөн барьсан нь энэ удаад ямар ч байсан урьд өмнөхөөс өөр байх юм байна гэсэн итгэл төрүүлж буй. Тодруулбал, товлосон бүс нутагт тусгайлан судалгаа шинжилгээний ажил хийлгэж, барих газрыг товложээ. Энэ сарын 2-нд УИХ-аас баталсан “Орхоны хөндийд шинэ хот байгуулах тухай” тогтоолын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг нь Барилга хот байгуулалтын яам тооцоолчихсон, УИХ тогтоол баталбал энэ улиралд багтаад төслийн нэгж нь байгуулагдах гэж байна.      

Төслийн нэгж байгуулагдсанаар төслөөс мөнгө гарч эхэлдэг. Хархормын төслийн нэгжийн зардалд жилд таван тэрбум орчим төгрөг гарах юм билээ. Том ажил эхлүүлсэн, басхүү ажлаа бүтээж чадвал энэ тийм ч их мөнгө биш.  

Гол нь бүтээн байгуулалт гэж том зардалтай ажил бий. Энэ ажлыг л маш ухаалгаар хийх ёстой. УИХ, Засгийн газар нягт хамтрах шаардлагатай.

Хархорумд хамгийн орчин үеийн, бүр ирээдүйн шийдлийг шингээх боломж бий

Ерөнхийлөгч асуудлыг сэргээж тавьсан нь ирэх жилүүдэд энэ ажлыг урагшуулах хөрөнгө мөнгөний эх үүсвэр олдоно гэдэгт итгэлтэй байгаагийн шинж. Гэхдээ хувийн хэвшилд илүү боломж олгох, гадныхныг татаж оролцуулах гэх мэтээр төсөвт аль болох дарамтгүй хийж, эдийн засгийн өсөлтөө харин ард иргэдийнхээ нийгмийн үйлчилгээг сайжруулахад түлхүү зарах нь зөв гэж бодно.

Энэ санаачилгыг дэмждэг, эртний нийслэлээ сэргээх сэн, агуу түүхээ ертөнцийн чихнээ байнга дуудуулж явах сан гэж хүсдэг хүн олон байдгийг хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан С.Болдхэттэй ярилцах үедээ мэдэж, дотроо зөвшиж байсан юм. Нийслэлийг хэрвээ Хархоринд шилжүүлье гэвэл дархан, Эрдэнэт рүү шилжүүлэхээс илүү их зардал гарах нь мэдээж.

Би бээр С.Болдхэт гуайгаас яг энэ агуулгаар “Их зардал гарна даа. Тэр мөнгийг хаанаас олох вэ” гэж асуухад “Олж болно. Бид хот байгуулалт төлөвлөлтийн тал дээр гаднаас мөнгө босгож болох юм байна лээ. Олж харсан.

Жишээ нь, хүн ам нь нягт, шигүү суурьшилтай, газар нутаг багатай орнуудын хот байгуулалтын инженерүүд шинээр гарсан нээлт, ололт амжилтаа практик дээр турших хүсэл их байдаг юм байна л даа. Гэтэл газар байдаггүй. Японд гэхэд л шинээр хот байгуулья гэхэд ямар ч газар байхгүй шүү дээ. Ихэнх нь уулархаг байдаг. Сүүлийн үед их ярих болсон эко хот, тосгодыг турших хүсэл ч байдаг юм шиг билээ.

Тэр хүсэл эрмэлзэлтэй улсуудыг нь олоод, сайн хөөцөлдөж чадвал хот байгуулах, нүүлгэх санаа бодит ажил хэрэг болох бүрэн боломжтой. Тийм учраас Ерөнхийлөгч маань зарлиг гаргаж, нийслэлийг Хархоринд шилжүүлэх ажлыг хурдхан эхлүүлээсэй гэж хүсдэг” хэмээн итгэлтэй хэлж байсан нь санаанд тод байна.

Хөдлөхөөс аргагүй хүнд нөхцөл

Манайхан нийслэлийнхээ байгаа байдлыг бүгд мэдэж байгаа учир энд ирээдүйтэй холбоотой хэдэн тоо баримт л дурдъя. Монгол Улсын нийт хүн амын 46 /зарим эх сурвалжид талаас илүү нь гэжээ/ хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.4 хувьд 1.4 сая хүн оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэн, нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг “шингээж” байгаа юм.

Эдийн засаг, улс төрийн гол төв болохынхоо хэрээр төрөлтийн хувь улсын дунджаас үргэлж дээгүүр байгаа бөгөөд шилжиж ирсэн иргэдийг оролцуулаад жил бүр дөрвөн хувиар өсч байна. ҮСХ-ноос гаргасан хэтийн төлөвт нийслэлийн хүн амыг 2040 онд 2.44 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Тэр үед Монгол Улсын нийт хүн ам 3.94 сая болно гэснийг хувьд шилжүүлбэл, нийт хүн амын 61 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрнө гэсэн үг юм. 

Дэлхий нийтийн улс төрийн байдал тогтворгүй, мөргөлдөөн, дайн тулаан хаа сайгүй гарч байна. Ийм үед бид нэг газраа шаваад байж таарах уу гэдэг асуудлыг ч бодож үзэх цаг нь болсон.

Улаанбаатар хот Монголын хамгийн том сул тал болохыг цар тахал ойлгуулсан

Цар тахал бидний байгуулж буй нийгмийн олон гажиг, согогийг илрүүлж өгсөн билээ. Тэдний нэг нь хүн амын хэт төвлөрөл, хот байгуулалтын оновчгүй зохион байгуулалт юм. Ялангуяа манай улсын хувьд, цар тахлын тархалтыг хумихаар ажиллаж байх тэр үеэс сул талаа харуулсан.

Тухайлбал, бүх нийтийн хөл хорио тогтоож “0 зогсолт” хийх туршилт хийсэн ч боломжгүй нь батлагдсан юм. Гэтэл Дархан-Уул аймаг “0” зогсолт хийж байгаад голомтуудаа илрүүлж, хотоо дөрвөн бүсчлэлд хуваагаад хөдөлгөөнөө нээчихсэн. Харин нийслэлд өвчлөл  өдрөөс өдөрт нэмэгдэж, хянах бололцоогүй болсон.

Аз болж вакцин гараагүй бол манай улс яах байсан нь ер нь л ойлгомжтой болчихсон.

Тэгэхээр, бид бүхэн цаашдаа Монгол улсын нийт хүн амын бараг тал хувийг ийм өндөр эрсдэлтэй байлгасаар байх уу, зохион байгуулалтын ажил хийх үү гэдэг сонголтын өмнө ирсэн гэсэн үг.

Төр ч хөдөлж эхэллээ. Гэхдээ цоо шинэ хот байгуулахаас гадна Нийслэлийг нүүлгэх, өөр газар шинэ нийслэл барих, одоо байгаа Эрдэнэт, Дархан хотууд, аймгийн төвүүдийг хөгжүүлэх, тэнд амьдралын илүү таатай нөхцөл, боломжуудыг бүрдүүлэх ажлаа бодитой хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ шийдлүүдийн аль ч хэрэгжсэн одоо байгаа байдлыг дээрдүүлэх юм.   

“Хархорумыг дахин барих нь цоо шинэ зүйл биш буюу ”Эртний нийслэлээ сэргээх санаачилгууд

1996 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ “Монгол Улсын нийслэлийг XXI зуунд Хархоринд шилжүүлэх шаардлага, хугацаа, бололцоо, нөхцлийг судалж дүгнэлт гаргах УИХ-ын Ажлын хэсэг”-ийг Р.Бадамдамдин гишүүнээр ахлуулан байгуулж, түүхч, доктор Д.Хоролдамба нарийн бичгийн даргаар нь ажиллаж байв.

Сүүлд 2004 онд мөн Засгийн газрын Ажлын хэсэг байгуулсан, сайхан санал санаачлага, шийдвэр бэлдсэн байдаг. Үндсэндээ бол шийдвэр гарахад бараг бэлэн болсон байсан гэсэн үг. Д.Хоролдамба доктор одоо ч энэ асуудлыг орхилгүй байнга хөндсөөр байсныг энд зориуд дурдмаар байна. Уншигчдад ч сонин байх болов уу.

Тэрээр энэ сэдвээр өгсөн нэгэн ярилцлагадаа “Манай ажлын хэсэгт Д.Лүндээжанцан, Лу.Болд, Э.Бат-Үүл, Т.Султан, Д.Энхтайван, бурхан болооч С.Төмөр, М.Зэнээ, О.Дашбалбар гишүүн гээд дээр нь ШУА-ийн Ерөнхийлөгч, МУИС-ийн ректор ордог, 20-иод хүний бүрэлдэхүүнтэй байв.

УИХ-ын эрхэм гишүүн М.Зэнээ гуай бид хоёр 1999 оны тавдугаар сарын 24-нд Үндэсний Телевизийн нэвтрүүлэгт орсон минь санаанаас гардаггүй юм. М.Зэнээ гишүүн инээмсэглэж байгаад Хархориныг улсын нийслэл болгох шаардлага, бололцоо, ач холбогдлын тухай яриаг минь дэмжин ярьж байсан нь тодхон санагддаг.  Харин О.Дашбалбар гишүүн эхлээд уулзахад “Р.Бадамдамдин, та хоёр Улаанбаатарыг хаяна гэж байж тархиа хага цохиулав!” гэж загнаж байв. Учир начрийг нь тайлбарлахад тун сайн ойлгож, надад сайхан сэтгэгдэл төрүүлж байж билээ. Ер нь Хархоринд нийслэлийг шилжүүлье, нийслэлээ шинээр байгуулъя гэдэг маань хөгжилдөө бүтээлчээр хандах гэсэн сэтгэлгээний тэсрэлт байхгүй юу даа. Улсын хөгжилд үнэхээр том дэвшил гарна” гэж өгүүлж байв.

"ХАРХОРУМ 800: ЭХ ТҮҮХИЙН БАХАРХАЛ-ЭРГЭН БОСОХ ХАРХОРУМ" эрдмийн чуулган, 2020 он. Зураг дээрх зүүн гараас: түүхийн ухааны доктор, Т.Сүхбаатар, Олон улсын харилцааны профессор, доктор Ж.Бор, МУ-ын гавъяат багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Баясах, "Хархорум" нийгэмлэгийн Тэргүүн, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, түүхийн
ухааны доктор, профессор хурандаа Х.Шагдар, түүхийн ухааны доктор Д.Анхбаяр.  

Үүнээс арай хожуу Нийслэлийг Их Монголын эртний нийслэл Хархоринд шилжүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаргаж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулж чадаж байлаа.

Тэрбээр улс төрийн ямар ч ирээдүйгүй болсон үедээ тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Намайг Хархорины захирагч болгочих” гэж гуйж байсан талаар сонсоогүй хүн ховор биз. Тэр ингэж гуйхдаа өөрийгөө жижиг хотын захирагч хэвээр дуусна гэж төсөөлөөгүй нь лавтай. Харин иргэдийн хүсэл тэмүүлэл, сэтгэл зүрхэнд эртний нийслэл нь оршиж байгааг олж хараад, улс төрд өгсөх гишгүүрээ болгох гэсэн хэрэг.

Товчхондоо, Хархорум бол улс төрийн замнал нь эрсдэлд орсон, ирээдүй нь бүрхэгдэж нэр хүнд нь унасан хүнийг ч дээш нь сэвхийтэл өргөөд гаргаад ирж чадах сэдэв юм.

Дархан, Эрдэнэт, Чингисийн боломжууд буюу давхар төлөвлөгөө

Дээр хэлсэнчлэн, 1990-ээд оноос нийслэлийг Хархорин руу шилжүүлэх асуудлыг судлахдаа Дархан, Эрдэнэт, Өндөрхаан гэх мэт бүс нутгийн хөгжлийн төв болох боломжтой хотуудыг бас давхар судалсан юм билээ. Энэ санаачилгыг гаргаж тавьдаг гишүүд ч үе, үеийн парламентад байсаар ирсэн. 

Ялагуяа тухайн бүс нутгаас сонгогдсон гишүүд энэ асуудлыг сонирхдог нь харагддаг. Дээрх хотууд руу шилжүүлбэл зардал бага гарах давуу талтай. Тэгэхээр дээрх хотуудад бүгдэд нь боломж бий. Хархорумыг барихын хажуугаар аймгуудаа хөгжүүлнэ гэсэн үг. Засгийн газраас хөнгөлөлтүүд олгосон, одоо иргэд хэрэгжүүлэх дутуу буй. Мэдээж хугацаа орно.

Дархан хот.

Дэлхий дээр хоёр, тэр байтугай гурван нийслэлтэй улсууд бий. Бенин, Боливи, Бурунди, Чили, Нелерланд, ӨАБНУ, Шри Ланка зэрэг 20 шахам улс байна.

Тэд бараг бүгд хуучин нийслэл нь өнөөгийн Улаанбаатар шиг бэрхшээлтэй тулгараад засаг захиргааны төвөө шилжүүлсэн байдаг. Огт шинэ газар шинэ хот байгуулсан туршлага ч бий. Гэхдээ ингэхийн тулд ажлаа эрт эхлэх хэрэгтэй. Шинэ хот байгуулсан хамгийн амжилттай жишээнд Казахстан Алма атагаас Астанад шилжүүлсэн жишээ гарцаагүй бичигдэнэ. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Парламентын дарга М.Оспанов нар 1997 оны аравдугаар сарын 20-ны өдөр нийслэлээ шилжүүлэх шийдвэр гаргаж байсан байдаг.

Өөрөөр хэлбэл, шинэ нийслэл байгуулахад дор хаяж 15 жил шаардагддаг ажээ.

Манай улсын хувьд, өмнөх Парламентын үед баталсан “Алсын хараа 2050” “Орхон, тамирын хөндийд шинэ нийслэл барих” тухай заалт орсон. Ямартай ч нэг Парламентын хугацаанд ажил хийх боломжтой боллоо. Цаашдаа хэрхэхийг мэдэхгүй ч “Алсын хараа” бодлогын баримт бичиг бүрэн хэрэгжинэ гэж итгэвэл 2050 он гэхэд бид шинэ нийслэлтэй болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
0400
0400
2023-01-07 10:24

Хүрэлсүх бол жинхэнэ популист. Тавантолгойн цахилгаан станц гэж 20,21 оны сонгуульд хар хэрээ шиг орилсон. Одоо нөгөөх нь сурах бичигт л үлдэх байх...Дараагийн сурах бичигт үлдэх ажил нь ХАРХОРУМ гэдэгт битгий эргэлзээрэй.

Зочин
Зочин
2023-01-07 10:56

Нийслэлээ тоглохын т##д шинээр байгуулсан нь дээрээ. Том т## дээр жинхэнэ орчин үеийн төлөвлөлттөй хот барих хэрэгтэй. Дархан эрдэнэтийн газар нутаг уул ихтэй газар давчуу. Одоо бид чинь 4 уулын дунд хашигдсан м## лугаа л байна шүү дээ

Зочин
Зочин
2023-01-07 11:45

Энэ бол хамгийн зөв шийдэлээ. Бид УБ- аа тавиад туучихсан. Цар тах## дайн байлдаанд хамгийн эмзэг сул т## болох нь нэгэнт тодорхой боллоо. Шинэ нийслэлээ Хархоринд байгуулах нь хамгийн зөв гарц. Энийг олон жил мөрөөдөж явлаа. Алсын хараа 50 билүү эрдэмтэд нэг юм гаргасан. түүнд тусгагдаагүй байхад нь хараад гутарч билээ. Харин удтирдлагаа зөв сонгох хэрэгтэй Дахиад УБ шигээ бантан зуурахгүй байх нь чух##. Япон, Германаас хотын даргаа тавьдаг юм уу хаашаа юм. Монггол түшмэл бол авилг##д нугасгүй, ёс зүйгүй, .... ер нь л бүтэхгүй дээ.

АРД
АРД
2023-01-07 11:47

Эртний Хархорум хотын шинж төрх, архитекторын шийдлийг агуулсан сонин, гоё хот байгуулах ёстой байх. Тэгэж байж л бөмбөрцгийн хүмүүсийг татна, ирж үздэг газар болно. Тэрнээс орчин үеийн хот баригдах юм бол Хархорум гэж нэрлээд ч яахав, утгаа ##дана шүү.

Зочин
Зочин
2023-01-07 13:06

Hotiinhon shiljihgui baruun bviin aimguudiin tublurul bii blon do

Өгөөдэй
Өгөөдэй
2023-01-07 13:37

Ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй байж Хүрэлсүх бүхэл бүтэн хот барих гэнэ

зосс
зосс
2023-01-07 16:30

Орхон голын хөндий эртний хот, суурингийн туурь ихтэй тул эхлээд сайн судлаарай. хэрлэнгийн хөдөө ар##даа барьв## яасан юм вэ. Нөгөө 400 сая жуулчиндаа зориулаад

Зочин263376
Зочин263376
2023-01-09 20:50

Улаанбаатар хотынхоо асуудлыг шийдэж чадахаа байхаар шинээр нийслэл хот байгуулах тухай яриа гардаг боллоо. Асуудлаас ######с хийж, өөр асууд## шүүрч авсанаар хүндрэлийг арилгах боломжтой болно гэж бодохгүй байна. Нийтлэг гол асууд## нь замбараагүй шилжилт, нүүдэл, газрын харилцааны хууль, хот байгуул##тын бодлогоо барьж чаддаггүй засаг, төрийн байгууллагын дотор оршиж байгаа байх шүү. Хөрөнгө мөнгө Э.З-ын нөөцөө шинэ хот байгуулахад зарж, эцэст нь баруун зүүн бүсийн тэнцвэргүй байд##д хүргэхийн оронд УБ хотоо одоо баримт##ж буй бодлогоороо задлаж эргэн тойронд дэд хот барьж, цэвэрлэж цөөлж цэгцлэх,ард иргэдийнхээ амьдр##ын чанарыг дээшлүүлэхвэл илүү үр дүнд хүрэх биш үү.
Хар хорины тухайд бол ирээдүйд их хот байгуулах төсөөлөлтөйгөөр хот төлөвлөлт, инженерийн болон дэд бүтэц зам тээврийн асуудлыг нь боловсруулж одоогоор бүс нутгийн хот маягаар хот байгуул##тын мэрэгжлийн голлосон хүн хүчийг ирээдүйн хотынхоо дэвсгэрийн гадна гадаад хүрээ болгон байршуулж хөгжүүлж байв## ямар вэ.

Холбоотой мэдээ

Back to top button