Top StoriesСПОРТЯрилцлага

Волейболын ОУХМ М.Мөнх-Оргил: Монголоос гадаадын лигт урилгаар тоглосон анхны легионер

Волейболын спортын ОУХМ Мөнхбатын Мөнх-Оргил. Тэрбээр 25 жил тасралтгүй үндэсний дээд лигт өрсөлдсөн анхны тамирчин бөгөөд Монгол Улсаас гаднын улсад урилгаар тоглосон анхны легионер тоглогч юм. Түүний хувьд 2022 оны волейболын үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. М.Мөнх-Оргилын онцлох амжилтуудаас дурдвал:

  • 1998-2001 онуудад "Ноён" багаас дээд лигт өрсөлдөж мөнгө, хүрэл медаль, шилдэг тоглогч
  • 2003 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, шилдэг тоглогч
  • 2002-2004 онуудад "Харх" багаас дээд лигийн тэмцээнд оролцож гурав дараалсан аварга, шилдэг тэгш тоглогч, 2003 оны шилдэг тамирчин
  • 2000-2002 ОХУ-ын дээд лигт Монгол Улсаас анх удаа легионер тамирчнаар "Динамо" багт тоглож байсан. Ингэхдээ ОХУ-ын дэд мастерын болзол хангасан
  • 2004, 2008, 2012 онуудад 12 жил буюу гурав дараалан Монголын бүх ард түмний спартикиадын аварга, шилдэг тэгш тоглогч
  • 2000 онд манай улсад зохион байгуулсан Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багт тоглож шагналт дөрөвдүгээр байр
  • 2001 онд Японы Осака хотод зохион байгуулсан Азийн аваргад Монгол Улсын үндэсний шигшээ багаас амжилттай оролцон тоглосон
  • 2002 онд Шанхайд зохион байгуулсан Азийн зүүн бүсийн АШТ-нд тавдугаар байр
  • 2010 онд Гуанжугийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн ахлагч
  • 2019 онд Казахстаны Алмата хотод зохион байгуулсан мастеруудын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, шилдэг тоглогч
  • 2021 онд Польш улсын Варшав хотод зохион байгуулсан мастеруудын дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилтуудыг гаргажээ. Уншигч таныг ОУХМ М.Мөнх-Оргилтой уулзуулж байна.

-Анхныхаа дээд лигт 1997 онд, есдүгээр ангийн сурагч байхдаа “Эрчим” багаас оролцсон-

-Волейболын спортоор хэзээ хичээллэж эхэлсэн бэ, дурлах болсон шалтгаан юу байв?

-Ээж, аав хоёр маань үндэсний шигшээ багийн тамирчид байсан. Би бага наснаасаа эхлэн тэднийгээ дагаж зааланд очдог, олон тэмцээн уралдаанд оролцохыг нь харж, дэмждэг хүү нь байв. Гэр бүлийн энэ онцлог л надад нөлөөлж, волейболын спортоор хичээллэе гэдэг чин хүсэл, эрмэлзэлтэй болгосон гэж хэлж болно. Тэд маань хоёул Олон улсын хэмжээний мастер цолтой. Миний аав 1994 онд бурхан болсон, харин ээж маань ахмад тамирчин хүн бий.

-Аав, ээж тань тухайн үед ямар багт харьяалагддаг байсан бэ?

-Тухайн үед дээд лиг гэж болдоггүй байсан. Зөвхөн үндэсний шигшээ багтаа л харьяалагддаг. Мөн "Алдар" болон "Хөдөлмөр" нийгэмлэг багаас тоглодог тамирчид байсан юм.

-Та волейболын дээд лигт хэдэн оноос тоглож эхлэв?

-Миний хувьд арван жилдээ энэ спортоор ОУХМ н.Гансүх, Б.Март, Д.Халзан багшийн удирдлага дор хичээллэсэн. Яг дээд лигт орох хэмжээний тамирчин болоход нөлөөлсөн хүн бол ОУХМ, Гавьяат тамирчин Д.Баасансүрэн дасгалжуулагч юм. Тухайн үед манай анги удирдсан багш байлаа. Багш надад мэргэжлийн тамирчинд байх ёстой ур чадвар, техник гээд бүхнийг зааж, өдий хүрэх эхлэлийг минь тавьсан.

Би анхныхаа дээд лигт 1997 онд буюу есдүгээр ангийн сурагч байхдаа “Эрчим” багаас оролцож, 1998 онд аравдугаар ангиа төгссөн. “Эрчим” багт нийтдээ 7-8 жил тоглосон юм. Гэхдээ тасралтгүй хугацаанд биш дундуур нь “Ноён”, "Харх" зэрэг багуудад тоглож байсан.

-Монгол Улсаас гаднын улсад урилгаар тоглосон анхны легионер тамирчин болсон-

-Сурагч байх үеэсээ эхлээд дээд лигийн багт тоглоно гэдэг том ажилт, хичээл зүтгэл шүү дээ. Идэрчүүд болон өсвөрийн аваргад хэр амжилттай оролцож байв?

-1996 онд Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, шилдэг тоглогчоор шалгарсан. Медаль авсан анхны тэмцээн маань тэр  байлаа.

-Та бол волейболын дээд лигийн тоглогчдоос анх удаа гаднын лигт тоглосон легионер тамирчин. Энэ саналыг хэдэн онд авч байсан бэ?

-Анх энэ боломжийг надад нээсэн хүн бол н.Сэргэлэн багш. Манай сургуульд ирж суралцаад "Шигшээ багаас маань тоглооч ээ" гэх урилгыг надад өгсөн. Үүний эхлэл болгож Улаан-Үд хотын  Буриадын их сургуульд суралцах болсон юм. Сурч байх хугацаандаа хэд хэдэн тэмцээнд оролцсон. Эдгээр тэмцээний дараа ОХУ-ын лигийнх нь багууд намайг сонирхож эхэлсэн. Би тухайн үед лигт тоглоно ч гэж бодоогүй явсан. Ингээд Эрхүүгийн “Динамо” багт легионер тамирчнаар орж байсан. Тухайн үед би 20 настай байжээ.

-ОУХМ цолны болзлыг энэ үйл явдлын дараа хангасан гэж ойлговол болох уу, эсвэл бүр өмнө байв уу?

-Энэ цолны болзлыг би аль хэдийнэ 2000-аад оны үед хангачихсан. Учир нь анх 2000 онд манай улсад Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн Бөхийн өргөөнд болсон юм. Тэр үед би 19 настай залуу тамирчин байв. Надтай хамт одоогийн “Ноён” багийн дасгалжуулагч Р.Тамираа, “Хасу Мегастарс” клубын дасгалжуулагч Б.Түвшинбат, Цогнэмэхийн Нэмэх, “Уурхайчин” багийн дасгалжуулагч Г.Баярсайхан, Мандаагийн Алтангэрэл, А.Дашзэвэг, Т.Өлзийсайхан, Б.Ганхуяг, Ч.Түвшинтөр зэрэг тухайн үеийнхээ шилдэг, залуу, сайн тамирчид оролцсон. Энэ тэмцээнд бид шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарч, хүрэл медалийн төлөө тоглож хожигдсон. Яг энэ амжилтаараа бол бид ОУХМ цолны болзол хангасан л даа. Гэхдээ Волейболын холбоо надад л гэхэд 2016 онд энэ цолыг хүртээсэн.

Би дээрх том тэмцээнээс хойш буюу 2000-2014 он хүртэл тасралтгүй 14 жилийн хугацаанд үндэснийхээ шигшээ багт тоглосон. Энэ хугацаанд нэг хүнд бэртэл авсан.

-Гэмтлээс болж тамирчин хүний хувьд үзэж болох хамгийн хүнд, хэцүү цаг үеийг туулсан-

-Бэртлийнхээ тухайд дэлгэрүүлэхгүй юү. Таныг зодог тайлах үед нийгмийн сүлжээнд зарим хүмүүс “Бэртэл аваагүй бол үүнээс хувь илүү байсан юм” гэх сэтгэгдлүүдийг илэрхийлж байсан. Ингээд бодохоор одоогийн Мөнх-Оргил хэнд ч гологдохооргүй, өөлөгдөхгүй,  мэргэжлийн тамирчин харагдаж байгаа ч бэртэл авахаас өмнөх Мөнх-Оргил бүр л илүү байжээ гэж бодогддог?

-Тэр гэмтлээс болж тамирчин хүний хувьд үзэж болох хамгийн хүнд, хэцүү цаг үеийг туулсан гэж хэлж болно. Учир нь тухайн үед би 25 настай эд амжилт гаргах оргил үе дээрээ явж байлаа. Хурдтай бол хурдтай, хүчтэй бол хүчтэй, бүх чадваруудаа эзэмшчихсэн. Өөрөөр бол сэтгэлд багтдаг болчихсон, тийм болтлоо маш их хичээж, дурласан, тийм галтай гэж хэлж болох цаг үе минь л дээ. Аливаа спортын амжилт залуу насанд суурилдаг учир харамсалтай, бэрх санагддаг байсан.

2005 оны дээд лигт оролцохоос ердөө хоёр хоногийн өмнө л тийм зүйл болсон. Өглөөний бэлтгэлийн үеэр уналт хийх явцад заалны шалны мод гуя руу нэвтрээд орчихсон. 17 см урттай мод. Нэгэнт болоод өнгөрсөн тул эмнэлэгт сар гаруй хугацаанд хэвтэж эмчлүүлсэн. Эмчлүүлэх явцдаа лигт өрсөлдөж байгаа багаа мэдээж харна. Тэд маань хожигдоод, хожоод л. Ингэж явсаар сар гаруй хугацаа өнгөрч финалын шат эхэлсэн. Багийнхан маань тоглож болохоор байна уу, боломж гарах нь уу гээд л асуудаг. Би ч очоод тоглох сонирхолтой. Хөл дээрээ үсрээд, дасгал хөдөлгөөн хийж үзээд л. Тэгээд тэсэлгүй финалын тоглолтод яваад оччихсон. Эхний өдөр зүгээр байсан ч дараагийн өдөр шууд шөрмөс /архелийн/ тасарсан. Энэ миний хоёр дахь том бэртэл болсон доо.

-Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч дайсан нь бэртэл гэмтэл л дээ. Аргагүй шалтгаанаар хоёр ч удаа хүнд бэртсэн байна. Энэ гэмтлийг даван туулах сэтгэл зүйн хүч, буцаад энэ спортдоо ирэх таны шалтгаан, нөлөөлсөн зүйл юу байв?

-Мэдээж юуны төлөө энэ спортоор тоглож байгаа, яагаад энэ замыг эхлүүлсэн бэ гэдэг бодол байх нь ойлгомжтой.

Нэгдүгээрт, гаднын улсад легионер тамирчнаар тоглодог байсныхаа хувьд залуучууддаа өөрийн биеэр үлгэрлэх, тэдэнд чаддаг мэддэгээ зааж хэлэхийг хичээж,  цаашлаад үндэсний шигшээ багийн тамирчин гэж ямар хүн байх ёстой вэ гэдэг ухагдахууныг ойлгуулахыг бодож явдаг байсан юм.

Хоёрдугаарт, аав ээж хоёр маань шигшээ багт тоглож байсан. Миний аав 37-хон насандаа бурхан болсон учир аавынхаа үзүүлж чадаагүй амжилтыг гаргахын төлөө зорьсон. Аав яагаад волейбол тоглодог болсон юм, хэрэв байсан бол ямар амжилт үзүүлэх байсан бэ гэдгийг нь үргэлжлүүлэхийн тулд юм.

Гуравдугаарт, Монгол тамирчдын нийтлэг ажиглагддаг зүйл нь 30 нас гараад спортоосоо больё гэдэг. Би түүний эсрэг явж ирсэн. Хэдэн ч нас хүртлээ тоглож амжилт үзүүлж болдог гэдгийг л харуулахыг зорьсон. Олон улсын чанартай тэмцээнд наадамд ч харагддаг. Олон жил хичээллэсэн, манайхаар бол зодог тайлах болсон гэж ойлгогддог тамирчид тоглосон хэвээр л байдаг.

-25 жилийн турш дээд лигт өрсөлдлөө. Энэ урт хугацааг волейболын спортод бүрэн зориуллаа. Энэ их спорт танд юуг өгсөн бол?

-Цаг хугацаа их хурдан өнгөрчихжээ гэж санагдаж байна. Би волейболынхоо спортоос амьдралын бүхий л чухалд тооцогдох зүйлс, маш олон найз нөхөр, ойрын хүрээлэл гээд үнэ цэнтэй бүхнээ олж авч чадсан. Нөгөө талаас хүмүүжил, төлөвшил, тэсвэр, тэвчээр гээд одоогийн бие хүнийг минь бүтээсэн олон сайн, сайхныг өөртөө авч үлдсэн гэж хэлмээр байна.

-25 жил тоглож аавынхаа үзүүлж чадаагүй амжилтыг үзүүлэхийн төлөө хичээлээ-

-2022 оны дээд лиг таны хувьд сүүлийн лиг байлаа. Энэ лигт Минжит-Булган гэх шинэ, залуу, хүчтэй бүрэлдэхүүнтэй нэгдэж хүрэл медаль хүртсэн шүү дээ. Лигийн тухайд юу хэлэх вэ?

-Өнгөрөгч лигийн тухайд гэвэл гаднын улсаас 20 гаруй легионер тоглогч ирсэн нь онцлог байлаа. Өмнө нь ийм лиг болж байсан удаагүй санагдаж байна. Жишээ нь, Иран улсын тамирчны тоглолтын бичлэгийг л үздэг байсан, хүрээд ирнэ гэж бодоогүй явсан. Өндөр зэрэглэлийн эдгээр тамирчидтай нэг лигт тоглож, өрсөлдөх гэдэг миний хувьд бодож, хүсэж явдаг зүйл маань гэж хэлж болно. Харин манай улсын залуу тамирчдын хувьд ур чадвар өссөн, илүү шинэ түвшинд хүрсэн юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Тухайлбал, зургаан байрны аль ч байрнаас довтлогоо явах боломжтой болсон байна. Намайг залуу байх үед арын бүсийн довтлогоо, үсрэлттэй давуулалт маш ховор байсан. Ингээд бодохоор залуучууд маань жигд сайхан хөгжиж байгаагийн илрэл бөгөөд энэ спортын хөгжил өндөр түвшинд ирснийг илтгэж буй хэрэг л дээ.

-Минжит-Булган багийнхаа тухайд яривал. БНСУ-аас хоёр монгол тамирчин мөн гаднаас легионер тамирчин нэгдсэн хүчтэй бүрэлдэхүүн байлаа шүү дээ?

-Анх ОУХМ н.Отгонбаяр бид хоёр дээд лигт баг оруулъя гэдэг тухай ярилцаад санаа нэгдсэн. Намайг энэ багаас үндсэн холбогчийн байрлалд тоглооч ээ гэдэг санал тавьсан. Ингэж баг бүрдүүлэх ажил эхэлсэн. БНСУ-аас Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ гэж легионерын хэмжээний хоёр монгол тоглогч маань ирэхээр болсон. Мөн Канад улсаас нэг тамирчин. Бид нэгдээд үндсэн багаараа хоёр хоног л бэлтгэл хийгээд тэмцээнээ эхлүүлсэн. Лиг үргэлжлэх явцад нэг цул, баг болж чадсан учраас хүрэл медаль хүртсэн, чамлахааргүй амжилт.

-Сүүлийн лигээсээ хүрэл медаль хүртсэн. Та лигийн нийт хэдэн медальтай вэ?

-Оролцсон лиг бүрээсээ медаль хүртсэн гэж хэлж болно. Нийт 22, 23 ч юм уу болсон байх шүү.

-Дээд лигийн шагнал гардуулах ёслолын үеэр та зодог тайлсан. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцвал. Амаргүй байсан байх?

-Мэдээж баяр, гуниг хосолсон үйл явдал болж өнгөрлөө. Надад их хэцүү байсан. Дээд лигийн хаалтын ажиллагаа оройтож эхэлсэн учир цаг хугацаа ч богинохон байж таарлаа. Түүнээс үүдээд хэлье гэж бодож явсан зүйлээ хэлж чадаагүй. Одоо хэлмээр байна.

Хорь гаруй жил тоглож аавынхаа үзүүлж чадаагүй амжилтыг үзүүлэхийн төлөө хичээлээ. Залуу үедээ бодитоор үлгэрлэж, энэ спортын сайн сайхныг харуулахыг давхар зорилоо. Учир нь дээд лигт тоглож байгаа залуус бүгдээрээ л н.Оргил ахыгаа харж, үлгэр авч тамирчин болсон шүү гэж хүндэлж, хайрладаг. Ахмад тамирчид ч гэсэн надтай их ойр байдаг. Аав ээж маань тоглодог байсан болоод ч тэр үү, намайг маш сайхан дэмжиж урамшуулдаг байв. Тиймээс энэ бүх хүнд баярлалаа гэж хэлэх нь зүй.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-10 08:38

Манай одоогийн мандаж яваа багийн суурь юм шүү дээ

Зочин
Зочин
2023-01-10 08:48

Mundag

Зочин
Зочин
2023-01-10 08:48

Маш их бахархдаг шүү. Илүү том амжилт хүсье

Зочин
Зочин
2023-01-10 08:49

Medehgvi hun bhgvi bizee gaihamshig shvv

Зочин
Зочин
2023-01-10 08:51

Эрүүл энх, Илүү том амжилтыг хүсье

Зочин
Зочин
2023-01-10 09:27

Saihan amitan ym bgamshdee haha

Зочин
Зочин
2023-01-10 09:34

Hhaha

Зочин
Зочин
2023-01-10 09:43

mundag shvv iluu ih amjilt

сарантуяа
сарантуяа
2023-01-10 09:51

хэдэн хүний нэрийг овогтой нь биччихэд яахав дээ. Энх-Эрдэнэ, Баярсайханы овгийг хайхад хаанас ч гараад ирнэ дээ

сарантуяа
сарантуяа
2023-01-10 09:52

хэдэн хүний овгийг биччих мэдлэггүй сэтгүүлч үү. Волейболын спортын нэр хүндтэй хүмүүсийн овгийг хайгаад биччихээрэй

Зочин
Зочин
2023-01-10 09:54

Mundag tamirchin shuu. amjilt husie

Зочин
Зочин
2023-01-10 10:06

Сайн сайхан эрүүл энхийг хүсье!

Зочин
Зочин
2023-01-10 10:53

Huurhii mini gej uchnuun hicheel zutgel ni uuruur ni bish ue hoichoor ni garch ireh ni baina shdee

Зочин
Зочин
2023-01-10 18:30

Sportod hamag amidralaa zoriulsan hun shuudee humuus shig uls turch businessman boloh gej chichreegui. Iim goy tseverhen careertai

Пунцаг Залуу монгол Дархан
Пунцаг Залуу монгол Дархан
2023-01-11 10:06

Аав ээжийн мундаг х##аа сайн тамирчин шүү амжилт эрүүл энхийг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button