Цаг уурчид: Фён салхинаас нөлөөлсөн энэ дулаан өдрүүд удаан үргэлжлэхгүй

Гурван ес эхэлж ид хүйтэрдэг энэ өдрүүдэд цаг агаар огцом дулаарав. Тодруулбал, зарим бүс нутагт агаарын температур нэмэх градусыг зааж ихэнх нутгаар хүйтний эрч сулраад буй. Тухайлбал, Ханбогд суманд өдөртөө +5.5 градус, Өвөрхангайн Төгрөг, Арвайхээрт +3 градус хүрч дулаарав.
Цаг агаарын энэ ховор тохиолдол нь фён буюу халуун нөөлөг салхины нөлөөгөөр бий болсон гэдгийг цаг уурчид тайлбарлаж байна. Тодруулбал, баруун талаасаа эх авсан хүйтэн агаар өндөр уул, давааг давж уруудахдаа огцом халж өвлийн агаарын температур ийнхүү өөрчлөгддөг аж.
Тэгвэл энэ үзэгдэл цаашид олон хоног үргэлжлэх боломжгүй, агаарын температур буцаад хүйтэрч эхэлнэ. Гэхдээ өнгөрөгч дулаан өдрүүдэд зарим нутгуудаар хайлсан цас огцом хүйтрэхэд хөлдөөд цагаан зуд болох эрсдэлтэйг анхаарууллаа.
Халуун нөөлөг салхины талаар цаг уурч Д.Шагдарсүрэн: "Ховд аймгийн Зэрэг сумын нутаг Баатар хайрхны зүүн бэл, Алтан тээлийн талд цаг агаарын эх авах үзэгдэл бий болдог. Энэ нь ховор үзэгдэл. Баруун талаасаа Баатар хайрхныг давж орж ирсэн хүйтэн агаар доош уруудахдаа огцом халж, өвөл агаарын температур -20...-30 градус байх үед гэнэт дулаарч +18...+20 градус болж байсан тохиолдол бий. Үүнийг фён буюу халуун нөөлөг салхины үзэгдэл гэдэг" хэмээн тайлбарлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.