НийгмийнНийгэм мэдээ

ХӨСҮТ: Сэхээнд буй хүүхдүүдийн 76 % нь амьсгалын замын хүнд халдвартай байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог байна-

ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрчээ. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна. Томуугийн өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.

Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72%, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85%, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Эмнэлгийн орны хувьд 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Үүнээс 407 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт байна.

Дэлхий нийтэд томуугийн AH3N2 вирус давамгайлж байна. БНХАУ-д AH3N2, B, БНСУ-д AH3N2, Японд AH3N2, А, ОХУ-д AH3N2, AH1N1, B  хүрээний вирус давамгайлан эргэлдэж байгаа мэдээлэлтэй" гэлээ.

-Арванхоёрдугаар сарын 21-нээс хойш ковидын нас баралт бүртгэгдээгүй-

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн. Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд арваас доош болсон байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна. Манай улсын хувьд энэ Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1 хувилбар 92.5 хувь, BQ.1.1 2.5 хувь, BA.5 хувилбар 5 хувьтай байна" гэлээ.

- Вакцин андуурч хийсэн иргэд сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл бага-

ХӨСҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр Нэгдүгээр сарын 09-ний 20 цагийн орчимд Сүхбаатар аймгаас долоон иргэнийг хүлээж авсан. Энэ хүмүүст тарилга андуурч хийсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчлөл байхгүй. Гурав нь хуучин архаг суурь өвчтэй гэхдээ энэ нь өмнө байсан тэр түвшиндээ байна. Долоон иргэний тарилга хийсэн хэсэг газарт улайсан үрэвслийн шинэ тэмдэгтэй, хоёр иргэний тарилга хийсэн газраас шүүс гарсан үрэвслийн процесс илүү явагдсан байдалтай байна. Бидний хийсэн үндэслэх шинжилгээгээр биеийн байдал хүнд, хүндэвтэр үнэлэхээр байсангүй. Одоо дахиад эдгээр хавсарсан эмгэгтэй хүмүүст нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг шинжилгээнүүдийг нэмэлтээр хийж байна. Тарилга андуурч хийсэнтэй холбоотойгоор суурь өвчинд нь сэдрэл өгөхвий, хүндрэл гарахвий гэдгээс  болгоомжлох үүднээс онцгой анхаарч байна. Мөн бусад хэсэг газрын үрэвслийн буглааны үед авдаг арга хэмжээнүүдийг стандарт журмын дагуу явж байна. Галзуу өвчнөөс сэргийлэх тарилгыг хийх ёстой байтал хийгээгүй гэдэг талаас нь эрсдлийг үнэлэхэд энэ төрлийн вакциныг хийх шаардлагагүй гэж үзсэн. Мөн тарилга андуурагдаж хийсэн тохиолдолд сүрьеэгийн идэвхтэй халдвар сүрьеэ өвчний түгээмэл хүнд хэлбэрийн өвчнөөр өвчлөх эрсдэл одоо маш бага гэдэг ийм дата тоонууд байгаа. Голчлон гардаг урвал нь хэсэг газрын улайлт үрэвсэл гэсэн олон улсын дата судалгаанууд байна. Гэсэн хэдий ч гэсэн бид одоо гарч болох эрсдэл хүндрэлийг тооцоолоод  иргэдийг төв байгууллагадаа авч ирж хянаж цаашдын эрүүл мэндийн асуудлыг нь онцгой анхаарч хяналтад байлгаж байна” гэж тайлбарлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-10 14:42

Хужаа вакцинаар геноцит хийсэн. Одоо хужаа нүүрсээр геноцит хийж байна. ЗГ утсан хүүхэлдэй болжээ

Холбоотой мэдээ

Back to top button