НИЙГЭМНийгэм ярилцлага

38 багш нь эсэргүүцэж буй Айраг сумын сургуулийн захирал: Намайг хоёр ч удаа халсан. Хөөхөөр явчихдаг нь би биш

Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн сургуулийн 38 багш, ажилчид буюу нийт ажилчдын 73 хувь нь өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас хойш ажил хаяад буй.

Эргэн сануулбал, тэд сургуулийн захирал О.Одончимэгийг багш, ажилчдаа нууцаар тагнаж чагнадаг, өрөөндөө дуудаж уулзсан хүн бүрийнхээ яриаг өөрийн гар утсанд бичиж авдаг, бусдыг эрээ цээргүй доромжилж, заналхийлдэг тул албан тушаалаас нь чөлөөлөх эсвэл өөр ажилд шилжүүлэн ажиллуулахыг шаардаж байгаа юм.

Шаардах бичгээ БШУЯ, сумын засаг дарга, захирал О.Одончимэгт хүргүүлсэн бөгөөд шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө хэмээгээд буй юм.

Харин уржигдар /2023.01.09/ тус сумын Засаг дарга С.Жаргалсайхан ажил хаялт зарласан багш, ажилчдын төлөөлөлтэй уулзаж, өнөөдөр хариу өгөхөө мэдэгджээ.

Сургуулийн захиралыг томилж, чөлөөлөх нь сумын Засаг даргын бүрэн эрх юм. Тодруулан хэлбэл, Боловсролын тухай хуулийн 31.1.12-т:

  • Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан байдаг.

Сумын Засаг дарга: Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар руу бичиг явуулсан

Бид тус сумын захирал С.Жаргалсайхантай холбогдож, энэ асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөж байгааг нь тодрууллаа.

Ингэхэд "Ажил хаялт зарласан багш, ажилчид болон сургуулийн захиралтай уулзсан. Сургуулийн захирлын тухайд зохих албан тушаал руу шилжиж ажиллаж болно гэдгээ илэрхийлсэн. Иймд бид аймгийнхаа Боловсрол шинжлэх ухааны газар руу албан бичиг явуулсан. Шилжүүлж ажиллуулах боломжтой газруудын нэр ирсэн. Бусдаар өөр хариу ирээгүй байна. Аймгийн Боловсролын газраас төлөөлөгч ирж ажиллах болов уу гэж бодож байна" хэмээв.

Захирал О.Одончимэг: Би хэн нэгнийг эсэргүүцэхээр яваад өгдөг хүн биш

Харин сургуулийн захирал О.Одончимэг дараах байр суурийг илэрхийлж байна.

-Сургуулийн тань багш, ажилчид тантай ажиллаж чадахгүй, ажлаас нь халах, өөр тийш нь шилжүүлэн ажиллуул хэмээн ажил хаялт зарлаад байна. Та хэрхэхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө болж өнгөрсөн процессыг тайлбарлая. Би Айраг сумын сургуульд 2013 онд томилогдож ирээд, 2016 оны арваннэгдүгээр сард халагдсан. Хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, гэм буруугүй гэдгээ тогтоолгохоор хуулийн дагуу шүүхэд хандаж, гурван шатны шүүх гэм буруугүй гэсэн тул 2018 онд ажилдаа буцаад орсон. Тэгээд 2021 оны тавдугаар сарын 7-нд сумын Засаг даргын захирамжаар ажлаасаа бас л халагдсан. Гомдлыг минь хэлэлцээд, 2022 оны нэгдүгээр сарын 30-нд гурван шатны шүүхээс гэм буруугүйг минь тогтоосон.

Гэтэл аймгийн боловсролын салбарын багш ажилчдын ёс зүйн зөвлөл 2022 оны наймдугаар сарын 24-нд намайг "ёс зүйгүй, удирдах ажилтнаар томилогдох боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан байсан. Энэ дүгнэлтийн эсрэг би шүүхэд гомдол гаргасан. Дорноговь аймгийн шүүхээс шүүх хурал товлотол ёс зүйн зөвлөл 2022 оны аравдугаар сарын 3-нд дүгнэлтээсээ татгалзаж, буцааж авсан байна лээ. Эл процессын дараа би Төрийн албаны зөвлөлд гомдол бичсэн. Гомдлыг минь хэлэлцсэний дараа ШШГЕГ-аас аймгийн шийдвэр гүйцэтгэх газар руу бичиг хүргүүлсэн. Үүний дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд намайг буцаан томилох сумын Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжид 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос захирлаар ажиллана гэсэн байсан.

Би хуулийн дагуу томилсон гэж үзээд, захирамжийг хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Ажилдаа очоод түр орлон гүйцэтгэгчээс ажлаа хүлээн авсан. Ажлын хэсэг багш ажилчдад сумын Засаг даргын захирамжийг танилцуултал, миний өөдөөс нэг багш мэдэгдэл өгсөн. "Тантай хамтарч ажиллахгүй болохыг мэдэгдье" гэсэн 33 хүний гарын үсэгтэй цаас өгөөд, тэд гараад явсан.

-Та ажлаас халагдаад хоёр удаа шүүхээр гэм буруугүй гэдгээ тогтоолгосон гэлээ. Ямар асуудлаас болж ажлаасаа халагдсан юм бэ?

-Санхүүгийн зөрчил гээд зөндөө л олон асуудлыг шүүх шүүж, шийдсэн.

-Таныг ажилчдаа нууцаар тагнаж чагнадаг, эрээ цээргүй доромжилж, заналхийлдэг гээд буй. Энэ үнэн юм уу?

-Би анх Улаанбаатар хотоос шилжиж ирж ажилласан. Орон нутагт ирж ажиллаад, зөндөө л бэрхшээлтэй нүүр тулсан. Хэлсэн үгийг маань мушгин гуйвуулдаг. Санаатай, санамсаргүйгээр намайг их гүтгэдэг байхгүй юу. Тийм учраас яриаг нь ганц нэг удаа бичсэн удаа бий. Гэхдээ би тэрийг хэзээ ч ашиглаж байгаагүй. Хэнд ч үзүүлээгүй. Ажлаас халагдахад компьютер дээр үлдсэн тэр бичлэгийг үзсэн юм шиг байна лээ, ажилчид. Түүнээс биш хэнийг ч заналхийлж, дарамталж байгаагүй.

-Та цаашдаа ажлаа үргэлжлүүлж хийх үү?

-Би хууль дүрмийн дагуу ажиллана. Багш ажилчдыг ойлгох болов уу гэж найдаж байна. Хүний олон хүнээ барихгүй. Дураараа биш дүрмээрээ л амьдрах ёстой.

-Сая сумын тань Засаг даргатай ярьсан. Таныг зохих албан тушаал руу шилжиж ажиллаж болно гэдгээ илэрхийлсэн гэж ойлгосон. Өөр тийш нь шилжүүлэн ажиллуулбал үүнийг хэрхэн хүлээж авах вэ?

-Засаг дарга надтай арваннэгдүгээр сарын 03-нд уулзсан. Тэгэхэд нь би "Намайг өөр ажилд сэлгэн ажиллуулаач" гэсэн юм. Засаг дарга хариу хэлээгүй байж байгаад, эргэн томилсон захирамж гаргасан байсан.

Харин саяхан уулзсан нь гэвэл нэгдүгээр сарын 6. Тэгэхэд би зохих албан тушаал руу шилжиж ажиллаж болно гэж яг хэлээгүй. Би хуулийнхаа дагуу томилогдсон. Түүнээс биш би хэн нэгнийг эсэргүүцэхээр яваад өгдөг хүн биш.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-01-11 11:24

Монголд бол хамт олон гэдэг луйварчдын эрхшээлд ихэнх нь орсон бадаг. Шударга т##д зогсохоосоо айж байгаадаа ######уул. Нөгөөдүүл нь бариад идчихнэ, ганцаардуулна, хорлоно. Тийм болохоор айгаад төвөгшөөгөөд аялдан даг##даж байгаа. Ардчил##ыг ингэж буруугаар ашиглаж д##имдуулсан чадваргүй юмнууд их шүү дээ. Өөрсдийнх нь дотроос утсан дээрээ бичсэн болоод л энэ дарга эмэгтэйг хашраасан байгаа. Олон шударга чадварлаг улсад хэрэгтэй дарга нарыг "хамт олны ихэнх нь ажлаасаа гарах гээд байна" гэж дээд удирдлага нь айж х##даг болж дээ. Тэд нар чинь цагаа болохоор ажлаас гарч чаддаггүй юм өө. Өөрсдийнхөө хүнийг тавина, тэр нь урдах дарга шигээ болохгүйн тулд долидогонож өгнө, тэгээд тэр байгууллага нохойн замаар орж байгаа юм даа. Нөгөө бичиг барьж гүйгээд байсан нөхдүүд бүх зүйлийг нураасных нь дараа нэг юм ойлгож харам####г. Саяны нүүрсний жишээ илхэн харууллаашдээ. Нөгөө доод шатныхан нь одоо засгийн газраа, ерөнхийлөгчөө анг## татчлаашдээ. Батганыг бага дээр нь дарж л ##ваа тогтолцоо оршин тогтнодог. Энэ аймгийн удирдлагууд сайн журамтай менежэр бол маш сайн хамга##ж авч үлдэх хэрэгтэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button