Гадаад мэдээДЭЛХИЙ

Их гүрнүүдийн тоглоом болсон Сомалигийн сургамжтай түүх

Энэ зууны эдийн засгийн түлхүүр болох газрын тосны анхны ордоо олж илрүүлснээ өчигдөр олон улсад зарласан Сомали улсын сургамжтай түүхийг хүргэж байна. Сомаличууд бол одоо тогтож буй дэлхийн дэг журмын хамгийн том золиосуудын нэг билээ.

Сингапур лугаа хөгжих боломжоо их гүрнүүдэд булаалгав

Том гүрнүүд жижиг улсын хувь заяагаар яаж тоглодогийг Сомали улсын жишээнээс харж болно. Тус улс 1800-гаад оны үеэс эхлэн Англи, Италийн мэдэлд ээлжлэн шилжиж явсаар 1969 онд түүхэндээ анх удаа Бүгд найрамдах ардчилсан Сомали хэмээх улсаа байгуулсан боловч эрх мэдэл нь сулран доройтсоор 1991 оны үед нуран унасан юм. Үүнээс хойш үндсэндээ ямар ч засаг захиргаагүй, иргэний дайны байдалтай явж ирлээ.

Сомалид Африкийн бусад орон шиг байгалийн баялаг байхгүй. Гэхдээ Ази, Африкийг холбосон маш чухал усан замын зангилаан дээр оршдог нь хөрөнгөтөн орнуудын тоглолтын золиос болох шалтгаан болсон аж. Жилд таван триллион ам.долларын бараа таваар нэврүүлдэг Өмнөд Хятадын тэнгисийн төлөө их гүрнүүд тэмцэлдэж, дайн тулаан хийх нь холгүй байгаа. Тэгвэл Сомалийн орчмын усыг “Олон улсын” гэж зарласан бөгөөд нэвтрэн өнгөрч буй хөлөг онгоцууд Сомалид сохор зоос ч төлдөггүй.

Чухам энэ шударга бус байдал нь ядуу сомаличуудыг аргагүйн эрхэнд зэр зэвсэг агсан далайд гарахад хүргэсэн юм. 

Татвраа хүчээр авч, "Далайн дээрэмчдийн улс" нэр зүүв

Сингапур шиг усан боомтоороо тэжээгдэж санаа амар суух учиртай сомаличууд эдүгээ үй олноороо өлсгөлөнгөөр амиа алдацгааж, гадаад ертөнцөөс бүрэн таслагджээ. Эдүгээ тус улсад 1990-ээд оныхоос илүү өлсгөлөн болж байгаа бөгөөд НҮБ-аас ирүүлж байгаа хүнсний тусламжийг хүчний байгууллагын хатуу хяналт дор тарааж байгаа юм.

Хоол түгээлтийн үеэр эмх замбараагүй байдал үүсэх нь байдаг бөгөөд цэргүүд өлсгөлөн иргэд рүү гал нээж хэдэн арван хүний аминд хүрдэг байна. Хүний амь сохор зоосны үнэгүй болж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал ноёлсоор. Ертөнцийн энэ хязгаарт хэдэн хүний амь хохирч байгааг багцаагаар ч мэдэх боломж алга гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрсөн.

Сомалид иргэний дайн дэгдээд 31 жилийн нүүр үзэж буй. Тус улс 1991 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Сиад Барре түлхэгдэн унахтай зэрэгцэн анархизмын туг сүлд нь болж, хуульгүй газар болж хувирсан юм. Хамгийн сүүлд байгуулагдсан холбооны Засгийн газар нь улс орондоо үүрлэсэн алан хядагчдыг амжилттай дарж, олон мужаа цэвэрлэсэн ч цаашдаа сайн сайхан боох магадлал маш бага. Учир нь, Сомалид татвар төлөхийг хэн ч хүсэхгүй хэвээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Smith
Smith
2023-01-12 10:02

3

Холбоотой мэдээ

Back to top button