НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээНийгэм ярилцлага

Жүдочийн хөрөг: Ирлэсэн тонгорог шиг Э.Ариунболд

Тэр юу ч асуусан барагтай бол олон үгээр хариулахгүй. Ганц хоёрхон оновчтой үгээр хариулаад л чимээгүй болчихно. Тиймдээ ч тив дэлхийд өчнөөн олон амжилт гаргасан хэрнээ даруухан зандаа дарагдаж үлдсэн нэгэн. Саяхан ДАШТ-д анх удаагаа оролцож мөнгөн медаль хүртчхээд галзууртлаа орилж байхыг нь харсан найз нөхөд, жүдо сонирхогчид  “Э.Ариунболд хагартлаа баярлаж дээ. Барагтай бол ингэж чанга дуу авиа гаргадаггүй хүн шүү дээ” хэмээн ярилцах нь түүнийг ямар дотогшоогоо хүн болохыг илтгэнэ.

Тухайн үед тэмцээн зохион байгуулж буй улсын бөхтэй хагас шигшээд таарчхаад ордон дүүрэн дэмжигчид нь бөхөө дэмжин орилж байхад дасгалжуулагчийнхаа яриаг яг л хажуудаа байгаа юм шиг ялгаж сонсоод байсан гэдэг. Тэр тэгж л анхаарлаа төвлөрүүлдэг. Энэхүү барилдааныхаа талаар тэр ярихдаа “Нутгийн бөхтэй барилдсан болохоор хүнд барилдаан болсон. Өрсөлдөгч дэмжлэг ихтэй байлаа. Ялчхаад хашхирч хамаг мэдрэмжээ гаргасан юм” хэмээн ярьж байв.

1 хүн, дотор ба "WORLD JUDO ASHKENT 2022 IN" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Э.Ариунболд өдрийн ихэнх цагийг Спортын төв ордны Жүдогийн зааланд өнгөрөөнө. Жүдогоор хичээллэж эхэлснээс хойш 13 жил энэ зааланд ирж, очиж, баяр жаргалтайгаар өнгөрүүлсэн билээ. Ямар ч яаралтай ажил гарсан бэлтгэлээ тасална, цалгардуулна гэж огтоосоо байхгүй. “Зөөлөн зөөлөн алхаад  инээсээр ороод ирдэг” хэмээн багш дасгалжуулагчид нь онцолж байлаа. Тэр хэзээ ч энэ зааланд хөмсгөө зангидаж, уур бухимдал болж ирдэггүй. Тиймдээ ч түүний барилдаанууд галзуу, уран хурц байдаг байх. Жүдо бөхийн 60 кг-д жин багатай хурд хүч тэсрэлттэй бөхчүүд л хүч үзнэ. Э.Ариунболд тэдэн дундаа бүр л жижигхэн биетэй харагддаг хэдий ч жаахан яс хүндтэй байж мэднэ. Барилдааны үед буржгар үс нь сөрвийгөөд, өргөн шанаа нь гүрвэлзээд ирэхээр ёстой өрсөлдөгч тамирчнаа хивс шиг гөвж орхино шүү дээ.

Тайлбарлагч С.Шижирбат: Ёстой элдэвтэй амьтан байгаа юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Түүний гал гарсан энэ барилдаануудын талаар тайлбарлагч С.Шижирбат бидэнд хуучлахдаа “Жүдо хүмүүжилтэй хүү дээ. Сайн залуу. Ах нараа сайхан хүндэлнэ, зөв бодолтой, уг хүн нь зөв. Харин барилдааны хувьд мэдрэмжтэй, хурдтай, уян, тактик сайн, мэх техникийн хувьд зүүн баруун хоёр талаар үүрдэг, этдэг, хоёр талаараа морддог, хавирдаг, жийдэг, зүүн өмсдөг, зүүн хөл тавьдаг ёстой элдэвтэй амьтан байгаа юм. Монголын эрэгтэй жүдочдын ДАШТ-ий гурав дах мөнгөн медалийг хүртэхэд нь огшиж л байлаа. Өмнө нь О.Балжинням багш, Д.Амартүвшин хоёр л дэлхийгээс мөнгөн медаль авч байлаа шүү дээ” хэмээн ярьсан юм.

Түүнийг ДАШТ-ий барилдаануудыг харвал тэр нээрээ л тэвчээртэй, олон янзын мэх сэтгэдэг хачин хэрсүү хүн шиг санагдав. Тэрбээр тухайн үеийн мэдрэмжээсээ бидэнд хуваалцахдаа “Өөртөө итгэлтэй барилдсан. Алтан медаль хүсэж, мөрөөдөж барилдаад чадаагүй ч мөрөөдөлдөө ойртсондоо. Финалд Японы Наохиса Такатотод унасан нь жаахан харамсалтай. Гэхдээ аваргыг ялж, аварга болно гэж багш маань хэлж, татамид гаргасан болохоор ялна л гэж бодож барилдсан. Түүнтэй дахин барилдахыг хүсэж байна. Олимпийн наадамд уулзъя даа гэж хэлмээр байна” гэсээр даруухан инээмсэглэв.

Тэр ярихдаа яг л буруу зүйл ярьсан шиг толгойгоо илэх нь яг л жаахан хүүхэд шиг санагдаж байв. Гэхдээ тэр одоо хоёр хүүхдийн аав. Тэмцээн уралдаанд явах бүрдээ хоёр жаалынхаа зулайг үнэрлэж, ханиа үнсээд гардаг. Барилдаан болгоныхоо өмнө эх орон, энхрий бяцхан үрсийнхээ нэрийг амандаа гурвантаа хэлээд л гардаг гэнэ.

“ Жүдогийн бясалгагч”

Дэлхийн дэвжээнд барилдахад муу тамирчинтай таарна гэсэн ойлголт байхгүй. Орон орноос шалгарсан шилдгүүдтэй л нэгийгээ үзнэ. Нэгэнт л гараад ирсэн бол хүч, бяраар дутуу байж болох ч сэтгэн бодох чадвар, сэтгэл зүйн бэлтгэлийн хувьд илүү байж чадвал ялна л гэсэн үг. Э.Ариунболд эх орон, энхрий хоёр үрийнхээ нэрийг шивнээд гарч ирэхдээ хамгийн их бясалгаж төвлөрч чаддаг тамирчин гэдгийг түүнтэй хамт бэлтгэл сургуулилт хийдэг тив дэлхийн тэмцээнд хамт явдаг Ц.Цогтбаатар, Ё.Басхүү тэргүүтэй тамирчид хэлж байлаа.

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэд “Манай Э.Ариунболд унаад боссон, оноогоор ялагдаж явсан ч инээгээд  байгаа ч юм шиг мэдрэмж төрүүлдэг хүн. Барилдааны өмнө анхаарлаа хачин их төвлөрүүлнэ. Чимээгүй, дуу муутай хүн болоод ч тэрүү их л буурь суурьтай санагддаг юм. Цаашдаа лав олимпод юм дуулгах байх шүү” хэмээн түүнийг онцолж байсан юм.

Тэдний ярьсныг нотлох мэт тэр ярихдаа “Би хэзээ ч хүний цолтой барилдаж байгаагүй. Адилхан махан биед төрсөн юм чинь нэг нь ялж л таараа. Харин хэн илүү тэвчээртэй байсан нь амьдрал дээр ч гэсэн ялдаг. Нэг секунд илүү тэвчихэд л ялна. Оноогоор ялагдаж явсан ч хэзээ ч сул дорой байж болохгүй. Тайван шийдсэн мэхээ эцсийн мөчид л хийх нь чухал шүү дээ. Гэхдээ энэ миний сул тал ч байж болно. Ямартай ч янз бүрийн зүйл бодож өөрийгөө хайрцаглахгүй байхыг хичээдэг.  Барилдах нь миний чаддаг зүйл гэж өөртөө хэлж, сэтгэлзүйгээ хурцалдаг. Өөрийнхөө дуртай, хүссэн зүйлээ хийж байгаа болохоор дэвжээн дээр гараад чөлөөтэй байх нь чухал даа” гэв.

Ирлэсэн тонгорог, Олимпийн аварга

Бидэнтэй уулзаж ярилцсан түүний ойр дотны найз нөхөд, жүдогийн гэр бүлийн хүмүүс бүгд л түүний тэвчээр хатуужлыг магтаж байлаа. Хэдийгээр дөлгөөн тайван хүн ч гэсэн, хийж буй зүйлдээ, амьдралдаа, барилдаандаа бол ирлэсэн тонгорог шиг л хурц ийм нэгэн тийм гэхийн аргагүй тамирчин билээ.

Тэрбээр “Цаашдаа гаргасан амжилтаа бататгаж, ахиулахыг хүсэж байна. Мөн илүү хичээж олимпын аварга болно. Тамирчин хүнд урам авдаг зүйлийн нэг нь шагнал байдаг. Гаргасан амжилтыг минь үнэлсэн Засгийн газар, Биеийн тамир спортын улсын хороонд баярлаж байна. Мөн амжилт бүрийн минь ард тусалж дэмждэг хүмүүстээ талархаж явдгаа илэрхийлье” гэдэг үгийг заавал дамжуулж өгөхийг хүссэн юм.

Мөн бид 2024 оны олимпын наадмаас алтан медальтай ирэхэд нь эргэн уулзаж ярилцах өлзийтэй ерөөл өргөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button