Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Живж буй арлын зөрүүд иргэд

Дэлхийн дулаарлаас болж хамгийн түрүүнд арлын улсууд хохирно гэж ойлгодог. Тэр утгаараа Тайвань, Япон гэх мэт арлын улсуудыг өрөвдөлтэй нүдээр харцгаадаг нь нууц биш. Тэгвэл уур амьсгалын дулаарал арлын улс төдийгүй, газар нутагт нь арал багтдаг эх газрын улсад ч хохирол учруулах нь тодорхой болжээ.

-Кивалина арлын оршин суугчид нүүхээс дахин татгалзсаар байна-

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа өнгөрсөн Зул сарын баярын үеэр Аляскийн уугуул оршин суугчдад зориулсан тусламжаа нэмэгдүүлсэн бөгөөд тусламжийн багагүй хэсэг дэлхийн дулаарлын улмаас усанд автаж буй, эрэг орчмын Кивалина, Чефорнак зэрэг хот тосгодод ноогджээ. Тэрхүү мөнгө нь дэд бүтцийн төслүүд, эрэг орчмын элэгдлийн хяналт, судалгаа зэрэгт зориулагдана. Тодруулбал, усанд автаж алга болсон цэцэрлэг, сургуулийг өндөрлөг хэсэгт дахин барих ажил хийх ажээ. Чефорнак тосгонд гэхэд уснаас зайдуу өндөрлөг газарт 19 шинэ байшин, цэцэрлэг барихад 2.9 сая доллар хуваарилсан байна.

2013 оны хар салхины дараа эх газар руу нүүхээр болж, “Уур амьсгалын өөрчлөлтийн анхны золиос, анхны дүрвэгчид” хэмээн цоллуулж байсан инуит тосгодын оршин суугчид ийнхүү дахин анхаарлын төвд гарч ирлээ.

Тэдгээрээс төлөөлөл болгон Кивалина тосгоны талаар өгүүлье.

Усанд автаж буй тосгон

Кивалина тосгон гэхээр дэлхийд байтугай АНУ-д мэдэх хүн цөөхөн болов уу. Цөөхөн хүн амтай ч АНУ-ын засаг захиргааны нэгжийн газрын зурагт багтсан энэ тосгон Аляска муж, Берингийн тэнгисийн эрэг орчимд байдаг. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх 10 жилийн дотор живж үгүй болно хэмээн бичигдэж байгаа арал дээр оршдог юм.

Арлын суурь нь тэнгисээс ил гарч ирсэн өчүүхэн зурвас газар. Хөрс нь элсэрхэг. Урьд нь энд юм бүхэн жамаараа байсан ч дэлхийн дулаарлын улмаас сүүлийн 20 жилд хойд мөсөн далайгаас тасарсан аварга мөсөн уулнуудын “довтолгоонд байнга өртөх болсон байна.

Эргийн эмзэг элсэн хөрс энэ бүхэнд эмтрэн, арлын зай талбай улам багасжээ. АНУ-ын Армийн Инженерийн анги салбар арлын эргийг хамгаалах байгууламжуудыг 2008 онд байгуулсан ч тэр нь цаг нөхцөөх л ажил болоод өнгөрсөн аж.

Уугуул оршин суугчид болох 400 орчим инуит ястан ижил загвараар баригдсан тосгондоо аж төрж, загас агнуурын аж ахуй эрхэлдэг. Ашиг орлого нь далай тэнгис өгөөжөө хайрлах эсэхээс шалтгаалдаг өнө эртний байдал хадгалагдсан хэвээр. Байгалиас хамааралтай амьдрал, мөн мэдээж, дэлхийн дулаарлаас болоод хүмүүс нь сүүлийн үед бүр ч багасах төлөв ажиглагдаж эхэлсэн ч одоо болтол төрөлх тосгондоо амьдран суусаар байгаа юм.  

Аляска мужийн эрх баригчид тус аралд очиж, тосгоны ахлагчтай уулзалт яриа хэлэлцээ хийдэг нь ч хэвээрээ. Гол сэдэв нь оршин суугчдыг эх газар руу нүүлгэх, нүүн шилжих ажиллагааг зохион байгуулах сургалт зохион байгуулах асуудал.

Далайн хар шуурга зэрэг онцгой үзэгдлийн дараа тосгоны оршин суугчид арлаа орхин нүүдэг. Гэвч дараа нь буцаад л ирчихдэг аж.

Тэд 2011, 2013 оны хар салхины дараа эх газар руу нүүж, “Дэлхийн цаг урын анхны дүрвэгчид” гэгдэж байсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа тосгондоо буцаад ирчихжээ. Үүнээс хойш эрх баригчид “Нүүгээч” гэж гуйдаг, оршин суугчид нөхөн төлбөр шаарддаг байдалтай он цагийг улираасаар байгаа аж.   

2006 онд болсон далайн шуурганы үеэр Кивалина тосгоны оршин суугчдыг анх удаа түр хугацаагаар нүүлгэн шилжүүлсэн. Хоёр жилийн дараа арлыг тойруулан далан барьсан гэдгийг дээр хэлсэн. Тэгвэл уг даланг барьсан инженерүүд ажлаа дуусгасныхаа дараа “2025 он гэхэд арлыг далайд живэхээс бурхан ч аварч чадахгүй” гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Хамгийн эмгэнэлтэй нь Кивалина нь ойрын ирээдүйд далайн ёроолд одох ганц газар биш ажээ. Аляска мужийн Арктикийн хэсэг дэлхийн дулааралд бусад газруудаас хоёр дахин ихээр өртөж байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Гэтэл зөвхөн Кивалинагийн оршин суугчдын ойролцоох эх газарт шилжүүлэхэд 400  сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button