Гео-ТоймДЭЛХИЙ

Популизмын "салхи" дарангуйллын "шуурга" болох вий

Түүхэнд “Эргэлтийн цэг” гэдэг ойлголт бий. Хүн төрөлхтний хөгжил дэвшилд онцгой түлхэц өгсөн, дэлхий нийтийг хамарсан шинжтэй улс төр, нийгмийн өөрчлөлтийн эхлэлийг тавьсан цаг мөчийг ингэж нэрлэдэг. Ийм цэгүүд нь харин аль нэг улс оронд гарсан хувьсгал, бүс нутгийн хамарсан байгалийн гамшиг, өлсгөлөн, дэлхийн дайны дараа тохиодог байна. Тэгвэл “Эргэлтийн цэг” бий болгодог хүчин зүйлд цар тахал бас ордог аж.

-Цар тахлын нөлөө баялгийн тэгш хуваарилалт, ардчилсан шударга нийгэм рүү чиглэх хүч хайрлах болтугай-

Түүх, улс төр, социологи зэрэг олон салбарын эрдэмтэн судлаачид эдүгээ “Ковид19” цар тахал дэлхийн улс төр, эдийн тогтсон дэг журмыг өөрчлөх, шинэ тогтолцоонд шилжих, өмнөх чиг хандлагыг өөрчлөх  эргэлтийн цэг болж чадах эсэх асуудлаар ухаанаа уралдуулж буй.

Өөдрөг үзэлтнүүд энэ асуудалд “Цар тахал зөвхөн гарз хохирол учруулахгүй, ашигтай тал байгаа”, бүх салбарт ирээдүйд ашигтай дадал хэвшил, шийдэл олж харах ёстой" гэдэг өнцгөөс хандаж байгаа бол “Цар тахал цар тахал биш, хуйвалдааны онол. Дараа нь авторитаризм хүчээ авна” гэж хардах нэгэн ч байна. Магадгүй, тэдний хэлсэн эхний таамаг зөв байж болох юм. Зарим дэвшилтэт өөрчлөлт одоо хэвшиж эхэлж буй. Харин “Авторитаризм газар авна” гэдэг нь хий хоосноос гараагүй гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Үймээнийг далимдуулагчид хаа сайгүй байдаг билээ.   

Зүүний хүчний сэргэлт

Үл итгэгчид хаана ч бий. Цар тахлын ид үед “Ковид19 бол жирийн нэг ханиад. Жирийн ханиадыг цар тахал гэж зарласан нь эдийн засаг дахь төрийн үүрэг оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилготой хуйвалдааны онолд суурилсан ажиллагаа” гэж үзэх хүн олон байсан. Дэлхийн улс орнууд, удирдагчид цар тахлын сургаар эхлээд цочирдсон ч яваандаа “Эрх мэдлээ нэмэгдүүлэх, байр сууриа бэхжүүлэх, хэвийн нөхцөлд яагаад ч хийх боломжгүй байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж зорилгодоо хүрэх боломж” болохыг ойлгосон гэж тэд ярьж байв. Одоо харахад үнэн байна. Одоо харахад, цар тахлын жилүүдэд улс орнууд хөл хориог үл хэрэгсэн сонгууль хийж, ихэнхид нь эрх баригчид улирчээ. Зарим улсад солигдсон ч гарч ирсэн намууд нь зүүний үзэл баримтлалтай намууд байна.

-Популизмын салхи дарангуйллын шуурга болох вий-  

Зүүний үзэл баримтлалтай намуудын дуу хоолой өндөрсөж, олон нийтийн дэмжлэгийг хүлээн, улс төрд үзүүлэх жин нөлөө нь нэмэгдэх үйл явц 2000- аад оны дундаас глобаль шинжтэй болж эхэлсэн.

Барууны өндөр хөгжилтэй улс орнуудад чинээлэг дунджууд хүн амын дийлэнхийг бүрдүүлж, засаглал нь тогтвортой, ардчиллын бат суурь болж бусдадаа чиг баримжаа болдог байлаа. Гэтэл баялаг цөөнхийн гарт төвлөрөх үйл явц эрс идэвхижсэнээс болж энэ байдал алдагдаж, хүн амын олонхийн орлого буурсан нь зүүний популистуудад боломж олгох үндсэн суурь нөхцөл болсон байна.   

Ядуу буурай улс орон төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад ч “Баялгийн тэгш бус хуваарилалтаас болж баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрсэн”, “Дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд ялагдаж, ажилгүйдэл, ядуурал газар авсан” нийтлэг шинж бий болжээ.

“Сүүлийн 20 жилийн дотор тэрбумтнуудын тоо тав дахин нэмэгдсэн”, “Дэлхийн хамгийн баян найман хүний хөрөнгө хамгийн ядуу 3.5 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байна”, “Дэлхийн хүн амын нэг хувь нь нийт баялгийн 40 хувьд эзэн суудаг” (Форбес) зэрэг баримтаас үүнийг харж болно. 

Ажлын байраа дүрвэгчдэд алдсан, эсвэл үндэстэн дамнасан корпорацийн эзэн үйлдвэрээ ажиллах хүч хямдтай улс руу нүүлгэсэн зэрэг шалтгаанаас болж тухайн үндэстэнд гаднын нөлөөнөөс өөрийгөө хамгаалах зөн бий болж, энэ нь популистуудыг дэмжих шалтгаан болсон. Дэлхийн хамгийн баян улс гэх АНУ-д 2001 онд нийт иргэдийн 30 хувь нь өөрсдийгөө хангалттай орлогогүй эмзэг бүлгийнх гэж тооцдог байсан бол 2015 онд тал нь ийм бодолтой болсон байж. Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялах үндсэн шалтгаан энэ байх жишээтэй. 

Энэ үйл явц үргэлжилсээр 2019 оны арванхоёрдугаар сар буюу “ковид19” цар тахал эхлэхэд маш олон улсад зүүний чиг баримжаатай нам засгийн эрхийг барьж байв.

Зүүний чиг баримжаатай намууд ард иргэдийг алагчлахгүй, тэгш нөхцөлд амьдруулах боломжийг эрэлхийлдэг бөгөөд цар тахлын үед зайлшгүй хэрэгжүүлсэн халамжийн бодлогоо үзэл баримтлалаараа зөвтгөж байв.

Ингээд төр ард иргэдийнхээ гарыг хумьж цорын ганц халамжлагч нь болсноор ямар үр дагавар үүсэх вэ. Ихэнх улсад эрх баригчид өөрсдийн нэр нөлөөгөө бэхжүүлэхэд анхаарч байгаа нийтлэг дүр зураг ажиглагдаж байна.  Дарангуйлагчид байр сууриа улам бэхжүүлж байна.

Цар тахлаар далайлгасан дарангуйлал

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев байгалийн хий нийлүүлэх замаар Европ дахь нөлөөгөө бэхжүүлсэн төдийгүй АНУ-аас 100 сая ам.долларын тусламж амлуулж чадсан нэгэн. Цар тахал түүнд нөлөөгөө бэхжүүлэх сайхан далим болсон бөгөөд хүмүүсийг нэг дор бөөгнөрч болохгүй захирамж гаргаж, энэ журмыг нь зөрчсөн хэмээн сөрөг хүчний байрыг битүүмжилсэн. Улмаар жагсаж цуглах боломжгүйг ашиглан сөрөг хүчний улстөрч, сэтгүүлчдийг олноор нь шорон руу илгээж буй.   

Унгарын хууль тогтоогчид онцгой байдлын бүрэн эрхийг одоогийн удирдагчдад буюу Ерөнхий сайд Виктор Орбанд хугацаагүйгээр олгох хууль баталсан. Мөн сэтгүүлч, олон нийтэд нөлөөтэй иргэдийг “Хуурамч мэдээлэл тараасан” гэдэг үндэслэлээр шоронд хорих хууль баталсан бөгөөд эдгээр хууль журмууд коронавирустэй ямар хамаатай болох нь тодорхойгүй. Унгар хэдий ардчилсан улс боловч Виктор Орбан хэмээх дарангуйлагчтай болох цаг удахгүй хэмээн барууны шинжээчид итгэлтэй хэлж байгаа юм.

Цар тахлыг сонгуульд ялах хэрэгсэл болгов

Цар тахлыг сонгуульд ялах хэрэгсэл болгож ашиглах явдал зарим улсад гарлаа. Польш улс цар тахлын тархалтын ид үе тохиож байсан ч тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлаагүй. Ингэснээр сөрөг хүчиний нэр дэвшигч сурталчилгаа хийх ямар ч боломжгүй болсон бол эрх баригч намын нэр дэвшигч, Ерөнхийлөгч Анжей Дуда цар тахлын нөхцөл байдлын улмаас байнга зурагтаар гарч, далд байдлаар сурталчилгаа хийсээр сонгуульд ялалт байгуулсан. Тэрээр өрсөлдөгч Рафал Тразаковскиг 51.2 хувийн санал авч давамгайлсан нь 1989 оноос хойших хамгийн бага зөрүүтэй ялалт болж тэмдэглэгдсэн аж.

Цар тахлыг ашиг сонирхолдоо ашиглах явдал Азийн улс орнуудад ч түгээмэл гарч байгааг энд зориуд цохон тэмдэглэх ёстой. Комбожийн Ерөнхийлөгч Хун Сен цар тахал эхэлснээс хойш хойш төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжилж, түүнийгээ олон нийттэй хуваалцсан 17 хүнийг баривчлан хорьсныг энд жишээлж болох юм.

Түүхч Маргарет Макмиллан энэ удаагийн цар тахлыг Франц, Оросын хувьсгалтай зүйрлэж, цаашид томоохон өөрчлөлтийн эхлэлийг тавьсан хэмээн дүгнэжээ. Улс орнуудын Засгийн газрууд иргэдээ халамжлах чадвараа цар тахлын дараа ч хэвээр хадгалж, зах зээлд оролцогчдод зээл өгөх магадлал өндөр. Мөн эмзэг бүлгийнхий амьжиргааг хангах, бага цалинтай ажлын байраар хангах зорилгоор хөдөлмөрийн зах зээлд ч хяналт тогтоох гэнэ. Ихэнх улс оронд ажиглагдах энэ үр дагавар нь ардчилал, чөлөөт зах зээлээс тэс өөр байх болно гэдгийг тэрээр анхааруулжээ.  

Ядуурал популистуудыг төрүүлсээр байх нь

Цар тахал хэдий өнгөрсөн ч үр нөлөө нь он удаан үргэлжлэх тул зүүний үзэл баримтлалтай намууд, популист улстөрчид хүчирхэг хэвээр байгааг хэлэх ёстой. Энэ бол нийтийг хамарсан ядуурал юм.

Сонгогчдын олонх нь ядуурснаар зүүний намуудад боломж гардаг нь нууц биш. 2010 онд дэлхийн хүн амын 10 хувь нь өдөрт 1.9 ам.долларын орлогоор амь зогоож байгаа гэсэн НҮБ-ын судалгаа бий. Тэгвэл цар тахлын нөлөөгөөр зөвхөн энэ онд 40-60 сая хүн энэ ангилал руу бууна гэж НҮБ анхааруулж буй. Иргэдийн орлого багасах энэ үйл явц цар тахлын нөлөө бүрэн арилтал үргэлжилнэ гэвэл дор хаяж таван жил ядуурал нэмэгдсээр байх төлөв ажиглагдаж буй. Энэ бол хуучин популистууд хүчээ бэхжүүлэх битгий хэл, шинэ популистууд гарч ирээд хүчээ авахад хангалттай хугацаа юм.

Өдгөө улс орондоо Засгийн эрх аваад байгаа улс төрийн намуудын дийлэнх нь байгуулагдсанаасаа хойш асар богино хугацаанд буюу сонгуулийн 1-2 мөчлөгт байр сууриа бэхжүүлсэн байдаг. Жишээ нь Бутанд Засгийн эрхийг барьж буй Ардын ардчилсан нам гол зорилгоо “Нийт ард иргэдээ аз жаргалтай болгох” хэмээн тун бүрхэгээр тодорхойлсныхоо ачаар 2013 онд парламентын 47 суудлын 32-ыг нь авсан. Италид “Таван од” нам 2009 онд байгуулагдаж, сонгуулийн нэг мөчлөгийн дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон гэх мэтээр олон жишээ бий.  

Нийгмийг цөөнх элитүүд чирч явдаг нь жам. Гэтэл ардчилсан нийгмийн байгуулалтай, парламентын засаглалтай улсад төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг тул цөөнхүүд хүчгүйднэ. Эрдэмтний санал гуйлгачны саналтай дүйнэ. Яг энэ шалтгааны улмаас популистууд хүчээ авч байгаа.

100 сонгогчийн 51 гуйлгачин, 49 баян, сэхээтэн байгаа нөхцөлд гуйлгачдын эрх ашгийг хамгаалсан улстөрч л хожих нь тодорхой. Популист амлалтууд бусад намуудыг гарцаагүй байдалд оруулж, амлалтын эргүүлэгт оруулсан байдал олон улсад ажиглагдаж байна.

Баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэйгээр ядуус олширсон өнөөгийн нөхцөл байдал барууны үзэл баримтлалтай намуудыг ч халамжийн амлалт өгөхөд хүргэж, үзэл баримтлалын ялгарлыг бүдэгрүүлэн, цаашид бүгд популист болж, төр нь тэжээгч, ард түмэн ангаахай болж хувирах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна

Харамсалтай нь, цар тахал ядуурал дагуулж, олон сул талтай гэдэг нь улс орнуудад туршигдаад батлагдчихсан зүүн тал руу эргэхээс өөрцгүй байдлыг цөөн бус улс орнуудад тулгалаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-14 10:02

Манайд ч одоо амь бөхтэй зүүний нам оршин тогтож байна.Ард түмэн нь ядуурсаар ерөнхий сайд нь ш## дэмий юмаар ПОПУЛИЗМ хийсээр байна.

Зочин
Зочин
2023-01-14 10:08

кулгайчдын самсаа кхлээ
у хийсэнл бол гэсгээх

Өгөөдэй
Өгөөдэй
2023-01-14 10:29

Нийлж хулгай хийнэ, тэрийгээ цэвэрлэж байгаа нэртэй хулгай ярьсаар 4 жилээ барах нь энэ МАН. Хөгжил, ажил ярихаа бүүр болилоо. Энэ жил сонгууль явуулъя

Уншигч
Уншигч
2023-01-14 15:17

Хөрс, суурь нь бэлтгэгдээд хоёрдугаар, гуравдугаар шатандаа хойд урд хөрш шигээ болоход тулчихсан байна шүү дээ.

МОНГОЛ
МОНГОЛ
2023-01-14 21:35

БОЛНО. БОЛЧИХООД БАЙНА. МАШ МУУ

Холбоотой мэдээ

Back to top button