Top StoriesСурвалжилгаЭРҮҮЛ МЭНД

Сурвалжилга: Хатгаа болж хүндэрдэг ханиадыг иргэд утаатай, эмч нар вирустэй холбож байна

Утаа ба ханиад: "Агаарын бохирдол бус вирустэй холбон ойлгож, эмчилгээ хийх нь оновчтой"

Ойрын өдрүүдэд ханиад томууны дэгдэлт өндөр, түүгээр өвдөх хүүхдүүдийн тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Тодруулбал, хоногт 2,000 гаруй дуудлага ирж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хэвийн горимоор ажиллах боломжгүйд хүрч, нэмэлтээр ор дэлгэх, уртасгасан цагаар ажиллах зэрэг зохицуулалтыг хийж эхлээд буй.

Мөн үүнтэй холбогдуулж Эрүүл мэндийн сайд ч захирамж гаргасан. Иргэдийн зүгээс хүүхдийн өвчлөл, ханиад нэмэгдэж байгаа нь утаанаас шалтгаалж байна гэх асуудлыг дэвшүүлж, нийгмийн сүлжээнд ч хэлэлцүүлэг өрнөөд байгаа билээ. Иймд бид утаа үнэхээр ханиад томуу үүсэхэд нөлөөлж буй эсэх сэдвийг сурвалжиллаа.

Өрхийн эмнэлгүүдийн ачаалал бага ч дүүргийнх өвчтөнүүдийн хөлд дарагджээ

Бид агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд тооцогддог Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Толгойт хэсгийн өрхийн болон дүүргийн эмнэлгээр орж, нөхцөл байдлыг сурвалжилсан юм. Өрхийн эмнэлгийн тухайд ачаалал бага, хүн сийрэг байв. Харин дүүргийн эмнэлэг маш олон хүнтэй, ачаалал ихтэй байлаа. Тэнд хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг эхчүүд голлох хувийг эзэлж байсан юм.

Тэдний төлөөлөл болгож Сонгинхайрхан дүүргийн 27-р хорооны иргэн Д-тэй ярилцахад: "Манайх гурван хүүхэдтэй. Бага маань тав хоногийн өмнө ханиад хүрсэн ч эдгэхгүй, ханиалга нь зогсохгүй байна. Эгч нь бас ханиад хүрсэн. Энэ өвөл манай гэрийнхэн ханиаднаас ханиадны хооронд л өвөлжиж байна. Эмч хэлэхдээ вирусийн гаралтай гэж тайлбарласан. Үзүүлээд эм авахад багадаа нэг хүүхдийн 50,000 төгрөг болдог. Хоёул, гурвуулаа өвдөхөөр бүр л хэцүү. Эмний үнэ хүнсний бүтээгдэхүүн шиг л нэмэгдсэн" гэв.

Мөн хоёр настай хүүгийн ээж Г.Мөнхцолмон: "Хүү маань хоёр дахь удаа ханиад хүрч байна. Эдгээд гайгүй болох нь гэж байтал дахиад хүрчихсэн. Одоо эмчид үзүүлэх гээд сууж байна. Хүмүүсийн яриаг сонсоход хурдан хугацаанд хүндэрдэг ханиад гэж байна. Хатгаа болчих вий л гэж айж байна. Энэ их утаа, агаарын бохирдол нөлөөлдөг юм болов уу гэж бодох юм. Хүүхэд өвдөх шиг хэцүү зүйл алга" гэсэн юм.

Харин Б.Оюундаваа: "Би хоёр хүүхэдтэй. Жил бүрийн энэ үе бага насны хүүхэдтэй айлуудын хувьд тиймхэн өнгөрдөг гэж хэлж болно. Хүүхэд өвдөхөөр ээлжлээд ажлаасаа чөлөө авах тохиолдлууд гардаг. Болдог бол энэ их утаанаас холдож амьдрах юм сан гэж бодох юм. Өмнө жил манай том хатгаа тусаж 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Одоо тийм байдалд хүргэчихгүй гээд л үзүүлээд явж байна. Над шиг хүүхдээ дагуулсан ээж, аавууд маш их байна" гэлээ.

Иймд бид "Бүжин-Мед" эмнэлгийн хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөртэй уулзаж, ханиадны дэгдэлт өндөр байгаа учир шалтгааны тухай болон үүнд утаа нөлөөлж байгаа эсэх талаар тодруулсан юм.

Агаарын хэм хүйтрэх тусам өвчлөлийн тоо буурдаг

-Хүйтрэхийн хэрээр ханиадны вирус алга болдог гэж ярьдаг. Энэ бодитой зүйл үү?

-Тийм тал байдаг. Ид хүйтний үеэр ачаалал багасаж, өвчлөлийн тоо буурч байгаа нь илт ажиглагддаг. Тухайлбал, цас орсны дараа агаар цэвэршээд гэдэг ч юм уу, нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг л даа. Тиймээс агаарын хэм хүйтрэх тусам өвчлөлийн тоо буурдаг гэж ойлгож болно.  

-Өвлийн улиралд ханиад хүрэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлийг тайлбарлавал?

-Хамгийн гол ухагдахуун бол ханиадтай хүнээс ханиад авна л гэсэн үг. Энгийнээр хэлбэл бид жилийн аль ч улиралд ханиад хүрэх боломжтой, зөвхөн өвөл биш. Харин энэ улиралд вирусууд илүү идэвхждэг гэж тайлбарлах нь зөв. Бид коронавирусийг сайн мэднэ. Тухайн вирус шиг өвтгөх чадвартай вирус хүний бие рүү орсноор өвтгөөд байгаа гэсэн үг.

-Хүүхдүүд ханиад хүрээд эдгэсэн ч дахин дахин өвдөх тохиолдол байна шүү дээ. Үүнээс үүдээд зарим өөр төрлийн өвчний суурь шалтгаан бий болох боломжтой юу?

-Олон удаагийн давтамжтай ойр ойрхон өвдөөд байвал хатгаа болох эрсдэлтэй гэсэн үг. Хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд 7-10 хоног буюу бүрэн эдгэтэл нь гэрээр эмчлэх чухал. Бүрэн эдгээгүй үед буцаагаад сургууль, цэцэрлэгт явуулах нь дахин ханиад хүрч, хүндрэх эрсдэлийг бий болгож байгаа хэрэг.

Энгийнээр хатгаа гэдэг бол бид гар хөлөө зүсчихээр тэр хэсэгт идээ үүсдэгтэй адил тийм идээ шиг зүйл уушгинд үүсэхийг нэрлэж байгаа юм. Ханиад хатгаа болсноор хүүхэд хэвтэн эмчлүүлэх, тариа хийлгэх зайлшгүй шаардлага үүснэ. Тийм учраас хүндрүүлэхгүй байх буюу ханиад хүрсэн тохиолдолд эмчид үзүүлж зөвлөгөө авч, бүрэн эмчлэх маш чухал. Учир нь хатгаанаас үүдсэн эндэгдэл өндөр байдаг учраас энэ өвчнөөс айж байх хэрэгтэй.

Ханиадаар өвдөхөд хүргэж буй гол шалтгаан утаа биш вирус

-Та ханиадны дэгдэлт бага байна гэж хэлсэн. Гэвч хоногт 2,000 ийм төрлийн дуудлага ирж, эмнэлгүүд ачаалалтай байгаа тухай салбарын сайд хүртэл яриад байгаа. Хичээл амарсан, хүүхдүүд олноор цуглахгүй энэ үед ханиадны тархалт яагаад нэмэгдээд байгаа юм бол?

-Хүүхдийг ханиаднаас сэргийлж хийх ёстой хамгийн гол зүйл бол ханиад хүргэхгүй байхыг хичээх үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, тухайн ханиадны вирусийг хэн нэгэн зөөж авчраад байна гэсэн үг. Жишээлбэл, тэр хүүхэд гэртээ байгаа ч түүний гэр бүлийнхэн ажил хийж, гарч орж байгаа л бол тухайн вирусийг хүүхдэдээ зөөж ирэх хамгийн өндөр боломжтой. Тийм учраас тэдгээр хүмүүс маскаа зүүх, гарч орж ирээд гараа ариутгах хэрэгтэй. Иймд заавал хүүхэд өөрөө нийгмийн харилцаанд орж байгаа тохиолдолд ханиадаар өвдөх магадлалтай гэсэн үг биш. Тиймээс зөөж ирж байгаа, зөөх боломжтой бүх хүн л анхаарах хэрэгтэй.

Яг одоо сургуулийн сурагчид амарсан ч цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Хүүхдийн өртөмтгий үе нь цэцэрлэгийн нас байдаг. Өвчлөлийн тоо гурван сар хүртэл өсөх үзүүлэлттэй явах байх.

-Ханиадны тархалт өндөр, хүүхдүүд олноор өвдөж байгаа нь утаа их байгаатай холбоотой юу?

-Энэ ханиадыг үүсгээд байгаа үүсгэгч нь өөрөө вирус. Яг л корона гэдэг шиг, одоо томуугийн вирус дэгдчихээд байгаа юм. Тодруулбал, томуугийн үндэсний төвийн гаргасан судалгаагаар томуугийн "H1N1", "H3N8", томуугийн "Б" хүрээ гэсэн гурван төрлийн вирус. Эдгээр нь халдварлах чадвар маш өндөртэй учраас хүмүүс, хүүхдүүд олноороо нэг зэрэг өвдөөд байгаа юм. Гэр бүлийн нэг гишүүн энэ вирусээр өвдөхөд долоо хоногийн дараа бүгд өвдсөн байх жишээний.

Энэ ханиадаар нэг өвдөөд эдгэчихвэл биед нь эсрэг биет үүсэх учраас дахихгүй. Одоо хэсэг хугацаанд тархалт өндөр байх боловч дараагийн шинэ вирус гарч ирэх хүртэл буурна.

Би 11 дэх жилдээ ажиллаж байна. Намайг ажиллаж эхэлснээс хойш жил бүр л ханиад ийм байсан. Тиймээс жил бүрийн 1-3 дугаар сар бол томуугийн ид дэгдэлтийн үе. Утаанаас болж байгаа зүйл огт биш. Энэ үед эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, иргэд эмнэлэг барьсангүй, тийм ийм зүйлээс, утаанаас боллоо гэж дуугарч эхэлдэг. Гэвч 9-11 дүгээр саруудад утаа байж л байсан шүү дээ. Тиймээс ханиадаар өвдөхөд хүргэж буй гол шалтгаан утаа биш вирус.

-Ханиадны эдгэрэх хугацаа уртассан байгааг мөн л утаатай холбон тайлбарлаж байна. Энэ тухай?

-Энгийн ханиад бол 4-5 хоногт эдгэчихдэг. Одоо бол 10-14 хонож байж хоолой дээр хоржигоноод, цээж хэржигнэж, ханиалгаад, цэртэй байсан шинж тэмдгүүд нь арилж байгаа. Одоогийн энэ вирус хоёр хоноод л хатгаа болгочихдог, хүндрэхдээ маш хурдан. Тиймээс эцэг эхчүүд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн л бол шууд үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна. Утаа ямар нэгэн байдлаар нөлөөгүй, тухайн вирусын л онцлог.

Одоогийн дэгдээд байгаа вирус 2-3 хоноод хатгаа болдог, аюултай

-Амьдарч байгаа орчин хэр зэрэг нөлөөлж байна?

-Идэж, ууж байгаа зүйлээс л эхэлнэ. Шаардлагатай хэмжээнд амин дэмтэй, дархлаа дэмжих зүйлүүд хэрэглэж чадаж байна уу, үгүй юу, гэдэг ч юм уу. Амьдралын чанар нөлөөлдөг. Орчны хувьд тухайн хүүхдийн гэр хүйтэн бол хүндрэх нь хурдан байх зэрэг шалтгаан нөхцөлүүд бий. Тиймээс орчны нөхцөл 100 хувь нөлөөлнө гэж үздэг. Нөгөө талаас арчилгаа, асаргаа, халамж маш чухал. Эмийг цагт нь уулгах, халуун хоол унд идүүлэх, амраах зэрэг нь хүндрэхгүй байхад гол нөлөө үзүүлдэг.

-Эцэг эхчүүдийн дур мэдэж эмчилдэг үйлдлийн тухайд?

-Дур мэдэж эмчилдэг хүмүүсийг муу үр дагавар нь хүлээж байдаг. Одоо бол ялангуяа 2-3 хоноод хатгаа болж байгаа. Эмчилгээ хийж байхад хүртэл хүндрээд байх тохиолдол гарч байна. Үзүүлэхгүйгээр хүүхдэдээ эм авч өгч уулгаж байгаа бол зайлшгүй хүндрүүлж байна гэсэн үг. Хүндэрсэн тохиолдолд эмнэлэг л бараадна. Хамгийн сайн бодох ёстой зүйл бол тухайн аав ээж өөрөө биш тэр хүүхэд бие дээрээ тэр өвдөлтийг мэдэрч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс хамгийн анхны зөв алхам бол эмчид үзүүлэх.

-Хүүхдүүд олноор өвдөж байгааг утаатай холбон тайлбарлаж байгаа нь хэр оновчтой юм бэ?

-Утаатай холбоотой гэж судлагдсан зүйл байхгүй. Утаа их, агаарын бохирдол улаан түвшинд байгаа нь тодорхой. Яг энэ утаа уушгинд нь яаж очоод, ямар байдлаар гэмтээгээд байгаа вэ гэдгийг эрдэмтэд нь ч судлахгүй байна. Энэ талаар ярьж байгаа бусад эмч нар ч гэсэн судалгаатай, суурьтай ярих хэрэгтэй. Утаа гээд л орилоод байдаг. Гэвч судлагдаад батлагдсан зүйл нь вирус. Тухайн вирус уушгинд хатгаа болгож хүндрүүлдэг, эдгэрэлт удаан, явц нь хүнд байна. Тиймээс анагаах ухааны үүднээс батлагдсан зүйлээ л ярьж түүнийхээ дагуу эмчлэх чухал. Тэгэхээр утаанаас болж ийм байдал үүсдэг гэж тайлбарлах боломжгүй. Ямар нэгэн байдлаар нөлөөлдөг байж магадгүй.

-Цэвар агаарт гарахыг зөвлөдөг үү, эмчилгээний заалт биш биз дээ?

-Агаарт гарч болно. Гэхдээ зэргэлдээ амьдардаг хоёр айлын хүүхэд ханиад хүрсэн байлаа гэж бодъё. Гэтэл Батын хүүхэд хүндрээд Доржийн хүүхэд хүндрэхгүй байх тохиолдолд Бат хүүхдэдээ вирус тээж ирээд байсан байж болно. Тиймээс агаарт гараад ч сайн өөрчлөлт гарахгүй гэсэн үг. Иймд эцэг эхчүүд л чухал нөлөөтэй.

Судалгаа: Амьсгалын замын архаг өвчинд хүргэдэг агаарын бохирдлын өртөлт нь уушиг бүрэлдэн хөгжих бүх явцад нөлөөлдөг

Бид жил бүрийн яг энэ үед томуугийн дэгдэлт өндөр байна, утаанаас болж байгаа гэх зэргээр нийгмээрээ шуурч эхэлдэг. Гэтэл мэргэжлийн хүүхдийн эмч дээрх хариултыг өгч байна. Харин утаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг, тодорхой өвчлөлийн шалтгаан болж байгаа эсэх талаар дотоодод судалгаа огт хийгдээгүй гэж хэлж болно. Хамгийн сүүлд "UNICEF" Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран "Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам" нэртэй судалгааг хийжээ. Энэхүү судалгаанд:

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн (1996) 5.2-т “Хүүхэд бүр эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан. Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдол болон агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь тус хуульд заасан хүүхдийн эрүүл өсөж бойжих, аюулгүй орчныг хангаж чадахгүй байна.

Агаарын бохирдлын өртөлтөд хамгийн эмзэг бүлэг бол хүүхдүүд. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлүүдийн улмаас нярай болон бага насны хүүхэд эндэх эрсдэл өндөр байдаг бөгөөд дэлхий дахинд жил бүр 230,000 хүүхэд гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын доод замын хурц үрэвслээр нас барж, 7,500,000 гаруй хүүхэд хоол хийхдээ ашигладаг хатуу түлшнээс ялгардаг доторх орчны агаарын бохирдлын улмаас эндэж байна.

Амьсгалын доод замын өвчлөлийн хувьд дийлэнхдээ жирэмсэн үеэс эхлэн хүүхэд хоёр нас хүртэлх хугацаа байдаг бөгөөд тэр дундаа агаарын бохирдолд хамгийн өртөмтгий байх эмзэг үе нь хүүхэд төрсний дараах эхний 2-3 сар юм. Нөгөө талаас амьсгалын замын архаг өвчинд хүргэдэг агаарын бохирдлын өртөлт нь уушги бүрэлдэн хөгжих бүх явцын турш нөлөөлж болох ба энэ нь эрхтэн тогтолцооны хөгжлийн үе шат, бүрэлдэж гүйцсэн үеийн өртөмтгий байдлаас хамаарна. Уушгины бүтэц, үйл ажиллагаа нь ургийн хөгжил, эсвэл төрсний дараа зэрэг хамгийн эмзэг цаг үед орчны нөлөөлөгч хүчин зүйлсээс хамаарч өөрчлөлтөд ордог.

Уушгины хөгжлийн дийлэнх нь ургийн хөгжлийн үед явагддаг бөгөөд жирэмсний үеийн эхийн тамхидалт, дам тамхидалт нь ургийн уушгины хөгжилд эргэлтгүйгээр нөлөөлдөг талаар хангалттай судалгаа хийгдсэн байдаг. Нялх, хөлд дөнгөж орж буй хүүхдийн цээжний хэнхэрцэг, өрц сул хөгжилтэй байдгаас уушгины агааржилт муу, уушгины үлдэгдэл агаарын хөгжил нь гурван настайд бүрэн хөгжиж гүйцэх ба цаашдаа зөвхөн хэмжээ нь л томордог.

Цээжний хэнхэрцэг болон уушигны уян хатан чанар 7-8 нас хүртэл аажим томордог бол энэ наснаас хойш уушгины хэмжээ эрчимтэй томордог байна. Амьсгалын замын тогтолцоо бүрэлдэхэд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн талаар илүү дэлгэрэнгүй судалгаанууд байдаг, (жишээ нь Гриноф27) харин уушгины хөгжлийн талаар энд дурьдаж байгаа нь уушгины хөгжил хүүхэд насанд явагдаж гүйцдэг учраас агаарын бохирдлын өртөлтийг бууруулах арга хэмжээг хүүхдийн хөгжлийн бүх үе шатанд авах шаардлагатайг нотолж байгаа юм.

Тэгэхээр хатгалгаа өвчин, уушгины хөгжилд нөлөөлөх агаарын бохирдлын өртөлтийг бууруулах арга хэмжээг хүүхдийн хөгжлийн эхэн үед гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх нь тэргүүлэх чиглэл байх ёстой болж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-16 09:10

Ханиад үнэхээр аймаар байна

Үгээ хэл
Үгээ хэл
2023-01-16 09:51

Утаа ямар ч хамаагүй болж байгаа гэсэн үг үү

Зочин
Зочин
2023-01-16 17:53

Вирус х##двартай хүнээс х##дваргүй хүнд дамжина, дамжигдана

Зочин
Зочин
2023-01-16 17:52

Утаа уушгинд л хаматай болохоос яг вирус тарахад огт хамаагүй.

Зочин
Зочин
2023-01-16 10:24

utaa hamaatai gechheer ajIlgui bolchino gej aigaad baidgimu haishain

Зочин
Зочин
2023-01-16 17:51

Гар хөлөө ч угаахгүй, шууд ирээд л хүүхдээ үнсэж вирус зөөж байгаа.

Зочин
Зочин
2023-01-16 20:18

Virus yum bol yagaad huduu agaart garahaar edgeed bgaan. Esvel gadaadad ochood edgeed bna. Yasan uhaantai virus ve

Иргэн
Иргэн
2023-01-16 20:57

Утаанаас болж бие суларч хаиад хүрч байна.Байг##ын с##хи гарч Улаанбаатарчуудыг аврах байх.

Зочин
Зочин
2023-01-22 12:03

Цэцэн мэргэн бүхнийг мэдэгч ард иргэд зөв. Анагаахын сургуульд сурсан тэнэг эмч нар буруу.

Зочин
Зочин
2023-01-22 15:17

Монголчуудын үнэндээ гень их муудсан химийн бодис утаа хоол хүнсны нөлөөгөөр

Холбоотой мэдээ

Back to top button