Top StoriesНийгмийнНИЙГЭМ

Д.Сумъяабазарын машинууд: Сэлбэг олддоггүй хятад автобус, "Alibaba"-гийнхаас хоёр дахин үнэтэй зам цэвэрлэгч

Улаанбаатар хотод одоогоор нийтийн тээврийн 101 чиглэлд 985 тээврийн хэрэгслээр үйлчилж байна. 1400 автобус шаардлагатай хэдий ч хүсэмжит автобусны тооноос 1.4 дахин бага тээврийн хэрэгсэл зорчиж байгаа гэсэн үг. Тэр хэрээр иргэдийн хэрэглээ багасаж байгаа юм.

Хэдийгээр 985 тээврийн хэрэгсэл зорчиж байгаа гэх боловч түүнээс 532-ынх нь ашиглалтын хугацаа дууссан. Тэгэхээр хэрэглээнд байгаа автобусны 54 хувь нь ашиглах боломжгүй юм. Үүнээс харвал ердөө л 453 автобус 1.5 сая иргэнд ногдож буй. Тэгэхээр 3300 иргэнд нэг автобус оногдож байна. Хэдийгээр энэ тооцоолол нь механик арга боловч бодит нөхцөл байдлаас гажуудаж хол зөрөхгүй болов уу.

-"Гэр хорооллын иргэд гэхээр л хуучин, чанаргүй автобусаар үйлчлүүлдэг байж болохгүй"-

Парк шинэчлэлийг 13 жилийн турш хийгээгүй Улаанбаатар хотын хувьд түгжрэлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай зүйл бол нийтийн тээврийн хэрэглээг нэмэх явдал юм. Тиймээс ч 2022 оны тавдугаар сарын сүүлээр парк шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болсон билээ. Үүний дагуу түгжрэлийг бууруулах түүхэн төсөв болох 420 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын нэг нь дээрх парк шинэчлэлт юм.

Өмнө нь 2009 онд парк шинэчлэл нэрийдлээр 400 хуучин автобус худалдаж авсан байдаг. Тиймээс автобус өнөөдрийг хүртэл тулгамдсан асуудал болсон хэвээр. Тодруулбал, нийтийн тээврийг насжилтаар нь авч үзвэл:

  • 10-аас дээш жил 75 хувь
  • 7-9 жилийн настай 18 хувь
  • 4-6 жилийн настай 5 хувь
  • 1-3 жилийн настай 0.7 хувийг эзэлж байна. Өнөөдрийг хүртэл хүртээлтэй бүү хэл шинэ тээврийн хэрэгсэлд сууж үзсэн хүн цөөн болж таарах нээ.

Тэгвэл өчигдрөөс эхэлж үйлчилгээнд гарсан шинэ 30 автобустай танилцав. Том цонх, улаан өнгө бүхий автобус буудалд ирэхдээ элдэв хар утаа гаргахгүй, чахарч дуугарахгүй ирж буй нь танил бус мэдрэмж.

Автобусны хаалга онгойлгохтой зэрэгцэн хэт дулаан орчин биднийг угтлаа. Хөлдүү, мөсөн хонгил мэт автобустай зорчсоор нэг бодлын дадал суужээ. Цэвэр суудлын бүтээлэг хийгээд хоггүй орчин, цантаагүй цонхоор хотын гудамж, гэр хорооллыг нэвт тольдож болохоор. Иргэн хүний хувьд хамгийн сүүлд хэзээ ийм дүр зураглал харснаа ч хэлж мэдэхгүй. Түүгээр ч зогсохгүй тэргэнцэртэй иргэдэд зориулсан зорчих хэсэг байх бөгөөд тэднийг бие даан хөдөлгөөнд ороход зориулсан шат хүртэл байсан юм.

Автобусны жолооч Н.Төрбат салбартаа 19 дэх жилдээ ажиллаж буй нэгэн. Өмнөх парк шинэчлэлийн үед орж ирсэн автобусыг хэрэглээнээс гартал нь жолооджээ. Харин одоо шинэ автобус жолоодож байна гэдгээ онцлов. Тэрбээр "Автобус дулаахан байна. Жолоодоход ч тухтай байгаа. Хүч сайтай байгаа болохоор жолоо барихад ядрахгүй. Тиймээс иргэдээ ч цэвэрхэн зорчоорой хэмээн хүсэж байна. Автобусны үнэ хөлснөөс илүүтэйгээр шинэ автобустай болсонд жолооч хүний хувьд таатай байгаа. Үнэ хөлсийг нь онцолж сонирхоогүй. Хожим хэр эдэлгээтэй нь мэдэгдэх байх. Жолооч хүний хувиар дулаахан таатай автобусаар олон нийтэд үйлчлүүлж байгаадаа таатай байна" гэлээ.

Тэгвэл иргэдийн зүгээс гэр хороолол руу дулаан автобустай болсонд таатай байгаа талаараа хуваалцаж байсан юм. Тэдний хувьд автобусны зардал мөнгөнд төдийлөн ач холбогдол өгөөгүй билээ.

Иргэн "Шинэ автобус зорчиж буй талаар мэдсэн. Дотор нь сууж үзэхэд их дулаахан байна. Хуучин нь их хүйтэн байсан. Их цэвэрхэн автобус байна. Шинэ автобусаараа цэвэрхэн үйлчлүүлээсэй. Гэр орондоо цэвэрхэн байдагтайгаа ижил цэвэрхэн зорчоосой гэж бодож байна. Цагаа бариад удаан хүлээлгэхгүй байвал л болох нь тэр. Шинээр автобус ирж байгаа болохоор удаан хүлээх нь багасах байх гэх хүлээлттэй байна" гэв.

Иргэн "Өмнө нь салж унах вий гэх айдастайгаар зорчдог байсан. Гэтэл шинэ автобус дулаахан байгаагаас эхлүүлээд л тухтай зорчиж байна" гэлээ.

Иргэн "Өмнөх автобусанд даарах нь их байсан. Одоо бол даарахгүй дулаахан зорчиж байгаа болохоор таалагдаж байгаа. Явдал нь ч зөөлөн юм. Автобус хүлээхэд 10-20 минут хүлээдэг" гэлээ.

Иргэн "Хотын төвөөр цэвэрхэн гоё автобус явдаг. Гэр хорооллын автобуснууд ихэвчлэн хэт хуучирсан байдаг. Дандаа хуучин муухай нь гэр хорооллоор явдаг болов уу гэж боддог. Гэтэл сая шинэ автобус байхаар нь бага зэрэг гайхлаа. Гадаа хүйтэрсэн болохоор хүйтэн автобусанд суудаг байсан. Хайлаастаас автобусанд суухын тулд их хүлээдэг. Одоо бол автобус хүлээх нь харьцангуй багасах болов уу гэж бодож байна. Хотод зорчиж буй автобусанд 10-аас гурван оноо өгнө. Гэр хорооллын чиглэлд илүү анхаараасай хэмээн хүсэж байна. Хэт удаан гадаа даарч зогссоныхоо дараа цэв хүйтэн автобусанд орох ямар байдаг билээ дээ" хэмээн өөрийн байр сууриа хуваалцлаа.

-Н.Сугар: Шинэ автобуснуудыг захиалж хийлгэсэн-

Нэг хэсэг иргэд шинэ автобусаар үйлчлүүлж буйдаа сэтгэл хангалуунаас гадна энэ мэтээр үр дүнтэй ажлууд хийгээсэй хэмээн хүснэ. Харин нөгөө хэсэг нь одоо ч шинэ автобусны үнэ зардалд сөрөг байр сууриар хандсаар байгаа. Тодруулбал, шинэ автобусны ширхэг бүрийг нь 253.5 сая төгрөгөөр оруулж ирж буй. Энэ талаар цахим орчинд ч маргаантай сэдвүүд явсаар.

Нийслэлээс дээрх автобусыг өөрийн улсын цаг агаарын онцлогт тохируулан, захиалгаар хийлгэж байгаа гэдгийг нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлсэн юм.

Тэрбээр “Намар 100 орчим автобус авч ирсэн. Сая 100 ирлээ. Ирэх сард 124 автобус авахаар үйлдвэрлүүлж байгаа. Бүх автобус шинээс гадна, захиалгаар хийлгэж байна. Нэг автобусанд ихдээ л 70 хүн багтана. Хятадад хийлгэлээ гээд тарж унана гэсэн үг биш. Шинэ автобуснууд стандартад нийцсэн, зургаан паартай, цонх нь цантдаггүй гэх мэт олон давуу талтай" гэв.

Мөн үргэлжлүүлэн 2023 онд 300 гаруй автобус оруулж ирнэ гэдгийг тодотгосон юм.

Шинэ автобусны техникийн үзүүлэлт:

  • 2022 онд үйлдвэрлэсэн
  • Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
  • Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог.
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай.
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай.
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан.
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.

Тэгвэл цахим орчинд түгээд буй Алибаба тэргүүтэй бусад цахим сайтуудад борлуулж буй нийтийн тээврийн хэрэгсэлтэй жишиж, харьцуулах нь тохиромжгүй гэдгийг удаа дараа нийслэлээс илэрхийлсэн. Шалтгаан нь хөдөлгүүрийн хүчин чадал харилцан адилгүй, цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй гэх мэт олон хүчин зүйлийг дурдаж болно хэмээгээд буй. Түүнээс гадна цоо шинэ автобус бөгөөд уур амьсгалд тохируулан захиалгаар хийлгэж буй нь гол онцлог гэдгийг ч дурдсаар байна.

Одоо орж ирж буй автобуснууд 2022 оны төсвийнх бөгөөд 2023 оны улсын төсвийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилт дэвшүүлж, 339.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан. Тиймээс энэ жил ч автобусны цуваа тасрахгүй нөхцөл байдал үүсэж байна.

-Хятад автобус олон жилийн настай байж чадах уу-

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор зарласан тендерийг ухвал Нийтийн тээврийн парк шинэчлэлт нэрийдлээр 2021 онд тендер /дарж харах боломжтой/зарласан байдаг. Нийт төсөвт өртөг нь 21.4 тэрбум төгрөг юм. Цар тахлын улмаас энэхүү ажил хойшилж, 2022 онд эхэлсэн хэрэг.

Нийслэлийн Засаг даргын багийнхан ч үүний дагуу хөтөлбөр боловсруулж, улмаар 2024 он хүртэл үе шаттайгаар парк шинэчлэлийн ажлыг хийж буй. Сануулахад, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "2022 онд 590, 2023 онд 299, 2024 онд 86, нийт 975 автобусыг шинэчилж дуусна. Эхний ээлжид цахилгаан хөдөлгүүрт автобус 110,  дизель хөдөлгүүрт 410, троллейбус 40, дунд оврын автобус 30-ыг оруулж ирэхээр хуваарь гаргасан. Өнгөрсөн нэг жилийн төсвийн явц, тендерийн хуультай холбоотойгоор автобусны худалдан авалт саатаж, сул тал бодитоор гарсан. Тиймээс автобусны шинэчлэлийг нэн богино хугацаанд хийнэ" хэмээн 2022 онд мэдээлж байв.

Үүний тулд эхний ээлжээр оруулж ирсэн автобусаа үйлчилгээнд нэвтрүүлсэн. Энэ үеэр жолоочдын хэл ам хэсэгтээ л тасраагүй. Учир нь хатуу нумтай тул жолоодох хэцүүгээс гадна өдөржин сууж явахад нуруу их өвддөг гэх гомдол барагтаа л дуусаагүй юм. Хамгийн гол нь сэлбэг олдоц муутай байх тохиолдол байдаг ажээ.

Тодруулбал, 2014 онд Хятадаас оруулж ирсэн 10 орчим автобусын сэлбэг олдоогүй асуудал үүсэж байв. Гэвч нийтийн тээвэртэй холбоотой цор ганц асуудал нь энэ биш юм.

Эко автобуснууд ч сэлбэг байхгүйн улмаас хэзээ мөдгүй үйлчилгээнээс гарах эрсдэлтэй. Үүний гол асуудал нь хэт өндөр үнээр орж ирж буй "шахаа"-ны бизнес билээ.

Тиймээс ч энэ удаагийн Хятадаас оруулж ирж буй автобуснууд солонгос автобус шиг урт хугацаанд зорчиж чадах эсэх, нөгөө талаасаа сэлбэггүйн улмаас дэмий мөнгө үрсэн хэрэг болох вий гэх зовнил байгааг ч үгүйсгэж болохгүй юм. Нөгөө талаасаа нэг автобусыг хэт өндөр үнээр худалдан авч байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлсээр байна.

Том оврын автобусны үйлчилгээний эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн манай сайтад өгсөн ярилцлагадаа "Хятад автобусыг 10-12 жилийн турш тээвэрт явж чадна гэж бодохгүй байна. Солонгос автобуснууд бол маш сайн эдэлгээтэй. Сэлбэг ч олддог болохоор хэрэглэхэд амар. "Hyundai" компанийн 330 сая төгрөгийн өртөгтэй чанартай автобус бий. Эсвэл өөр бусад улсаас ч авч болно. Гол нь Хятад автобус эвдэрбэл сэлбэг олддоггүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг стандартын дагуу 12 жилийн хугацаатай хийдэг. Гэвч манайх шинэчлэлт гэхээс илүүтэй парк сэлбэлт хийж, хуучин автобус авч байсан" хэмээн ярьж байв.

-Зөвхөн автобус бус зам цэвэрлэгч машин ч асуудал дагуулав-

Нийслэлийн парк шинэчлэлээс гадна Тохижилт үйлчилгээний газар ч олны хэл аманд өртлөө. Тэдний хувьд шинээр авч буй техник хэрэгслийн үнийн өртгөөс болж ийн олны бай болсон юм. Тодруулбал, нийслэлээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн 28 цэвэрлэгээний машин билээ.

Төрийн тендер шалгаруулалтаар "Батсээр" компани шалгарч, цэвэрлэгээний нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлсэн байдаг. "Онцгой-Өргөө" компани болон "Батсээр" ХХК тус тендерт өрсөлдсөнөөс ийн шалгарсан хэрэг. Хэрэв тус тендерийг харвал /дарж харах боломжтой/ 28 ширхэг цас цэвэрлэх машинд 3.5 тэрбум, харин бульдозерт 500 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг.

Гаднын сайтуудаар хайж үзвэл хамгийн сүүлийн үеийн загваруудыг 40-46 мянган ам.доллароор худалдан авах боломжтой юм. Нөгөө талаас Хятадын Алибаба болон Таобао гэх мэт сайтаас хайж үзвэл 18-25 мянган ам.доллар буюу 60-87 сая төгрөгөөр худалдан авах боломжтой байна.

Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Тендер зарлах үед манай эдийн засгийн алба тооцоолол гаргасан. Ийм машины хувьд тоноглол, хүчин чадал, мотор зэрэг үзүүлэлтээсээ хамаараад үнэ ханш нь өөр байдаг. Манайх шиг эрс тэс нөхцөлд ажиллах, мөн олон зориулалтаар ашиглаж болох тоноглол, дагалдах хэрэгсэлтэй байх, техник үзүүлэлт нь нийцсэн байх зэрэг шаардлага тавьсан.

2019 онд авсан 20 машины нэг бүрийн үнэ 141.5 сая төгрөг байсан юм билээ.  Компаниудаас ирүүлсэн үнийн саналын хамгийн дээд үнэ нь 148 сая төгрөг, доод үнэ нь 80 сая орчим төгрөг, цахилгаан мотортой, хүчин чадал багатай нь бүр хямд байсан. Боломжит хувилбаруудыг бид судалж үзээд, шаардлага хангах, техникийн үзүүлэлт нь сайн, эрс тэс нөхцөлд буюу дөрвөн улиралд ажиллах боломжтойг нь сонгон шалгаруулсан.

Энэ машин бол зам, талбай цэвэрлэдэг тусгай зориулалтын бичил машин. 2019 онд ийм машин 20 ширхэг орж ирсэн. Үүндээ үндэслэн тооцоо, судалгаа хийж, жилийн дөрвөн улиралд, тэр тусмаа 35 хэмийн хүйтэнд ажилладаг, явган зам, нуух цэвэрлэдэг гэх утгаараа тус машиныг авсан.  Ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, техник технологийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага ч байсан" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Зам, талбай ч цэвэрлэнэ. Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэж байна. Нэг ийм машин багадаа найман хүний өдрийн ажлыг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, 28 машин 224 хүний нэг өдрийн ажлыг хөнгөвчилнө гэсэн үг. Үүнд үндэслэн, 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан. Цаашид хогийн шүүр, хүрз зэргийг ашигладаг хоцрогдсон байдлаас салах, гар ажиллагааг багасгах шаардлагатай байна" гэсэн юм.

Бага оврын цэвэрлэгээний энэхүү машин нь хүчин чадлын хувьд 2019 оныхоос илүү гэдгийг ч онцолж дурдаж байв. Энэхүү машины марк нь GD-1900A-GE юм байна. Хэдийгээр манай улсын улиралд зохицдоггүй ч универсал буюу олон талт байдлаар ажиллуулахыг илүүд үздэг ажээ.

Тодруулбал, машин болон явган зорчигчийн зам, нуух, цас цэвэрлэх гэх мэт. Эдгээрийг 2022 оны төсөвт суулгаж, нэмэлтээр авч байгаа аж.

Өөрийн нэрээ нууцлахыг хүссэн ТҮК-ийн ажилтан Б "Бидний хувьд хүний нөөц хомсдолтой байдаг тул энэ мэт теник шаардлагатай байдаг. Байнга гараар цас цохиж, замын нуухыг шүүрдэж байгаа нь заримдаа хоцрогдсон санагддаг. Нэг хүнд ногдох ачаалал их тул үүниийг багасгахын тулд техник ашиглаж байгаа. Бидэнд хүний нөөц ч тэр, ашиглах багаж, техник ч дутагдалтай байдаг гэдгийг ойлгож өгөөрэй" гэв.

Уг бага оврын цэвэрлэгээний машин нь хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг японы Янмар мотортой, 2.1 тн даацтай ажээ. Урдаа нэмэлт дагалдах хэрэгслүүдтэй тул үүнийг нь дагаад үнэ нь нэмэгдсэн байна. Тодруулбал, урд нуух цэвэрлэх багажийг нь хусагчаар солих гэх мэт дагалдах хэрэгслүүдийг нэмэлтээр авсан гэдгээ Хот тохижилтын газраас мэдээлсэн юм. Мөн энэ удаагийн худалдан авсан машинуудыг 2022 онд үйлдвэрлэсэн байна.

Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай, илүү боловсронгуй болсон гэдгийг онцолж байлаа.

Харин олон нийтийн дунд тархаад буй илүү хямд төсвөөр авах боломжтой гэх зургуудын тайлбарт "Техникийн үзүүлэлт, зориулалт нь өөр. Бид өмнө нь ч судалж үзсэн, спорт заал гэх мэт жижиг хэмжээний газар цэвэрлэдэг, цахилгаан мотортой машинууд хямд байдаг байж магадгүй.  Манайх шиг уур амьсгалтай оронд, тэр тусмаа цэвэрлэгээ арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай машин тийм хямд байх боломжгүй" гэх тайлбарыг ч өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-17 11:20

Хятад автобус 12 жил яагаад ч явж чадахгүй, өмнөх өчнөөн жишээ туршлагууд байна, 5 жил явб## их юм, сэлбэгийн асууд##тай гэдэг нь үнэн. эвдрэл их гарна гэдэг бол дахиад авсан үнийн дүнтэйгээ тэнцэх зард## гаргана гэсэн үг.

Teneg boh
Teneg boh
2023-01-17 19:02

10sayiin cas ceverlegchiig 125sayaar shahna 100sayiig cavchina yasan hanaj chadahgui tiiren sumtai buzar ve

Зочин
Зочин
2023-01-17 19:23

Цаг нь ирнээ ард түмэн ш##гуулж л таараа

Зочин
Зочин
2023-01-17 19:24

Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнээ

Зочин
Зочин
2023-01-17 22:01

Удахгүй энэ өлөн хулгайчын цаг дуусах байлгүй. Аргагүй л цайсан хулгайч шүү

Зочин
Зочин
2023-01-18 09:36

Иргэдээ доромжилохоо болио хужаа хогд суучхаад иргэд баярлахгүй юм үзээгүй юм шиг юм бичэж ярихаа больчих наад автобус чинь их л үнэтэйдээ 150 саяаас хэзээ ч хэтэрэхгүй хэвэрэг сэлбэг олдохгүй тийм л эд харуулах гэж байгаа юм биш бодит байд## цавчаачидаа ил болгож шийтгэх хэрэгтэй тёхник мэддэг захын хүн харахад л тодорхрй санд## сууд## нь маш хатуу багтаамж муутай ердөө 28 хүний сууд##тай манай оронд яагаад ч тохирохгүй яагаад мэддэг хүмүүс нь юмаа мэдээд авч болдоггүй дарга нартай хамаар## бүхий цавчаачид авчирах ёстой юм бэ яагаад цагдаа атг ш##гахгүй байгаа юм бэ

Зочин
Зочин
2023-01-18 09:55

Ээ чааваас даа энэ их мөнгөө жирийн иргэдэд өгөөд өндөр шаардлага тавьсан бол бүр 200% цэвэр чанартай зам т##байгаа цэвэрлэнэ.

Зочин
Зочин
2023-01-18 11:14

Шинэ автобусны гадна эрээн мяраан юм наахаа болиоч. Хотын өнгө үзэмжид муухай юм

З55
З55
2023-01-18 13:10

ЮУ ч хийж чаддаггүй, сураагүй, мулгуудуу хүмүүс юм хийж байгаагаа их шүүмжилдэг. Сумьяаг хийгээгүй бол шүүмжлэхгүй.

Зочин
Зочин
2023-01-18 14:13
Reply to  З55

Тэнэгт

Зочин
Зочин
2023-01-18 13:39

Ичиж үхээсэй хулгайч нар дүлий сохор ард түмэн хохь нь ээ

Зочин
Зочин
2023-01-18 14:15

Шинэчлэхгүй бол нийтийн тээвэр бараг тэг зогсч байсан зарим нь бүр шатаж байсан биз дээ. Үнэ өртөг гэвэл хямд авб## хог авлаа гэнэ үнэтэй авб## шахлаа гэнэ Япон солонгосоос авб## хуучин гэнэ Хятадад захи##ж хийлгэхээр сэлбэггүй хятад хог гэнэ яамаар юм бэ. Ямартаа ч иргэд тавтай зорчиж байв## болоо бишүү

монгол улсын иргэн
монгол улсын иргэн
2023-01-18 17:55

ОХУ-д захи##гаар нийлүүлдэг учраас монгол хэл дээр үсэгэн дисплейг сольж амжаагүй юм байна. Магадгүй Сибирт зориулагдсан учраас дулаан тохитой, Солонгосынхыг бодвол хүч сайтай хийсэн бололтой.

Бат
Бат
2023-01-18 19:18

Хятадууд оросод муу юм өгөхгүй байх.Тэгэхлээр гайгүй байж магадгүй .Битгий ингэж өөрсдийгөө бухимдуулж ,юмыг хий хоосон таамаглаж бай! Аандаа цаг хугацаа өнгөрөхөөр мэдэгдэнэ шүү !

Зочин
Зочин
2023-01-18 18:27

Дизель автобус шахчаад ичихгүй юмнууд. Арай л даварсан шун##тай юм бэ.

Зочин
Зочин
2023-01-18 22:14

Монголд автобус угсраад байсан тэднийг яагаад дэмждэггүй юм бэ? Эсвэл тэднээс цавчаа хийх гэхээр олддоггүй юм уу?

Зочин
Зочин
2023-01-18 22:15

Болио боль

Зочин
Зочин
2023-01-18 22:20

Ямар ч байсан дулаан цэвэр автобустай болж.

Зочин
Зочин
2023-01-18 22:21

Өөрсдөө хийхгүй байж муу амлахаа больж үз.саын байна.шинэ цэвэр бас дулаахан автобус иржээ

Зочин
Зочин
2023-01-18 22:30

Өөр улсаас авч болоогүй юм байх даа

Ланд 200 ба 300
Ланд 200 ба 300
2023-01-19 08:21

ТА НАР МӨН Ч ХУДЛАА БИЧИХ ЮМ АА.МУУ Л БОЛ ЗАХЫН ХАР ОВООХОЙ ГЭЖ АРАЙ Л ХЭТЭРЛЭЭ НААД АВТОБУС ЧИНЬ ХАРИН ХЯМД БАЙНА

Зочин
Зочин
2023-01-19 17:03

Самарсайханы баас яасан дуу####ггүй юмбэ

Зочин
Зочин
2023-01-19 18:11

Хятадын тосгон дотор л явдаг бага оврын хамгийн хямд автобусыг улсын нийслэлд оруулж ирж ард түмнээ доромжилж мөнгө идэж байна
Энэ автобусыг хэдээр оруулж ирж хэдэд шахаж байгааг сайн ш##гах хэрэгтэй
Евро стандартын БЕНЦ ВОЛВО оруулж ирж чаддаггүй юм бол Солонгос том оврыг ханг##ттай сууд##тай автобус охуулж ирээчээ
Эцэст нь энэ идэж уухын шун## туссан эргүү модон толгойт бөхийг ######уулахгүй бол хувааж идээд дууслаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button