УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонсгол: "Бэрэн групп"-ийг эрсдэлтэй гэж дүгнэчхээд, яагаад зээл олгов гэдэгт хариуллаа

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

Өнөөдрийн /2023.01.16/ сонсголоор 11 зээлдэгчтэй холбоотой, шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс асуулт асуух юм.

Яг одоо "Бэрэн групп"-ийн зээлтэй холбоотойгоор Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Б.Цолмон болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар нараас түр хорооны дарга Б.Энхбаяр асуулт асууж байна.

Б.Энхбаяр: "Бэрэн групп"-т зээл олгох эрсдэлтэй байнаа гэсэн дүгнэлтийг та гаргасан байна. Эрсдэлтэй байна гэсэн дүгнэлтээ тухайн үеийн ТУЗ-дөө танилцуулсан уу?

Б.Цолмон: Эрсдлийн дүгнэлтийг Зээлийн хороонд танилцуулсан. Дүгнэлтийг Зээлийн хорооны гишүүд дэмжсэн тохиолдолд ТУЗ-ийн гишүүдэд дагалдах бичиг баримтуудын хамт хүргэгдэж, танилцуулагддаг.

Б.Энхбаяр: Таны гаргасан эрсдэлтэй гэх дүгнэлт Зээлийн хорооны шийдвэр дээр алга байна. Та эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргачихаад, дараа нь Зээлийн хорооны шийдвэрийг боловсруулсан юм байна. Нөгөө эрсдэлтэй гэсэн дүгнэлт хааччихсан бэ. Аль шатандаа алга болчихов?

Б.Цолмон: Дүгнэлт танилцуулагдсан. Зээлийн хорооны тэмдэглэлийг нарийн бичиг болорвсоруулдаг. Үүнд миний оролцоо байхгүй. Зээлийн хорооны тэмдэглэлд эрсдэлийн дүгнэлтийг тусгах эсэхийг нарийн бичгийн дарга шийдэх байсан. Би бол ТУЗ-ийн материалд эрсдлийн дүгнэлт хавсарган явуулсан байгаа.

Б.Энхбаяр: Эрсдлийн дүгнэлтүүд ТУЗ-д танилцуулагдсан уу?

Б.Шинэбаатар: "Бэрэн групп"-т олгосон зээлийн асуудлыг ТУЗ-өөр хэлэлцэж байсан. Эрсдэлийн дүгнэлттэй танилцсан. Ер нь Зээлийн хороо нь өөрөө боломжтой гэсэн саналаа л ТУЗ-д оруулж ирсэн. Тийм учраас тэр саналаар нь шийдвэр гаргаад, зээл олгох асуудал шийдэгдсэн. Хөгжлийн банктай холбогдуулан миний хувьд ялагдагчаар татагдчихаад явж байгаа. Хэрэг маргаантай холбоотой асуудлаар ямар нэгэн зүйл олон нийтэд танилцуулах, процессын талаар задруулж болохгүй гэж нууцын баталгаа зуруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл задруулж болохгүй тул нарийн юм ярих боломжгүй байна.

Эрсдлийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяраас асуулт асуулаа.

-Ц.Мөнхцэцэг: Зээлд тавигдах нөхцөл, шаардлагаа бүрэн биелүүлээгүй байхад Зээлийн хороо, ТУЗ-өөс дүгнэлт гарган зээл олгох шийдвэрийг гаргуулсан байна. Энэ ямар учиртай вэ?

-Ч.Мөнхбаяр: "Бэрэн групп" 2001 оноос энэ төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2013, 2014 онд зээл аваад, 2017 онд дуусгаж чадаагүй байсан. Төсөл хөрөнгийн гачигдлаас болоод зогссон. Энэ төсөлд мөнгө их хэрэгтэй, "Бэрэн групп"-ийн мөнгө үүнд хүрээгүй. "Бэрэн групп" бид энэ төслөө дуусгачихъя. Дуусгахын тулд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна, санхүүжүүлж өгөөч гэсэн. Энэ хүсэлтийг нь хүлээж аваад судлах явцад, эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Нөхцөл тавьж, зөрчлийг нь арилгуулсны дараа зээл олгоорой гэх шийдвэрийг ТУЗ-өөс гаргаж өгсөн. Бид энэ шийдвэрийг ААН-д хэлсэн. ААН үүн дээр ажиллаад, Хаан банкнаас эргэлзээтэй зээлийн ангиллаа өөрчилсөн албан бичиг авчирсан. Үүний дагуу зээл олгосон. Тодруулан хэлбэл, тэр бичиг дээр "Бэрэн групп" нь Хаан банканд эргэлзээтэй зээлгүй гэсэн албан бичиг байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button